| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2021/0011/Э |
| Дугаар | 10 |
| Огноо | 2021-03-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Д |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 10
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж
Нарийн бичгийн дарга М.Р
Улсын яллагч Б.Д
Шүүгдэгч С.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн
шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Өргөн сумын харъяат, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, энэ хэрэгт холбогдохдоо эрхэлсэн тодорхой ажилгүй, Дорноговь аймгийн Өргөн сумын 4 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Дорноговь аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн ... оны ... дүгээр сарын ...-ны өдрийн ... дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ялаар,
Сум дундын 9 дүгээр шүүхийн ... оны ... дүгээр сарын ...-ны өдрийн ... дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2-д зааснаар хэрэгсэхгүй болгосон,
Сум дундын 9 дүгээр шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ... дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар 1 сар, 15 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, Т овогт С.Ц-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд авагдснаар/
Шүүгдэгч С.Ц нь 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Өргөн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Н.Э-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.Ц шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ 2021 оны 01 сарын 09-нд би архи уучихсан явж байхдаа орой 22 цагийн үед Б.О-н гэрт очсон юм. Тэнд Н.Э байсан, Э-г хэзээ ирсэн юм гэж асуухад, миний хэзээ ирсэн чамд ямар хамаатай юм гэсэн, яасан юм, юу болчихов гээд бага зэрэг маргасан. Тэд нар архи уугаад сууж байхаар нь зуу татчихаад гаръя гэж хэлсэн. Э над руу дайраад байхаар нь би Э-н нүүрэн тус газар цохисон. Биед нь хөнгөн гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна, Э гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн, би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. прокурорын санал болгосон ялыг хүлээн зөвшөөрч байна “ гэсэн мэдүүлэг
Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 01/
Хохирогч Н.Э-н эмнэлгийн тодорхойлолт /хх-ийн 02/
Гэрч Б.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Миний бие Дорноговь аймгийн Өргөн суманд амьдардаг бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 20 цагийн орчим өөрийн гэртээ Ч.О, Э нарын хамт байж байтал гаднаас сумын ах болох Ц манай гэрт орж ирээд Э-т хандан чи хэзээ ирсэн суманд ирчихээд ахтайгаа уулздаггүй юм уу гээд тэр хоёрын дунд маргаан гарч зодолдсон. Ц гаднаас орж ирээд Э-т хандан чи ахыгаа тоохгүй байна суманд ирчихээд тоосонгүй гээд тэр хоёр маргалдсан. Ц Э-н нүүрэн тус газарт гараараа хоёр удаа цохисон тэгээд Ч.О бид хоёр салгасан өөр ямар нэгэн зодоон болоогүй. Э, Ц-г цохиж зодсон зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11/
Гэрч Ч.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Миний бие Дорноговь аймгийн Өргөн суманд аав, ээж хоёрын хамт амьдардаг бөгөөд тухайн өдөр өөрийн найз болох Б.О-н гэрт Э-н хамт 0,75 л нэг шил архи уусан бөгөөд би тэрнээс өмнө бас нэг шил архи уусан байсан. Тэгээд байж байтал гаднаас Ц орж ирснийг санаж байна тухайн үед би уусан архиндаа согтоод тасарчихсан байсан. Тухайн үед би уусан архиндаа ухаангүй согтчихсон байсан учир сайн санахгүй байна. Би огт санахгүй байна ямар ч байсан тэр хоёр маргалдаж байсан санагдаж байна. Б.О тухайн зодоонд оролцоогүй харин сүүлд тэр хоёрыг салгаж байснаа санаж байна” гэсэн мэдүүлэг / хх-ийн 13-14/
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 сарын 13-ны өдрийн “ 1. Н.Э-н биед зүүн шанаанд зулгаралт, уруул орчим цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Н.Э-н биед учирсан гэмтэл нь тухайн хэрэг болох хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.
4. Дээрх гэмтлүүд нь дан дангаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журам” ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй ба нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно.
5. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн 04/13 тоот дүгнэлт /хх-ийн 17-18/
Шүүгдэгч С.Ц нь урьд нь ял шийтгүүлж байсан гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 21/
Шүүгдэгч С.Ц регистрийн дугаартай иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 35/
Хохирогч Н.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Би 2021 оны 01 дүгээр сарын 11-ний орой 21 цаг 40 минутын үед өөрийн найз болох Б.О, Ч.О нарын хамт Б.О-н гэрт нь байж байсан чинь гаднаас С.Ц гэх хүн орж ирээд бид нартай юм ярьж сууж байгаад надад хандаж чи нутагтаа ирчихээд ахруугаа ярьсангүй гээд надад агсам тавиад байсан юм. С.Ц нь тухайн үед архи уусан бололтой согтуу байсан юм тэгээд надтай маргалдаж байгаад гэнэт миний уруул руу баруун гараараа нэг удаа цохичихоод дахиад над руу дайраад байхаар нь би өөрийнхөө утсаар цагдаад дуудлага өгсөн тэгээд байж байтал их удалгүй цагдаа ирээд С.Ц-г аваад явсан өөр зүйл болоогүй. Тухайн үед С.Ц нэг удаа баруун гараараа миний уруул руу цохиж зодсон. Одоо миний биед ямар нэг зовиур болон шарх сорви байхгүй. Би С.Ц-тай маргалдаж байхад Б.О, Ч.О нар байсан. Надад одоо ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-48/
Дорноговь аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн ... оны ... дүгээр сарын ...-ны өдрийн ... дүгээр шийтгэх тогтоолын хуулбар, /хх-ийн 50-52/
Сум дундын 9 дүгээр шүүхийн ... оны ... дүгээр сарын ...-ны өдрийн .. дүгээр шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 60-61/
Сум дундын 9 дүгээр шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ... дүгээр шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 56-59/
Шүүгдэгч С.Ц Дорноговь аймгийн Замын-Үүд самын Цагдаагийн газарт гаргасан “Миний бие гэм буруутайгаа ойлгож байна. Иймд хялбаршуулсан журмаар шийдэж миний хүсэлтийг хангаж өгнө үү” гэсэн хүсэлт /хх-ийн 63/
Хохирогч Н.Э-н Дорноговь аймгийн Замын-Үүд самын Цагдаагийн хэлтэст гаргасан “Миний бие Дундговь аймаг Сайхан сумын нутагт ажиллаж байгаа тул Дорноговь аймгийн Замын-Үүд суманд очиж мэдүүлэг өгөх боломжгүй байна. Надад ямар нэгэн гомдол санал С.Ц-с нэхэмжлэх зүйл байхгүй. Мөн миний бие шүүх хуралд оролцох боломжгүй тул миний оролцоогүйгээр шүүх хурал хийж өгнө үү” гэсэн хүсэлт /хх-ийн 64/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.Ц согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 01 дүгээр сарын 09-ний орой 22 цагийн үед Дорноговь аймгийн Өргөн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх Б.О-н гэрт хохирогч Н.Э-г Өргөн суманд хэзээ ирснийг асуухад тэрээр чамд ямар хамаатай юм гэж хэлсний улмаас тэдний хооронд таарамжгүй харилцаа үүсч улмаар шүүгдэгч нь хохирогч Н.Э-н нүүрэн тус газар гараараа цохиж, зүүн шанаанд зулгаралт, уруул орчимд цус хуралт бүхий гэмтэл учруулсан үйл баримт болжээ.
Хохирогч Н.Э-н эрүүл мэндэд учирсан дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг талаар Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч П.Г нь 2021 оны 01 сарын 13-ны өдөр 04/13 тоот дүгнэлтийг гаргасан байх ба уг дүгнэлттэй шүүгдэгч, хохирогч нар танилцсан, энэ талаар ямар нэг маргаан гараагүй байна.
Дээрх үйл баримтаас үзэхэд шүүгдэгч С.Ц үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, түүний мэдүүлгийг давхар нотолсон нотлох баримт болох шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Н.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг болон гэрч Б.О, Ч.О нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, шинжээчийн 2021 оны 01 сарын 13-ны өдөр 04/13 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь уг гэмт хэргийн гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, шүүгдэгчийн үйлдлийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг түүний үйлдэлд тохирсон гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Хохирогч Н.Э нь “...Надад ямар нэгэн гомдол санал С.Ц-с нэхэмжлэх зүйл байхгүй. Мөн миний бие шүүх хуралд оролцох боломжгүй тул миний оролцоогүйгээр шүүх хурал хийж өгнө үү” гэсэн мэдүүлэг болон хүсэлтийг цагдаагийн байгууллагад гаргасан байх тул шүүгдэгч С.Ц нь бусдад төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт, прокурорын санал болгосон ялыг зөвшөөрч байгаа байдал зэргийг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай зүйлийн 17.4 дүгээр зүйлийн 5-д заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр торгуулийн ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Ц н цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт С.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.Ц-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч С.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч С.Ц нь 500,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.Ц