| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2021/0029/Э |
| Дугаар | 27 |
| Огноо | 2021-04-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Д |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 27
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж
Нарийн бичгийн дарга Э.Ө
Улсын яллагч Б.Д
Хохирогч А.С
Шүүгдэгч Х.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн
шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын харъяат, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдрах, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Х.Ж-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд авагдснаар/
Шүүгдэгч Х.Ж нь 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр А.С-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Х.Ж-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Найзууд 3 гэр бүлээрээ нийлж манайд мартын 8-ны баярыг тэмдэглэсэн юм. Тухайн үед 2 шил архи, 1 вино, 2,5 литрийн пиво ууцгаасан. Энэ үед манай ээж орж ирээд архи дарс уулаа, янхан гичий, явцгаа гэсэн, тэд нар ч явсан. Гэтэл манай эхнэр С ээжийг маань янхан гэж хэлэхээр нь чи адилхан эх хүн байж ээжийг янхан гэж хэллээ гээд баруун гараараа зүүн нүднийх нь хавьд цохисон. Тэгээд би гэрээ ардаас нь түгжээд гараад явсан. Энэ хойгуур эхнэр үүдний тамбарын цонх хагалаад гэрээс гараад явчихсан байсан. Маргааш өглөө нь 09 цагийн үед цагдаа дээр дуудсан, эхнэрийн ээж цагдаад хэлсэн байсан. Үйл явдал болох үед согтуу байсан, зарим юмыг санахгүй байсан. Би эхнэртэйгээ 2009 оноос хойш гэр бүл болж амьдарч байна, эхнэр эмчилгээ энэ тэр хийлгээгүй. Миний цохисоны улмаас гэмтэл учирсан. Бид нэн ядуу өрх учраас торгууль төлөх боломжгүй, аваарт ороод нуруундаа гэмтэл авсан, одоо явахад хүндрэлтэй байдаг учраас нийтэд тустай ажил хийх боломжгүй, ийм учраас зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү, гэртээ баймаар байна, хялбаршуулсан журмаар хэрэг шийдвэрлэхийг ойлгосон “ гэсэн мэдүүлэг
Хохирогч А.С шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн” Манайд найзууд гэр бүлээрээ баяр тэмдэглэж байсан юм. Тэгтэл хадам ээж орж ирээд янхан, гичийнүүд минь зайл гэж хэлсэн, би бас өөрийг нь янхан гэж хэлсэн. Нөхөр маань ээжийг янхан гэж хэллээ гээд баруун гараараа зүүн нүд хавьд цохьсон. Тэгээд ардаас түгжээд гараад явахаар нь би тамбарынхаа цонхыг хагалаад гарахдаа гарны булчин, тэр хэсгээ зүсчихсэн. Тэр үед бид нар архи дарс уугаад халамцуу байсан. Ж бас согтуу байсан. Гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй, миний бие зүгээр байгаа” гэсэн мэдүүлэг,
Гэрч Н.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр гэр бүлийн найзуудын хамт эмэгтэйчүүдийн баярыг найз Х.Ж гэрт тэмдэглэж байхад 18 цагийн орчимд Ж-н ээж нь гаднаас орж ирээд та нар манай хүүгийн гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байна та нар зайлцгаа гээд элдвээр хараагаад байхаар нь найзуудын хамт Ж-н гэрээс гараад явсан. Тэнд Ж, эхнэр, ээжийн хамт үлдсэн. Орой 20 цагийн орчимд манай найз А.С миний гар утас руу залгаад та нарыг гараад явсны дараа би хадам ээжтэйгээ хэрэлдээд манай нөхөр ээжийгээ өмөөрөөд намайг цохисон талаар ярьсан. Бид нар нэг шил вино, 1 ширхэг 2,5 литрийн пиво уугаад, нэг шил архи задлаад уух гэж байхад Жанчивсэнгээгийн ээж нь орж ирээд бид нар гараад явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31/
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 сарын 16-ны өдрийн “1. А.С-н биед зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун шууны дотор талд шарх, зулгаралт, баруун далан дор зулгаралт, зүүн далны хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүдийн зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун далан дор зулгаралт, зүүн далны хэсэгт цус хуралт гэмтлүүд хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр, баруун шууны дотор талд шарх, зулгаралт гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.
3. А.С-н биед үүссэн гэмтлүүдийн зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун шууны дотор талд шарх гэмтлүүд нь дан дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба бусад гэмтлүүд нь дан дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг хамаарахгүй болно.
4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн Хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн 04/68 тоот дүгнэлт /хх-ийн 11-12/
Шүүгдэгч Х.Ж нь урьд нь ял шийтгүүлж байгаагүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 56/
Шүүгдэгч Х.Ж регистрийн дугаартай иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 38/
Хохирогч А.С-н Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан “ ... Миний бие ямар нэгэн гомдол санал байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” хүсэлт /хх-ийн 57/
Шүүгдэгч Х.Ж-н Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан “Миний бие нь 2021 оны 03 сарын 08-ны өдөр гэр бүлийн шинж тэмдэгтэй хохирол учруулсан тул хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт /хх-ийн 56/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Х.Ж нь архи ууж согтуурсан үедээ 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт хохирогч А.С-тай “ээжийг янхан гэж хэллээ” гэх шалтгааны улмаас таарамжгүй харьцаа үүсгэж, түүний нүүрэн тус газар нь цохиж зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт бүхий гэмтэл учруулсан үйл баримт болжээ.
Хохирогч А.С-н эрүүл мэндэд учирсан дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг талаар Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч П.Г нь 2021 оны 03 сарын 16-ны өдөр 04/68 тоот дүгнэлтийг гаргасан байх ба уг дүгнэлттэй шүүгдэгч, хохирогч нар танилцсан, энэ талаар ямар нэг маргаан гараагүй байна.
Дээрх үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Х.Ж-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, түүний мэдүүлгийг давхар нотолсон нотлох баримт болох шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч А.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэрч Н.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шинжээчийн 2021 оны 03 сарын 16-ны өдөр 04/68 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь уг гэмт хэргийн гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, шүүгдэгчийн үйлдлийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг түүний үйлдэлд тохирсон гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Хохирогч А.С нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаараа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг тул шүүгдэгч Х.Ж нь бусдад төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Прокурор нь шүүгдэгч Х.Ж-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн бөгөөд ингэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар нэг сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, түүнд оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар чөлөөлөх гэсэн саналыг шүүгдэгчид танилцуулсан, уг саналаа дэмжиж шүүх хуралдаанд дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй байна. Учир нь шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэх үедээ архи уусан, согтуурсан байдалтай байсан нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “..Тухайн үед 2 шил архи, 1 вино, 2,5 литрийн пиво ууцгаасан. ..Үйл явдал болох үед согтуу байсан, зарим юмыг санахгүй байсан” гэсэн мэдүүлэг, түүнчлэн хохирогч А.С-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн“... Тэр үед бид нар архи дарс уугаад халамцуу байсан. Ж бас согтуу байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Н.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр гэр бүлийн найзуудын хамт эмэгтэйчүүдийн баярыг найз Х.Ж-н гэрт тэмдэглэсэн...Бид нар нэг шил вино, 1 ширхэг 2,5 литрийн пиво уугаад, нэг шил архи задлаад уух гэж байхад Ж-н ээж нь орж ирээд бид нар гараад явсан” гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1-д “ согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан байх тул улсын яллагчийн гаргасан шүүгдэгчид оногдуулсан ялыг чөлөөлөх тухай саналыг хүлээн авах хуульзүйн үндэслэлгүй байна.
Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, түүний өрхийн орлогогүй, биеийн эрүүл мэнд зэрэг хувийн байдал, Замын-Үүд суманд байнга оршин суух хаягтайг харгалзан нэг сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Х.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Х.Ж-г Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг нэг сарын хугацаагаар хориглож зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Х.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Х.Ж нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.Ц