Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 1329

 

“Каркас зураг” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2017/01222 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Каркас зураг” ХХК,

Хариуцагч “Их хаадын цуваа” ХХК-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 258 710 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Ажлын хөлсөнд төлсөн 36 000 000 төгрөг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Манлайн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содбаяр,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн,

Хариуцагчийн төлөөлөгч Н.Сүхбаатар,

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Болдбаатар, Ц.Мөнгөнцацрал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Содбаяр, өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Манлай миний бие 2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “Каркас зураг” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон бөгөөд уг компанийг 100 хувь ганцаар эзэмшдэг. 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр “Их хаадын цуваа” ХХК-тай Орхон аймгийн Баян-Өндөр сум буюу Эрдэнэт хотод орон сууцны 7а хорооллын ерөнхий төлөвлөгөө батлуулж, 9 давхар 63 айлын 6, 12 давхар 144 айлын 9, 12 давхар 96 айлын 5 орон сууцны барилгын зураг төсөл боловсруулах, нийт 183 000 000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээг байгуулсан. Уг гэрээний 2.4 дэх хэсэгт 1 дүгээр үе шатны зураг төслийн ажлын тохиролцсон үнийн 80-100 хувьтай тэнцэх урьдчилгааг олгоно гэж заасны дагуу доод тал нь 80 хувь болох 146 400 000 төгрөгийн урьдчилгааг олгох үүргийг захиалагч тал “Их хаадын цуваа” ХХК нь хүлээсэн.

Барилгын иж бүрэн зураг төслийг нэг компани дангаар боловсруулах боломж байдаггүй тул бусад хүчит төхөөрөмж, цэвэр бохир ус, халаалт салхивчны зураг төслийг боловсруулдаг туслан гүйцэтгэгч хувь хүн, компаниудтай хамтарч хийж гүйцэтгэдэг. Эдгээр туслан гүйцэтгэдэг компаниудтай гэрээ байгуулж, мөн захиалагч талд иж бүрэн зураг төсөл хүлээлгэж өгдөг. Иймээс гэрээний 3.4 дэх хэсэгт заасны дагуу 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдөр халаалт, салхивч, цэвэр бохир ус зураг төслийг хийлгэхээр “Түвшинжин” ХХК-тай гэрээ байгуулж, гэрээний үнийн дүнг 32 400 000 төгрөгөөр тохиролцсон. 2013 оны 3 дугаар сарын 21-ний өдөр “Арбэл Алтай” ХХК-тай дотор гэрэлтүүлгийн зураг төслийг боловсруулах гэрээг байгуулж, гэрээний үнийн дүнг 25 000 000 төгрөгөөр тохиролцсон. Манай компанийн архитектур, барилга бүтээцийн зураг төслийг боловсруулсан.

Ингээд гэрээнд заасан зураг төслийг бүрэн боловсруулж, 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр уг гэрээнд заасан зураг төслийн баримт бичгийг Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаж магадлалын ерөнхий дүгнэлтийг гаргуулж “Их хаадын цуваа” ХХК-д хүлээлгэж өгсөн. Гэрээний 2.6 дахь хэсэгт заасны дагуу магадлан хяналт буюу экспертизийн зардлыг “Их хаадын цуваа” ХХК-иас бүрэн төлбөр хийгдээгүй тул 96 айлын орон сууцны барилгын зураг төсөл нь магадлан хяналтаар ороогүй. Ингэснээр манай компани нь гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн.

Гэрээ байгуулмагц төлөх ёстой байсан урьдчилгаанаас нэг ч төгрөг төлөөгүйгээр барахгүй гэрээний 2.4 дэх хэсэгт заасны дагуу үлдэгдлийг эхний барилгажилтын барилгын ажил 3 дугаар давхрын барилга угсралтын ажлыг эхлэхэд олгоно гэж заасан ч олгоогүй. Мөн 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдөр “Их хаадын цуваа” ХХК-тай Орхон аймгийн Баян-Өндөр сум буюу Эрдэнэт хотод орон сууцны 7а хорооллын 17 ширхэг гараашийн барилгын зураг төсөл боловсруулах гэрээг байгуулж, гэрээнд заасан хугацаанд зураг төслийг боловсруулсан. Уг гэрээний 2.3 дахь хэсэгт зургийн төлбөрийг Чех улсаас санхүүжилт орж ирэхэд төлбөрийг 100 хувь гүйцэтгэгчид олгоно. /2013 оны 4 дүгээр сард/ гэж заасны дагуу олгох байтал одоо болтол нэг ч төгрөгийн төлбөр хийгээгүй.

Бид тухай бүрт нь “Их хаадын цуваа” ХХК-иас гэрээнд заасан төлбөрөө хийж, гэрээний үүргээ биелүүлэхээр амаар болон бичгээр шаардахад удахгүй төлбөрийг олгоно гэж хойшлуулсаар ирсэн. 2013 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Н.Сүхбаатартай уулзаж “Түвшинжин” ХХК-ийн захирал Ц.Энхболдоор хурлын тэмдэглэл хөтлүүлж 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн гэрээний талаар хуралдаж 2013 оны 4 дүгээр сард гэрээнд заасан төлбөрийг төлөхөөр тохиролцож байсан. Манай компанийн боловсруулсан зураг төслөөр “Мастер инженеринг” ХХК нь Эрдэнэтийн 7а хорооллыг орон сууцны эхний ээлжийн барилгуудын ажлыг гүйцэтгэж, 2 ширхэг 9 давхар орон сууцыг 2014 онд Улсын комисст хүлээлгэж өгсөн, одоо бусад орон сууцны барилгын ажлууд явагдсаар байгаа болно.

“Их хаадын цуваа” ХХК-иас гэрээний төлбөр 183 000 000 төгрөг, гэрээний 4.3 дахь хэсэгт заасан хугацаа хэтэрсэн хоног тутмын алданги 0.03 хувь болох 54 900 төгрөг, гүйцэтгээгүй үнийн дүнгийн 30 хувиас хэтрэхгүй гэж заасан тул 61 000 000 төгрөг, 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан гараашийн зураг төсөл боловсруулах гэрээний үнийн дүн 16 100 000 төгрөг, 4.2 дахь хэсэгт үүргийн үнийн дүнгийн 10 хувиас хэтрэхгүй байна гэж заасны дагуу 1 610 000 төгрөг, нийт 258 710 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний төлөөлөгч Н.Сүхбаатар, өмгөөлөгч Ч.Болдбаатар, Ц.Мөнгөнцацрал нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Их хаадын цуваа” ХХК болон “Каркас зураг” ХХК-ийн хооронд 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 01/2012 тоот барилгын зураг төсөл боловсруулах аж ахуйн гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр гүйцэтгэгч “Каркас зураг” ХХК нь Орхон аймаг, Эрдэнэт хотын орон сууцны 7А хороололд хэрэгжих “Евро Эко Төгөл” төслийн 1 дүгээр ээлжинд баригдах 63 айлын 6 ширхэг, 72 айлын 4 ширхэг, 144 айлын 9 ширхэг мөн “Аркон” ХХК нь 45 айлын 1 ширхэг орон сууцны барилгын зураг, нийт 20 ширхэг орон сууцны барилгын зургийг холболтоор хийх, захиалагч “Их хаадын цуваа” ХХК дээрх барилгын зургийг хүлээн авч, төлбөрийг төлөхөөр тус тус үүрэг хүлээн гэрээ байгуулсан байдаг.

Дээрх гэрээний 1.3 дахь хэсэгт “Орхон аймгийн Эрдэнэт хотын орон сууцны 7а хороололд хэрэгжих “Евро Эко Төгөл” төслийн орон сууны барилгын зургийг холболтоор хийхийн тулд ерөнхий төлөвлөгөөг Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар батлуулж, Зам тээвэр барилга хот байгуулалтын яамны 100 мянган айлын орон сууцны төсөлд батлуулснаас хойш 45 хоногоос 2 сарын хугацаанд захиалагч байгууллагын 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хүсэлтийг үндэслэн хийж гүйцэтгэхээр тохиролцож энэхүү гэрээг байгуулав." хэмээн заасан. Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 82 дугаар тогтоолоор 100 мянган айлын орон сууц хөтөлбөрт хамрагдах орон сууцны жагсаалт батлагдаж, энэхүү жагсаалтад Эрдэнэт хотын орон сууцны 7а хороолол орж, Орхон аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2012 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр “Их хаадын цуваа” ХХК-д 457 дугаартай албан бичиг ирүүлснээр “Их хаадын цуваа” ХХК болон “Каркас зураг” ХХК-ийн хооронд 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан 01/2012 тоот барилгын зураг төсөл боловсруулах аж ахуйн гэрээ хэрэгжих нөхцөл бүрдсэн юм.

Дээрх гэрээ ёсоор “Каркас зураг” ХХК нь 9 давхар 63 айлын орон сууцны 6 ширхэг барилгын зураг төслийг тус бүр нь 6 000 000 төгрөгөөр тооцож, нийт 36 000 000 төгрөгөөр, 12 давхар 144 айлын орон сууцны 9 ширхэг барилгын зураг төслийг тус бүр нь 8 000 000 төгрөгөөр тооцож, нийт 72 000 000 төгрөгөөр, 12 давхар 72 айлын орон сууцны 4 ширхэг барилгын зураг төслийг тус бүр нь 4 000 000 төгрөгөөр тооцож, нийт 16 000 000 төгрөг, нийт барилгын холболтын зургийг 124 000 000 төгрөгөөр гүйцэтгэхээр тохиролцсон байдаг. Гэрээний хавсралтад заагдсан 15 415 000 төгрөгийн үнэ бүхий 12 давхар үйлчилгээтэй 45 айлын элит орон сууцны зургийг “Аркон” ХХК-иас 2012 оны 05 дугаар  сарын 07-ны өдрийн 18/12 дугаартай албан бичигт тусгасны дагуу холболтын үнээр буюу 30 хувиар тооцон “Аркон” ХХК-иар гүйцэтгүүлэхээр тохиролцсон юм.

Энэхүү барилгууд нь Орхон аймгийн Засаг даргын 2012 оны 217 дугаар захирамжаар “Их хаадын цуваа” ХХК-д эзэмших эрх олгогдсон газарт баригдах Эрдэнэт хотын орон сууцны 7а хорооллын бүтээн байгуулалтын эхний ээлжийн хэсэг бөгөөд хоёр дугаар ээлжийн барилгууд болох сургууль, цэцэрлэг, үйлчилгээний төв болон орон сууцны барилгуудыг Эрдэнэт хотын орон сууцны 7а хорооллын Ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын газрыг чөлөөлсний дараа барихаар төлөвлөсөн болно. “Их хаадын цуваа” ХХК нь Орхон аймгийн удирдлагуудтай Эрдэнэт хотын орон сууцны 7а хорооллын барилгажилтын “Евро Эко Төгөл” төсөл хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээг 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдөр байгуулж гэрээний хавсралтаар “Их хаадын цуваа” ХХК нь 2013-2020 онуудад “Евро Эко Төгөл” төслийг орон сууцны 7а хороололд 2 үе шаттайгаар хэрэгжүүлэх, тус төслийн хүрээнд 1 дүгээр үе шатны ажил нь “Их хаадын цуваа” ХХК-д олгогдсон газарт 9-12 давхар 1650 айлын орон сууцны барилга болон дэд бүтцийн хамт барьж байгуулна хэмээн заасан байгаа.

“Их хаадын цуваа” ХХК нь Эрдэнэт хотын орон сууцны 7а хорооллын ерөнхий төлөвлөгөөг боловсруулах захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээг “Аркон” ХХК-тай 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан бөгөөд энэхүү гэрээний дагуу 2012 онд Эрдэнэт хотын орон сууцны 7а хорооллын барилгажилтын төслийг Орхон аймгийн ерөнхий архитектураар дахин батлуулан 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ажил хүлээлцэх акт үйлдэн хүлээлгэн өгсөн байна. Уг актад Эрдэнэт хотын орон сууцны 7а хорооллын 2012 онд батлагдсан ерөнхий төлөвлөгөөнд нэгдүгээр үе шатны ажил болох захиалагчийн газрын зөвшөөрөл нь олгогдсон хоосон байгаа газарт эхний ээлжинд “Каркас зураг” ХХК-ийн холболтын зургаар баригдах 9 давхар 63 айлын орон сууц 6 ширхэг, 12 давхар 144 айлын орон сууц 9 ширхэг, 12 давхар 72 айлын орон сууц 4 ширхэг, “Аркон” ХХК боловсруулсан зургаар баригдах 12 давхар 45 айлын элит орон сууц 1 ширхэг тус тус тусгагдсан...” гэжээ.

“Каркас зураг” ХХК-ийн нэхэмжлэлдээ хавсарган өгсөн “Каркас зураг” ХХК, “Түвшинжин” ХХК нарын хооронд байгуулагдсан 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 04 дугаар зураг төсөл боловсруулах талаар захиалагч гүйцэтгэгчийн хоорондын гэрээ, “Каркас зураг” ХХК, “Арбэл Алтай” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2012 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн зураг төслийн ажлын гэрээнд 9 давхар 96 айлын орон сууцны талаар огт дурдагдаагүй. “Их хаадын цуваа” ХХК болон “Каркас зураг” ХХК-ийн хооронд 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 01/2012 тоот барилгын зураг төсөл боловсруулах аж ахуйн гэрээний 1.3 дахь хэсэгт зааснаар 100 мянган айлын орон сууц хөтөлбөр Засгийн газрын тогтоолоор батлагдснаас хойш буюу 2012 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс хойш 45 хоногоос 2 сарын хугацаанд буюу 2012 оны 5 дугаар сарын 16-ны өдөр гэрээнд заасан орон сууцны барилгын холболтын зургийг хүлээлгэн өгөх байсан.

Манай компани “Каркас зураг” ХХК-иас дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг шаардаж, эхний ээлжинд баригдах 9 давхар 63 айлын орон сууцны барилгын холболтын зургийг хүлээлгэн өгөхийг шаардсан 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 016/2012 тоот албан бичиг, “Каркас зураг” ХХК-тай байгуулсан 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн гараашийн барилгын зураг төсөл боловсруулах гэрээ , 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01/2012 тоот барилгын зураг төсөл боловсруулах аж ахуйн гэрээний үүргийн гүйцэтгэлийг 2012 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээлгэн өгөх, дурдсан хугацаанд хүлээлгэн өгөөгүй нөхцөлд дээрх гэрээнүүдийг цуцлах болохоо мэдэгдсэн 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 36/2013 тоот албан бичиг, мөн оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 86/2013 тоот эхний ээлжийн 63 айлын орон сууцны барилгын холболтын зургийг 2013 ондоо багтаан хүлээлгэн өгөх, 72 айлын 12 давхар 4 ширхэг, 144 айлын 12 давхар 9 ширхэг орон сууны барилгын холболтын зургийн хувьд гэрээ цуцлагдсан болохыг мэдэгдсэн албан бичгийг тус тус хүргүүлж байсан болно.

“Каркас зураг” ХХК нь 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр “Их хаадын цуваа” ХХК-ийн нэр дээр 144, 72, 63 айлын 3 ширхэг орон сууцны барилгын зургийг тус бүр нэг ширхэг зургийг “Их хаадын цуваа” ХХК-ийн нэр дээр дахин холболтоор магадлалын ерөнхий дүгнэлт гаргуулсан. 63 айлын 9 давхар 5 ширхэг орон сууцны барилгын холболтын зургийг магадлалын ерөнхий дүгнэлт гаргуулан 2014 оны 2 дугаар сард багтаан хүлээлгэн өгөхөөр тохиролцсон боловч 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр буюу 1 жил, 8 сарын дараа магадлалын дүгнэлт гаргуулаагүй 63 айлын 9 давхар, 5 ширхэг орон сууцны барилгын зургийг “Их хаадын цуваа” ХХК-д хүлээлгэн өгсөн.

Нэхэмжлэгч “Каркас зураг” ХХК-ийн 144 айлын 9 ширхэг, 72 айлын 4 ширхэг орон сууцны нийт 14 барилгын холболтын зургийн хувьд гэрээ цуцлагдсан, мөн барилгын холболтын зургийг хугацаанд нь хүлээлгэн өгөөгүй учир төлбөрийг төлөх боломжгүй байсан бөгөөд 9 давхар 63 айлын орон сууцны барилгын 5 ширхэг холболтын зургийг магадлалын ерөнхий дүгнэлт гаргуулж өгөхийг дахин даалгаж гэрээнд заасан ажлын хөлс болох 36 000 000 төгрөгөөс 25 560 000 төгрөгийг “Каркас зураг” ХХК-д мөн зургийн ажлыг гүйцэтгэхэд оролцсон туслан гүйцэтгэгч нар болох “Түвшинжин” ХХК-д 7 560 000 төгрөг, “Арбэл Алтай” ХХК-д 2 880 000 төгрөгийг тус тус төлсөн.

Мөн “Каркас зураг” ХХК-тай байгуулсан барилгын зураг төсөл боловсруулах аж ахуйн гэрээний 2.8 дахь хэсэгт барилга угсралтын ажлын явцад зохиогчийн хяналтыг БНбД 11-04-99-ийн дагуу тусгай гэрээний үндсэн дээр зохион байгуулна гэж заасан байдаг. БНбД 11-04-99-ийн 1.5 дахь заалтад зохиогчийн хяналтыг тухайн барилга, байгууламжийн зураг төслийг боловсруулсан байгууллага аж ахуйн нэгжийг төлөөлсөн зохиогчид нь хийнэ гэж заасан. Гэтэл “Каркас зураг” ХХК нь 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан 01/2012 тоот барилгын зураг төсөл боловсруулах аж ахуйн гэрээний дагуу хүлээлгэн өгсөн 9 давхар 63 айлын орон сууцны барилгын ажил эхлэхэд гэрээ болон БНбД-д заасан үүргээ тус компанийн захирал Б.Манлай биелүүлээгүй бөгөөд барилгын ажлын явц дахь зохиогчийн хяналтын гэрээг эрүүл мэндийн шалтгаанаар барилгын ажлын явц дахь зохиогчийн хяналтаа биелүүлэх боломжгүй болсон хэмээн бидэнд мэдэгдсэн. Мөн Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 63 айлын орон сууцны барилгын зураг төсөлд хийсэн үзлэг шалгалтаар тус барилгын зурагт алдаа зөрчил гарсан, мөн 106 дугаар барилгын холболтын зураг байхгүй байсныг илрүүлж барилгын ажлыг зогсоосон. Ийнхүү “Каркас зураг” ХХК-ийн 9 давхар 63 айлын орон сууцны барилгын зураг төслөөр барилга баригдах боломжгүй болсон бөгөөд мөн тус барилгатай холбоотойгоор хийсэн гараашийн зургаар баригдах боломжгүй болж цаашид “Евро Эко Төгөл” төсөлд “Каркас зураг” ХХК-тай хамтран ажиллах боломжгүй болсон.

“Их хаадын цуваа” ХХК, болон “НГ” ХХК-тай 2014 оны 02 дугаар сарын 03-ны өдөр №12/14 дугаартай зураг төсөл боловсруулах гэрээ байгуулж шинээр 9 давхар 45 айлын орон сууцны барилгын зургийг боловсруулсан. Энэхүү гэрээний дагуу “НГ” ХХК болон “Их хаадын цуваа” ХХК-иудын зураг төслийн баримт бичигт магадпал хийх ажлын гэрээ байгуулж 45 айлын 17 авто зогсоолтой 1 ширхэг орон сууцны барилгын зураг, мөн холболтоор 45 айлын 17 авто зогсоолтой 5 ширхэг орон сууцны барилгын зургийг барилгын хөгжлийн төвөөр магадлалын ерөнхий дүгнэлт гаргуулан хүлээлгэн өгсөн. Барилгын явцад зохиогчийн хяналт хийх ажлын гэрээг 2014 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 101, 106 дугаар барилгууд 01/14 дугаартай, 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 102, 105 дугаар барилгууд 02/15 дугаартай, 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 103, 104 дүгээр барилгууд 03/15 дугаартайгаар тус тус байгуулан ажиллаж байна.

“Түвшинжин” ХХК-тай 9 давхар 45 айлын орон сууцны барилгын зураг төсөл боловсруулах 2014/18 дугаартай гэрээг 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр байгуулж, барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийх ажлын гэрээг 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 2014/05 дугаартай, 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 2015/01 дугаартайгаар тус тус байгуулан хамтран ажиллаж байна. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 2 ширхэг, 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 2 ширхэг, нийт 9 давхар 45 айлын 4 ширхэг орон сууцыг барьж Улсын комисст хүлээлгэн өгсөн. “Каркас зураг” ХХК-ийн захирал Б.Манлай нь 63 айлын 6 ширхэг барилгын холболтын ажлын хөлсөнд авсан мөнгөө буцаан төлөөд дээрх холболтын зургуудаа авна гэж байсан боловч өнөөдрийг хүртэл дээрх төлбөрөө төлж барагдуулаагүй байна.

“Их хаадын цуваа” ХХК-иас 9 давхар 63 айлын орон сууцны барилгын холболтын зургийн ажлын хөлсөнд өгсөн 36 000 000 төгрөг болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс болж маш их хугацаа алдсан, мөн өөр компанитай дахин гэрээ байгуулж орон сууцны барилгын зураг төсөл боловсруулах ажлыг гүйцэтгүүлж бас дахин төлбөр төлсөн нь манай компанийн хувьд их хохирол амсаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний төлөөлөгч Н.Сүхбаатар, өмгөөлөгч Ч.Болдбаатар, Ц.Мөнгөнцацрал нар шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр талуудын хооронд байгуулсан барилгын зураг төсөл боловсруулах аж ахуйн гэрээний гол зорилго нь захиалагч талаас “Их хаадын цуваа ХХК” нь ТОСК-ын Буянт Ухаа хороолол болон “Санцэнд” ХХК-ийн Цагаанхуаран төслийн захиалгаар магадлалын ерөнхий дүгнэлт гаргуулсан бэлэн байсан барилгын ерөнхий зураг дээр нэмж тус гэрээний 3.5-д зааснаар 3 төрлийн барилгын зураг буюу 144 айлын 9 ширхэг, 72 айлын 4 ширхэг, 63 айлын 5 ширхэг, нийт 19 ширхэг орон сууцны барилгын зургийн холболт болох халаалт, цэвэр бохир ус, гэрэлтүүлэг, холбоо дохиоллын холболтын зургийн төслийг гүйцэтгүүлж, гэрээгээр тохиролцсон ажлын хөлсийг төлөх, харин гүйцэтгүүлэгч талаас “Каркас зураг” ХХК нь ТОСК-ын Буянт Ухаа хороолол болон “Санцэнд” ХХК-ийн Цагаанхуаран төслийн захиалгаар магадлалын ерөнхий дүгнэлт гаргуулсан барилгын ерөнхий зураг дээрээ холболтоор нэмж 63 айлын 6 ширхэг, 44 айлын 9 ширхэг, 72 айлын 4 ширхэг, нийт 19 ширхэг орон сууцны барилгын зургийн холболт болох халаалт, цэвэр бохир ус, гэрэлтүүлэг, холбоо дохиоллын холболтын зураг төслийг гүйцэтгэх үүргийг хүлээсэн.

Дээрх гэрээгээр 63 айлын орон сууцны барилгын зургийн холболтын ажил гүйцэтгэгчид төлөх нэг зураг төслийн хөлсийг 6 000 000 төгрөгөөр харилцан тохиролцсоны үндсэн дээр эхний ээлжинд урьдчилгаанд 63 айлын 6 ширхэг орон сууцны барилгын холболтын зургийн үнэ 36 000 000 төгрөгийг “Каркас зураг” ХХК-ийн захирал Б.Манлайд бэлнээр төлсөн. Иймд 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр талуудын хооронд байгуулсан барилгын зураг төсөл боловсруулах аж ахуйн гэрээний дагуу үүрэг гүйцэтгэгч болох “Каркас зураг” ХХК-иас гүйцэтгэх ажлын хөлс болох урьдчилгаанд төлсөн 36 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Тус гэрээний 3.5-д зааснаар гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын биежсэн үр дүн болох 3 төрлийн барилгын зураг буюу 144 айлын 9 ширхэг, 72 айлын 4 ширхэг, 63 айлын 6 ширхэг, нийт 19 ширхэг орон сууцны халаалт, цэвэр бохир ус, гэрэлтүүлэг, холбоо дохиолол зэрэг холболтын зураг болох барилгын зургийн холболтын магадлалын дүгнэлтийг хүлээлгэж өгөөгүй. “Каркас зураг” ХХК нь эхний ээлжинд ТОСК-ын захиалгаар өмнө нь хийсэн барилгын ерөнхий зургийн магадлалын дүгнэлтийг өгөөд дараа нь барилгын зургийн холболтын магадлалын дүгнэлтийг өгнө гэж хэлээд хүлээлгэж өгөөгүй.

Иймд Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүргийг зохих ёсоор шударгаар биелүүсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тул үүргийн гүйцэтгэл огт биелэгдээгүй. “Аварга геопроект” ХХК-ийн гаргасан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт барих 7а хорооллын шугам сүлжээ, эхний ээлжийн орон сууц, үйлчилгээний барилгуудын талбайн инженер геологийн судалгааны дүгнэлт, 1 дүгээр боть, 5. Товч дүгнэлт хэсгийн 8-д зохицуулсан хуулийн шаардлагыг хангахын тулд “Каркас зураг” ХХК-тай барилгын зургийн холболтын магадлалын дүгнэлтийг гаргуулах зорилгоор гэрээ байгуулсан болохоос Барилгын ерөнхий зургийн магадлалын дүгнэлтийг гаргуулах хүсэл зориг байхгүй. Улмаар 6 000 000 төгрөгөөр нийт 36 000 000 төгрөгийн 63 айлын 6 ширхэг орон сууцны барилгын холболтын зургийн магадлалын дүгнэлт хийгдээгүй, 4 000 000 төгрөгөөр нийт 16 000 000 төгрөгийн 72 айлын 4 ширхэг орон сууцны барилгын холболтын зургийн магадлалын дүгнэлт хийгдээгүй, 8 000 000 төгрөгөөр нийт 72 000 000 төгрөгийн 144 айлын 9 ширхэг орон сууцны барилгын холболтын зургийн магадлалын дүгнэлт хийгдээгүй, нийт 19 ширхэг орон сууцны 124 000 000 төгрөгийн орон сууцны барилгын холболтын зургийн магадлалын дүгнэлт хийгдээгүй.

Тус гэрээний 2.8-д зааснаар барилга угсралтын явцад зохиогчийн хяналтыг БНбд 11-04-99-ийн дагуу тусгай гэрээний үндсэн дээр тохиролцож байгуулна. Мөн зохиогчийн хяналтын БНбд 11-04-99 тусгай гэрээний 1.5-д зааснаар зохиогчийн хяналтыг тухайн барилга, байгууламжийн зураг төслийг боловсруулсан байгууллага, аж ахуйн нэгжийг төлөөлсөн зохиогчдыг зохиогчийн хяналт гүйцэтгэгч гэж тодорхойлсон тул “Каркас зураг” ХХК нь ТОСК-ын захиалгаар магадлалын ерөнхий дүгнэлт гаргуулсан барилгын зөвхөн ерөнхий зураг дээр захиалагч тал цаашид үйл ажиллагаа явуулах эрхгүй. Тодруулбал, 63 айлын орон сууцны барилгын зургийн холболт зургийг магадлан дүгнэлтгүйгээр хүлээж авсан тохиолдолд “Каркас зураг” ХХК-ийн барилгын ерөнхий зургийн магадлалын дүгнэлтийг ашиглах боломжгүй.

“Каркас зураг” ХХК нь өөрийн оюуны өмч болох ТОСК-ын захиалгаар барилгын ерөнхий зургийн зохиогчийн эрхийн гэрчилгээгээ /Дугаар 5984, Дугаар 6480, Дугаар 6479/ хүлээн авч өмчлөх эрхээ баталгаажуулсан. Иймд Патентийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 23 дугаар зүйлйин 23.1, мөн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан өмчлөх эрхийн хамгаалалтын дагуу тус барилгын ерөнхий зургийн өмчлөгч болох “Каркас зураг” ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр барилгын ерөнхий зургийг ашиглаж барих гэж буй орон сууцны барилгын холболтын зургийн магадлалын дүгнэлтийг хийх ямар ч боломжгүй. Иймээс ч гэрээг цуцалж гуравдагч этгээдээр барилгын холболтын зургийн ажлыг гүйцэтгүүлсэн.

Талуудын байгуулсан гэрээний 1.3-т зааснаар гүйцэтгэгч тал нь ажлын үр дүнг 2012 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүй. Иймд Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт заасан үүргийг хууль болон гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэсэн заалтыг ноцтой зөрчиж гэрээний үүрэг гүйцэтгэх хугацааг 1 жил, 8 сарын хугацаатайгаар хэтрүүлсэн тул “Их хаадын цуваа” ХХК-иас “Каркас зураг” ХХК-д 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 016/2012 тоот мэдэгдэл, 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 36/2013 тоот мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн боловч тодорхой ажлын үр дүн гараагүй тул 2013 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 86/2013 тоот албан бичгийг хүргүүлж гэрээг дуусгавар болгохоор Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг үндэслэн гэрээг цуцалсан.

Иймд нэхэмжлэгч талаас Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 206 дугаар зүйлийн 206.1, Барилгын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр талуудын хооронд байгуулсан барилгын зураг төсөл боловсруулах аж ахуйн гэрээний 3.5, 1.3, 2.8, Зохиогчийн хяналтын БНбд 11-04-99 тусгай гэрээний 1.5, мөн Патентийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 23 дугаар зүйлйин 23.1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн “Каркас зураг” ХХК-иас гүйцэтгэх ажлын хөлс болох 36 000 000 төгрөгийг буцаан гаргуулах шаардлага гаргаж байна. Үндсэн маргааны нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлд үнэн зөв дүгнэлт өгч хууль ёсны дагуу хэргийг бодитойгоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Содбаяр, өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: 63, 144 айлын зураг төслүүд нь олон хороололд баригдсан, тухай бүртээ магадлалын хяналтаар орсон, бэлэн зураг төслүүд бөгөөд холболт хийгдэхэд бэлэн байсан тул 2012 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр “Их хаадын цуваа” ХХК-ийн захирал Н.Сүхбаатар нь манай компанийн 13 дугаар хороололд байрлах албан тасалгаанд ирж 63, 144 айлын орон сууцны зургуудыг авч, “...одоогоор Чехийн талаас хөрөнгө оруулалт орж ирээгүй байгаа тул холболтын зургийг магадлалын хяналтаар оруулах зардал байхгүй байна. Тэгэхээр эхлээд энэ 3 зургаа магадлалаар хяналтаар оруулаад, хөрөнгө оруулалт орж ирмэгц бусад холболтын зургуудыг магадлалаар оруулна. Мөн 96 айлын орон сууцны зургаа яаралтай боловсруул. Танайд зургийн мөнгийг эхний ээлжинд яаралтай өгнө” гэж амлаад явсан.

Манай компани 96 айлын орон сууцны барилгын зураг төслийг хугацаандаа буюу 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдөр боловсруулан дууссан. Мөн 63, 96, 144 айлын орон сууцны зураг төслийн холболтыг хийж гүйцэтгэсэн. Энэ талаар Н.Сүхбаатарт мэдэгдэхэд хөрөнгө оруулалт орж ирээгүй байна гээд хойшлуулаад л яваад байсан. Ер нь бэлэн боловсруулсан зураг төслийг холбоход топографийн дэвсгэр зураг, геологийн дүгнэлт, техникийн нөхцөл байхад хангалттай бөгөөд буурь суурийн тооцоо хийж, өөрчлөх шаардлагатай бол өөрчлөөд болдог ажиллагаа багатай үйл явц бөгөөд үнэлгээ ч үүнийгээ дагаад бага байдаг юм. Гэрээний 2.6 дахь хэсэгт ажлын зураг дууссаны дараа экспертизийн хяналт хийлгэх зардлыг захиалагч тал хариуцна гэж заасан байдаг.

2012 оны 7 дугаар сард барилгын хөгжлийн төв нь магадлалын ерөнхий дүгнэлт гаргахдаа захиалагч талтай гэрээ байгуулдаг байсны дагуу Н.Сүхбаатар нь гэрээ байгуулж, 2 912 410 төгрөг тушааж гэрээ байгуулж 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 564/2012 дугаартай дүгнэлт гаргуулан авсан байдаг. Уг дүгнэлтэд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут баг, орон сууцны 7а хороолол, 144, 72, 63 айлын 3 орон сууц гэж тодорхой заасан байдаг. Магадлалын гэрээний үнэ 2 912 410 төгрөг нь 63, 72, 144 айлын орон сууцны 3 ширхэг орон сууцны магадлал хийх зардал бөгөөд нийт 20 ширхэг орон сууцыг магадлалаар оруулахад 60 гаруй сая төгрөгийн зардал гарах байсан. Тухайн үед “Их хаадын цуваа” ХХК-д ийм хэмжээний санхүүжилт хийх мөнгө байгаагүй.

Сөрөг нэхэмжлэлд барилгын ерөнхий зургийн магадлал болон барилгын зургийн холболтын магадлал гэх нэр томьёог дурджээ. Гэтэл барилгын зургийн холболтын магадлал гэх нэр томьёо нь холбогдох хууль, дүрэм журамд огт байдаггүй, ийм төрлийн магадлал огт хийгдээгүй болно. Одоо мөрдөгдөж байгаа 2009 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Засгийн газрын баталсан Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадпал хийх дүрмийн 7.7 дахь хэсэгт зураг төсөл, хайгуул судалгааны ажлын магадлалын ерөнхий дүгнэлт нь дараах агуулгыг багтаасан байна гэж заажээ. Тухайн үед үйлчилж байсан 2008 оны 02 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан Барилгын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д “барилгын зураг төслийн магадлал гэж барилгын зураг төслийн техник, эдийн засгийн үндэслэл, архитектур, хот төлөвлөлт, үндсэн бүтээцийн бат бэх, инженерийн хангамжийн техникийн шийдэл, эрүүл ахуй, галын аюулгүй байдал, хүрээлэн байгаа орчин, байгалийн баялгийг зохистой ашиглах, үйлдвэрлэлийн технологийн сонголт нь барилгын норм, дүрэм, стандартын шаардлагыг хэрхэн хангасныг тогтоож, мэргэжлийн дүгнэлт гаргах ажиллагааг” гэж тус тус заажээ.

Манай тал 96 айлын 5 ширхэг орон сууцны иж бүрэн боловсруулсан үүргээ биелүүлсэн боловч барилгын зураг төсөл боловсруулах гэрээний 2.6 дахь хэсэгт заасны дагуу зураг төслийг магадлалаар оруулах гэрээ байгуулан зардлыг төлөөгүй тул магадлалын дүгнэлт гараагүй болно. Иймд манай тал гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. “Каркас зураг” ХХК-ийн барилгын ерөнхий зургийн магадлалын дүгнэлтийн хяналтын тусгай зохицуулалтын тухайд барилгын зураг төсөл боловсруулах гэрээний 2.8 дахь хэсэгт барилга угсралтын явцад зохиогчийн хяналтыг БНбд 11-04-99 дүрмийн дагуу гэрээний үндсэн дээр тохиролцож байгуулна гэж заажээ. Үүний дагуу 2012 оны 8 дугаар сарын 05-ны өдөр барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийх 10/2012 дугаартай гэрээг байгуулсан. 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 564/2012 дугаартай дүгнэлтэд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут баг, орон сууцны 7а хороолол, 144, 72, 63 айлын 3 орон сууц гэж тодорхой заасан байдаг.

Иймд дээрх зураг төслөөр баригдаж байгаа зураг төсөлд зохиогчийн хяналт хийхэд ямар нэгэн асуудал гарахгүй бөгөөд заавал зохиогчийн хяналтыг гүйцэтгэгч тал гүйцэтгэх ёстой. Гэрээний 3 дахь хэсэгт “захиалагч “Их хаадын цуваа” ХХК зохиогчийн хяналт гүйцэтгэгч “Каркас зураг” ХХК харилцан тохиролцож “Евро Эко Төгөл” буюу Эрдэнэтийн 7а хорооллын барилгад барилга угсралтын ажлын явцад зохиогчийн хяналтыг төсөвт тусгасан үнийн дагуу угсралтын графикийн дагуу хийж гүйцэтгэхээр энэ гэрээг байгуулав.” гэж заасны төсөв 2.8 тэрбум төгрөгөөс цалин 39.6 сая төгрөг, үүнээс 2 хувь буюу 4 435 200 төгрөгийн төлбөрөөс нэг ч төгрөг төлөөгүй байдаг.

“Каркас зураг” ХХК-ийн захирал Б.Манлай нь 72 айлын орон сууцны барилгын зураг төслийн 6480 дугаартай, 63 айлын орон сууцны барилгын зураг төслийн 5984 дугаартай зохиогчийн эрхийн гэрчилгээг тус тус авсан байна. 2012 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн зохиогчийн хяналтын гэрээг хэрэгжүүлэхэд Орхон аймгийн Баян-Өндөр суманд графикт заасны дагуу очиж хяналт хийх ёстой байдаг бөгөөд захиалагч тал санхүүжилт хийхгүй, санхүүгийн хувьд боломжгүй байсан тул хяналт тавих үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болсон. Санхүүжилт хийх чадваргүй захиалагч тал тухайн үед Эрдэнэт хотод үйл ажиллагаа явуулж байгаа зураг төсөл боловсруулдаг “НГ” ХХК-иар зохиогчийн хяналт хийлгэх хүсэлт удаа дараа тавьсаны дагуу Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэр Цагаанчулуут багт баригдах 7а хорооллын 63 айлын 101, 106 дугаар 2 орон сууцны барилгын зохиогчийн эрхийг үнэ төлбөргүй шилжүүлж, зохиогчийн хяналт тавих боломжийг бүрдүүлж, 2013 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 01 дугаартай зохиогчийн эрх шилжүүлэх гэрээг байгуулсан. Энэ гэрээний дагуу дээрх барилгуудад зохиогчийн хяналт тавьж, Улсын комисст хүлээлгэж өгсөн байдаг. Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 12.1 дэх хэсэгт зохиогч нь өөрийн бүтээлийг бүхий л арга, хэлбэрээр ашиглах онцгой эрх эдэлнэ., 12.3 дахь хэсэгт энэ хуулийн 12.1 дэх хэсэгт заасан эрхийг зөвхөн зохиогчийн зөвшөөрлөөр гэрээний үндсэн дээр бусад этгээдэд шилжүүлнэ гэж тус тус заасан байдаг.

Барилгын зураг төсөл боловсруулах гэрээний 1.3 дахь хэсэгт “Орхон аймгийн Эрдэнэт хотын орон сууцны 7а хороололд хэрэгжих “Евро Эко Төгөл” төслийн орон сууцны барилгын зураг төсөл боловсруулах ажлын ерөнхий төлөвлөгөөг Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулж, Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамны 100 мянган айлын орон сууцны төсөлд батлуулснаас хойш 45 хоногоос 2 сарын хугацаанд захиалагч байгууллагын 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хүсэлтийг үндэслэн хийж гүйцэтгэхээр тохиролцож энэхүү гэрээг байгуулав” гэж заасан байна.

Засгийн газраас 2012 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 82 дугаар тогтоолоор 100 мянган айлын орон сууц хөтөлбөр батлагдаж, Эрдэнэт хотын 7а хороолол орсон байна. Мөн Ерөнхий төлөвлөгөөг Орхон аймгийн ерөнхий архитектур Г.Буянхүү нь 2012 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр баталснаар гэрээнд заасан 45 хоногоос 2 сар хүртэл хугацаанд зураг төслийг боловсруулах хугацаа тоологдож эхэлжээ. 2012 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 63, 144 айлын орон сууцны зураг төсөл, 96 айлын орон сууцны барилгын зураг төслийг гэрээний хугацаандаа буюу 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдөр боловсруулж гүйцэтгэсэн.

“Их хаадын цуваа” ХХК нь 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдөр, 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр, 2013 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр тус тус гэрээ цуцлах албан бичиг өгсөн гэжээ. Манай компанид ямар нэгэн гэрээ цуцлах албан бичиг өгөөгүй бөгөөд 2012 оны 7 дугаар сард магадлал хийлгүүлэх гэрээ байгуулан мөн оны 11 дүгээр сарын 07-ны өдөр магадлалын дүгнэлт гаргуулан авсан, 2013 оны хавраас 63 айлын орон сууцны барилга угсралтын ажил эхэлж, манай компани зохиогчийн эрх шилжүүлэх гэрээг “НГ” ХХК-тай хийсэн байдаг. Мөн сөрөг нэхэмжлэлд 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр “Арбэл Алтай” ХХК-д 63 айлын орон сууцны холбоо дохиоллын зураг төслийн төлбөрт 2 880 000 төгрөг төлсөн зэргээс үзэхэд гэрээ цуцлах талаар огт яригдаагүй, албан бичиг ирүүлээгүй нь тодорхой байна.

2012 оны 02 дугаар сарын 27-ны өдөр тус компани нь “Түвшинжин” ХХК-ийн хооронд 7а хорооллын инженерийн гадна шугам сүлжээний иж бүрэн ажлын зураг төсөл боловсруулах 43 825 000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээг байгуулсан. “Их хаадын цуваа” ХХК нь санхүүгийн чадваргүй, Чехээс хөрөнгө оруулалт ирэхээр манай компанид буцаан төлнө гэж амлалт өгсөн тул манай компани өөрийн хөрөнгөөс гэрээний урьдчилгаа 10 хувь болох 4 01 827 төгрөгийг “Түвшинжин” ХХК-д төлж ажлыг эхлүүлж байсан. 2014 оны 01 дүгээр 24-ний өдөр “Их хаадын цуваа” ХХК нь 7а хорооллын гадна шугам сүлжээний төлбөрт 36 000 000 төгрөгийг өгсөн бөгөөд үүнээс дээрх 3 000 000 төгрөгийг суутган авч, 4 000 000 төгрөг, 12 000 000 төгрөгийг тус тус тухайн өдөр нь “Түвшинжин” ХХК-д, 3 дугаар сарын 14-ний өдөр 3 000 000 төгрөг, 5 дугаар сарын 07-ны өдөр 10 500 000 төгрөгийг тус тус “Түвшинжин” ХХК-д гадна шугам сүлжээний зардалд шилжүүлсэн байдаг. Ингээд “Түвшинжин” ХХК-д нийт 33 901 827 төгрөгийг төлсөн. Үүнээс “Арбэл Алтай” ХХК-д 2 880 000 төгрөгийг 7а хорооллын орон сууцны барилгын холбоо дохиоллын зураг төслийн төлбөрт төлсөн.

144, 63 айлын орон сууцны зураг төсөл нь Б.Манлай миний оюуны өмч бөгөөд ашиглах онцгой эрх нь надад хадгалагддаг тул захиалагчтай үнэ хөлс дээр тохиролцвол хаана, хэдэн удаа ч баригдах боломж бий. Гэтэл “Их хаадын цуваа” ХХК нь миний оюуны өмчийг олон газар баригдсан болохоор үнэ цэнэгүй, магадлалын дүгнэлт гаргуулах боломжгүй мэт тайлбарлаж байгаа нь утгагүй байна. Мөн барилгын зураг төсөл боловсруулах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж боловсруулсан 63, 96, 144 айлын орон сууцны зураг төслөөр 7а хороололд орон сууц бариагүй тул төлбөрөө төлөхгүй гэж байна. “Их хаадын цуваа” ХХК эзэмшиж байгаа газартаа ямар компанийн зураг төслөөр барилга барих, хэдэн компаниар зураг төсөл хийлгэхийг өөрөө шийдэх бүрэн эрхтэй бөгөөд энэ эрхийнхээ дагуу барих барилгаа шийдсэн, харин гэрээнийхээ үүргээ биелүүлж төлбөрөө төлөх үүрэгтэй.

“Их хаадын цуваа” ХХК нь 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан 183 000 000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээг иргэний хэрэгт хуурамч нотлох баримтыг бүрдүүлсэн гэж гүтгэн миний нэр хүндийг гутаах, төлбөрөө төлөхгүй цаг хугацаа авах зорилгоор хуурамч мэдүүлэг, баримтуудыг гаргаж, 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгүүлсэн боловч мөн оны 6 дугаар сарын 28-ны өдөр прокурорын тогтоолоор эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1-т зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, хэргийг бүхий л талаар шалгасан боловч гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй, үндэслэлгүй эрүүгийн хэрэг үүсгэсэн гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон болно. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Их хаадын цуваа” ХХК-иас 10 400 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Каркас зураг” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 248 310 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч “Их хаадын цуваа” ХХК-ийн 36 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Каркас зураг” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 451 500 төгрөг, хариуцагч “Их хаадын цуваа” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 337 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Их хаадын цуваа” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 181 350 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Каркас зураг” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Манлай давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч “Каркас зураг” ХХК-ийн үндсэн нэхэмжлэл болох 258 710 000 төгрөгийн нэхэмжлэлээс 248 310 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож 10 400 000 төгрөгийг хариуцагч “Их хаадын цуваа” ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч нэхэмжлэгч талаас доорх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Зохигчид 01/2012 дугаартай барилгын зураг төсөл боловсруулах гэрээг байгуулсан. Хариуцагч энэ гэрээг хуурамч гэрээ гэж Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гаргаж эрүүгийн хэрэг үүсгэж шалгаад тус дүүргийн Прокурорын газраас хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ гэрээг жинхэнэ эх болохыг тогтоож шийдвэрлэсэн.

Гэтэл анхан шатны шүүх мөн тухайн өдөр байгуулсан 9 давхар 63 айлын 6 ширхэг, 12 давхар 144 айлын 9 ширхэг, 12 давхар 72 айлын 4 ширхэг орон сууцны зураг төслийг боловсруулах 124 000 000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээг анхан шатны шүүх үндэслэж шийдвэрээ гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид 72 айлын зураг төслийг боловсруулсан боловч энэ удаагийн нэхэмжлэлд уг зураг төслийн үнийг нэхэмжлээгүй, харин 183 000 000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээнд заасан 12 давхар 96 айлын Элит орон сууцны зураг төслийн үнийг нэхэмжилсэн байхад нэхэмжлэлд дурдаагүй 12 давхар, 72 айлын 4 ширхэг орон сууцны зураг төслийн гэрээг үндэслэлж байгаа нь шүүхийн шийдвэр буруу нотлох баримтыг үндэслэж гарсан болохыг нотолж байна.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Орхон аймгийн Баян-Өндөр суманд баригдаж буй 7а хорооллын ерөнхий төлөвлөгөөний зураг төсөлд 20 ширхэг орон сууцыг байрлуулан төлөвлөсөн ба одоо уг зураг төслөөр барилгын ажил явагдаж байгаа нь 183 000 000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээг заасан 20 орон сууц мөн болохыг нотолж байна. Гэтэл 124 000 000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээнд 19 ширхэг орон сууцны зураг төсөл боловсруулахаар заасан байгаа нь уг гэрээ нь хүчингүй буюу хуурамчаар хийгдсэн гэрээ гэдгийг нотлож байна.

Мөн 2013 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр “Их хаадын цуваа” ХХК-тай хийсэн хурлын тэмдэглэлд 96 айлын Элит орон сууцны зураг төслийн үнийг хэрхэн өгөх талаар 2 тал харилцан тохиролцсон талаар тодорхой бичиж талууд гарын үсэг зурсныг “Түвшинжин” ХХК-ийн захирал н.Энхболд тэмдэглэлийг хөтөлсөн байдаг бөгөөд энэ тал дээр талууд маргадаггүй. Мөн “Арбэл Алтай” ХХК, “Түвшинжин” ХХК-тай байгуулсан зураг төслийн гэрээнд 72 айлын орон сууцны барилгын халаалт, цэвэр бохир ус, цахилгааны зураг төслийг боловсруулахаар тусгасан нь 96 айлын Элит орон сууцны зураг төслийг боловсруулах гэрээг “Их хаадын цуваа” ХХК-тай байгуулаагүй гэдгийг нотлох баримт биш юм. Манай компани нь 96 айлын Элит орон сууцны барилгын зураг төсөл шинэ зураг төсөл тул “Дукат” ХХК-тай гэрээ хийж халаалт, цэвэр бохир ус, цахилгааны зураг төслийг боловсруулсан бөгөөд 63, 72, 144 айлын барилын зураг төсөл нь урьд нь “Арбэл Алтай” ХХК, “Түвшинжин” ХХК-иудтай гэрээ байгуулан хийгдсэн бэлэн зураг төсөл байсан тул эдгээрээр хийлгэсэн.

Гэрээний 2.6 дахь хэсэгт “Ажлын зургийг дууссаны дараа экспертизийн хяналт хийлгэх зардлыг захиалагч хариуцна”, 2.7 дахь хэсэгт “Холбогдох зөвшөөрөл болон экспертизэд орсны дараа бэлэн болсон зураг төслийг түүний гэрээнд заасан иж бүрдлийг актаар 2 хувь үйлдэж хүлээж авна” гэж тус тус заасан нь гэрээний дарааллын дагуу гүйцэтгэгч зураг төслийг боловсруулж дуусгахад захиалагч тал экспертизийн хяналт хийлгэх бөгөөд үүний зардлыг захиалагч хариуцахаар заасан байна.

Ингээд дээрх заалтаар зураг экспертизээр хянагдаж батлагдаад гарч ирэхэд 2 тал харилцан акт үйлдэж хүлээлцэнэ гэсэн утгыг шууд агуулж байна. Нотлох баримтаар гаргаж өгсөн Барилгын хөгжлийн төв болон “Их хаадын цуваа” ХХК-иудын хооронд байгуулсан 2012 оны өдрийн Э/12-595 тоот гэрээ нь Барилгын хөгжлийн төвийн экспертизийн хяналт хийх ажлын дараалал нь захиалагч тал гэрээг баталж төлбөрийг хийснээр экспертизийн хяналт хийгдэж дүгнэлт гаргадгийг нотолж байна.

Хэрэв захиалагч тал Барилгын хөгжлийн төвтэй экспертиз хийх гэрээг байгуулахгүй, төлбөрийг төлөхгүй бол гүйцэтгэгч тал зураг төслийг баталгаажуулах боломж хаалттай байдаг. Иймд захиалагч тал зөвхөн 63, 72, 144 айлын орон сууцны зураг төслийг экпертизээр оруулахаар төлбөр төлсөн тул бэлэн холболтын зураг төслийг магадлалаар оруулсан. 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 96 айлын Элит орон сууцны зураг төслийг “Их хаадын цуваа” ХХК-д хүлээлгэн өгсөн талаар тус компани маргадаггүй бөгөөд Барилгын хөгжлийн төвтэй гэрээ байгуулан магадлалаар оруулаагүй нь манай талыг үүргээ гүйцэтгээгүй гэх үндэслэл болохгүй тул зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээг үндэслэн нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэхэд харшлах хуулийн заалт байхгүй, гэрээт ажлыг бүрэн гүйцэтгэсэн нь хангалттай нотлогдож байхад анхан шатны шүүх буруу дүгнэлт хийж шийдвэрлэсэн. Иймд гомдлын үндэслэлийг нотлох баримттай харьцуулан нэхэмжлэгч “Каркас зураг” ХХК-ийн үндсэн нэхэмжлэл болох 258 710 000 төгрөгийн нэхэмжлэлийг бүрэн хангаж хариуцагч “Их хаадын цуваа” ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх журмыг зөрчөөгүй боловч 96 айлын орон сууцны барилгын зураг төсөл боловсруулах талаарх ажил гүйцэтгэх гэрээний үүрэгтэй холбоотой нотлох баримтыг буруу үнэлсэн, мөн хууль хэрэглээний алдаа гаргасныг зөвтгөн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

            Нэхэмжлэгч “Каркас зураг” ХХК нь “Их хаадын цуваа” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 258 710 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч марган, ажлын хөлсөнд нэхэмжлэгч компанид төлсөн 36 000 000 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

            Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн байна. Харин ажил гүйцэтгэгч нь 2012 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн гэрээний дагуу зохиосон 12 давхар 96 айлын орон сууцны 5 барилгын зураг төслийн ажлыг захиалагч хүлээн авч, уг зураг төслийн ажлын хөлсийг 2 дугаар ээлжийн барилгажилтын зураг төслийн урьдчилгаа төлбөр төлөх үе шатанд 100 хувь олгохоор харилцан тохиролцож, протокол үйлдэн, талууд баталгаажуулсан баримт /хх1-22/-ыг үнэлэлгүй 96 айлын буюу элит орон сууцны барилгын зураг төсөл зурах талаар талууд 2012 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн гэрээгээр тохиролцоогүй гэж дүгнэсэн нь алдаатай болжээ.

            Зохигчид 2012 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр 01/2012 дугаар “Барилгын зураг төсөл боловсруулах гэрээ” байгуулж, ажил гүйцэтгэгч “Каркас зураг” ХХК нь Эрдэнэт хотын орон сууцны 7а орон сууцны хорооллын 9 давхар 63 айлын орон сууцны 6 барилгын зураг төслийг тус бүрийг нь 6 000 000 төгрөг, нийт 36 000 000 төгрөгөөр, 12 давхар 144 айлын орон сууцны 9 барилгын зураг төслийг тус бүрийг нь 8 000 000 төгрөг, нийт 72 000 000 төгрөгөөр,  12 давхар 96 айлын орон сууцны 5 барилгын зураг төслийг нэг бүрийг нь 9 000 000 төгрөг, нийт 45 000 000 төгрөгөөр тус тус гүйцэтгэж, захиалагч нь хэлэлцэн тохиролцсоны дагуу нийт 183 000 000 төгрөгийн ажлын хөлсийг төлөх үүрэг хүлээж бичгээр гэрээ байгуулсан нь хэрэгт авагджээ. /хх1-5-8/

Хариуцагч тал дээрх 01/2012 дугаар гэрээгээр 12 давхар 96 айлын орон сууцны 5 барилгын зураг төсөл хийх талаар талууд тохиролцоогүй тул хөлс шаардах эрхгүй гэх үндэслэлээр татгалзал гаргасан боловч “Каркас зураг” ХХК, “Их хаадын цуваа” ХХК, “Түвшинжин” ХХК-ийн захирлууд 2013 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хуралдан, хэлэлцэн тохиролцож үйлдсэн “Хурлын протокол No1” /хх1-22/-ээр “Элит орон сууц”-ны зураг төслийн ажлын үр дүнг хүлээн авснаа болон хөлс төлөхөө зөвшөөрч, 2 дугаар ээлжийн барилгажилтын үе шатанд хөлсийг 100 хувь төлнө гэж харилцан тохиролцон хөлс төлөх  хугацааны талаар харилцан тохиролцсон баримт хэрэгт авагдсан байна.

Иймд хариуцагчийн 96 айлын барилгын зураг төсөл зохиох ажлыг захиалаагүй гэх татгалзал  няцаагдсан байх ба үүрэг гүйцэтгэх хугацааг талууд өөрчлөн тогтоосон гэж үзэх бөгөөд нэхэмжлэгчийн гэрээний 2.6-д заасан “ажлын зураг дууссаны дараа экспертизийн хяналт хийлгэх зардлыг хариуцах үүрэг”-ээ захиалагч биелүүлээгүйгээс магадлалын ерөнхий дүгнэлт гарах боломжгүй болсон гэх тайлбар үндэслэлтэй, ажлын хөлс шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.4 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэх хугацааг талууд өөрчлөн тогтоосон тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч тохиролцсон хугацаанаас өмнө үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй бөгөөд нэхэмжлэгч талаас дээр дурдсан хурлын протоколыг шүүхэд баримтаар гаргасан ч 2 дугаар ээлжийн барилгажилтын ажил эхэлсэн буюу үүрэг гүйцэтгэгч хөлс төлөх үүрэг гүйцэтгэх хугацааг тодорхойлсон, уг үйл явдал бий болсныг нотлох баримт байхгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн 96 айлын орон сууцны барилгын зураг төсөлтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй бөгөөд энэ нь хэлэлцэн тохиролцсон хугацаа болох буюу тохиролцсон үйл баримт бий болохоор гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах нэхэмжлэгчийн эрхийг энэхүү шийдвэр хөндөхгүй болно.

            Дээрх 01/2012 дугаар гэрээгээр тохиролцсон бусад буюу 144, 63 айлын орон сууцны барилгын зураг төслийн тухайд нэхэмжлэгчээс гэрээнд заасан зураг төслийг бүрэн боловсруулж, 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Магадлалын ерөнхий дүгнэлт гаргуулан “Их хаадын цуваа” ХХК-д хүлээлгэн өгсөн гэж тайлбарлан, тайлбараа нотлох бичгийн баримт гаргасан байна. /хх1-154, 201/

            Хэрэгт авагдсан 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 564/2012 дугаар Магадлалын ерөнхий дүгнэлт, “Карказ зураг” ХХК болон “Их Хаадын цуваа” ХХК-ийн захирлын гарын үсэг, тамгаар баталгаажсан барилгын зураг зэргээр ажил гүйцэтгэгчээс 63  айлын орон сууцны 6 зураг, 72 айлын орон сууцны 1 зураг, 144 айлын орон сууцны 1 зургийг гэрээний 2.6, 2.7-д зааснаар бүрэн гүйцэтгэж, гэрээний үүргээ биелүүлсэн үйл баримт тогтоогдсон байна. Хариуцагч “Их хаадын цуваа” ХХК нь 63 айлын орон сууцны 6 барилгын зургийн ажлын хөлсөнд 36 000 000 төгрөг төлсөн нь баримтаар тогтоогдсон, нэхэмжлэгч уг мөнгийг хүлээн авснаа үгүйсгээгүй, харин өөр гэрээний үүрэгт шилжүүлсэн ажлын хөлс гэх тайлбараа нотлоогүй байна.

            Иймд 63 айлын орон сууцны барилгын зураг төсөл зохиосны ажлын хөлс 36 000 000 төгрөгийг төлөх үндэслэлтэй гэж дүгнэн сөрөг нэхэмжлэлээр уг мөнгийг буцаан гаргуулахаар шаардсаныг хэрэгсэхгүй болгосон нь зөв болно.

Мөн 144 айлын орон сууцны 1 барилгын зураг төслийг захиалагчид хүлээлгэн өгсөн тул түүнд төлбөл зохих хэлэлцэн тохиролцсон ажлын хөлс 8 000 000 төгрөгт гэрээний 4.3-т зааснаар алдангид 2 400 000 төгрөг тооцож, нийт 10 400 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасанд нийцжээ.

Нэхэмжлэгчээс 72 айлын орон сууцны барилгын зураг төсөлтэй холбоотой шаардлага гаргаагүй тул энэ тухай баримтууд нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүйг дурдах нь зүйтэй. Түүнчлэн, нэхэмжлэгч “Карказ зураг” ХХК нь 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийн үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, гэрээний дагуу ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн тайлбарыг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан байх тул гараашийн зураг төслийг зурж, хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

            Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч үүрэг гүйцэтгэх хугацааг өөрчлөн тогтоосонтой холбоотой Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.4 дэх хэсгийг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2017/01222 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын  “232 дугаар зүйлийн 232.6” гэсний дараа “208 дугаар зүйлийн 208.4” гэж нэмж  өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дүгээр зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 451 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД                               Т.ТУЯА

А.ОТГОНЦЭЦЭГ