Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/91

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Э.Хосбаяр

Шүүгдэгч С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Э.Хосбаяраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ....................... овогт Сд холбогдох 2121000000084 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин, автокранч мэргэжилтэй, ......................................... ажилтай, ам бүл 6, эмээ, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн .............................тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 1994 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийт 3 жилийн хорих ялаар, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 1995 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 787 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 1-д зааснаар нийт 1 жил 6 сарын хорих ялаар, Дорнод аймгийн Шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 23 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 29, 39 дүгээр зүйлийг журамлан тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 4, мөн хуулийн тусгай ангийн 79 дүгээр зүйлийн 2-т зааснаар нийт 300.000 төгрөгөөр торгох ялаар, Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2001 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 64 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1231 дүгээр зүйлийн 2-т зааснаар 4 жилийн хорих ялаар, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 6 сар 01 хоногийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, ................ овогт С. /РД: ................/

 

Шүүгдэгч С нь 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Матад сумын 4 дүгээр багт байрлах “Дорнын сайхан тал” ХХК-ний хашаанд байсан Приус-20 маркийн ******* ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн эд анги болох 2 ширхэг толь, цахилгаан мотор, ком баттерей, лед гэрэл, 2 ширхэг дугуй зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1.985.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэнийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

            Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч С шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй...” гэв.

            Хохирогч М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 02 дугаар сарын 07-ны шөнө Газрын тосны 19 дүгээр талбайн хойд талд машинаа унаж байгаад хальтиргаанд ороод замын хашлага мөргөөд ... жолоодлого байхгүй болохоор нь 19 дүгээр талбайн хойд талд байрлах эзэнгүй кемпийн хашаан дотор машинаа байрлуулаад орхиод явсан. ... хамгийн сүүлд 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 14 цагийн орчим машинаа шалгахад зүгээр бүрэн бүтэн хаалга нь цоожтой байсан. Тэгээд 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр машин дээрээ очиход арын жижиг гурвалжин цонх хагарсан, хаалга нь онгорхой дотроос нь ком батерей, цахилгаан мотор, аккумлятор, 2 дугуй, 2 толь, дээд талд нэмэлтээр суурьлуулсан лед гэрэл зэрэг эд зүйл алдагдсан байсан. ...Надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 14-15/

            Гэрч Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Дорнын сайхан тал ХХК-ий хашаанд байнга байж манаа хийдэггүй, өөрөө байх хугацаандаа эргэж тойрч байдаг юм. Би тухайн үед ******* хандаж ах нь байх байхгүй үе зөндөө байдаг шүү, ахын дүү хурдхан машинаа аваарай гэж хэлж байсан. Ингээд би аймгийн төв рүү 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр аймаг яваад тэндээ 2 хоноод 2021 оны 02 дугаар сарын 21-ний орой 22 цаг 30 минутын орчимд Газрын тосны 19 дүгээр талбай дээр ирсэн. Ингээд 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн өглөө Дорнын сайхан тал ХХК-ий хашааг шалгаж очиход ******* машины зөв талын арын хаалгын жижиг цонхыг хагалсан байсан. Ингээд би гадуур нь тойроод харж байтал ******* ирж машинаа үзээд компьютер, батерей, арын 2 дугуй, 2 ширхэг толь алга болсон байна гэж бүртгэсэн. Манай компани хяналтын камер огт байхгүй...” гэжээ. /хх-ийн 23-24/

Гэрч Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Газрын тосны 19 дүгээр талбайд жолоочийн ажил хийдэг юм. Тэгээд 2021 оны 02 дугаар сарын 22-ны өглөө төрсөн ах С манай ажил дээр унаж байгаа ******* ДОР улсын дугаартай машинаа өгч бай ах нь хүнээс машины сэлбэг авсан аймаг руу сэлбэгээ буулгаад ирье мөн 2 ажилчин авч ир гэж байна гээд Приус машины сэлбэг ачаад авч явсан. С ахыг хулгай хийсэн талаар огт мэдэхгүй...” гэжээ. /хх-ийн 27-28/

С мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2021 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн орой 22 цагийн орчим гадуур алхаж байгаад хойд хэсэгт 500-600 метр зайд байрлах Зөв боломж ХХК-ийн эзэнгүй хашаанд ******* ДОА улсын дугаартай улаан өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл байгааг харсан. Ингээд машин дээр очиход арын цонх нь хагархай урд хаалгыг нь татаж үзэхэд түгжээгүй байсан. Тэгэхээр нь би багажнаас нь ком батерей, урд копудыг нь онгойлгоод цахилгаан мотор, 2 толь, 2 дугуй, лэд гэрэл зэргийг авч машинаас зайтай газар нууж орхиод маргааш нь буюу 2021 оны 02 дугаар сарын 22-ны өглөө ...дүү ******* машиныг гуйж аваад хулгайлсан эд зүйлээ ачаад аймгийн төвд гэртээ аваачиж тавьсан...” гэжээ. /хх-ийн 46-49/

 

            Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/

            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-8/

            Вендо хөрөнгийн үнэлгээний компанийн авто машин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 29, 32/

            Эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 36/

            Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 37-39/

   Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53/  болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

    Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Сд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

 

    Шүүх хуралдаанаар шинжлэн судалж хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэм аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

 

Шүүгдэгч  ............ овогт С нь 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Матад сумын 4 дүгээр багт байрлах “Дорнын сайхан тал” ХХК-ийн хашаанд байсан Приус-20 маркийн ******* ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн эд анги болох 2 ширхэг толь, цахилгаан мотор, ком баттерей, лед гэрэл, 2 ширхэг дугуй зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1.985.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...машин дээр очиход арын цонх нь хагархай урд хаалгыг нь татаж үзэхэд түгжээгүй байсан. Тэгэхээр нь би багажнаас нь ком батерей, урд копудыг нь онгойлгоод цахилгаан мотор, 2 толь, 2 дугуй, лэд гэрэл зэргийг авч машинаас зайтай газар нууж орхиод маргааш нь буюу 2021 оны 02 дугаар сарын 22-ны өглөө ...дүү Н-ын машиныг гуйж аваад хулгайлсан эд зүйлээ ачаад аймгийн төвд гэртээ аваачиж тавьсан…” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийг давхар нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч М, гэрч Н нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Вендо хөрөнгийн үнэлгээний компанийн авто машин техникийн үнэлгээний тайлан, эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт баримт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Шүүгдэгч С нь бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшил, өмчлөлөөс нууцаар өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэн авч өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч Сгийн үйлдлийн улмаас хохирогч М-ын эд хөрөнгөд 1.985.000 төгрөгийн хохирол учирсан болох нь Вендо хөрөнгийн үнэлгээний компанийн авто машин техникийн үнэлгээний тайлангаар тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.  

Шүүгдэгч Сд холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Сг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

Шүүгдэгч С нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Сгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М-т 1.985.000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч С нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч М нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ............. овогт Сг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Сд хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Сд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Сд мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч М-т 1.985.000 төгрөг төлсөн, хохирогч нь цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ................. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Г.НАМУУНТУЯА