Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 16

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж

Нарийн бичгийн дарга М.Р

Улсын яллагч Г.М

Шинжээч П.Г

Шүүгдэгч С.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд сумын харъяат, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой,  нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдрах, энэ хэрэгт холбогдохдоо ... ажилтай, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Д овогт С.С-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд авагдснаар/

Шүүгдэгч С.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 02 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнийн 02 цагийн үед Замын-Үүд сум 1 дүгээр баг, 6 дугаар хэсэгт байрлах гэртээ эхнэр М.Н-тай  маргалдаж нүүрэн тус газарт нь гараараа цохисны улмаас  эрүүл мэндэд нь  санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.С-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ 2021 оны 02 сарын 14-нд шинийн 3 байсан бөгөөд ажлынхаа ахимаг настай хүнийд очиж золголт хийж тэндээ архи уусан юм. Энэ үед эхнэр ажлын хүмүүстэй хардаж мессеж бичээд байсан. Оройхон гэртээ харьсан. Яг одоо болсон асуудлын талаар санахгүй байгаа, эхнэрийнхээ нүүр рүү бөгжтэй гараараа цохисон юм шиг байна лээ. Гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Бид хоёр 20-иод жил хамт амьдарч байна 4 хүүхэд төрүүлж өсгөсөн. Урьд нь ийм асуудал болж байгаагүй. Н-н гэмтэл тухайн үедээ эмчилгээ хийлгээд эдгэрсэн, ийм үйлдэл гаргасандаа харамсаж байна. Прокурорын санал болгосон ялыг хүлээн зөвшөөрч байна“  гэсэн мэдүүлэг

Шинжээч эмч П.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Цагдаагийн дэслэгч О.Т 2021 оны 02 сарын 17-ны өдрийн тогтоолын дагуу М.Н-н биед үзлэг хийж мөн өмнө нь үзүүлсэн эмнэлгийн бичиг баримтыг үндэслэж дүгнэлт гаргасан. Зүүн нүдний зовхинд цус хуралт, доод, дээд зовхинд цус хуралт гэмтлүүд учирсан байсан бөгөөд энэ гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл хангагдсан байсан. Ер нь хүний биеийн хэд хэдэн хэсэгт зөөлөн эдийн няцралт, зулгаралт, шалбаралт үүссэн нь биеийн гадаргуугийн 1.2 хувиас  илүү байвал нийлээд хөнгөн зэргийн гэмтэл хангагдана. Энэ нь хүний биед үүссэн түлэгдэлтийн хэмжээг тогтоох олон улсын стандартад заасан тухайн шинжилгээ хийлгэж байгаа хүний алганы хэмжээнээс их байвал  1.2 хувиас илүү гэж үздэг юм” гэсэн мэдүүлэг

Хохирогч М.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би Замын-Үүд сумын 1 дүгээр баг 6 дугаар хэсэгт нөхөр, 4 хүүхдийн хамт амьдардаг. 2021 оны 02 дугаар сарын 14-ний орой 23 цаг 30 минутын үед манай нөхөр С.С архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тус байранд амьдардаг 2 залуугийн хамт орж ирсэн. Тэгээд манай нөхөр тэр хоёр залууд архи гаргаж өгөөд хамт ууж байгаад 02 цагийн орчимд нөгөө хоёр залуу гараад явсан. Манай нөхөр том өрөөнд орон дээр унтах гээд хэвтсэн би гэрлээ унтраагаад хажуугаар нь ороод хэвтэхэд цаашаа харчихаад амандаа үглээд байхаар нь би араас нь нуруу хэсэг рүү нь гараараа унтаач гээд цохичихсон чинь манай нөхөр гэнэт эргэж хараад намайг гараа атгаж байгаад нүд рүү нэг удаа цохисон. Миний зүүн талын нүдний дээд хэсгээс цус гараад байсан. Тэгээд би өөрөө цагдаагийн байгууллагад энэ талаар дуудлага өгсөн. Манай нөхөр буцаад унтаад өгсөн. Манай нөхөр агсан согтуу тавьж, намайг зодсон гэх утгатай дуудлага мэдээлэл өгсөн. Манай нөхөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийгөө хянах чадваргүй, үглээд унтахгүй байхаар нь би нуруу хэсэг рүү гараараа унтаач гээд цохичихсон чинь намайг цохиж, зодсон. Манай нөхөр эргэж хараад яах гээд байгаа юм бэ гэж хэлээд гараараа нэг удаа цохисон. Гараараа цохих үед бөгж нь таараад миний нүдний дээд хэсэг шалбарч цус гарсан.  Надад ямар нэг нэхэмжлэх зүйл байхгүй. Эмчилгээ хийлгээд зүгээр болсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33/

Гэрч Д.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Цагдаагийн хэлтсийн жижүүрийн жолоочийн үүрэг гүйцэтгэж байсан. Шөнө 02 цаг 40 минутын үед жижүүрээс ... тоотод хэрүүл, маргаан болоод байна гэх дуудлага мэдээлэл хүлээн авч, эрүүлжүүлэх байрны цагдаа, цагдаагийн ахлагч Ч.З-н хамт тухайн дуудлаган дээр ирсэн. Тэгээд гэрт нь ороход эхнэр гэх Н-н зүүн нүдний дээд хэсэг хавдсан цус гарсан байдалтай байсан. Тэгээд юу болсон талаар тодруулж асуухад манай нөхөр С.С миний биед халдаж зодсон гэж хариулсан. Агсам согтуу тавьсан С.С гэгчийг гэрээс нь авч гараад цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх, саатуулах байранд хүлээлгэн өгсөн. Би эхнэр гэх Н-д хууль зүйн зөвлөгөө өгч, та маргааш эмнэлэгт үзүүлээд цагдаа дээр ирж уулзах талаар хэлсэн. Нөхөр нь газар сууж байсан, нэлээн их хэмжээний архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Хүүхдүүд нь цаад талын өрөөндөө байх шиг байсан. Манай нөхөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж ирээд агсам согтуу тавиад миний зүүн талын нүд хэсэг рүү цохисон, миний нүдний дээд хэсгээс цус гарсан талаар ярьж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36/

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны  2021 оны 02 сарын 17-ны өдрийн “ 1. М.Н-н биед зүүн нүдний зовхинд цус хуралт, доод, дээд зовхинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. М.Н-н биед учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. Учирсан гэмтлүүд нь дан дангаараа нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”–ын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарах болно.

4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар  сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн 04/41 тоот дүгнэлт /хх-ийн 14/

Шүүгдэгч С.С нь урьд нь ял шийтгүүлж байгаагүй гэсэн эрүүгийн хариуцлага  хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас  /хх-ийн 38/

Шүүгдэгч С.С регистрийн дугаартай иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 44/

Хохирогч М.Н Дорноговь аймгийн  Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан “ ... Миний хувьд энэ гэмт хэрэгт  холбоотой санал хүсэлт байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” хүсэлт /хх-ийн 57/

Шүүгдэгч С.С Дорноговь аймгийн  Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан  “Миний бие 2 сарын 14-ний өдөр архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ хань М.Н-н биед гэмтэл учруулсан бөгөөд хийсэн үйлдэлдээ гэмшин хохирол санал гомдлыг  шийдвэрлэсэн тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт /хх-ийн 58/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.С согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  2021 оны 02 дугаар сарын 14-15-нд шижих шөнө 02 цагийн үед  Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 6 дугаар хэсэг гэртээ хохирогч М.Н-тай таарамжгүй харьцаа үүсгэж улмаар  нүүрэн тус газар гараараа цохиж, зүүн нүдний зовхинд цус хуралт, дээд, доод зовхинд цус хуралт бүхий гэмтэл  учруулсан үйл баримт болжээ.

Хохирогч М.Н-н эрүүл мэндэд учирсан дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг талаар Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч П.Г нь 2021 оны 02 сарын 17-ны өдөр 04/41 тоот дүгнэлтийг гаргасан байх ба  уг дүгнэлттэй шүүгдэгч, хохирогч нар танилцсан, энэ талаар ямар нэг маргаан гараагүй байна.

Дээрх үйл баримтаас үзэхэд шүүгдэгч С.С-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, түүний мэдүүлгийг давхар нотолсон нотлох баримт болох шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч М.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэрч Д.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, шинжээчийн 2021 оны 02 сарын 17-ны өдөр 04/41 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь уг гэмт хэргийн гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн,  шүүгдэгчийн үйлдлийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг түүний үйлдэлд тохирсон гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Хохирогч М.Н нь “...Миний хувьд энэ гэмт хэрэгт холбоотой санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн мэдүүлэг болон хүсэлтийг цагдаагийн байгууллагад гаргасан байх тул шүүгдэгч С.С нь бусдад төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг  үйлдсэн гэм буруугаа  хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай зүйлийн 17.4 дүгээр зүйлийн 5-д заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр торгуулийн ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч С.С нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овогт С.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.С-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч С.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч С.С нь 600,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.Ц