Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/22

 

2021         01           29                                    2021/ШЦТ/22

                                       

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                   

Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

нарийн бичгийн дарга О.Ариунжаргал, 

улсын яллагчаар хяналтын прокурор Б.Мөнгөнтуяа,

шүүгдэгч У.М, 

шүүгдэгч Ц.Г/ цахимаар/,

өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун, Ю.Нямсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х овогт У.М, М овогт Ц.Г нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1919002110052 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.       

        

Шүүгдэгчийн биеийн байцаалт

         Монгол Улсын иргэн, 1980 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, гэмт хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан одоо .......... ажилтай, ам бүл 6,нөхөр 3 хүүхэд,ээжийн хамт тус аймгийн ............ оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Х овогт У.М,

Монгол Улсын иргэн, 1978 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Дорноговь аймгийн Улаанбадрах суманд төрсөн, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт ................. оршин суух хаягтай одоо ......................гэх газар оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, М овогт Ц.Г,

 

  Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

            Шүүгдэгч У.М нь 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 29-ний хооронд 567.3 кг “Дэрэвгэр жиргэрүү” нэртэй ховор ургамлыг тус аймгийн Хатанбулаг сумын нутаг дэвсгэр Ханги хилийн боомтын суурьшлын бүсэд байрлах гэрийнхээ агуулах буюу гражид зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор хадгалсан, мөн 6,05 кг “Дэрэвгэр жиргэрүү” нэртэй ховор ургамлыг тус аймгийн Хатанбулаг сумын нутаг дэвсгэр Ханги хилийн боомтын суурьшлын бүсэд 96-94 ДГА улсын дугаартай УАЗ-396252 маркийн тээврийн хэрэгслээр зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор тээвэрлэсэн

 

Шүүгдэгч Ц.Г нь 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 12,15 кг “Дэрэвгэр жиргэрүү” нэртэй ховор ургамлыг тус аймгийн Хатанбулаг сумын нутаг дэвсгэр Ханги хилийн боомтын суурьшлын бүсэд 85-52 ДГА улсын дугаартай УАЗ 3962 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж яваад Хатанбулаг сумын нутаг дэвсгэр Ханги хилийн боомтын суурьшлын бүсэд байрлах гэрийнхээ амбаарт зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд;

 

         Шүүгдэгч У.Мийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Энэ ургамлыг Хуар анх надад өгөхдөө чихэр өвс гэж өгсөн. Би нэн ховор хориотой ургамал гэдгийг мэдээгүй тагнуулын газар шинжилгээнд явуулж, шинжилгээний хариугаар нь мэдсэн, гэм буруугаа ойлгож байна” гэсэн мэдүүлэг,

 

          Шүүгдэгч Ц.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би  энэ ургамлыг авч явсан нь үнэн. Гэхдээ хориотой ургамал гэж бодоогүй чихэр өвс гэж бодсон, гэм буруугаа ойлгож байна” гэсэн мэдүүлэг,

 

         2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр нэгжлэг хийсэн тухай тэмдэглэлд: “...У.М, Г нарын 85-52 ДГА, 96-94 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон 11.7 кг ургамлын үндэс нууж тээвэрлэн явсныг илрүүлсэн. Үүний дагуу хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд Ханги суурьшлын бүсийн баруун урд захад байх улаан тоосгон байшинд очин У.Миас таны гэрт улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон эд зүйл байгаа юу гэж асуухад та нарт үзүүлэхгүй, өөрсдөө очоод үз, би явахгүй гэж хариулсан. ... Улмаар цааш явж том өрөөнд ороход тус өрөөний зүүн хойд буланд бүтээлгээр бүтээсэн өрж хураасан шуудайтай зүйлийг задлахад ургамлын үндэс байсан. ... Цааш нэгжлэгийг үргэлжлүүлэн баруун талын хаалгаар граш руу ороход зүүн урд буланд цэнхэр бүтээлгээр бүтээсэн савлаж хар өнгийн ууттай боодол бүхий ургамлын үндэс байв. ...” гэжээ. /1 дүгээр хх-ийн 8-9 дүгээр хуудас/,

 

           Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд: “...У.Мийн жолоодож явсан 96-94 ДГА улсын дугаартай УАЗ 396252 маркийн ... тээврийн хэрэгсэл байх бөгөөд ...урд жолоочийн суудлын баруун доор байрлах боолттой төмрийг зааж, дотор талд хийсэн, мөн баруун талын суудлын дор мөн адил төмрийг зааж, энд бас хийсэн гэв. ... Ц.Гийн жолоодож явсан 85-52 ДГА улсын дугаартай УАЗ-3962 маркийн тусгай эмнэлгийн зориулалттай саарал өнгийн ... автомашинд үзлэг хийсэн...хамгийн арын суудлын зөөлөвчний дор болон улаан өнгийн гар цүнхэнд хийж суудал тавьсан гэдгээ заасан...” гэжээ. Гэрэл зургийн үзүүлэлтүүд. /1 дүгээр хх-ийн 10-15 дугаар хуудас/

 

          85-52 ДГА улсын дугаартай УАЗ-3962 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1 дүгээр хх-ийн 16-17 дугаар хуудас/

 

          У.Мийн баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл. /1 дүгээр хх- ийн 18-20 дугаар хуудас/,

 

              Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлд: ”...2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 96-94 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслээс 6,05 кг, 85-52 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслээс 4,85 кг ургамлын үндэс, мөн У.М, Ц.Г нарын гэрээс түр хураан авсан ургамлын үндэс нь нийт 549,1 кг байсныг түр хураан авч Ханги авто замын боомтод эд зүйлд үзлэг хийсэн өрөөнд хийж албаны ТЕГ-733 дугаар лацаар лацдаж...бэхжүүлэв. ...” гэжээ. Гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 21-38 дугаар хуудас/,

 

            Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Ханги авто замын шалган нэвтрүүлэх боомтын хяналтын камерын бичлэгийг ...эхлүүлэхэд ...2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 10 цаг 01 минут 24 секундэд 85-52 ДГА, 96-94 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслүүд Ханги боомтод орж ирэн мэргэжлийн хяналтын талбайд ирж зогсож байна. ...Тээврийн хэрэгслүүд гаалийн талбай руу урагшилсаар 85-52 ДГА, 96-94 ДГА улсын дугаартай машинууд 10 цаг 27 минутад камераас гарч байна...85-52 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгсэл гаалийн талбайд очин яаман дээр гаран гаалийн байцаагчид шалгуулсаар 10 цаг 31 минут 06 секундэд дуусаж цааш гаран зогсов. Харин 96-94 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгсэл боомтын баруун талд ээлжээ хүлээн зогсож байгаад 10 цаг 31 минут 47 секундэд гаалийн талбайд очин байцаагчид машинаа шалгуулж 10 цаг 32 минут 46 секундэд цааш гарав...85-52 ДГА улсын дугаартай...96- 94 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгсэл буцаж эргэн яаман дээр зогсон хилийн тагнуулын алба хаагчдад машинаа шалгуулав...” гэжээ. Гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 48-58 дугаар хуудас/

 

            Прокурорын зөвшөөрлийн дагуу утасны холболтод үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 59-116 дугаар хуудас/,

 

            Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...85-52 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийг шалгаж байх үед тухайн машинаас мах гарч ирсэн тул буцаахаар зогсож байсан. Тэр машины хяналтын хуудсан дээр тамга дараагүй байсан. ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 123 дугаар хуудас/,

 

            Гэрч С.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр...М гэртээ байгаагүй...гэрийнхээ түлхүүрийг байшингийн зүүн талд байрлах амбаарын ард талд хадаас байдаг. Тэнд түлхүүрээ үлдээчихдэг юм. Тэр өдрийн 7-8 цагийн үед Хуар над руу миний дугаар руу залгаад “миний ачаа ирж байгаа Мийн гэрт буулгана” гэхээр нь би “түрээс мөнгө төлөх юм уу” гэсэн чинь “төлнө” гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд 22 цагийн үед миний утас дуугараад ...Хуарын ачааг авчирлаа, хаана буулгах вэ” гэхээр нь би Мийн гэрийг зааж өгөөд түлхүүр хаана байгааг хэлсэн. Тэгээд би түүнээс “ямар машинтай яваа юм гэхэд портер гэж хэлээд утсаа салгасан.Тэгээд хэсэг хугацааны дараа түлхүүрийг яах вэ гэхээр нь буцаагаад байсан байранд нь орхичих гэж хэлээд утсаа салгасан...портер л гэж хэлсэн. Машины дугаар болон жолоочийг хараагүй. Утсыг нь санахгүй байна ... Энэ хүмүүс хэл аманд унаад хэцүүдэж байна...ачааны эзэн болон хүргэж ирсэн жолоочийн дугаарыг өг гэж Хуарт хэлсэн чинь...хэсэг хугацааны дараа...залгаад Цэцэгээ гэдэг хүнтэй ярь гээд утсаа салгасан...Хуар над руу яриад миний ачаа ирсэн гэж хэлсэн. Тэгж байтал нөгөө жолооч нь миний утас руу залгаад ирсэн байна гэж хэлсэн.Тэгээд би жолоочтой уулзахад туранхай залуу байсан...жолоочийг 15-16 ДГА улсын дугаартай машины жолооч Мөнхтөр гэж дууддаг залуугийнд аваачиж 10 ширхгийг буулгаад Мийнд очиж үлдсэнийг нь буулгаад явсан. Жолооч нь 2 хүнтэй хамт ирсэн. Тэгээд М маргааш юм уу нөгөөдөр нь би нутаг явлаа гээд Мийнд нөгөө 10 ширхэг шуудайтай чихэр өвсийг авчирч өгөөд явсан. Чихэр өвс ирдэг өдөр бол М 10 шуудайтай чихэр өвсийг Бийн гэрт аваачихад М гэртээ байгаагүй” гэсэн мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 127-130 дугаар хуудас/,

 

         Гэрч Ж.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М гэдэг нь намайг бага байхад дууддаг байсан нэр юм. Миний машины дугаар 15-16 ДУА улсын дугаартай саарал өнгийн фургон машин...2019 оны 05 дугаар сарын 17-ны шөнө манай гэрт цагаан өнгөтэй фронтер машин байсан байхаа шөнө дунд сайн харагдаагүй. Тэр үед Ц эгч ирээд танай гэрт 10 шуудай мод байгаа юм энийг танайд түр хураачихъя гэхээр нь би “тэг” гэсэн...Тэгээд би 4-5 хоногийн дараа Ц эгч дээр очоод би Дундговь явах боллоо энийгээ ав гээд өгсөн...гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 138-139 дүгээр хуудас/,

 

          Гэрч Б.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...85-52 ДГА дугаартай фургон машин нь миний нэр дээр бүртгэлтэй. Миний эзэмшлийн машин байгаа юм. Би энэ машиныг Ц.Гт бэлэглэсэн юм...З жилийн өмнө өгсөн...Гийнх болсон...” гэсэн мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 141-142 дугаар хуудас/,

 

           Гэрч Д.Жийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...96-94 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгсэл байгаа юм. Гэхдээ би энэ машиныг М эгчид 2 жилийн өмнө 2 сая төгрөгөөр худалдсан. Харин нэрээ шилжүүлж амжаагүй юм. ... жинхэнэ эзэмшиж байгаа хүн нь М эгч юм...”гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 143-144 дүгээр хуудас/,

 

            Шинжлэх ухааны академийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 06 сарын 10-ны өдрийн шинжээч М.Уын: “...Уг ургамлын дээж нь манай оронд тархсан Майлцтан /Арiaceae Lindley 1836/ овгийн Жиргэрүү /Saposhnikovia schischkin 1951/ төрөлд багтах Дэрэвгэр Жиргэрүү /Saposhnkovia divaricata 1951 / гэх зүйл ургамлын газрын доорх эрхтэн болох үндэс мөн. ..тарималжуулсан эсэхийг тодорхойлох боломжгүй...тухайн зүйл ургамлыг удаан хадгалах явцад өөрийн жингээ тодорхой бага хэмжээгээр алддаг. Уг зүйл нь ургамлын экологи эдийн засгийн /БОАЖ-ын сайдын 2015-07-09 өдрийн А-282 тушаалын хавсралтаар/ одоогийн үнэлгээгээр 1 кг нь 50581 төгрөг байна. ..." гэсэн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 149 дүгээр хуудас/,

 

           Иргэний нэхэмжлэгч Г.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дэрэвгэр, жиргэрүү ургамал нь Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолоор ховор ургамлын жагсаалтад орсон ургамал юм. Гадаад улсад гаргах асуудлыг байгалийн ургамлын тухай хуульд заасны дагуу төрийн захиргааны төв байгууллагад хүсэлт гаргаж шалгуулсны үндсэн дээр Байгаль орчин аялал жуулчлалын яамны олгосон зөвшөөрлийн дагуу экспортолдог. Байгалийн зэрлэг дэрэвгэр, жиргэрүүг улсын хилээр гаргахад манайхаас зөвшөөрөл авдаг. Байгалийн ургамлын тухай хуульд зааснаар зөвшөөрөл авах ёстой. Тармилжуулсан дэрэвгэр, жиргэрүүтэй холбоотой асуудлыг байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 6.3, 6.4 дүгээр заалтад заасны дагуу тармилжуулсан болохыг тодорхойлж байж гаргадаг. Тармилжуулсан дэрэвгэр, жиргэрүүг гадаад улсад гаргах хүсэлт ирүүлсэн аж ахуйн байгууллагад тармилжуулсныг нь нотолсны дараа улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийг дагаж гарсан Засгийн газрын 2011 оны 199 дүгээр тогтоолд заасны дагуу кг тутамд 1000 төгрөгийг төлүүлж мэргэжлийн хяналтын ерөнхий газар, гаалийн ерөнхий газарт албан тоотыг хүргүүлж улсын хилээр нэвтрүүлдэг. Манайхаас гаалийн ерөнхий газар, мэргэжлийн хяналтын ерөнхий газарт албан тоот хүргүүлээгүй бол тухайн дэрэвгэр, жиргэрүүг улсын хилээр нэвтрүүлэх боломжгүй юм. Яагаад гэвэл байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 6.4-т заасан төрийн захиргааны байгууллагын дүгнэлт гараагүй гэсэн үг юм. Зэрлэг дэрэвгэр, жиргэрүү ургамлыг түүж, бэлтгэн улсын хилээр нэвтрүүлж болохгүй. Байгаль орчин АЖЯ-ны сайдын 2018 оны 3 дугаар сарын А/43 дугаартай тушаалаар энэ ургамлыг байгалиас түүж бэлтгэхийг 2023 он хүртэл 5 жилийн хугацаатай хориглосон. Энэ тушаалтай холбоотой БОАЖЯ-наас 2018 оноос хойш энэ ургамлыг түүж бэлтгэх зөвшөөрөл огт олгоогүй. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасны дагуу “Ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” нөхөн төлнө гэж заасан тул энэ заалтын дагуу нийт хураагдсан ургамлын нийт дүнг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлж тухайн ургамлыг улсын орлого болгох саналтай байна...” гэсэн мэдүүлэг/2 дугаар хх-ийн 52-53 дугаар хуудас/,

 

           Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ны үнэлгээний тайланд 85-52 ДГА улсын дугаартай фургон автомашины үнэлгээ-1000 000, 96-94 ДГА улсын дугаартай фургон автомашины үнэлгээ -2000 000 төгрөгөөр тус тус үнэллээ. Гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 150-159 дүгээр хуудас/,

 

           Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын 2019 оны 07 дугаар сарын 17- ны өдрийн 5/08 дугаартай тогтоолд: “...96-94 ДГА, 85-52 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилж, У.М, Ц.Г нарт хадгалах үүрэг хүлээлгэсэн. /1 дүгээр хх-ийн 169-171 дүгээр хуудас/,

 

           2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр “Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолд: “...Ханги авто замын шалган нэвтрүүлэх боомтын 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хяналтын камерын бичлэг, 96-94 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хяналтын цагаан хуудас, ...нийт 567.3 кг дэрэвгэр, жиргэрүү ургамлыг эд мөрийн баримтаар тооцсон. ...” гэжээ /2 дугаар хх-ийн 54 дүгээр хуудас/,

 

          Гэрч Д.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:"... Би 2019 оны 05 сарын 29-ний өдөр Ханги авто замын боомт дээр ажиллаж байсан. Тухайн өдөр гүйцэтгэх ажлын шугамаар авагдсан мэдээллийн дагуу 96-64 ДГА 85-52 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслүүдэд улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон эд зүйл тээвэрлэж хилээр нэвтрүүлж болзошгүй гэсэн мэдээлэл ирсний дагуу машинуудыг саатуулан үзлэг шалгалтыг хийхэд машины кабинд нэвтрүүлэхийг хориглосон дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс илэрсэн. Үүний дагуу У.М Ц.Г нарын оршин суух байранд үзлэг шалгалт хийхэд Мийн гэрээс 40 гаран шуудайтай ургамлын үндэс бүхий зүйл боодолтой зүйл илэрсэн. ... Миний нэгжлэг хийсэн тэмдэглэлд 85- 52 ДГА болон 96-64 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслүүдээс илрүүлсэн 11.7 кг гэснийг У.М, Ц.Г нарын гэрээс нэгжлэгийн явцад хураан авсан 562.8 кг-ыг нэмээгүй, энэ дүнгээр нь бичсэн. Энэнээс болоод кг-ын зөрүү гарсан байна. Мөн 2019 оны 05 сарын 31-ний өдөр мөрдөгч илрүүлсэн болон нэгжлэгээр хурааж авсан ургамлын үндсийг хүлээж аваад баталгаат жингээр жинлэж, нийт дүнгээр 567.3 кг гэж бичсэн байна. Энэ 2-3 кг-ын зөрүү нь бидний жинлэсэн жин буруу байрлуулсан болоод зөрсөн байж магадгүй. ...” /2 дугаар хх-ийн 109-111 дүгээр хуудас/,

 

            Шинжээч М.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Уг шинжилгээг хийхэд ургамлын үндэс ирсэн. Уг үндсийг Дэрэвгэр жиргэрүү нэртэй ургамал болохыг мэргэжлийн ном, ургамал тодорхойлох бичигт зааснаар үзэж, тухайн ургамлыг Дэрэвгэр жиргэрүү болохыг тогтоосон юм. ... Дэрэвгэр жиргэрүү нэртэй ургамлыг тарьж ургуулсныг тогтоохын тулд тухайн хүн байгууллага нь тарьсан газраа биечлэн зааж өгөх шаардлагатай. ...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 112-113 дугаар хуудас/

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 130, 149/ зэрэг болно.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна  гэж шүүх үзэв.

 

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч У.М, Ц.Г нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Ханги мандал хилийн суурьшлын бүсэд байрлах У.Мийн агуулах буюу гражид задгай 5 кг, скочоор ороосон 43 ширхэг 179,2 кг, 45 ширхэг шуудайтай 364,9 кг зүйл, У.Гийн гэрт 7,3 кг шуудайтай зүйл, Мийн унаж байсан 96-94 ДГА улсын дугаартай  тээврийн хэрэгсэлд 6.05 кг, Гийн унаж байсан 85-52 улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 4.85 кг зүйл нуусан байсан нь тагнуулын байгууллагын үзлэг шалгалтаар илэрсэн үйл баримт болсон байх бөгөөд хадгалсан зүйл нь Ерөнхий болон Сорилын биологийн хүрээлэнгийн 2019 оны 06 сарын 10-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр Майлцтан овгийн Жиргэрүү төрөлд багтах Дэрэвгэр Жиргэрүү ургамлын газрын доорх эрхтэн болох үндэс болох нь тогтоогдсон байна.

 

Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 4-т “Ховор ургамалд байгалийн жамаар нөхөн сэргэх чадвар хязгаарлагдмал, тархац, нөөц багатай, устаж болзошгүй ургамал хамаарна. Ховор ургамлын жагсаалтыг Засгийн газар батална” гэж заасан бөгөөд Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолоор баталсан ховор ургамлын жагсаалтын 350-д уг Дэрэвгэр Жиргэрүү гэх ургамал нь бичигдсэн байна.

 

Шүүгдэгч У.М нь 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 29-ний хооронд  ховор ургамал болох 567.3 кг дэрвэгэр жиргэрүүг Хатанбулаг сумын нутаг дэвсгэр Ханги хилийн боомтын суурьшлын бүсэд байрлах гэрийнхээ агуулах буюу гражид хадгалж,үүнээс 6.05 кг-ийг 96-94 ДГА улсын дугаартай УАЗ-396252 маркийн тээврийн хэрэгсэлд нуусан,

 

Шүүгдэгч Ц.Г нь 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ховор ургамал болох  дэрэвгэр жиргэрүүг Хатанбулаг сумын нутаг дэвсгэр Ханги хилийн боомтод байрлах гэрийнхээ амбаарт 7,2 кг-ийг, 85-52 ДГА улсын дугаартай УАЗ 3962 маркийн тээврийн хэрэгсэлд 4,85 кг-ийг нийт 12.05 кг-ийг нуусан,хадгалсан  болох нь шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан  2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, прокурорын зөвшөөрлийн дагуу утасны холболтод үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч С.Цын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр...М гэртээ байгаагүй...гэрийнхээ түлхүүрийг байшингийн зүүн талд байрлах амбаарын ард талд хадаас байдаг. Тэнд түлхүүрээ үлдээчихдэг юм. Тэр өдрийн 7-8 цагийн үед Хуар  миний дугаар руу залгаад “миний ачаа ирж байгаа Мийн гэрт буулгана” гэхээр нь би “түрээс мөнгө төлөх юм уу” гэсэн чинь “төлнө” гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд 22 цагийн үед миний утас дуугараад ...Хуарын ачааг авчирлаа, хаана буулгах вэ” гэхээр нь би Мийн гэрийг зааж өгөөд түлхүүр хаана байгааг хэлсэн...” гэсэн мэдүүлэг, Иргэний нэхэмжпэгч Г.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дэрэвгэр, жиргэрүү ургамал нь Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолоор ховор ургамлын жагсаалтад орсон ургамал юм. ...Тармилжуулсан дэрэвгэр, жиргэрүүг гадаад улсад гаргах хүсэлт ирүүлсэн аж ахуйн байгууллагад тармилжуулсныг нь нотолсны дараа улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийг дагаж гарсан Засгийн газрын 2011 оны 199 дүгээр тогтоолд заасны дагуу кг тутамд 1000 төгрөгийг төлүүлж мэргэжлийн хяналтын ерөнхий газар, гаалийн ерөнхий газарт албан тоотыг хүргүүлж улсын хилээр нэвтрүүлдэг. Манайхаас гаалийн ерөнхий газар, мэргэжлийн хяналтын ерөнхий газарт албан тоот хүргүүлээгүй бол тухайн дэрэвгэр, жиргэрүүг улсын хилээр нэвтрүүлэх боломжгүй юм. Яагаад гэвэл байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 6.4-т заасан төрийн захиргааны байгууллагын дүгнэлт гараагүй гэсэн үг юм. Байгаль орчин АЖЯ-ны сайдын 2018 оны 3 дугаар сарын А/43 дугаартай тушаалаар энэ ургамлыг байгалаас түүж бэлтгэхийг 2023 он хүртэл 5 жилийн хугацаатай хориглосон. Энэ тушаалтай холбоотой БОАЖЯ-наас 2018 оноос хойш энэ ургамлыг түүж бэлтгэх зөвшөөрөл огт олгоогүй. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасны дагуу “Ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” нөхөн төлнө гэж заасан тул энэ заалтын дагуу нийт хураагдсан ургамлын нийт дүнг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлж тухайн ургамлыг улсын орлого болгох саналтай байна...” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:"... Би 2019 оны 05 сарын 29-ний өдөр Ханги авто замын боомт дээр ажиллаж байсан.Тухайн өдөр гүйцэтгэх ажлын шугамаар авагдсан мэдээллийн дагуу 96-64 ДГА 85-52 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслүүдэд улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон эд зүйл тээвэрлэж хилээр нэвтрүүлж болзошгүй гэсэн мэдээлэл ирсний дагуу машинуудыг саатуулан үзлэг шалгалтыг хийхэд машины кабинд нэвтрүүлэхийг хориглосон дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс илэрсэн. Үүний дагуу У.М Ц.Г нарын оршин суух байранд үзлэг шалгалт хийхэд Мийн гэрээс 40 гаран шуудайтай ургамлын үндэс бүхий зүйл боодолтой зүйл илэрсэн.” гэсэн мэдүүлэг, шинжээч М.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Уг шинжилгээг хийхэд ургамлын үндэс ирсэн. Уг үндсийг Дэрэвгэр жиргэрүү нэртэй ургамал болохыг мэргэжлийн ном, ургамал тодорхойлох бичигт зааснаар үзэж, тухайн ургамлыг Дэрэвгэр жиргэрүү болохыг тогтоосон юм. ...” гэсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзлээ.

Ховор ургамлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн болон бусдын орон байр, агуулахад эзэмшил, ашиглалтад байлгахыг хадгалсан гэж үзэх бөгөөд хуульд хадгалсан хугацааг цаг, минутаар хэмжиж тодорхойлоогүй ба гэм буруугийн санаатай хэлбэртэй, зохих зөвшөөрөлгүйгээр уг ургамлыг хадгалсан идэвхтэй үйлдлээр илэрдэг. Ховор ургамлыг бэлтгэх, хадгалах...авахад эрх бүхий этгээдээс зохих зөвшөөрөл заавал авахыг журамласан ба шүүгдэгч нар нь хуулиар тогтоосон үүргийг хэрэгжүүлээгүй байна.

 

Тээвэрлэсэн гэж эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр 1 газраас нөгөө газарт зөөж шилжүүлсэн үйлдэл юм. Харин шүүгдэгч У.М, Ц.Г нар нь Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Ханги мандал хилийн суурьшлын бүсэд байрлах У.Мийн агуулах буюу гражид эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр шилжүүлэн зөөж тээвэрлэн очсон байсан дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсээс У.М 6,05 кг-ийг, Ц.Г 4,85 кг-ийг  Монгол улсын хилээр,гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэхээр тээврийн хэрэгсэлдээ нуун далдалж авч явсан үйлдлийг зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлыг тээвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд шүүгдэгч нар нь дээрх ургамлыг хадгалж байсан газраасаа Монгол улсын хилээр нэвтрүүлэх зорилгоор авч явсан байна.  

 

Иймд прокуророос У.М, Ц.Г нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс “тээвэрлэсэн” гэх үйлдлийг  хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлыг хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч У.М, Ц.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

 Шүүгдэгч У.М, Ц.Г нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээ, үйлдсэн хэргээ шударгаар хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч У.Г нь 8 настай хүүгийн хамт амьдардаг, улсын яллагч, өмгөөлөгч нарын гаргасан дүгнэлт зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

 

         Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоож, нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар заасан нь байгаль орчинд хохирол учруулсан гэм буруутай этгээдээр тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээнээс гадна түүнийг нөхөн сэргээж,хамгаалахтай холбоотой гарах зардал буюу хор уршгийг нөхөн төлүүлэхэд чиглэгдэж байна.

 

         Харин “Байгалийн ургамлын тухай” хуульд ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор хадгалсан үйлдлийг тухайн ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр түүж ургамлын аймагт шууд хохирол учруулсан үйлдэлтэй адилтган үзэх, улмаар тухайн ургамлыг худалдан авсан хүнээс уг ургамлын үнэлгээг өсгөн нэмэгдүүлсэн дүнгээр нөхөн төлүүлэх заалт байхгүй байна.

        

         Шүүгдэгч нар нь нийт 567,3 кг “Дэрэвгэр жиргэрүү” ургамлын үндсийг өөрөө түүж бэлтгээгүй, харин бусдын түүж бэлтгэсэн ургамлыг хадгалсан байх тул шүүгдэгч нарын үйлдлийн улмаас ургамлын аймагт шууд хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй байх тул тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг 5 дахин өсгөн нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгчийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

         Харин хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 567,3 кг Дэрэвгэр жиргэрүү ургамлыг улсын төсөвт оруулж, шинжээчийн дүгнэлтээр /1-р хх-ийн 149/ “тухайн зүйл ургамлыг удаан хадгалах явцад өөрийн жингээ тодорхой бага хэмжээгээр алддаг” гэж мэдүүлсэн тул борлуулах үеийн жингээр тооцож, орлогыг улсын төсөвт оруулахыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

          

         Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэх үедээ 85-52 ДГА улсын дугаартай УАЗ-Фургон маркийн Х0002471 арлын дугаартай, 96-94 ДГА улсын дугаартай, саарал өнгийн УАЗ-Фургон маркийн тээврийн хэрэгслийг ашиглаагүй тул битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийн хууль ёсны эзэмшигч нарт олгохоор шийдвэрлэв.  

 

         Шүүгдэгч У.М, Ц.Г нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий CD 1 ширхгийг хавтаст хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.1, 36.2, 36.3, 36.5 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

         1.Шүүгдэгч У.М, Ц.Г нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснээс ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр тээвэрлэсэн гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Шүүгдэгч Х овогт У.М, М овогт Ц.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Мд хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар, шүүгдэгч Ц.Гт  хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч У.М, Ц.Г нарт тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргийг хүлээлгэж,мөн  хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.М, Ц.Г нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг үүргийг хүчингүй болгож энэ хуулийн 6.1-д зааснаар ял оногдуулахыг анхааруулсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  85-52 ДГА улсын дугаартай УАЗ-Фургон маркийн Х0002471 арлын дугаартай тээврийн хэрэгсэл, 96-94 ДГА улсын дугаартай саарал өнгийн УАЗ-Фургон маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 5/08 дугаартай прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг хууль ёсны өмчлөгч болох Улаанбадрах сумын 1-р багийн иргэн Б.Ц, Хатанбулаг сумын 2-р багийн иргэн Д.Ж нарт буцаан олгосугай.

          6.Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий CD 1 ширхгийг хавтаст хэрэгт хавсарган үлдээж, 567,3 кг дэрвэгэр жиргэрүү ургамлыг тухайн үеийн жингээр борлуулж орлогыг улсын төсөвт оруулахаар Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

          7.Шүүгдэгч У.М, Ц.Г нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

          8.Шүүгдэгч У.М, Ц.Г нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

          9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

          10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

  11.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй    

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.АДЪЯАСҮРЭН