| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 164/2021/0018/Э/ |
| Дугаар | 2021/ШЦТ/32 |
| Огноо | 2021-04-08 |
| Зүйл хэсэг | 20.17.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 2021/ШЦТ/32
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа би даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах
Улсын яллагч А.Оргилбаяр
Шүүгдэгч Г.Д, Н.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Д, Н.А нарт холбогдох 2116000000008 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, Б овгийн Г-н Д.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, Д овгийн Н-н А.
Шүүгдэгч Г.Д, Н.А нар нь бүлэглэн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 04-ний өдөр, 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 12-ны өдрүүдэд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд “Facebook”-ээр буюу мэдээлэл технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулж, нийт 284100 төгрөгийн ашиг олсон гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Г.Д, Н.А нарын бүлэглэн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 04-ний өдөр, 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 12-ны өдрүүдэд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд “Facebook”-ээр буюу мэдээлэл технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйлдэл нь мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Г.Д, Н.А нар гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Г.Д-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “... Анх энэ мөрийтэй тоглоомыг тоглуулахдаа хууль бус гэдгийг нь мэдээгүй. Фейсбүүкээр яваад байхаар нь явуулж үзсэн ... Хэдэн төгрөгийн ашиг олсон гэдгийг нарийн мэдэхгүй байгаа. 284.100 төгрөгийн ашиг олсон гэж гарч ирсэн. Олсон мөнгөөрөө гэртээ ганц, нэг уут нүүрс, нэгж гэх мэт ойр зуурын зүйлс авсан. Хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт хэвээрээ байгаа. Анх тоглуулах санаачилгыг Н.А гаргасан юм...” гэсэн мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Шүүгдэгч Н.А-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “... Анх 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс явуулж үзсэн. Фейсбүүкээр явуулаад байхаар нь бид хоёр ярилцаад явуулж үзсэн. Нэг тоглолтоос 6000 төгрөгийн ашиг гардаг байсан ... “TEXAS” гэдэг хөзрөөр тоглуулдаг тоглоомыг зохион байгуулсан ...” гэсэн мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Гэрч П.М-н мөрдөн байцаалтад өгсөн “... Би Г.Д-н эзэмшлийн Хаан банкны 5312331145 тоот дансанд орлого хийсэн. Покер тоглоом тоглох гэж 5000 төгрөг шилжүүлсэн юм. Би тэр үед гэртээ байсан ... 2020 оны 12 дугаар сард покер тоглоом тоглосон. Гэхдээ яг 12 дугаар сарын хэдэн гэдгээ санахгүй байна. Харка Харка гэсэн facebook хаяг байсан... Тухайн покер тоглоом нь 6 хүний суудалтай, нэг хүн 5000 төгрөг шилжүүлж байж суудалд сууна. Тэгээд хожсон хүн нь 25000 төгрөг авах дүрэмтэй байсан юм... Миний тоглосон гэх покер тоглоомыг эмэгтэй, эрэгтэй хоёр хүн л зохион байгуулж байсан юм...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ28-30/,
Гэрч Б.Э-н мөрдөн байцаалтад өгсөн “... Би 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш гэрээсээ 14 хоног гарахгүй хорионд байх хугацаанд гэртээ байх хугацаандаа гар утсаараа фейсбүүк харж байсан чинь мөрийтэй покер тоглоом тоглуулж байгаа шууд бичлэг гарч ирсэн. Тэгээд би тухайн бичлэгийг үзэж байгаад тоглож үзэхээр шийдээд тоглосон юм. Тухайн үед би бас яг тийм адилхан 2-3 тоглоом тоглосон болохоор яг алийг нь гэдгийг сайн санахгүй байна... Тухайн миний тоглосон покер тоглоомыг хоёр хүн зохион байгуулж байх шиг байсан. Нэг хүн нь хөзөр хуваагаад нөгөө хүн нь дансанд орж байгаа мөнгөө шилжүүлэх болон хянах ажлыг хийж байгаа бололтой байсан. Хөзөр хувааж, тарааж байгаа хүн нь эрэгтэй хүн байсан. Цаана мөнгөний хуваарилалт хийж байгаа хүн эмэгтэй хүн байсан ...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ38-40/,
Гэрч Б.Н-н мөрдөн байцаалтад өгсөн “... Тухайн үед Фейсбүүкээр онлайн покер тоглоом тоглуулж байсан. Би өөрийн ****** гэсэн фейсбүүк хаягаар орж тоглосон, өөрийн *********** тоот данснаас 5000 төгрөг шилжүүлж тоглосон... Harka Harka гэсэн фейсбүүк лайваар тоглоом явагдаж байсан. Дүрэм нь 6 хүн нэг тоглолтод тоглож байсан. Онлайн покер тоглоом байсан. Мөнгөө хийж ороод 1-6 хүртэл дугаараас тоо сонгож авна. Тэгээд сонгосон тоо таарвал хийсэн мөнгөө 5 нугалж авч байсан...” гэсэн мэдүүлэг/1-р ХХ58-59/,
Гэрч Н.Б-н мөрдөн байцаалтад өгсөн “... Тухайн үед Harka Harka гэсэн фейсбүүк хаягаар лайв хийж байсан. Онлайн покер /хөзөр/ тоглоом тоглуулж байсан. Би өөрийн Н.Билгээ гэсэн фейсбүүк хаягаар орж тоглосон. Би өөрийн ********** тоот данснаас 10000 төгрөг шилжүүлж тоглосон. Vldsen 2 suudal bilge гэдэг нь 5-6 дугаар суудлыг авна гэсэн утгатай... Тоглуулж байгаа хүмүүс нь лайваа утсаар хийж байсан. 2 хүн лайв хийж байсан. Хэн хэн гэдэг хүмүүс байсныг нь мэдэхгүй байна. Тоглуулж байсан хүмүүс нэг тоглолтоос 5000 төгрөгийн ашиг олж байсан ...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ62-63/,
Гэрч Н.Б-н мөрдөн байцаалтад өгсөн “... Тухайн үед фейсбүүкээр онлайн покер тоглоом тоглуулж байсан. Би өөрийн фейсбүүк хаягаар орж тоглосон. Өөрийн *************** тоот данснаас 20000 төгрөг шилжүүлж тоглосон ... дүрэм нь 6 хүн нэг тоглолтод тоглож байсан... Мөнгөө хийж ороод 1-6 хүртэл дугаараас тоо сонгож авна. Тэгээд сонгосон тоо таарвал хийсэн мөнгөө 5 нугалж авч байсан...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ66-67/,
Шүүгдэгч Г.Д-н эзэмшлийн Samsung galaxy A10 загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р ХХ8-9/ гэрэл зургийн үзүүлэлт /1-р ХХ10-15/, шүүгдэгч Г.Дын эзэмшлийн Хаан банкны *************** дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р ХХ128-141/, шүүгдэгч Н.Аын эзэмшлийн Хаан банкны **************** дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р 147/, шинжээч Р.Цанжидмаагийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р ХХ246-248/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Г.Д, Н.А нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Г.Д, Н.А нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мэдээлэл технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог техас тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Тухайн гэмт хэрэг нь мөрийтэй тоглоом зохион байгуулсан үеэс төгсдөг, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд ашиг орлого олсон эсэх, олсон ашгийн хэмжээ нь гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болно. Хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт бодит хохирол үл шаардах тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэлээ.
Шүүхээс шүүгдэгч Г.Д, Н.А нарыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй болно.
Шүүхээс дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын шүүгдэгч Г.Д, Н.А нарт тус бүрийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн хөрөнгийн хэмжээ, орлого олох боломжоос нь хамааран шүүгдэгч Г.Д, Н.А нарт тус бүрд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус хуульчилжээ.
Үүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэн олж авсан хууль бус хөрөнгө, орлогыг хураан авч улсын орлого болгох, хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг төлүүлэхэд зарцуулахаар Эрүүгийн хуульд тусгасан гэж ойлгоно.
Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Д, Н.А нарын гэмт хэрэг үйлдэж олсон орлого 284100 төгрөгийг шүүгдэгч Г.Д, Н.А нараас гаргуулж улсын төсөвт оруулах хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч Г.Д-н хөдөлгөөнт утсыг дээрх зохицуулалтад хамааруулж хураахад эргэлзээтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураасан шүүгдэгч Г.Д-н эзэмшлийн гэх Samsung А10 загварын хөдөлгөөнт утсыг Г.Д-д буцаан олгож, энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, хэрэгт талуудын хэлэлцүүлсэн нотлох баримтуудын жагсаалт хавсаргагдсан болон хэрэгт хэрэгт шүүгдэгч нарын хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүд, 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Г-н Д, Д овгийн Н-н А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мэдээлэл технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог техас тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д, Н.А нарыг тус бүрийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д, Н.А нарт тус бүрд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Д, Н.А нарт танилцуулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Д, Н.А нарын гэмт хэрэг үйлдэж олсон орлого 284100 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулж улсын төсөвт оруулах хөрөнгөн орлого хураах албадлагын арга хэмжээ авсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Д, Н.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Samsung А10 загварын хөдөлгөөнт утсыг Г.Д-д буцаан олгосугай.
8. Энэ хэрэгт шүүгдэгч нарын хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Д, Н.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.САРАНТУЯА