Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 20

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж

Нарийн бичгийн дарга М.Р

Улсын яллагч Б.Д

Шүүгдэгч Ц.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д аймгийн Д сумын харъяат, ... настай, эрэгтэй, бага боловсролтой, ... мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, хувиараа хөдөлмөр эрхлэх, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 19-р хороонд оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,  урьд нь ял шийтгэлгүй, П овогт Ц.Э-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд авагдснаар/

Шүүгдэгч Ц.Э нь 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 21 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас хойд зүгт  53 километрт шороон зам дээр ... улсын дугаартай УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгслийг  жолоодож явах үедээ  Монгол Улсын Замын хөдөлгөөний  дүрмийн  4 дүгээр хавсралтын  3.6-д  заасан  “Нэг тэнхлэгт өөр ... хээтэй.. дугуйнууд  тавьсан  машиныг ашиглахыг хориглоно” гэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж улмаар иргэн Т.Т-н  эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Найз Б-н тээврийн хэрэгслийг гуйгаад хөдөө явсан юм. Замд дугуй хагарсан учраас запас дугуйг сольж тавьсан. Ингээд явж байгаад онхолдсон. Тэгээд хүмүүсээ эмнэлэг рүү хүргэсэн. Төгөлдөрийн биед хүндэвтэр гэмтэл учирсан, нэг хүүхдийн биед хөнгөн гэмтэл учирсан. Надаас эмчилгээний зардал нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэж хэлсэн. Б-н машиныг засуулах гээд засварын газарт өгсөн байгаа, нэхэмжлэх зүйлгүй гэсэн. Хялбаршуулсан журмаар хэрэг шийдвэрлэхийг ойлгосон. Прокурорын санал болгосон ялыг зөвшөөрч байгаа “ гэсэн  мэдүүлэг

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10/

... улсын дугаартай УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгсэлд “зам тээврийн ослын үед урд тэнхлэгдээ хоёр өөр хээтэй дугуйтай, хойд талын тэнхлэгдээ ижил хээтэй дугуйтай.. байв” гэсэн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-17/

Хохирогч  Т.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Хүүхдүүд хөдөө гэртээ очих гээд шинжилгээ өгөөд Замын-Үүд сумаас гарсан. Би идшиндээ явахдаа найз болох Энхтөрийг туслуулахаар авч явсан. Замын-Үүдээс гараад 40-50 километрт  явж байхад машин гулгаад уначихсан. Тэгээд сүлжээнд  гарч дүүгээ дуудаад  түргэн дуудуулсан. Түргэний машинд жолоочоос бусад хүмүүс сууж шууд нэгдсэн эмнэлэг орсон. Нэгдсэн эмнэлэгт ирж толгойндоо оёдол тавиулж, эгэмний ясны зураг  даруулж, бүх хүүхдүүдээ  шинжилгээнд хамруулж, гэмтсэн  байж болзошгүй хэсгийн зургийг даруулсан. Эгэмний яс хугарсан, толгойдоо хэдэн оёдол тавиулснаа  мэдэхгүй байна. Жолооч Э-д буруу байхгүй, санал гомдол байхгүй, өөр нэмж ярих зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21/

Иргэний нэхэмжлэгч Ш.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Манай найз Ц.Э 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр миний гар утас руу залгаад чи тээврийн хэрэгслээ өгчих, би хоол хүнсэнд хөдөө яваад ирье  гэж хэлэхээр нь тэг гэж хэлсэн. Тэгээд миний тээврийн хэрэгслийг 12 дугаар сарын 16-ны өдөр гражаас гаргаад аваад явсан. Миний тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг үнэлгээний  байгууллага гаргаж өгсөн. Хохирлын үнэлгээтэй  ямар нэг санал хүсэлт гомдол  байхгүй. Надад ямар нэг санал хүсэлт байхгүй.  Нэхэмжлэх зүйл байхгүй, манай найз миний тээврийн хэрэгслийг янзалж өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24/

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.П мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр манай нөхөр, 2 хүүхэд, манай нөхрийн найз Ц.Э, манай нөхрийн хамаатнуудын хүүхэд болох А.А, О.Б нарын хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Хөвсгөл сум руу хоол хүнсэндээ явахаар өдөр гарсан. Манай нөхөр 18 цагийн орчимд миний гар утас руу залгаад Замын-Үүд сумаас гараад явж байна гэж ярьсан. 22 цагийн орчимд манай нөхрийн төрсөн дүү миний гар утас руу залгаад манай хэд Замын-Үүд сумаас гарч яваад тээврийн хэрэгсэл нь унасан сураг байна, тань руу ярьсан уу гэж асуухаар нь би мэдэхгүй байна гэж хэлсэн. 12 дугаар сарын 18-ны шөнө 02 цаг орчимд манай нөхөр миний гар утас руу залгаад эмнэлэг дээр хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би эмнэлэг дээр ирэхэд манай нөхөртэй хамт явсан хүмүүс болон хүүхдүүдийг эмч нар үзсэн. Манай хүүхэд Т.Т-н баруун талын хацар дээр шалбарсан шархтай, духны гол хэсэгт бага хэмжээний хавдартай байсан. Одоо хүүхдийн биеийн байдал  зүгээр байгаа. Т.Б-н биед ил харагдах гэмтэл шархгүй, толгойн орой дээр бага хэмжээний хавдартай байсан. Одоо биеийн байдал хэвийн байгаа. Манай нөхрийн зүүн талын эгэм хугарсан, мөн толгойн зүүн хэсэгт оёдол тавиулсан. Одоо биеийн байдал зүгээр байгаа. Манай хоёр хүүхдийн биеийн байдал хэвийн ямар нэг эмчилгээний зардал мөнгө гараагүй. Би шүүх хуралд суухгүй, надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27/

Насанд хүрээгүй хохирогч Т.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төрсөн аав, дүү, манай аавын найз, манай хамаатны хүүхэд болох А.А, О.Б нарын хамт Хөвсгөл сум руу Замын-Үүд сумаас гарч яваад 2 цаг төөрсөн,би хэсэг унтсан. Тэгээд би сэрэхэд миний дэээрээс нэг зүйл дарсан байсан, намайг машинаас гарахад... дүү уйлаад, аавын гар эвгүй байна гэж байсан ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32/

Насанд хүрээгүй хохирогч О.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр манай аавын төрсөн ах Т, Т ахын найз Э, Т ахын 2 хүүхэд, хамаатын хүүхэд А.А нарын хамт Замын-Үүд сумаас 17 цагийн орчимд Хөвсгөл сум руу өвөөгийнд очих гээд гарсан. Замын-Үүд сумаас гарч яваад орой харанхуй болсон байсан тал буруу замаар ороод хэсэг төөрч явсан. Тэгээд худгийн хажуу талаар гараад зөв замаа олоод явж байгаад машин гэв гэнэт шарваад замын хажуу тал руу буруу талаараа онхолдсон...Толгойн оройн хэсэг хавдсан, өөр гэмтэл байхгүй байсан. Одоо миний биеийн байдал хэвийн байгаа” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37/

Насанд хүрээгүй хохирогч А.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний нойр хүрээд байсан тул унтаад өгсөн. Тэгээд сэрэхэд машин онхолдож хажуу талаараа болсон байсан. Би машины хойд талаас урд талын салхины хагарсан хэсгээр гарч ирэхэд Э ах, Т ах, Т ахын бага хүүхэд гадаа зогсож байсан. Миний хойноос Б, Т ахын хүүхэд Б нар гарч ирсэн... Миний зүүн хөмсөгний дээд талд бага зэрэг хавдсан өөр гэмтэл байхгүй байсан. Одоо миний биеийн байдал хэвийн байгаа” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42/

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ Замын-Үүд салбар техникийн хяналтын үзлэгийн төвийн 2021 оны 12 сарын 30-ны өдрийн “1. ... үзлэгээр баруун талаар унасан байдалтай бөгөөд карказ төмөр, урд салхины шил карказ эвдэрсэн шил хагарсан, баруун хаалганы шил хагарсан, жолооч талын шил харарсан дээвэр цөмөрсөн, баруун талын хэсэг их биеээр бага гэмтэлтэй.

2. ... осол болохоос өмнө 2020 оны 05 сарын 19 өдөр ТХҮ-р орсон бөгөөд тэнцэв үнэлгээтэй байсан.

3. Хэрэв бүрэн бус бол зам тээврийн осол болох шалтгаан нөхцөл бүрдэнэ.

4. ... тээврийн хэрэгсэлийн уг гэмтлүүд нь ослоос болж гарсан гэмтлүүд байна.

5. ... тээврийн хэрэгслийн осол болох шалтгаан нь техникийн элэгдэл хорогдлоос болж үүссэн гэж үзэхгүй байна.

 6. ... шинжилгээний явцад үүссэн нөхцөл байхгүй нэмж хэлэх зүйл алга байна” гэсэн 2020/33 тоот /хх-ийн 49-50/

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 сарын 04-ний өдрийн “1. Т.Т-н биед зүүн талын эгэм ясны зөрүүтэй далд хугарал, хуйханд язарсан шарх гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болох цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

4. Учирсан гэмтлүүдийн эгэм ясны хугарал нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, хуйханд язарсан шарх гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно.

5. Хүндэвтэр зэргийн гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар буюу 4 долоо хоногоос дээш хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр тогтонги байдлаар алдагдана” гэсэн 04/09 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 77-78/

Хөрөнгийн үнэлгээний А ХХК-ний  2021 оны 01 сарын 04-ний өдрийн “... УАЗ-31512 маркийн автомашины эвдрэл, хохирлын  үнэлгээ нийт 1,251,500 төгрөг “гэсэн тоот тайлан /хх-ийн 97/

Техникийн шинжээчийн 2021 оны 02 сарын 08-ны өдрийн “ 1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах хэсгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Л.Л нарын 2021 оны 02 сарын 06-ны өдрийн тээврийн хэрэгсэлд дахин үзлэг хийсэн тухай тэмдэглэлд ... дугаартай УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгсэл нь осол болох үед урд тэнхлэгт хоёр өөр хээтэй дугуйтай гэж заасан байна. Иймд уг тээврийн хэрэгслийн жолооч Ц.Э нь МУ-ын ЗХД-ийн 4-р хавсралтын 3.6. “Нэг тэнхлэгт өөр ... хээтэй ... дугуйнууд тавьсан” автомашиныг ашиглахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байна.

2. Тээврийн хэрэгслээр зорчигч нарын МУ-ын ЗХД-ийн ямар нэгэн заалтыг зөрчсөнөөс уг зам тээврийн осол гарсан гэж үзэх шалтгаан нөхцөл уг хавтаст хэрэгт авагдсан материалаас тогтоогдохгүй байна.

3. Тусгай мэдлэг эзэмшсэн техникийн шинжээч нар жолоодох эрхийн үнэмлэхийн талаар лавлагаа гаргаж өгөхгүй. Энэ асуудлаар Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд хандах, эсвэл ТҮЦ буюу төрийн үйлчилгээний цахим машиныг ашиглан лавлагаа авч болно.

4. Жолооч Ц.Э нь МУ-ын ЗХД-ийн 4-р хавсралтын 3.6-д заасан ашиглахыг хориглох заалтыг зөрчсөн, ... дугаартай УАЗ-31512 автомашинаар цастай замд хөдөлгөөнд оролцсон нь осол гарах нөхцлийг бүрдүүлсэн байна” гэсэн 14/25 дугаартай дүгнэлт /хх-ийн 108-109/

 Шүүгдэгч Ц.Э нь урьд нь ял шийтгүүлж байгаагүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас  /хх-ийн 123/

Шүүгдэгч Ц.Э регистрийн дугаартай иргэний үнэмлэхний хуулбар, ... дугаартай жолоочийн үнэмлэх, ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар ,/хх-ийн 127/

Хүсэлтийг хангаж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 155/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.Э нь 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 21 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас хойд зүгт 53 километрт шороон зам дээр ... улсын дугаартай УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгслийг  жолоодон зам тээврийн хөдөлгөөнд оролцох үедээ осол гаргаж, хохирогч Т.Т-н биед зүүн талын эгэм ясны зөрүүтэй далд хугарал, хуйханд язарсан шарх зэрэг  хөнгөн, хүндэвтэр гэмтлүүдийг учруулсан үйл баримт болсон байна.

Дээрх үйл баримтыг мөрдөн шалгах ажиллагаагаар хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгахад шүүгдэгч Ц.Э тээврийн хэрэгслийн нэг тэнхлэгт 2 өөр хээтэй дугуйнууд тавьж, зам тээврийн хөдөлгөөнд оролцсон нь Монгол Улсын Замын хөдөлгөөний  дүрмийн  4 дүгээр хавсралтын  3.6-д  заасан “Нэг тэнхлэгт өөр ... хээтэй.. дугуйнууд  тавьсан  машиныг ашиглахыг хориглоно” гэх заалтыг  зөрчсөн, энэ нь осол гарах шалтгаан нөхцлийг бүрдүүлсэн, хохирогч Т.Т-н биед учирсан эгэм ясны хугарал нь Гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах зэрэг байдлыг тогтоосон байна.

Шүүгдэгч Ц.Э-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг автотээврийн хэрэгслийн жолооч  хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм, хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл  мэндэд нь хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Т.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 20-21/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.П мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 27/,  Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 сарын 04-ний өдрийн “...Т.Т-н биед учирсан эгэм ясны хугарал нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт...болно” гэсэн дүгнэлт, насанд хүрээгүй хохирогч Т.Б, О.Б, А.А нарын мрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10/, ... улсын дугаартай УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгсэлд “ зам тээврийн ослын үед урд тэнхлэгдээ хоёр өөр хээтэй дугуйтай, хойд талын тэнхлэгдээ ижил хээтэй дугуйтай.. байв” гэсэн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-17/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгчийн үйлдлийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг түүний үйлдэлд тохирсон гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Хохирлын хувьд:

Шүүгдэгч Ц.Э нь энэ гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэг бүхий этгээд боловч хохирогч Т.Т, иргэний нэхэмжлэгч Ш.Б нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй болохоо мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгөх явцдаа илэрхийлсэн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн энэ хэрэгт насанд хүрээгүй хохирогч Т.Төгсжаргалын биед хөнгөн гэмтэл учирсан нь хэргийн 70 дугаар хуудсанд авагдсан 04/11 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог, тэрээр 3 нас 6 сартай тул түүний хууль ёсны төлөөлөгчөөр М.Пагамдуламыг тогтоож мэдүүлэг авахад нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн байна.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг  үйлдсэн гэм буруугаа  хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай зүйлийн 17.4 дүгээр зүйлийн 5-д заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр торгуулийн ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Энхтөр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  П овогт Ц.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм, хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд  хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ц.Э-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Ц.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн  эд хөрөнгөгүйг тус, тус дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Ц.Э нь 500,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.Ц