Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2018/01887

 

Д.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2018/01724 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 1715 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Д.О-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч У.М-д холбогдох,

Нотариатийн үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ганбатын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ганбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Тэгшмандал, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Давхарбаяр, нарийн бичгийн даргаар Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд  гаргасан нэхэмжлэлдээ:

Д.О нь С.Алтантуяатай харилцан тохиролцож, түүний өмчлөлийн газруудын гэрчилгээг Г.Батцогтын барьцаанаас чөлөөлж авах, С.Алтантуяа, Б.Баттулга нар нь газраа Солонгос улсын иргэдэд зарсны дараа мөнгөө өсгөж авах зорилготойгоор гэрээ хэлцэл байгуулахаар Баянгол дүүргийн тойргийн нотариатч У.М дээр С.Алтантуяагийн хүсэлтээр 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр очсон байна.

Гэтэл С.Алтантуяа нь нотариатч дээр очсон хойно худалдах-худалдан авах гэрээ гарган ирснээс болж маргалдах үед нотариатч У.М нь нөхцөл байдлыг тодруулан асууж зөвлөгөө өгөхдөө Д.О-нь худалдан авагч биш байна нөгөө талаас үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүд чинь байхгүй байгаа учраас энэ гэрээг гэрчлэх боломжгүй харин та нар хамтран ажиллах гэрээ хийж нэг компани байгуулаад тухайн газраа солонгосчуудад компанитайгаа шилжүүлж өгөөд өөр өөрсдийн ашгийг авах боломжтой гэж зөвлөсний дагуу хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж гэрчлүүлсэн.

Харин худалдах-худалдан авах гэрээнд гарын үсэг зурахад С.Алтантуяа нэгэнт л хоёулаа 14 хоногийн дараа бүх юм дуусчихна энэ бол дүр үзүүлсэн л юм гэж ятгаж тулгасны үндсэн дээр орж ирэх ашгаа бодож төөрөгдөж, хууртаж гарын үсэг зурсан юм. Түүнээс биш Д.О-д нэг сая есөн зуун мянган долларын үнэ хүрэхгүй өмчлөлийн газруудыг худалдан авах хэрэгцээ шаардлага байгаагүй, тийм боломж бололцоо ч байхгүй байсан болно. Үүнийг нотариатч У.М- нь маш сайн ойлгож мэдэж байсан боловч өөрийн танил С.Алтантуяагийн эрх ашигт нийцүүлж гэрээний нэг талыг илтэд хохироож мэдсээр байж Нотариатын тухай хууль, Нотариатын үйлдэл хийх заавар журмыг зөрчин үйлдэл хийснээр Д.О-ийн эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн байна. Д.О, С.Алтантуяа нар нь газрын бичиг баримтыг чөлөөлөх, газраа С.Алтантуяа нь Солонгосчуудад худалдаж тохиролцооны дагуу хамтарч ажилласнаас биш худалдах-худалдан авах гэрээг хэн нь ч байгуулах хүсэл зорилго байгаагүй хүчин төгөлдөр бус хэлцэл юм. 

Иймд нотариатч У.М-гийн өөр хэлцлийг халхавчлах зорилгоор 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2008 дугаарт бүртгэж гэрчилсэн хамтран ажиллах гэрээтэй нэг бүртгэлийн дугаар авч 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр бүртгэлийн дугаар 2008 гэж худалдах-худалдан авах гэрээгээр гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 

Баянгол дүүргийн тойргийн нотариатч У.М- би ажлын байрандаа тогтоосон тойргийн дагуу ажлаа хийж байх үед 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр С.Алтантуяа, Д.О, С.Алтантуяагийн нөхөр н.Баттулга, н.Энхцогт нар бид 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хоорондоо тохиролцож худалдах-худалдан авах гэрээ хийсэн, урьдчилгаа 470 000 000 төгрөг өгч хувь хүний барьцаанд байгаа гэрчилгээгээ чөлөөлүүлсэн, төлбөр төлөх хугацаа хойшлогдоод байгаа учраас гэрээгээ нотариатаар гэрчлүүлье гэж манай ажлын байранд ирсэн.

Би гэрээг талуудад тайлбарлаж өгсөн. С.Алтантуяа ирснийхээ дараа уг гэрээг гаргаж ирээгүй, талууд тохиролцож, гарын үсгээ зурчихсан, хууль зөрчсөн зүйл байгаагүй учраас би гэрээг 2008 дугаарт бүртгэж гэрчилсэн. Хамтран ажиллах гэрээг мөн бэлдээд ирсэн байсан. Хамтран ажиллах гэрээ нь худалдах-худалдан авах гэрээнд заасан заалтууд орсон, хэн алиных нь эрх ашигт нийцсэн, өөрсдөө хүсэл, зоригоо илэрхийлээд худалдах-худалдан авах гэрээний дагуу хамтран ажиллах гэрээ хийе гэсэн. Талууд худалдах-худалдан авах гэрээний дагуу газруудыг нэгтгээд компанийн нэр дээр шилжүүлээд газрын захирамж гаргах учраас давхар хамтран ажиллах юм, иймээс хамтран ажиллах гэрээг хийе, бид хүлээн зөвшөөрч байгаа гээд гэрээ байгуулсан.

Тухайн үед би худалдах-худалдан авах гэрээ бариад орж ирэхэд нь энэ нь ийм гэрээ биш, цаашдаа ийм үр дагавартай гэсэн ямар нэгэн зөвлөгөө огт өгөөгүй. Худалдах-худалдан авах гэрээнд тулгуурлаж, зөвлөгөө, тайлбарыг өгсөн. Хоёр тал хоёулаа хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2018/01724 дүгээр шийдвэрээр Нотариатын тухай хуулийн 26, 46 дугаар зүйлд заасныг баримтлан нотариатч У.М-гийн 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр худалдах-худалдан авах гэрээг бүртгэлийн 2008 дугаарт бүртгэж, гэрээний үнэн зөвийг баталж, гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Д.О-ийннэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 1715 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2018/01724 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1 дэх хэсэгт зааснаар үйлчлүүлэгчийн баримт бичиг нь хууль тогтоомж, Монгол Улсын Олон Улсын гэрээнд харшилж байвал нотариатч нотариатын үйлдэл хийхээс татгалзах зохицуулалттай. Нотариатч Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1-д заасан нотариатын үйлдэл хийхээс татгалзах үндэслэл байгаа эсэхийг гэрээнд оролцогч талуудын тайлбар, холбогдох нотлох баримтыг үндэслэж тогтоох бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримт болох нотариатч У.М-гийн худалдах-худалдан авах гэрээг гэрчлэхийн өмнө буюу 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн гэрээний бүртгэлийн 2006 онд бүртгэж гэрчилсэн ажил гүйцэтгэх гэрээ 2007 онд бүртгэж гэрчилсэн “Энх-Ертөнц” ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээ, бэлэглэлийн гэрээ буюу /хувьцаа бэлэглэх гэрээ/, 2008 он гэж гэрчилсэн хамтран ажиллах гэрээгээр худалдах-худалдан авах гэрээ нь өөр хэлцлийг халхавчлах зорилготой, биелэгдэх боломжгүй. Шүүх хуулиар тогтоосон хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ганбат шүүгчийн туслах Ж.Эрдэнэцэцэгтэй утсаар ярьж аавын бие муудан дуудагдан буцаж шүүх хуралдаанд оролцож чадахгүй болсон, шүүх хуралдааныг хойшлуулах талаар хүсэлтийг амаар өгч ярилцсан бөгөөд шүүх хуралдааныг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгөх талаар ярилцаагүй. Шүүгчийн туслахын утсаар ярьсан тухай тэмдэглэл хөдлөшгүй үнэн нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй. Миний эцэг Д.Шагдар нь ясны хорт хавдар өвчний учир 2 жил гаран шаналсан бөгөөд Хавдар Өвчин Судлалын Үндэсний Төвийн хөнгөвчлөх тасагт байнга хэвтэн эмчлүүлдэг байсан бөгөөд тус тасагт хэвтэн эмчлүүлээд 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр эмнэлгээс гарч 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр бие нь дахин муудан түргэн тусламжаар эмнэлэгт Хавдар Өвчин Судлалын Үндэсний Төвд хүргэгдэн 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 03 цаг 43 минутанд нас барсан. Хүний бие гэнэт муудан дуудагдаж байгаагаа шүүгчийн туслахад утсаар мэдэгдэхээс өөрөөр нотлох баримт цуглуулах, шүүх хуралдаан тулсан үед бичгээр хүсэлт гаргах боломж бололцоо байгаагүй бөгөөд хуульд үүнийг нарийвчлан заагаагүй болно.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Д.О нь нотариатчийн гэрээ гэрчилсэн үйлдлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч У.М-д холбогдуулан гаргасан байна. Хариуцагч У.М- нь шаардлагыг эс зөвшөөрч, гэрээ гэрчлэх үйлдлийг журмын дагуу гүйцэтгэсэн гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд маргааны үйл баримтын талаар дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж, хэрэгсэхгүй болгосон байна.

Нэхэмжлэгч Д.О нь иргэн С.Алтантуяатай 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулсныг хариуцагч нотариатч У.М- нь 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр бүртгэлийн 2008 дугаарт бүртгэжээ. Энэхүү гэрээгээр С.Алтантуяа нь Баянгол дүүргийн 16-Орхоны 1 дүгээр гудамжны 25-32 тоот 6 автомашины гараашийн барилга, 1615 мкв газрыг 1 900 000 ам.доллараар худалдах, Д.О нь урьдчилгаа төлбөрт 470 000 000 төгрөгийг гэрээ байгуулсан үед төлж, үлдэх төлбөрийг 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр бүрэн төлөхөөр тохиролцжээ.

 Гэрээний оролцогч тал нь дээрх гэрээг нотариатчаар гэрчлүүлэхээс өмнө байгуулсан, худалдан авагч нь урьдчилгаа төлбөрийг төлсөн байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байх тул гэрээг гэрчилсэн нотариатчийн үйлдэл талуудын хүсэл зоригт нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Хоёр шатны шүүх энэ талаар эрх зүйн үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Гэрээг гэрчилсэн нотариатч Нотариатын тухай хуулийн 26, 34, 35, 46 дугаар зүйл, Нотариатын үйлдэл хийх журмын 5-д заасныг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг анхан шатны шүүх зөрчсөн гэж үзэх боломжгүй байна. Ар гэрийн нөхцөл байдлаас шалтгаалан шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон шалтгаан, үндэслэлийг тусгасан, шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг хэргийн оролцогч гаргаагүй тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг явуулсан нь хууль зөрчөөгүй байна. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын талаар магадлалдаа тодорхой дүгнэсэн байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2018/01724 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 1715 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

              

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.УНДРАХ

            ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН