Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 442

 

Б.От холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Л.Соёмбо,

Хохирогч С.О, түүний өмгөөлөгч Ц.Туяа,

Нарийн бичгийн дарга Б.Анхзаяа нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 196 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн өмгөөлөгч Ц.Туяагийн гаргасан давж заалдах гомдлоор Б.От холбогдох эрүүгийн 1705016800110 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б.О нь 2017 оны 11 дүгээр сарын 24-нөөс 2017 оны 11 дүгээр сарын 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кюү” нэртэй караокед С.Отай маргалдаж, улмаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Оийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Оийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Оийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.О торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.О торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.О цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Оээс 206.000 /хоёр зуун зургаан мянга/ төгрөг гаргуулан хохирогч С.Од олгох, өмгөөлөгчийн хөлс 500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч С.О нь өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх баримтуудаа хууль ёсны дагуу бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Туяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Хохирогч С.О нь гэмт хэргийн улмаас 3.706.000 төгрөгийн хохирол учирч, өөрт учирсан хохирлоо шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжилснийг шүүх 3.500.000 төгрөгийг үндэслэлгүйгээр хангалгүй орхисон бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлүүлэх хохирогчийн эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хүний биед үзлэг хийсэн шинжилгээ, 14689 дугаартай шинжээчийн дүгнэлтээр С.Оын зүүн шууны доод хэсэгт 2,5х0,2см, 0,5х0,4см, 0,3х0,3см, 0,2х0,2см, 0,2х0,2см, баруун шууны доод хэсэгт 4,0х0,3см нийт 6 ширхэг зулгаралттай гэсэн нь хохирогчийн 19 ширхэг сорвинд эмчилгээ хийлгэсэнтэй зөрүүтэй байх тул хохирогчийн эмчилгээнд төлсөн гэх 3.000.000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг гэж тооцох боломжгүй гэж шүүх дүгнэсэн. Ийнхүү шинжээчийн дүгнэлт нь зүүн шууны доод хэсэгт 5, баруун шууны доод хэсэгт хүрэн ягаан өнгийн зулгаралт байгааг тогтоосон. Дээрх зулгаралтууд нь 2,5-0,2 см бүхий үргэлжилсэн хэмжээтэй байгаа нь хумсны мөр гүн орж, олон газар зулгаралт үүссэн болохыг нотолж байна. Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрийн биед учирсан гэмтлээ цаг алдалгүйгээр эмнэлэгт хандан 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ГССҮТ эмчид үзүүлсэн болох нь шинжээчийн дүгнэлтээс харагдана. Шинжээчийн дүгнэлтээр хэрэг болсон тухайн цаг үед гарын шуунд зулгаралтууд үүссэнийг нотолж байгаа бөгөөд хуучин сорви, зулгаралт гэж бичээгүй юм. Тиймээс хохирогчийн гарын шуунд шүүгдэгчийн үйлдлээс болж үүссэн гэмтлээс үүдэлтэй сорви тогтсон. Хохирогч дээрх зулгаралтуудыг тодорхой хугацаанд 13-30 хоногийн дараа сорви болон тогтсоныг сорвио арилгуулахаар гоо сайхны эмнэлэгт хандан лазер эмчилгээ хийлгүүлсэн. Шүүгдэгч согтуугаар хохирогчийн гарын шуунаас атгаж маажсан, түүний биед халдсан үйлдэл нь 2-3 газарт үргэлжилсэн болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээр батлагдаж байна. Иймд дээрх олон тооны зулгаралтын улмаас хохирогчид эмчилгээ хийлгэх үед 19 сорви болж тогтсон болох нь хохирогчийн биед үүссэн гэмтлийг харуулсан фото зургууд, эмчилгээ хийлгэсэн эмчийн тодорхойлолт, хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хохирогч нь худал мэдүүлэг өгөх эрхгүй бөгөөд хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай ач холбогдол бүхий нотлох баримтаа гаргаж өгөх үүрэгтэй учраас хавтаст хэргийн 13-16 дугаар талд өөрийн гарын шуунд учирсан гэмтлийг харуулсан зургаа өгч, мөрдөгч хавтаст хэрэгт бэхжүүлсэн. Дээрх зургууд хохирогчийн өөрийнх нь гарын шууны зураг гэдгийг шүүх хуралдаан дээр тайлбарлан мэдүүлснээс гадна хохирогчийн баруун, зүүн шуунд учирсан гэх зулгаралтуудтай энэ зураг тохирч байна. С.О нь гарын шуунд зулгаралтаас сорви болж тогтсон сорвинуудыг арилгахад гарсан эмчилгээний зардалд 3.000.000 төгрөг “Энхрий” гоо сайхан, эмчилгээний салонд тушаасан бөгөөд харин тус салон нь эмчилгээний мөнгийг хүлээн авахдаа бэлэн мөнгөний зарлагын баримтаар авсан, үүнийгээ залруулж тус салоны захирал Д.Пүрэвжав 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн албан бичгээрээ С.Оыг лазер эмчилгээнд 3.000.000 төгрөг төлсөн болохыг нотолсон. Гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан бол гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.3, 229 дүгээр зүйлийн 229.2, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар эмчилгээний зардлыг шүүгдэгчээс нөхөн төлүүлэх байтал үндэслэлгүйгээр хохирлыг төлүүлээгүй, учирсан хохирол, гарсан зардалд шүүх бодит дүгнэлт хийгээгүй. Мөн хохирогчийн өмгөөлөгчид төлөх зардлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох явцдаа өөрөөсөө гарсан зардал” гэсэн ойлголт байхгүй бөгөөд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд “өмгөөлөгчийн зардал” гэсэн зохицуулалт байхгүй тул мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар “өмгөөлөгчийн хөлс”-д хамруулан нэхэмжлэх эрхтэй. Шүүгдэгч Б.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын хамгийн доод хэмжээ болох 450.000 төгрөгөөр торгож, уг торгуулийг хоёр жилийн хугацаанд буюу сард 18.750 төгрөг төлөхөөр хэсэгчлэн тогтоосон нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхээр /гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлоо төлсөн/ заасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгтэй нийцээгүй учраас хохирогчид учруулсан нийт хохирлыг шүүгдэгчээс гаргуулах, шүүгдэгчид оногдуулсан ял хариуцлага хөнгөдсөн гэж гомдол гаргаж байна. ...” гэв.

 

Хохирогч С.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Б.Оээс эмчилгээний зардлаа гаргуулж хохирлоо барагдуулмаар байна. Эмнэлгээс зарлагын баримт биш орлогын баримт байсан гэж засч тодорхойлолт гаргаж өгсөн. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Оээс 206.000 төгрөг гаргуулж надад өгөхөөр шийдсэн боловч одоогоор хохирол төлөөгүй байгаа” гэв.

 

Прокурор Л.Соёмбо тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгсөн үндэслэл бүхий баримтаар 206.000 төгрөгийн баримтыг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Бусад гаргаж өгсөн баримт хууль бус буюу орлого, зарлагын гэсэн байдлаар шүүгч бас асууж байгаа байдлаас дүгнэж, жич иргэний журмаар бусад зардлаа нэхэмжлэх эрхтэй гэдгийг шийтгэх тогтоолд тусгаж өгсөн. Иймээс Баянгол дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

ХЯНАВАЛ:

      

Давж заалдах шатны шүүх Б.От холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэл бүхий болсон байна гэж үзэв.

 

Б.О нь 2017 оны 11 дүгээр сарын 24-нөөс 2017 оны 11 дүгээр сарын 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кюү” нэртэй караокед С.Отай маргалдаж, улмаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч С.Оын “...Би “Кюү” караокед барменаар ажилд орсон юм. 2017 оны 11 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнийн 00 цаг өнгөрч байхад намайг каркаокед ажиллаж байхад манай зөөгч хийж байгаад чөлөө авсан байсан Одноо гэх охин гаднаас 1 эрэгтэй, 1 эмэгтэйтэй орж ирээд 4 номерын караокены өрөөнд орж үйлчлүүлж байгаад текэн дээр ирээд надад хандаж “чи шинэ ажилд орчихоод бид нарт заах шаардлага байхгүй, бид нар өөрсдөө ажлаа мэднэ” гэхээр нь би “хэл ам хиймээргүй байна, би ажлаа хиймээр байна, чамд таалагдах гэж би энэ байгууллагад ажиллаагүй” гэсэн юм. Тэгээд 1 цаг өнгөрч байхад манай зөөгч охин Одноогийн сууж байсан өрөөнөөс очиж тооцооны 200.000 орчим төгрөг авч өгсөн юм. Гэтэл Одноо текэн дээр хүрч ирээд “тооцоо илүү авсан байна, тооцоогоо харъя” гэхэд хажуунаас нь хамт явсан залуу нь “тооцоо илүү аваагүй, болчихсон” гээд Одноог аваад өрөө рүүгээ буцаагаад орсон юм. Гэтэл удалгүй Одноо дахиж текэн дээр хүрч ирээд ус захиалахаар нь би “мөнгөө өг” гэсэн чинь “над дээр биччих” гэсэн. Тэгэхээр нь би “бараа материалаа хүлээж авсан болохоор би зээл өгөхгүй” гэхэд “тэгвэл менежер дээр биччих” гэсэн чинь “үгүй” л гэсэн юм. Тэгсэн чинь надаас ус нэхээд байхаар нь “ганц ус авч чадахгүй байж юугаа хийж ус уудаг юм бэ” гэж хэлчихээд бие засах гээд 00 өрөө рүү орох гэсэн чинь Одноо араас 00 руу орж ирээд миний зүүн талын шанаа руу цохиод, хамар луу цохихоор нь би болиулах гээд Одноогийн 2 бугуйнаас 2 гараараа бариад автал миний 2 гарын шууг хумсаараа чимхэж, майжихаар нь би үсдээд дарж байхад гаднаас зөөгч, менежер, Одноотой хамт явсан найзууд нь орж ирээд бид хоёрыг салгасан юм. Тэгээд намайг ажилчдын өрөө рүү ороод байж байхад Одноо дахин орж ирээд хэрүүл хийж, намайг 1 удаа цохиход менежер, зөөгч 2 ирж Одноог болиулсан. ...” /хавтаст хэргийн 18-29 дүгээр хуудас/,

 

Гэрч Э.Эрдэнэ-Очирын “...Текэн дээр С.Отай Б.О маргалдчихсан хэрүүл болж байсан. Текний өөдөөс харсан 00 руу С.О ороод араас нь Б.О орчихоор нь би араас нь орсон. Гэтэл С.О гэх охин нь Одноог үстчихсэн хараал хэлээд байж байсан. Би тэгэхээр нь салгаад тэр С.О гэх охиныг “эргүү юм уу” гэхэд Б.О надад уурлаад байсан. Одноо бид 2 караокены гадаа гарахад Одноо “ажлын өрөөнд цамцаа үлдээчихлээ” гэсэн. Тэгээд бид 2 хамт ороод ажлын өрөөнд ороход нөгөө С.О гэх охин нь байж байсан. Тэгтэл С.О, Одноо 2 дахиж хэрэлдээд С.О Одноогийн өөдөөс орилоод байхаар нь Одноо очоод нүүр лүү нь алгадчихсан. Би тэгэхээр нь Одноог барьж аваад өргөөд тэндээс гарсан. Намайг өргөж байхад Одноо С.Оыг тийрч, өшиглөх гээд байсан. ...” /хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/,

 

Б.Оийн яллагдагчаар өгсөн “...Би С.Отай текэн дээр муудалцаад намайг хэл амаар доромжлоод нойлын өрөө рүү орчихоор нь араас нь орсон. Цаашаа харсан байхаар нь гарнаас нь өөрлүүгээ татаад “чи сая юу гэж хэлсэн бэ” гэж намайг доромжилсон яриаг нь лавлаж асуусан. Тэгтэл С.О намайг үстээд доошоо дарсан. Тэр үед Эрдэнэ-Очир гэх найз болиулсан. ... Гараад гадагшаа гарч явах гэж байгаад ажилчдын өрөөнд цамцаа үлдээснээ санаад авах гэтэл С.О намайг наадахаа зайлуул гэхээр нь би С.Оын хөл рүү нь өшиглөсөн шиг санаж байна. Намайг үстэх гэхээр нь гарыг нь барьж байгаад хацар луу нь нэг удаа цохичихсон. ...” /хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн №14689 дугаартай “...C.С.Оын биед хамрын таславчийн мурийлт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн шуунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Б.От холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Б.Оийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд нь тохируулан түүнд 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Харин анхан шатны шүүх Б.От оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр заасныг тооцоолон үзвэл 1 сард 18.750 төгрөг төлөхөөр ногдож байх бөгөөд торгох ялыг 2 жилийн хугацаанд төлүүлэхээр тогтоосон нь төлөх торгох ялын хэмжээтэй нийцээгүй хугацаа тогтоосон гэж үзэж, торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх хугацааг богинсгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй бөгөөд уг харилцааг Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлд зохицуулжээ.

 

Шүүгдэгч Б.О нь хохирогч С.Оын зүүн болон баруун шуунд олон тооны зулгаралт бүхий гэмтэл учруулсан болох нь шинжээчийн дүгнэлтийн хэсэг газрын үзлэгт тусгагдсан байдлаар тогтоогдсон, уг зулгаралтууд сорви байдлаар үлдэж, эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлага үүсчээ.

 

Хохирогч С.О нь зүүн болон баруун шуундаа үүссэн олон тооны зулгаралтын сорвийг Төгс ялгуун ХХК-ийн “Энхрий” салоны лазер үйлчилгээгээр арилгуулсан, уг үйлчилгээг 3 сая төгрөгөөр хийлгэсэн болох нь мөнгө тушаасан баримт болон тус салоны гаргасан тодорхойлолт зэргээр тогтоогдож байх тул төлбөрийг шүүгдэгч Б.Оээс гаргуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.2 дахь хэсэгт “Санаатай гэмт хэргийн улмаас учруулснаас бусад гэм хорыг нөхөн төлөх хэмжээг тогтоохдоо гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан шүүх багасгаж болно” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.О нь оюутан, чөлөөт цагаараа ажил хөдөлмөр эрхэлдэг, санхүүгийн чадвар зэргийг харгалзан гэм хорын хохирлыг нөхөн төлөх хэмжээг багасгав.

 

Түүнчлэн хохирогч С.О нь өөрт нь учирсан сорвийг арилгах лазер эмчилгээ хийлгэхэд “Энхрий” эмчилгээний салонаас өөр адил үйл ажиллагаа явуулдаг эмнэлэг, салоны үнэтэй харьцуулсан үнийг нотлох ажиллагааг хийж чадаагүй байгааг харгалзан үзэж, лазер эмчилгээ хийлгэсэн үнийг 2 дахин багасгаж шүүгдэгч Б.Оээс гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Иймд хохирогчийн өмгөөлөгч Ц.Туяагийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 196 дугаар шийтгэх тогтоолд дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.