Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 581

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “2” дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Э” ХХК

Хариуцагч: БЗДТХтатварын улсын байцаагч А.Б, Г.Ц.

Нэхэмжлэлийн шаардлага: ”БЗДТХтатварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 24/0012247 тоот актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.З, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э, хариуцагч Б******* дүүргийн Татварын улсын байцаагч А.Б, Г.Ц, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, прокурор Ч.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Номин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 043 тоот тогтоол, Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 03 тоот тогтоол болон ******* тоот татварын улсын байцаагчийн акт нь хууль эрх зүйн үндэслэлгүй, тус актыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй дараах гомдлыг гаргаж байна.

“Э” ХХК-ийн 2012-2013 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд БЗДТХбайцаагч А.Б, Г.Ц нар шалгаж, 177,000,000.0 төгрөгийн зөрчил илрүүлж, 17,700,000.0 төгрөгийн нөхөн татвар, 5,310,000.0 төгрөгийн торгууль, 1,228,580.0 төгрөгийн алданги бүгд 24,238,580.0 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр тогтоосныг эс зөвшөөрч, маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан ч ******* тоот татварын улсын байцаагчийн акт нь хууль бус захиргааны акт байх тул бүхэлд нь хүчингүй болгуулахаар нэхэмжилж байна.

Анхнаасаа татварын улсын байцаагчийн актыг хариуцлагагүй тавьсан нь дараах байдлаар нотлогдож байна. Үүнд:

1. Татварын алба нь Татварын ерөнхий хуулийн 25 дугаар зүйлд “Татварын алба, татварын улсын байцаагч энэ хуулийн 14 дүгээр зүйлийг дагаж мөрдөн татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх зарчмыг хангана”, 28 дугаар зүйлийн 28.1-д Татварын алба дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 28.1.2-т татварын хууль тогтоомжийг дагаж мөрдөх аргачлал, заавар, мэдээллээр татвар төлөгчдийг хангаж, зөвлөлгөө өгч үйлчлэх, 28.1.4-т татвар төлөгчид татварын хууль тогтоомжийн дагуу татварын хөнгөлөлт үзүүлэх, татвараас чөлөөлөх, 46 дгаар зүйлд заасны дагуу тайланг тухайн бүр авахдаа хянан шалгаж, зөрчлийг арилгуулаагүй, бодит зөвлөгөө, тайлбар өгөх хуульд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс гадна, мөн хуулийн 30.1.5, 30.1.6-д заасан татварын байцаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйлүүдийг зөрчин актаар өр үүсгэн, татвар төлөгчийн татварын хуулийн мэдлэг дутмаг, мэргэжлийн бус байдлыг ашиглан хуулийг буруу тайлбарлан, тус компанийн захиралд бус түүний гэр бүлийн хүнд танилцуулан зөвшөөрсөн мэтээр гарын үсэг зуруулсан байна.

Ийнхүү эрх бүхий бус хүнээр гарын үсэг зуруулсан үйлдэл нь уг актыг анхнаасаа хүчин төгөлдөр бус, хууль бус болгож байна.

2. Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлд /17.1. Татвар төлөгч дараахь эрх эдэлнэ: 17.1.6. татварын албанаас гаргасан акт, дүгнэлт, бусад баримт бичигтэй танилцах, үндэслэлгүй буюу хуульд нийцээгүй гэж үзвэл танилцнаас хойш 30 хоногийн дотор гомдлоо захиргааны болон шүүхийн журмаар гаргах, 17.1.7 татвар ногдуулалт, төлөлт, хяналт шалгалтын дүнгийн талаар тайлбар авах буюу өгөх/ гэж заасны дагуу “Э” ХХК-ийн захирал Т.З-ыг шалгалтанд байлцуулаагүй, шалгалтын дүнтэй танилцуулаагүй, актыг гардуулаагүй, татварын улсын байцаагчийн актанд тус компанийн захирал А.Д******* гэж бичсэн байгаа татвар төлөгчийн эрх ашгийг хүндэтгээгүй үйлдэл болно.

3. Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 2-т “Татварын улсын байцаагчийн акт, дүгнэлтэд татварын хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагч, татвар төлөгч нар гарын үсэг зурж, татварын албаны хяналт шалгалт хариуцсан хэлтэс, тасгийн дарга хянан баталгаажуулж гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж заасан байтал компанийн эрх бүхий албан тушаалтанд актыг гардуулаагүй тул хүчин төгөлдөр бус байна.

4. Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн “59.1-д Компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байна. 59.2-т “Нэг хувьцаа эзэмшигчтэй компанийн хувьд хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг хувьцаа эзэмшигч өөрөө хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу “Э” ХХК-ийн дүрэмд зааснаар цорын ганц хувьцаа эзэмшигч нь Т.З юм. Гэтэл татварын улсын байцаагчийн актад А.Д******* гэсэн нь хууль бус байна.

5. Татварын улсын байцаагч нар Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/101 дүгээр тушаалаар батлагдсан “Үндэсний татварын албаны татварын хяналт шалгалтын ажлын дүрэм”-ийн 6.3.3-д Татвар төлөгчийн хувийн хэргийг холбогдох нэгж болон тухайн ажлыг хариуцсан татварын улсын байцаагч, ажилтнуудаас татвар төлөгчийн талаарх тодруулга, мэдээлэл судалгааны хамт гаргуулан авах, татвар төлөгчийн үйл ажиллагааны талаарх шаардлагатай мэдээллийг цуглуулна” гэж заасныг мөрдлөг болгож ажиллаагүй байна. Учир нь хяналт шалгалтын ажлын дүрэм нь хяналт шалгалтын байцаагчийн заавал мөрдөж биелүүлж ажиллах ёстой үндсэн хууль нь юм. Өөрөөр хэлбэл шалгалт 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хийгдсэн бөгөөд тус татвар төлөгч нь 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Тогоо овогтой Зыг захирлаар томилж гэрчилгээндээ өөрчлөлт хийлгэж бичүүлсэн байна. Энэ гэрчилгээний хуулбарыг татвар төлөгчөөс гаргуулан авч үзэх ёстой бөгөөд компанийн захирал нь хэн, хэн хариуцлага хүлээх ёстой, энэ хүн шалгалтанд ирэхгүй бол татвар төлөгчийн талаарх мэдээллийг татварын өөр эх сурвалжаас хайж тодруулах эрх хэмжээ эдгээр байцаагчид бүрэн байсан. Энэхүү үйлдлээс татвар төлөгчийн талаарх мэдээллийг цуглуулаагүй, анхан шатны баримт бичгийг хяналт шалгалтанд ашиглаагүй, зөвхөн цагдаагаас ирсэн бичгээр акт тогтоосон байна.

6. Актын тогтоох хэсгийн 1-д заагдсан НӨАТ-ын худалдан авалттай холбоотой шалгалтыг хийхдээ ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн тогтоож чадаагүй, хэт нэг талыг барьж цагдаагийн мэдээллийг үндэслэл болгон акт тогтоосон нь мөн хууль бус байна. Татварын улсын байцаагч нар татвар ногдуулалт, төлөлтийг шалгахдаа Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/101 дүгээр тушаалаар батлагдсан “Үндэсний татварын албаны татварын хяналт шалгалтын ажлын дүрэм”-д заасан шаардлгыг бүрэн хангаагүй, Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-д “татварын хяналт, шалгалтыг удирдамж, томилолтгүйгээр хийх” гэсэн хориглосон заалтыг зөрчсөн. Татварын улсын байцаагч А.Б, Г.Ц нар Татварын ерөнхий газрын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 7/3353 тоот албан бичиг, “Хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”, “Татварын хяналт шалгалт хийх томилолт”-ын дагуу “Э” ХХК-ийн 2012-2013 оны албан татвар ногдуулалт төлөлтийн байдалд хэсэгчилсэн шалгалтыг 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 12 дугаар сарын 22-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэжээ. Хэсэгчилсэн хяналт шалгалт хийх ажлын удирдамж нь ТЕГ-ын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 7/3353 тоот албан бичиг мөн үү гэх эргэлзээтэй ойлголт гарч ирж байна. Хяналт шалгалт хийх удирдамжийн талаарх зохицуулалт Татварын ерөнхий хуулинд байхгүй ч, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т удирдамжинд заавал тусгах зүйлийг нэг бүрчлэн нарийвчлан зааж өгсөн. Тухайлбал удирдамжийг эрх бүхий тушаалтан батлах бөгөөд “Үндэсний татварын албаны татварын хяналт шалгалтын ажлын дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.3.1 дэх хэсэгт удирдамжийг Татварын ерөнхий газрын дарга, дэд дарга батлах ёстой. Мөн удирдамжийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан шаардлагыг ТЕГ-ын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 7/3353 тоот албан бичиг хангаагүй ба тус албан бичиг нь хяналт шалгалт хийх удирдамж биш гэж үзэж байна. Иймд улсын байцаагчийн ******* тоот акт нь Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-д татварын улсын байцаагч хяналт шалгалтыг удирдамжгүйгээр хийхийг хориглосон заалтыг зөрчсөн.

7. Татварын улсын байцаагч болон Татварын ерөнхий газрын Маргаан таслах зөвлөлөөс гэрчилгээнд өөрчлөлт орсон бол бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй тул акт тогтоосон нь зөв, тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй гэсэн дүгнэлтийг гаргасан байна.

Татварын ерөнхий хуулийн 13.6-д заасан гэрчилгээнд орсон өөрчлөлтийг татвар төлөгч татварын албанд бүртгүүлээгүй бол Татварын ерөнхий хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.2-т “энэ хуулийн 13.5-13.7 дах хэсэгт заасан журмыг зөрчсөн бол хувь хүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний, эсхүл түүнийг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох” гэсэн заалтаар захиргааны хариуцлага тооцохоос биш 74 дүгээр зүйлд заасан заалтаар захиргааны хариуцлага тооцохгүй болно.

8. Нөгөө талаас “Олд биг фиш” ХХК-иас ******* дугаартай падаанаар 8,500,000.0 төгрөгийн, “Грийт Экстаси” ХХК-иас ******* дүгээр падаанаар 71,227,272.7 төгрөгийн, ******* дугаар падаанаар 97,272,727.3 төгрөгийн хий бичилттэй худалдан авсан гэж тайланд худалдан авалтын хасалт хийж, төсөвт төлөх татвараа бууруулсан нь цахим тайлангийн системийн мэдээллээр нотлогдож байна гэжээ.

Бид татварын тайланг цаг тухайд нь татварын албанд өгдөг байсан. 2012 он, 2013 оны 1 дүгээр сарын НӨАТ-ын тайланг цаасан хэлбэрээр бид 2 хувь хийж, татварын албанд тайлангаа сар бүрийн 10-ны дотор тушаадаг байсан. Татварын байцаагч тайланг хянаж үзээд падаанаар нь тулгаж аваад татварын албаны сайтад шивээд гарын үсэг зурж нэг хувийг татвар төлөгчид өгдөг байсан. Гэтэл тэгж гарын үсэг зурж баталгаажуулж авчихаад хэдэн жилийн дараа эдгээр падаан худлаа хуурамч байна гэж акт тогтоосон нь хуульд нийцэхгүй байна. Тухайн үед тайлан хүлээн авахдаа Татварын ерөнхий хуулийн 46 дугаар зүйлд 46.4-д “Татварын алба, татварын улсын байцаагч тайланг хүлээж авахдаа дор дурдсан үзүүлэлтүүдийг хянаж нягтална: 46.4.1 нягтлан бодох бүртгэл болон татварын тайлангийн үзүүлэлтүүд хоорондоо тохирч буй эсэх, 46.4.2 татварын тайланд тусгасан тоон үзүүлэлтүүд хоорондоо тохирчбуй эсэх, тооцооны алдаа буй эсэх, 46.4.3 тайланд тусгасан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг хууль тогтоомжид нийцүүлэн тооцож тодорхойлсон эсэх, 46.4.4 тайланд тусгасан татвараа хугацаанд нь төлсөн эсэх, 46.4.5 тайланд тусгасан татварын өр, илүү төлөлтийн дүн нь татварын албаны бүртгэлтэй тохирч буй эсэх, 46.4.6 татварын албаны бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд тухайн татвар төлөгчийн тайланд хамаарах хөндлөнгийн мэдээлэл байгаа эсэх” гэж заасныг баримтлан тайланд тамга дарж нэг хувийг татвар төлөгчид өгсөн болно. Хэрэв татварын алба, татварын улсын байцаагч тайланг хүлээн аваад зөрчил илэрсэн бол Татварын ерөнхий ауулийн 46.5-д “Тайланг хүлээн авах үед илэрсэн зөрчлийг дараах байдлаар арилгуулна: 46.5.1 дутуу зүйлийг нөхүүлэн хууль ёсны болгон баталгаажуулж, тайланд буй тооцоо, үйлдлийн алдааг татвар төлөгчөөр өөрөөр нь засуулах, 46.5.2 тайланд тусгасан татварын ногдол, татварын өрийг төлүүлэх, 46.5.3 нягтлан бодох бүртгэл хөтлөөгүй, татварын ногдлоо тооцоолох талаар илэрсэн зөрчлийг арилгуулах тухай татварын улсын байцаагчийн тавьсан шаардлагыг хүлээн аваагүй болон татварын ногдлоо буруу тодорхойлсон байдал илэрвэл татварын хяналт шалгалт хийх тухай дүгнэлт бичиж хариуцсан нэгжийн удирдлагад танилцуулах. Гэсэн заалтыг хэрэгжүүлэх байсан байна. Нэгэнт улсын байцаагч баталгаажуулсан тайланг татвар төлөгчийн буруу болгон акт тогтоож үгүйсгэж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болжээ.

Иймд дээр дурьдсан 8 үнэслэлүүдээр ******* тоот татварын улсын байцаагчийн актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан мэдүүлэгтээ: 

Б******* дүүргийн татварын хэлтэст бүртгэлтэй, 5122368 тоот регистрийн дугаартай, “Э” ХХК-ийн 2012-2013 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд “Татварын ерөнхий газрын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 7/3353 тоот албан бичиг”, “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”, “Татварын хяналт шалгалт хийх томилолт”-ын дагуу татварын улсын байцаагч А.Б, Г.Ц бид нар хэсэгчилсэн шалгалт хийж 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 24/0012247 тоот актаар 17,700,000.00 төгрөгийн нөхөн татвар, 5,310,000.00 төгрөгийн торгууль, 1,228,580.00 төгрөгийн алданги, нийт 24,238,580.00 төгрөгийн төлбөр ногдуулсан.

Тус компани нь 5636817 регитрийн дугаартай “Грийн экстаси” ХХК-иас 00******* тоот падаанаар 71,227,272.73 төгрөгийн, 00******* тоот падаанаар 97,272,727,27 төгрөгийн, 5636698 тоот регистрийн дугаартай “Олд биг фиш” ХХК-иас 00******* тоот падаанаар 8,500,000.00 төгрөгийн НӨАТ-ын худалдан авалтын падааныг хий бичүүлэн авч 2012 оны 12 дугаар сар, 2013 оны 01 дүгээр сарын тайланд “Нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа” хэсэгт тусган албан татвар ногдуулах орлогыг бууруулж тооцсон нь Татварын Ерөнхий газрын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 7/3353 тоот албан бичигт дурдсан Цагдаагын байгуулагаас ирүүлсэн НӨАТ-ын хуурамч хий бичилттэй падааныг ашиглан төлбөл зохих татвараа бууруулсан татвар төлөгчдийн нэрс, тус компанийн НӨАТ-ын 2012, 2013 оны тайлангуудаар тус тус тогтоогдсон болно.

Улсын мөрдөн байцаах газраас тус компанийг шалгаад хуурамч хий бичилттэй падаан ашиглсан гэдгийг тогтоогоод, улсад учруулсан хохиролын хувьд, эрүүгийн хэрэг үүсгэх тоо хэмжээнд хүрэхгүй, тул татварыг нь нөхөн төлүүлж улсыг хохиролгүй болгох нь зүйтэй гэж Татварын ерөнхий газарт албан бичгээр хүргүүлсэн байна. Үүний дагуу татварын хяналт шалгалт хийх томилолт олгогдож хий бичилттэй падааны талаар тус компанийн нягтлан бодогчтой ярилцлага хийж, падааны дүн, тооцооллыг тулган шалгаж дүнг эцэсдэж захирал А.Д*******гийн утасыг мөрдөн байцаагч Б.Э*******аас авч, утсаар падааны мэдээллүүд болон гарах актын дүн ирж актанд гарын үсэг зурах шаардлагатайг хэлэхэд яг одоо очлоо гэсэн. Ингээд ирэхгүй байхаар нь 3 удаа утсаар ярьж дуудсан боловч мэдэж байгаа яг одоо очлоо гэдэг хариу өгөөд ирээгүй.

Иймд 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан актыг 2014 оны 12 сарын 23-ны өдөр 24/0012247 тоот баталгаат шуудангаар хүргүүлэхэд “уг бичгийг зөвшөөрөхгүй байгаа тул буцааж өгнө үү” гэж хариулсан тул шуудан зөөгч буцааж Б******* дүүргийн татварын албанд авчирч өгсөн. Дахин баталгаат шуудангаар хүргүүлэхэд шууданч гэр нь эзгүй тул, утсаар ярьж, таньд баталгаат шуудан ирсэн тул хүлээн авна уу гэхэд би хөдөө явж байна наад бичгийг чинь хүлээн зөвшөөрөхгүй, авахгүй гэсэн байдаг. Дараа нь А.Д******* өөрийн биеээр татварын албан дээр ирж актанд гарны үсэг зурж, актыг гардан авсан болно.

Хяналт шалгалт хийх үед Татварын албаны архивт байгаа хувийн хэрэгт “Э” ХХК-ийн 2007 оны 03 дугаар сарын 12-ны өдөр батлагдсан дүрэмд Компанийн хувьцааны 70 хувийг эзэмшигч А.Д******* нь компаний захирлаар ажиллана гэж заасан байна.

Мөн компанийн улсын бүртгэлд оруулах нэмэлт өөрчлөлт, татварын албанд бичгээр гаргах хүсэлтүүд, өмнөх хяналт шалгалтын акт бусад бичиг баримтанд бүгдэд нь А.Д******* хариуцаж шалгуулж байсан болно. Хяналт шалгалт хийх явцад мөрдөн байцаагч Б.Э*******тай утсаар ярьж “Э” ХХК-ийн шалгалтыг явуулж байна. Тус компанийн удирдлага холбогдож шалгагдаж байгаа хүний хаяг, утасны дугаарыг өгөөч гэхэд А.Д*******гийн утасны дугаарыг, гэрийн хаягийн хамт өгсөн. Тус компанийн удирдлагууд нь өршөөлийн хууль хүлээж, хяналт шалгалтаас зайлсхийж зугтаж ирэхгүй байсан тул шаардлагатай баримт материалыг гаргаж өгөөгүй.

Татварын ерөнхий хуулийн 13.6-д “Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол татвар төлөгч нь улсын бүртгэлийн гэрчилгээ, хувийн хэрэгт тусгагдсан зүйл өөрчлөгдөх бүрт өөрчлөлт орсноос хойш ажлын 20 өдрийн дотор татварын албанд мэдэгдэж, бүртгэл, хувийн хэрэгтээ өөрчлөлт хийнэ” гэж заасны дагуу бүртгэлд орсон өөрчлөлтөө хувийн хэрэгтээ бүртгүүлээгүй байсан тул тухайн үед татварын албаны архивт байгаа хувийн хэрэгт хадгалагдсан дүрэм, холбогдох бусад материалыг үндэслэж А.Д*******г дуудахад өөрийн биеэр ирж актанд гарын үсэг зурж хариуцлага хүлээгээд актын нэг хувийг авч явсан.

Тус компани нь цахилгаан монтаж угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд компанийн өдөр тутмын үйл ажиллагааг А.Д******* удирдан ажилладаг болно. 

2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 12/499 тоот дугаартай албан бичгээр ирүүлсэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар “Э ХХК-ийг иргэн А.Д******* нь итгэмжлэхгүйгээр төлөөлөх этгээдээр бүртгүүлсэн байна”, Татварын албаны татвар төлөгчийн бүртгэлийн “ТАХ-АСТ” программд одоо ч захирал н.З гэж бүртгэл байхгүй бөгөөд Цэнддоржийн Э*******ын 70 хувь, Юрагийн Б*******ийн 30 хувийн хөрөнгө оруулалттай, гүйцэтгэх захирал Ц.Э******* гэсэн бүртгэлтэй байгаа зэргээс үзвэл одоог хүртэл татвар төлөгчийн мэдээлэлээ өөрчлөөгүй зөрчил хэвээрэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Прокурор: Хэргийн явцыг дүгнэхэд “Э” ХХК-ийг цагдаагийн байгууллагаас шалгаад эрүүгийн хэрэг үүсгэх хохирлын хэмжээнд хүрээгүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож татварын хууль тогтоомжийг зөрчсөн гэсэн асуудлыг шалгуулах үүднээс Татварын ерөнхий газар руу албан бичиг явуулсан хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үзэхэд татвар төлөгч хуулийн этгээд нь хуульд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас “Э” ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь А.Д******* юу эсвэл Т.З уу гэсэн маргааныг өөрсдөө бий болгож байна.

Т.З, А.Д******* нар нь гэр бүлийн хүмүүс акт тавигдсаныг мэдэх боломжтой түүнчлэн эрүүл мэндийн асуудалтай байсан бол энэ тухайгаа зохих журмын дагуу Татварын албанд мэдэгдэж акт тавих хугацааг 60 хоногоор хойшлуулах боломжтой байсан байна.

Иймд нэхэмжлэгч нь Татварын ерөнхий хуульд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас дээрх маргаан үүссэн тул Татварын улсын байцаагчийн 24/0012247 тоот акт хууль зүйн хувьд үндэслэлтэй гарсан акт. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

                   ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч,  нарын шүүхэд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч “Э” ХХК-ийн “Татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 24/0012247 дугаар актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож төлбөр тогтоосон захиргааны актын төлбөрийн хэмжээг багасгаж шийдвэрллээ.

“Э” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч тус шүүхэд 24/0012247 тоот захиргааны актыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргахдаа найман үндэслэл зааж гаргасаныг, шүүх үндэслэл бүрээр нь дүгнээд дараах байдлаар Татварын улсын байцаагчийн актыг хууль зүйн хувьд үндэслэлтэй захиргааны акт байна гэж үзэв.

Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд Татвар төлөгчийн хуулиар хүлээсэн үүргийг зааж өгсөн ба Татварын улсын байцаагч нь Татварын ерөнхий  хуулийн 29 дүгээр зүйийн 29.1.1-д зааснаар “татвар ногдуулах, төлөх татварын болон нягтлан бодох бүртгэлийн тайлан, данс бүртгэл, төсөл болон санхүүгийн бусад баримтад хяналт шалгалт хийх, тайлбар, лавлагаа гаргуулан авах, зөрчилийг тогтоон акт, дүгнэлт, холбогдох бусад баримт үйлдэх” эрхтэй байх бөгөөд татварын улсын байцаагч нар нь энэ эрхийнхээ хүрээнд Б******* дүүргийн татварын хэлтэст бүртгэлтэй 5122368 регистрийн дугаартай, “Э” ХХК-ын 2012-2013 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалтыг хийсэн байна. 

Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 “...Энэ хуулийн 33.1-д заасан баримт бичгийг татвар төлөгчид биечлэн гардуулсан буюу түүний оршин байгаа, эсхүл ажиллаж байгаа газрын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлснээр уг баримт бичгийг татвар төлөгчид гардуулсанд тооцох бөгөөд татвар төлөгчийн оршин байгаа газрыг холбогдох бүртгэх байгууллагад хамгийн сүүлд бүртгүүлсэн хаягаар тодорхойлно”, 34 дүгээр зүйлийн 34.3-т “...Татвар төлөгчид акт, дүгнэлтийг хүргүүлсэнээр гардуулсанд тооцно...”, гэж заасны даргуу дээрх татварын улсын байцаагчийн актыг 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр А.Д*******д гардуулан гарын үсэг зуруулсаныг хууль бус үйлдэл татварын улсын байцаагч нар гаргасан  гэж үзхээргүй байна.

Түүнчлэн Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д”...хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан байх тул “Э” ХХК-ийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй байна

Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.6-д “...Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол татвар төлөгч нь хуулийн этгээдийн мэдээлэл, хувийн хэрэгт тусгагдсан зүйл өөрчлөгдөх бүрт өөрчлөлт орсноос хойш ажлын 20 өдрийн дотор татварын албанд мэдэгдэж, бүртгэл, хувийн хэрэгтээ өөрчлөлт хийлгэнэ” гэж заасаны дагуу татвар төлөгч нь улсын бүртгэлийн гэрчилгээнд орсон өөрчлөлтийг татварын албаны бүртгэлд бүртгүүлж өөрчлөөгүй, хяналт шалгалтанд улсын бүртгэлийн гэрчилгээгээ гаргаж өгөх хуулиар хүлээсэн үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй байна.

Татварын улсын байцаагч нарыг огт хяналт шалгалт хийх томилолт, удирдамжгүйгээр зөвхөн цагдаагийн албан бичгэнд үндэслэн акт ногдуулсан татварын улсын байцаагчийн үйл ажиллгаанд хориглосон заалтыг зөрчсөн гэж үзхээргүй байна.

Учир нь Татварын ерөнхий газрын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 7/3353 тоот албан бичиг, Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, Татварын хяналт шалгалт хийх томилолт болон цагдаагийн ерөнхий газраас ирүүлсэн албан бичиг”-ийн дагуу татварын улсын байцаагч А.Б, Г.Ц нар нь хэсэгчилсэн шалгалтыг хийж 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 24/0012247 тоот актаар 17,700,000.00 төгрөгийн нөхөн татвар, 5,310,000.00 төгрөгийн торгууль, 1,228,580.00 төгрөгийн алданги, нийт 24,238,580.00 төгрөгийн төлбөр ногдуулсаныг татварын улсын байцаагчийн үйл ажиллгаанд хоргилсон заалтыг зөрчсөн гэж үзхээргүй байна.

Түүнчлэн Татварын улсын байцаагч нарын шүүх хуралдаан дээр гаргасан “хяналт шалгалт хийх үед Татварын албаны архивт байгаа хувийн хэрэгт “Э” ХХК-ийн 2007 оны 03 дугаар сарын 12-ны өдөр батлагдсан дүрэмд “Компанийн хувьцааны 70 хувийг эзэмшигч А.Д******* нь компанийн захирлаар ажиллана” гэж заасан байсан компанийн улсын бүртгэлд оруулах нэмэлт өөрчлөлт, татварын албанд бичгээр гаргасан хүсэлтүүд өмнөх хяналт шалгалтын акт бусад бичиг баримтад А.Д******* гарын үсэг зурсан байсан бөгөөд хяналт шалгалт хийх явцад мөрдөн байцаагч Э*******тай утсаар ярьж “Э” ХХК-ийн шалгалтыг явуулж байна гэж хэлээд компанийн удирдлага болон холбогдож шалгагдаж байгаа хүний хаяг, гар утасны дугаарыг өгөөч гэхэд А.Д*******гийн гар утас болон гэрийн хаягийг өгсөн, мөн манай татварын хэлтсээс утсаар ярьж татвар ногдуулсан актаа тайлбарлахад  компанийн захирал би биш Т.З гэж хэлээгүй, А.Д*******, Т.З нар нь нэг гэр бүлийн хүмүүс, болж байгаа үйл явдлыг сайн мэдэж байсан хуулиар хүлээсэн үүргээ өөрсдөө биелүүлээгүй” гэх тайлбар үндэслэлтэй байна.

Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.6-д “Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол татвар төлөгч нь хуулийн этгээдийн мэдээлэл, хувийн хэрэгт тусгагдсан зүйл өөрчлөгдөх бүрт өөрчлөлт орсноос хойш ажлын 20 өдрийн дотор татварын албанд мэдэгдэж, бүртгэл, хувийн хэрэгтээ өөрчлөлт хийлгэх”, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.13-д “татварын хяналт шалгалтанд шаардлагатай бусад баримт материалыг татварын улсын байцаагчийн шаардсаны дагуу гарган өгч, татварын хяналт шалгалтад хамрагдах” гэж заасны дагуу татвар төлөгч нь улсын бүртгэлийн гэрчилгээнд орсон өөрчлөлтийг татварын албаны бүртгэлд бүртгүүлж өөрчлөөгүй мөн хяналт шалгалтанд улсын бүртгэлийн гэрчилгээгээ гаргаж өгөх үүргээ нэхэмжлэгч нь биелүүлээгүй байна. 

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Улсын бүртгэлийн жагсаалтад хуулийн этгээдийн тухай дор дурдсан мэдээллийг тусгана, 11.1.3-д “...байнгын ажиллгаатай ерөнхий захиргаа байхгүй бол хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн хаяг”, 11.1.11-д “хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтны овог, нэр” гэж заасны дагуу Хуулийн этгээдийн улсын бүртгэлд “Э” ХХК-ийг иргэн А.Д******* нь итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдээр бүртгүүлсэн байгааг үндэслэн Татварын улсын байцаагч нар “Э” ХХК-ийн захирал А.Д*******д акт ногдуулсан нь үндэслэлтэй байна.

Түүнчлэн хариуцагч нэхэмжлэгчийг төсөвт төлөх татвараа бууруулсан, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж заасныг зөрчсөн гэж үзэж Татварын улсын байцаагч нар  24/0012247 тоот актыг ногдуулсан нь хууль зүйн хувьд  үндэслэлтэй байна.

“Э” ХХК нь бодит байдал дээр дөрвөн удаа улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан гэх боловч одоог хүртэл Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.6-д заасан үүргээ биелүүлээгүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар болон Татвар төлөгчийн карт зэргээр нотлогдож байх бөгөөд гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч байна гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр тайлбар гаргасныг дурьдах нь зүйтэй байна.

Мөн нэхэмэжлэгчээс “...Татварын ерөнхий хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.2-т зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний, эсхүл түүнийг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ёстой байсан” гэж тайлбарлдаг ч энэ хуулийн зохицуулалт нь огт өөр ойлголт юм.

Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.4-д “тоо хэмжээ, үнийг нь нягтлан бодох бртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгах, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг өсгөх” гэж заасан байх ба нэхэмжлэгч компани нь нэмэгдсэн өртгийн хуурамч падаантай байсан гэдэг нь Сонгино хайрхан, Хан-уул дүүргээс ирсэн татварын улсын байцаагч, прокурорын дүгнэлт, А.Д*******гийн хуурамч падаан гэдгээ хүлээн зөвшөөрсөн зэргээр нотлогдсон гэж үзэж Татварын улсын байцаагч Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.4-т зааснаар дээрх актыг ногдуулсныг буруутгах үндэслэлгүй байна.

Харин Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлэнэ гэж заасан байх тул татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 24/0012247 тоот актаар тогтоосон нийт 24,238,500 төгрөгийн төлбөрөөс 17,700,000.00 төгрөгийн нөхөн татварыг “Э” ХХК-иар төлүүлж, 5,310,000.00 төгрөгийн торгууль, 1,228,580.00 төгрөгийн алданги нийт 6,538,000.00 төгрөгийг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Захиргааны  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.6.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.6, 18 дугаар зүйлийн 18.1.13, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 зүйлийн 14.1, 14.3, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3-т заасныг тус тус баримтлан Татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 24/0012247 тоот актаар ногдуулсан 5,310,000.00 төгрөгийн торгууль, 1,228,580.00 төгрөгийн алдангийг өршөөн хэлтрүүлж, нийт төлбөрийн хэмжээг багасгаж, 17,700,000.00 төгрөг болгон тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.                    

 

                                                                

                                                                                                                                                                                                                                                                                                                                                            

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ       О.ОЮУНГЭРЭЛ