| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномтүнрэвийн Буд |
| Хэргийн индекс | 182/2017/00301/и |
| Дугаар | 182/ШШ2017/00666 |
| Огноо | 2017-03-03 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 182/ШШ2017/00666
| 2017 оны 03 сарын 30 өдөр | Дугаар 182/ШШ2017/00666 | Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,
Нэхэмжлэгч: Д.Д
Хариуцагч: “ТБ” ХХК
гүйцэтгэх захирлын 2016.12.19-ний өдрийн Б/1745 тоот тушаалыг хүчингүй болгуулж ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, урамшууллыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж, Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дансүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд түүний төлөөлөгч гаргасан тайлбартаа: Д.Д нь “ТБ” ХХК захиргаа удирдлагын газрын харъяа Аж ахуй, үйлчилгээний хэлтэст 2014 оны 07 сарын 01-ний өдөр шинэчлэн байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байгаад Гүйцэтгэх захирлын 2016 оны 12 сарын 19-ний өдрийн Б/1745 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 42 дугаар зүйлийн 42.1, Төрийн банкны дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2.13, 9.2.20 дах заалтууд, Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.4, Хүний нөөцийн хорооны 2016 оны 11 сарын 18-ний өдрийн 74 тоот хурлын шийдэрийг тус тус үндэслэсэн байна. Гүйцэтгэх захирлаас 2016 оны 11 сарын 03-ны өдөр Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам болон комиссын бүрэлдэхүүнийг баталсан А/352 тоот тушаал гаргасан. Тушаалд харъяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээ, мэдлэг ур чадварын үнэлгээ, оролцоо чанарын үнэлгээ гэх хэсгүүдээр шалгалтыг явуулах тухай зааж өгсөн байдаг. Шалгалтын талаар урьдчилж мэдэгдээгүй, тэр талаар шалгалтын дараа сайтад тавигдсан байдаг. Нэхэмжлэгч дээр заасан бүрэлдэхүүн хэсэгт огт хамааралгүй дан ганц ярилцлага өгсөн бөгөөд мэдлэг, ур чадварын болон оролцоо чанарыг дүгнэх шалгалтанд хамруулаагүй. Ярилцлага нь хувийн шинжтэй л ярилцлага болсон гэсэн бөгөөд ямар нэг байдлаар бэхжигдэж үлдээгүй. 2 хүн байсан гэсэн ба Гэрэлмаа нь яаж дүгнэсэн нь тодорхойгүй. Нэхэмжлэгч 28 жил ажилласан, зөрчил гаргаж байгаагүй, харин шагнагдаж байсан. Нэхэмжлэгч аж ахуй, үйлчилгээний хэлтэст байсан ба бүтцийн өөрчлөлтөөр нийтлэг үйлчилгээний хэлтэс гэж болсон гэх боловч ингэж өөрчилсөн тухай баримтгүй, нийтлэг үйлчилгээний хэлтсийн ажилтан гэж оруулсан. Шалгалтын дүнг нэхэмжлэгчид танилцуулсан зүйл огт байхгүй байгаа нь гаргасан журмын зохицуулалтаа шууд зөрчсөн гэж үзэж байна. Уг түвшин тогтоох үйл ажиллагаатай холбогдуулж шалгалтанд тэнцээгүй ажилтнуудад 2016 оны 11 сарын 18-ний өдөр Төрийн банкны гүйцэтгэх захирлын гарын үсэг бүхий мэдэгдэх хуудсыг өгсөн бөгөөд 2016 оны 12 сарын 17-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцлах болсныг мэдэгдэж, шууд ажлыг хүч түрэмгийлэн дээрэлхэж авч, ажлын үнэмлэх, нэвтрэх карт зэргийг хураан авсан. Мөн 2016 оны 12 сарын 17-ны өдөр хүртэлх цалинг тогтоосон хугацаанд буюу 2016 оны 11 сарын 25-ны өдөр болон 2016 оны 12 сарын 10-ны өдөр тус тус олгоогүй тул амьжиргааны нөхцөл байдлыг шууд тасалдуулж, холбогдох зээлийн өр төлбөрөө барагдуулах нөхцлийг шууд боомилсон үйлдэл гаргасан байдаг. Иймд ажлаас чөлөөлсөн тушаал нь илт хууль бус бөгөөд хууль, эрх зүйн үндэслэлгүй байх тул гүйцэтгэх захирлын 2016 оны 12 сарын 19-ний өдрийн Б/1745 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин хөлс урамшууллыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх талаар гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд болон хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ТБ” ХХК нь 100 хувь төрийн өмчит аж ахуйн нэгж бөгөөд хувьцаа эзэмшигч нь Сангийн яам, “ХДК” ТӨХК байдаг. “ТБ” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2016 оны 11 сарын 03-ны өдрийн А/352 тоот тушаалаар “ТБ” ХХК ажилтнуудын Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааг явуулахаар шийдвэрлэсэн. Энэхүү тушаалын 1 дүгээр хавсралтаар ““ТБ” ХХК ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам”, 2 дугаар хавсралтаар “Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс”-ыг, 3 дугаар хавсралтаар “Хөндлөнгийн шинжээчийн багийн бүрэлдэхүүн”-ийг тус тус баталсан. 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр “ТБ” ХХКны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын шийдвэрээр ““ТБ” ХХКны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын хуралдааны дэг”, “ТБ” ХХКны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааны Мэдлэг, ур чадварын болон “Оролцоо, чанарын арга хэмжээнд мөрдөх журам”-ыг хавсралтаар баталсан.
Гүйцэтгэх захирлын баталсан “ТБ” ХХКны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам”-ын дагуу ажилтнуудын мэргэжил, ур чадварыг 3 арга хэмжээний үнэлгээгээр дүгнэхээр тогтоосон юм. Үүнд:
A. Харьяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээ;
Б. Мэдлэг ур чадвар /сорилго даалгаврын гүйцэтгэл, үзүүлэх сургууль гэх мэт/-ийн үнэлгээ;
B. Оролцоо, чанарын үнэлгээ
Харъяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээ гэдэг нь тухайн ажилтны харьяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээг авах ба уг үнэлгээнд ажлын байранд тавигдах шаардлага, гүйцэтгэлийн чанар, мэргэжлийн ур чадвар, хөдөлмөрийн сахилга, ачаалал даах чадвар, ажил хэрэгч идэвх санаачлага, хамт олонд хүлээн зөвшөөрөгдсөн байдал, зохион байгуулах тусгай чадвар, дүн шинжилгээ хийх тусгай чадвар зэргийг байдлаар дүгнэж, нийт 30 оноогоор, мэдлэг ур чадварын үнэлгээ гэдэгт шалгалтын комисс нь мэдлэг, ур чадварыг хөндлөнгийн шинжээчдийн бэлтгэсэн сорилын болон үзүүлэх сургууль, даалгаврын гүйцэтгэл шалгах болон ажлын байран дээрх үзлэг хийх зэрэг тухайн ажилтны мэргэжил, ажлын байрны онцлогийг тусгасан байдлаар, нийт 30 оноогоор, оролцоо, чанарын үнэлгээ нь гэдэгт тухайн ажилтны Ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүрэг, тавигдах шаардлага, ур чадвар зэрэг хүрээг багтаасан ярилцлага, даалгавар гүйцэтгүүлж 40 хүртэлх оноогоор үнэлэхээр тус тус зохицуулсан.
Дээрх журмын 3 дугаар зүйлийн 3.4.2-т зааснаар тухайн мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагаанд хамрагдсан ажилтнуудын арга хэмжээнд үнэлэгдсэн байдлыг харгалзан 60-аас дээш оноо авсан бол “Тэнцсэн”, 60 хүртэлх оноо авсан бол “Тэнцээгүй” гэсэн дүгнэлтийг Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс гаргахаар зохицуулсан. Мөн “Тэнцсэн” дүгнэлт гарсан ажилтныг Цалингийн шатлалыг ахиулан тогтоох, сургалтанд хамруулах, шилжүүлэн ажиллуулах , Тэнцээгүй гэсэн дүгнэлт гарсан ажилтны “Хөдөлмөрийн гэрээ цуцлах” зэрэг үр дүн үзүүлэх байдлаар журамласан.““ТБ” ХХКны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам”-ын хүрээнд “ТБ” ХХКны Гүйцэтгэх захирлын А/358 дугаар тушаалаар “ТБ” ХХКны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагаанд хамрагдах ажилтны нэрсийн жагсаалтыг баталсан бөгөөд уг нэрсийн жагсаалтад Д.Д багтсан.
Мөн “ТБ” ХХК ажилтнуудын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааны удирдамжийг Гүйцэтгэх захирал баталж хавсралтаар Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагаанд хамаарагдах газар, хэлтэс, арга хэмжээ явуулах цаг хугацаа, танхимын хуваарийг баталсан. Дээрх арга хэмжээнд хамаарагдах ажилтнуудад энэ тухай урьдчилан мэдэгдэж харъяалах газар хэлтсийн захирлаар баталгаажуулан гарын үсэг зурж мэдэгдсэн. Нэхэмжлэгч Д.Д мөн энэ байдлаар мэдэгдэж гарын үсэг зурсан байна. Нийтлэг үйлчилгээний хэлтсийн 78 хүнээс 75 хүн шалгалтанд орсон, 5.8 хувь нь ажилдаа тэнцээгүй.
Ингээд журамд заасны дагуу Харьяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээ хийгдэж Д.Д нь 18.00 оноогоор дүгнэгдсэн. Мөн Мэдлэг, ур чадварыг ажлын байранд үзлэг хийх байдлаар үзэж дүгнэсэн. Оролцоо, чанарын арга үнэлгээг комисын гишүүн, тохилогдсон ажилтны оролцоотойгоор 8 үзүүлэлт бүхий хуудсаар дүгнэсэн. Энэ нь ажлын байрны тодорхойлолттой уялдаж гарсан үзүүлэлт юм.
Түүнчлэн “ТБ” ХХКны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын 2016 оны 11 сарын 05-ны өдрийн 02 дугаар шийдвэр, Гүйцэтгэх захирлын баталсан Төв банкны ажилтнуудын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааны удирдамжид хамрах хүрээ, тодорхой тусгагдсан. Банкинд мөрдөгдөж буй хууль тогтоомж, холбогдох журам зааврын хүрээнд ажилтан мэдвэл зохих энгийн асуултаар сорилгын даалгавар боловсруулагдсан байдаг. Мөн түвшин тогтоох ажиллагааны гол зорилго нь дан ганц мэдлэгийн үзүүлэлтээр сорилго авч дүгнэх бус тухайн ажилтныг олон талаас нь бодитойгоор дүгнэх үүднээс 3 үе шатгайгаар зохион байгуулсан болно. Хавтаст хэрэгт авагдсан код:1226350268 буюу нэхэмжлэгчийн сорилгын даалгавраас үзэхэд Д.Дийн Ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэгт хамаарагдах наад захын гүйцэтгэвэл зохих зүйлээр сорилгын даалгавар боловсрогдсон байхыг харж болно. Нэхэмжлэгч Д.Д-д 2016 оны 11 сарын 18-ны өдрөөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг үндэслэл болгон 1 сарын дараа ажлаас чөлөөлөх болохыг мэдэгдэж, банкны үйл ажиллагааны онцлог, аюулгүй байдлыг хангах бодитой хэрэгцээ шаардлагын улмаас ажлыг 2016 оны 11 сарын 21-ний өдрөөр хүлээлцсэн.
Ажил хүлээлцэх актад Д.Д гарын үсэг зурж, ажлаа хүлээлцсэн байдаг. Тушаал гарах хүртэл хугацаанд ажилтанд урьд авч байсан цалин хөлсийг олгосон. Нэхэмжлэгч Д.Д Харьяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээ 18.00, Мэдлэг ур чавдар сорилго 15.70, Оролцоо, чанарын үнэлгээ 10.60, нийт 44.30 хувиар шалгагдаж “ТБ” ХХКны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам"-ын 3.4.2-т зааснаар “ТБ” ХХКны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс”-ын 2016 оны 11 сарын 18-ны өдрийн 07 дугаар шийдвэр, 1226350268 тоот дүгнэлт гарч “ТБ” ХХКны Хүний нөөцийн газарт хүргүүлсэн. Хүний нөөцийн газар тухайн шийдвэр, дүгнэлтийг Удирдлагын хороогоор хэлэлцүүлж тус хорооны 2016 оны 11 сарын 18-ны өдрийн 34 тоот хурлаас Хүний нөөцийн хороогоор хэлэлцүүлэх тухай чиглэл өгсөн. Энэ чиглэлийн дагуу 2016 оны 11 сарын 18-ны өдрийн Хүний нөөцийн хорооны хурлаар хэлэлцүүлж 74/01, 74/02 тоот шийдвэрүүд гарсан. Дээрх шийдвэрүүд, дүгнэлтийг үндэслэн тус банкны Гүйцэтгэх захиралын 2016 оны 12 сарын 19-ний өдрийн Б/1745 дугаар тушаалаар Д.Дтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж шийдвэрлэсэн.
Гүйцэтгэх захирлын шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар комиссын дүгнэлтийг үндэслэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-т заасны дагуу 1 сарын буюу 31 хоногийн өмнө мэдэгдэл гардуулж мэдэгдсэний дараа Ажил олгогчийн санаачлагаар Хөдөлмөрийн гэрээ цуцласан хууль тогтоомжид нийцсэн шийдвэр байсан. Иймд Д.Д-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэв.
Шүүх нэхэмжлэл, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай захирлын тушаал, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэл, ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам, удирдамж, ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааны мэдлэг, ур чадварын болон оролцоо, чанарын арга хэмжээнд мөрдөх журам, түвшин тогтоох ажиллагаанд хамрагдах ажилтны нэрсийн жагсаалт, комиссын шийдвэр, комиссын дүгнэлт, ажилтнуудыг үнэлэх үнэлгээний хуудас, хүний нөөцийн хорооны хурлын шийдвэр, компанийн дүрэм, дансны хуулга зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Д.Д нь “ТБ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/1745 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, урамшууллыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Д.Д нь “ТБ” ХХК-д үйлчлэгчээр ажиллаж байгаад банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/1745 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан буюу мэргэжил, ур чадварын хувьд ажилдаа тэнцэхгүй гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөгджээ.
““ТБ” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2016 оны 11 сарын 03-ны өдрийн А/352 тоот тушаалаар Төрийн банкны ажилтнуудын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааг 2016 оны 11 сарын 10-наас 15-ны өдрийн хугацаанд явуулахаар шийдвэрлэж, комиссыг байгуулж, “ТБ” ХХКны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам”-ыг баталжээ. Уг журмаар ажилтнуудын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагаанд гэрээний үндсэн дээр ажиллах шинжээчийн багийн гишүүдийг оролцуулан, комиссын гишүүд зохион байгуулахаар заасан байна.
“ТБ” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын А/358 дугаар тушаалаар “ТБ” ХХКны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагаанд хамрагдах ажилтны нэрсийн жагсаалтыг баталсан бөгөөд уг нэрсийн жагсаалттай Д.Д танилцаж гарын үсэг зурсан байна.
Журмын дагуу ажилтнуудын мэргэжил, ур чадварыг харьяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээ, Мэдлэг ур чадвар /сорилго даалгаврын гүйцэтгэл, үзүүлэх сургууль гэх мэт/-ийн үнэлгээ, Оролцоо, чанарын үнэлгээ гэсэн 3 арга хэмжээний үнэлгээгээр дүгнэх, нийт 60-аас дээш оноо авсан бол “Тэнцсэн”, 60 хүртэлх оноо авсан бол “Тэнцээгүй” гэсэн дүгнэлтийг Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс гаргах, “Тэнцсэн” дүгнэлт гарсан ажилтныг цалингийн шатлалыг ахиулан тогтоох, сургалтанд хамруулах, шилжүүлэн ажиллуулах , “Тэнцээгүй” гэсэн дүгнэлт гарсан ажилтны “Хөдөлмөрийн гэрээ цуцлах” зэрэг үр дүн үзүүлэх байдлаар зохицуулжээ.
Журмын 3.3.2-т комисс мэдлэг ур чадварын үнэлгээг шинжээчийн багийн оролцоотой зохион байгуулна, 3.3.3-т комиссын даргын томилсон комиссын төлөөлөгч оролцоо, чанарын үнэлгээг гүйцэтгэнэ, 3.4.4-т комиссын дүгнэлт нь ажилтны цалин хөлсийг оновчтой тогтоох, сургалтанд хамруулах /мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх/, ажлын байранд шилжүүлэн ажиллуулах, хөдөлмөрийн гэрээг цуцлах зэрэг цаашид авах арга хэмжээний үндэслэл болно гэж заажээ.
Ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын даргаас банкны газар, хэлтсийн захирлуудад шалгалтанд хамрагдах ажилтнуудын нэрсийг нэгбүрчлэн танилцах боломжоор хангах, түвшин тогтоох ажиллагаа ажлын байрны тодорхойлолтонд заасан үйл ажиллагаанд мөрдөх эрх зүйн актын хүрээнд явагдахыг тайлбарлах үүрэг өгөгдөж байсан нь албан бичгээс харагдаж байна.
Ажлын байранд тавигдах шаардлага, гүйцэтгэлийн чанар, мэргэжлийн ур чадвар, хөдөлмөрийн сахилга, ачаалал даах чадвар, ажил хэрэгч идэвх санаачлага, хамт олонд хүлээн зөвшөөрөгдсөн байдал, тусгай чадвар зэрэг үзүүлэлтүүдээр нэхэмжлэгчийг харъяалах хэлтсийн дарга нь 23 оноо, газрын дарга нь 31 оноо өгч дүгнэн, нийт 30 оноо авахаас 18 оноо авсан байх бөгөөд энэ үнэлгээг гаргахад ажилтны хувийн хэрэг, дотоод ажлын үр дүнг суурь мэдээлэл болгохыг зөвлөмжилсөн байдал үнэлгээний хуудсанд тэмдэглэснээс харагдаж байна.
Ажилтны мэргэжил, ур чадварын түвшин болон оролцоо, чанарыг хэрхэн яаж үнэлэх тухай тусгай журмыг Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр баталсан байна. Энэ журмын 5.1, 5.3-т зааснаар үйлчилгээний ажилтны мэргэжил, ур чадварын түвшинг үйлчлэгчийн ажлын байранд цэвэрлэгээ, үйлчилгээ хийсэн байдлын хүрээнд сорилгын хуудсаар үнэлж дүгнэхээр заажээ. Үүнд хариуцсан талбайн цэвэрлэгээ, тавилга, эд хогшил, тоног төхөөрөмжийн цэвэрлэгээ, шил толь, цонх хаалга, хана болон бусад хэрэгслийн цэвэрлэгээ, багаж хэрэгслийн ашиглалт, эзэмшилт, бүрэн бүтэн байдал, цэвэрлэгээ хийхэд хэрэглэж байгаа материал, ашиглаж байгаа бодис, тэдний ашиглалт, эзэмшилт, хувийн соёл, хувцаслалт, эрүүл мэндийн байдал, цагийн хуваарилалт, ашиглалт, гавшгай байдал, ажлаа гүйцэтгэж байгаа дараалал, үйл ажиллагааны технологийн талаарх мэдлэг, хариуцсан өрөө тасалгааны үйлчилгээ үзүүлж байгаа байдал, харилцаа, өөрийгөө илэрхийлэх чадвар, өөрийн эзэмшлийн ажлын байр, шкаф сав, багаж хэрэгсэл, зохион байгуулалт, эмх цэгц гэсэн үзүүлэлтүүдээр 30 оноо авах ёстойгоос нэхэмжлэгч 15.70 оноо авсан байна.
Оролцоо, чанарын арга хэмжээг явуулахдаа ажилтны ажлын байрны тодорхойлолтонд заасан зорилго, зорилт, чиг үүрэг, тавигдах шаардлага, ур чадвар зэрэг хүрээг багтаасан үнэлж дүгнэхүйц арга, хэлбэрээр явуулна, ингэхдээ ажлын байр, харъяалагдах нэгжийн онцлогийг харгалзах, ярилцлага, бодлого, даалгаврын байдлаар явуулахаар журмын 6 дугаар зүйлд заасан байна. Энд ажлын байранд тусгагдаагүй ажил үүрэг удирдлагаас өгөхөд хэрхэн хүлээн авдаг, өөрчлөлтөнд дасан зохицох чадвар ба өөрчлөлтийг эергээр хүлээн авах чадвар, өөрийгөө танин мэдэх болон хөгжүүлэх чадвар, үлгэрлэн дууриах чадвар, нийгмийн ажилд идэвх санаачлагатай оролцдог эсэх, бусдад урам өгөх чадвар, стрессийг даван туулах чадвар, асуудлыг бүтээлчээр шийдвэрлэх чадвар гэсэн 8 үзүүлэлтээр нэхэмжлэгчийг үнэлэхэд 40 оноо авах ёстойгоос 10.60 оноо авсан байна. Ажилтны оролцоо, чанарын үнэлгээг ажлын байрны тодорхойлолттой нь уялдуулан дээрх үзүүлэлтүүдээр үнэлснийг буруутгах боломжгүй, үзүүлэлтүүд нь ажилтны ажлын байрны тодорхойлолтонд заасан ажил үүрэг, тавигдах шалгууртай холбоотой үзүүлэлтүүд байна. Үнэлгээтэй нэхэмжлэгч танилцаж гарын үсэг зурсан баримт хэрэгт авагджээ. Нэхэмжлэгч нийт 44.3 хувийн оноотойгоор үнэлэгдэн, мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэж комиссын дүгнэлт гарчээ.
Ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын дүгнэлтийг 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр банкны Удирдлагын хороо, Хүний нөөцийн хороогоор хэлэлцүүлж, дээрх комиссын дүгнэлт, хурлын шийдвэрийг Гүйцэтгэх захирал нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө үндэслэжээ.
Нийтлэг үйлчилгээний хэлтсийн 78 хүнээс 75 хүн шалгалтанд орсон, 5.8 хувь нь ажилдаа тэнцээгүй болохыг хариуцагч тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч хариуцагчийг шалгалтыг урьдчилан мэдэгдээгүй, урьд шагнал авч байсан байхад үнэлгээ оновчтой болоогүй, оролцоо, чанарын ярилцлагыг бэхжүүлсэн баримтгүй, С.Г оролцоогүй, ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгөнгүүтээ ажлыг хүлээн авсан, аж ахуй, үйлчилгээний хэлтэст үйлчлэгч байхад нийтлэг үйлчилгээний хэлтэст үйлчлэгч гэж шалгалтанд оруулсан гэж тайлбарласан боловч мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагаа болох тухай, хэн хамрагдах талаар танилцуулсан баримтанд нэхэмжлэгч гарын үсэг зурсан, урьд ажиллаж байсан байдал одоогийн үнэлгээ хоёр эрс зөрүүтэй болсон гэдгийг нэхэмжлэгч нотлоогүй, журамд ажиллагааны явцыг баталгаажуулах, тэмдэглэл хөтлөх талаар заагаагүй, харин үнэлгээг оролцогчид танилцуулах тухай заасан ба үнэлгээг нэхэмжлэгчид танилцуулсан, нэхэмжлэгчийн ажлын байрны үзлэг болон оролцоо, чанарын арга хэмжээг комиссын дарга Д.Г, комиссын гишүүн Б.Э, С.Г нар явуулж дүгнэсэн байх ба С.Гэ оролцоогүй нь нотлогдохгүй, нөгөө талаар оролцоо, чанарын арга хэмжээний үнэлгээг С.Г бусад хоёроос илтэд дээгүүр үнэлсэн нь нэхэмжлэгчийг сайн мэддэг гэж дүгнэхэд хүргэж байна. Нэхэмжлэгчийн харъяалагдаж байсан аж ахуй, үйлчилгээний хэлтэс байгууллагын бүтцийн өөрчлөлтөөр нийтлэг үйлчилгээний хэлтэс нэртэй болсон боловч нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээг өөрчлөөгүй байсан байх ба нэхэмжлэгч ч нийтлэг үйлчилгээний хэлтсийн ажилтан Д.Дг мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагаанд хамруулах тухай баримтанд гарын үсэг зуржээ. Мөн ажил олгогч нэхэмжлэгчид ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл өгсөн өдөртөө ажлыг хүлээн авсан боловч ажлаас чөлөөлөгдөхөө 1 сарын өмнө мэдсэн байх ёстой нэхэмжлэгчийн эрхийг хангаж, мэдэгдсэнээс хойш 1 сарын дараа ажлаас чөлөөлөх тушаалыг гаргаж, уг хугацааны цалинг нэхэмжлэгчид олгосон байна.
Иймд нэхэмжлэгчийн “ТБ” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ НЬ:
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ С.БУД