Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 756

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 11 өдөр

      Дугаар 182/ШШ2017/00756

                  Улаанбаатар хот

 

    

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, шүүгч Ж.Байгалмаа, Ч.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, 1 дүгээр баг, Баянхайрхан хөгжил 2 дугаар байрны 1 тоотод оршин суух, Монгол овогт Доржийн Батбилэг /РД:ДЭ76123014/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Жуулчны гудамж, Макс цамхаг, 7 давхар, 701, 702 тоотод байрлах “Тогтвортой амьжиргаа-3” төсөл,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, С.Данзангийн гудамж, Засгийн газрын 2 дугаар байранд байрлах Сангийн яаманд тус тус холбогдох,

 

Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 9-2/6003 тоот албан бичгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгуулах, Нийгмийн даатгалын сангаас олгогдох ажилгүйдлийн тэтгэмжийг авч чадаагүй хохиролд 2,651,162 төгрөг, ээлжийн амралтын олговор 1,080,000 төгрөг, нийт 3,731,162 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

Д.Батбилэгээс 2,525,000 төгрөгийг гаргуулахыг хүссэн Сангийн яам болон Тогтвортой амьжиргаа 3 төсөл хэрэгжүүлэх нэгжийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батмөнх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оргилсайхан, Б.Жигжид, иргэдийн төлөөлөгч Д.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Огторгуй нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч Д.Батбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батмөнх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Монгол Улсын Сангийн яам нь Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банк хооронд байгуулагдсан “Санхүүжилийн хэлэлцээр”-ийн дагуу “Тогтвортой амьжиргаа 3 төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа билээ. Сангийн яамнаас энэхүү төслийг хэрэгжүүлэхдээ “Тогтвортой амьжиргаа 3” төсөл хэрэгжүүлэх нэгжийг байгуулсан бөгөөд тус төсөл хэрэгжүүлэх нэгж нь 21 аймагт 5 хүний бүрэлдэхүүнтэй сум дэмжих багтайгаар үйл ажиллагаагаа явуулж байсан.

Нэхэмжлэгч Д.Батбилэг нь Говь-Алтай аймгийн сум дэмжих багт хяналт- шинжилгээ, үнэлгээ, тайлан хариуцсан мэргэжилтнээр сарын 1,500,000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан. Тухайн үед “Тогтвортой амьжиргаа 3” төсөл хэрэгжүүлэх нэгжээс ажилтнуудтай Хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан.

Хөлсөөр ажиллах гэрээг анх 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд байгуулсан ба гэрээний хугацааг 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд буюу 2 сарын хугацаагаар сунгасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д “байнгын ажлын байр” гэж ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүргийг” хэлнэ гэж тодорхойлсон бөгөөд Д.Батбилэгийн ажиллаж байсан ажлын байр нь түр зуурын бус байнгын ажлын байр байсан.

Тодруулбал хөлсөөр ажиллах гэрээний хавсралт болох “Ажлын байрны тодорхойлолт”-д заасан ажил үүргийн хүрээнд ажлын 5 өдөр, амралтын 2 өдрийн давтамжтайгаар ажиллаж байсан. Мөн энэхүү ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэг нь нэг удаагийн шинжтэй ажил үүрэг биш байнгын тогтмол, давтагдах шинжийг агуулсан ажил үүргүүд байгаа уг ажлын байр нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан байнгын ажлын байр болохыг харуулж байна. Түүнчлэн хөлсөөр ажиллах гэрээнд ажил үүрэг, амралт, цалин хөлс, ээлжийн амралтын харилцааг тусгаж зохицуулсан байгаа нь энэ байдлыг давхар нотолж байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд үүссэн харилцаа нь хөлсөөр ажиллах гэрээний биш хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байгаа бөгөөд ажил олгогч өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээний харилцааг цуцалж байгаа нөхцөлд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг баримтлах учиртай гэж үзэж байна. Гэтэл ажил олгогчийн зүгээс хуулийн энэхүү заалтыг баримтлаагүй.

Мөн Хөлсөөр ажиллах гэрээний 7.1-д “Туршилтын 6 сарын хугацаа дуусгавар болсонтой холбогдуулж захиалагч нь ажилтантай байгуулсан гэрээний биелэлтийн үнэлгээг үндэслэн гэрээг 1 хүртэл жилээр сунгаж болно” гэж заасан боловч ийнхүү гэрээний биелэлтийг огт дүгнээгүй, нөгөөтэйгүүр “Тогтвортой амьжиргаа 3” төсөл хэрэгжүүлэх нэгж гэрээ байгуулсан байхад Сангийн яам шийдвэр гарган ажлаас чөлөөлж байгаа нь хууль бус гэж үзэж байна.

Иймд Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016.09.28-ны өдрийн 9-2/6003 тоот албан бичгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийлгүүлж, ажилгүйдлийн тэтгэмжид авах ёстой байсан хохирол 2,651,162 төгрөг, хөлсөөр ажиллах гэрээнд заасан ээлжийн амралтын олговор болох 1,080,000 төгрөг нийт 3,731,162 төгрөгийг хариуцагч “Тогтвортой амьжиргаа 3” төсөл хэрэгжүүлэх нэгж, болон Сангийн яамнаас хувь тэнцүүлэн гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оргилсайхан шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...нэхэмжлэгч Д.Батбилэгтэй Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хөдөлмөрийн гэрээ бус харин Иргэний хуулийн дагуу хөлсөөр ажиллах гэрээг байгуулж ажилласан юм.

Хөлсөөр ажиллах гэрээний зохицуулалт нь Хөдөлмөрийн гэрээнээс өөр харилцаагаар зохицуулагддаг бөгөөд хөлслүүлэгч нь тухайн иргэний нийгмийн даатгал төлөх, хөдөлмөрийн хуулиар олгогдсон амралт эдлүүлэх болон бусад үүрэг хүлээдэггүй.

Хөдөлмөрийн гэрээ нь тогтвортой, урт хугацаанд хэрэгждэг, хөдөлмөрийн хуульд заасан эрхийг эдлэх зэрэг давуу талуудыг олгодогоороо онцлогтой гэрээ юм. Бидний хэрэгжүүлж буй Тогтвортой амьжиргаа төсөл нь тодорхой хугацаанд буюу 3 жилд хэрэгжиж дуусах ёстой бөгөөд Хөдөлмөрийн хуульд заасан шиг тогтвортой ажлын байр биш юм.

Хэдийгээр гэрээний 9.1-д зааснаар “ажилтны жилд авах ээлжийн үндсэн амралтын хугацаа нь ажлын 15 өдөр байх ба гэрээт ажлыг гүйцэтгэснээс хойш 8 дахь сараас эхлэн ээлжийн амралт авах эрх нээгдэнэ” гэсэн боловч гэрээний 7.1-д заасны дагуу ажилчдын хөлсөөр ажиллах гэрээг 1 хүртэл жилээр сунгаагүй мөн гэрээний хугацаа дууссантай холбогдсон харилцаа үүссэн.

Гэрээний хугацаа нь дуусгавар болсон нь тухайн ажилтанд ямар нэгэн ээлжийн болон бусад амралт авах эрх нэгэн адил дуусгавар болж байх тул ээлжийн амралтын мөнгө олгох хуулийн болон гэрээний үндэслэл байхгүй юм.

Нөгөөтэйгүүр гэрээний 8 дугаар зүйлд гэрээ дуусгавар болох үндэслэл, журмыг зохицуулсан байх бөгөөд дараах 3 үндэслэлийг заасан байгаа. Үүнд

1. Гэрээний хугацаа дууссан, эсхүл гэрээт ажил дууссан

2. Захиалагч /Сангийн яам/ гэрээг цуцлах шийдвэр гаргасан

3. Ажилтны хүсэлтээр гэж тус тус заасан

Дээрх зохицуулалтаас харахад нэгдүгээрт: Гэрээний хугацаа дууссан, хоёрдугаарт: Захиалагч гэрээг цуцлах шийдвэр гаргах бүрэн эрхтэй байх бөгөөд уг эрхээ хэрэгжүүлсэн нь гэрээ болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн манай төслийн хувьд ажилчдын олговол зохих хөлсийг бүрэн олгож байсан өөрөөр хэлбэл гэрээний үүргээ хангалттай биелүүлэн ажиллаж байсныг энд дурдах нь зүйтэй. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

            Хариуцагч Тогтвортой амьжиргаа 3 төслийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жигжид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэмж хэлэх зүйл байхгүй. Энэ нэхэмжлэлийн шаардлагын хувьд бид нэгдмэл байр суурьтай байгаа учраас Д.Батбилэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг дэмжиж байна...” гэв.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн Д.Батбилэгтэй байгуулсан Хөлсөөр ажиллах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д “захиалагч нь ажилтны ажлын хөлсөнд сард 1,500,000 төгрөг төлөх бөгөөд үүнд хүн амын орлогын албан татвар, хувь хүний нийгмийн даатгалын шимтгэл багтсан болно.” гэж тодорхой заасан.

Үүнээс Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу үндсэн цалингаас 150,000 төгрөгийн татварыг суутган авч улсын төсөвт төлдөг байсан. Харин Нийгмийн даатгалын шимтгэлийг Д.Батбилэгийн гарт очих цалин дээр нэмж нийт 1,350,000 төгрөгийг cap бүр олгосон юм.

Тодруулбал энэхүү 1,350,000 төгрөгт ажил олгогчийн зүгээс төлөх ёстой 165,000 /1,500,000 х 11 хувь=165,000 төгрөг/ болон даатгуулагчаас төлөх ёстой 150,000 / 1,500,000 х 10 хувь= 150,000/ төгрөг буюу нийт 315,000 /1,500,000 х 21 хувь=315,000/ төгрөг багтсан. Өөрөөр хэлбэл даатгуулагчаас нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг хасаж 1,035,000 төгрөгийг тухайн ажилтны гарт олгох ёстой юм.

Гэтэл манай зүгээс нэхэмжлэгч Д.Батбилэгт Нийгмийн даатгалын шимтгэл төлөх мөнгийг нь гэрээндээ заасны дагуу бэлнээр өөрт нь олгоод явж байсан учраас бидний түүнд өгсөн нийгмийн даатгалын шимтгэлийн нийт /8 х 315,000 төгрөг/ 2,520,000 төгрөгийг гаргуулан бидэнд олгож өгнө үү...” гэв.

 

Д.Батбилэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: “...Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан “Хөлсөөр ажиллах гэрээ”-ний дагуу ажиллаж байгаа иргэнийг нийгмийн даатгалд албан журмаар даатгуулахаар заасан.

Мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр cap бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ” гэж заасны дагуу Д.Батбилэгийн ажилласанд хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг “Тогтвортой амьжиргаа 3” төсөл хэрэгжүүлэх нэгжээс заавал төлөхөөр байсан боловч төлөөгүй.

Хэрэв “Тогтвортой амьжиргаа 3” төсөл хэрэгжүүлэх нэгж нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан журмын дагуу төлсөн бол Д.Батбилэг нь Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлд заасны дагуу ажилгүйдлийн тэтгэмж авах эрх нь үүсэх байсан.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “ажил олгогч шимтгэл ногдох хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг нуусан буюу ... бол нуусан ... орлогод ногдох шимтгэлийг нөхөн төлүүлж, мөн орлоготой тэнцэх хэмжээний алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэж заажээ.

Хуулийн энэ заалтаас үзэхэд хэрэв ажил олгогч ажилтны нийгмийн даатгалын шимтгэл ногдох ёстой орлогыг нь нууж шимтгэлийг нь төлөөгүй тохиолдолд ажил олгогч өөрөөс төлөх болон ажилтнаас төлөх ёстой байсан нийгмийн даатгалын шимтгэлийг өөрөө бүрэн хариуцаж нөхөн төлөхөөр байгаа тул хариуцагч ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг одоо ажилтнаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Хариуцагч “Тогтвортой амьжиргаа 3” төсөл хэрэгжүүлэх нэгж нь сум дэмжих багт ажиллаж байсан 105 хүний нийгмийн даатгалын шимтгэлийг огт төлөөгүй бөгөөд энэ дүн нь нийт 200 орчим сая төгрөг болж байгаа бөгөөд эдгээр хүмүүс харин ч өнөөдрийг хүртэл энэ асуудлаар нийгмийн даатгалын байгууллагад өргөдөл, гомдол гаргаагүй хүлээцтэй хандаж байгаа бөгөөд хариуцагч нар нь энэ байдлаар нэхэмжлэгчийг хохироосоор байх юм бол цаашид нийгмийн даатгалын байгууллагад гомдол гаргаж уг төсөл хэрэгжүүлэх нэгжид нийгмийн даатгалын асуудлаар нь шалгалт оруулна гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Иймд Монгол Улсын Сангийн Яам болон Тогтвортой амьжиргаа 3 төсөл хэрэгжүүлэх нэгжээс Д.Батбилэгт холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэл 2,520,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Д.Батбилэг нь хариуцагч Сангийн яам болон Тогтвортой амьжиргаа 3 төсөл хэрэгжүүлэх нэгжид тус тус холбогдуулан Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 9-2/6003 тоот албан бичгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгуулах, Нийгмийн даатгалын сангаас олгогдох ажилгүйдлийн тэтгэмжийг авч чадаагүй хохиролд 2,651,162 төгрөг, ээлжийн амралтын олговор 1,080,000 төгрөг, нийт 3,731,162 төгрөг гаргуулах,

           

            Хариуцагч Сангийн яам болон Тогтвортой амьжиргаа 3 төсөл хэрэгжүүлэх нэгж нь Д.Батбилэгт холбогдуулан Нийгмийн даатгалын шимтгэлд төлөхөөр илүү олгосон 2,525,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

 

            Талууд хэн аль нь үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаа талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь байнгын ажлын байрны бүх шинжийг агуулсан учраас Хөлсөөр ажиллах гэрээ биш Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа буюу хөдөлмөрийн гэрээ учраас ажил эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгуулах, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, Нийгмийн даатгалын сангаас олгогдох ажилгүйдлийн тэтгэмжийг авч чадаагүй хохиролд 2,651,162 төгрөг, ээлжийн амралтын олговор 1,080,000 төгрөг, нийт 3,731,162 төгрөг гаргуулах гэж тайлбарласан.  

 

            Нэг: Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, Нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлагын тухайд:

Монгол улсын Засгийн газар, Олон улсын хөгжлийн ассоцианци хооронд 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Зээлийн 5487 МН дугаар бүхий “Тогтвортой амьжиргаа 3 төсөл” Санхүүжилтийн хэлэлцээр байгуулагдаж, улмаар Монгол улсын Сангийн сайдын 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 104 дугаартай “Төсөл хэрэгжүүлэх нэгжийг байгуулах тухай” тушаал болон түүний хавсралтаар Төсөл хэрэгжүүлэх нэгжийн бүтэц бүрэлдэхүүнийг баталжээ.

 

Монгол улсын Сангийн сайдын 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 196 дугаартай “Журам батлах тухай” тушаалаар Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журмыг хавсралтаар баталсан байна.

 

Энэ журмын 16 дугаар зүйлийн 16.6-д “Төслийн зохицуулагч нь төсөл хэрэгжүүлэгч байгууллагын төсвийн шууд захирагчтай, санхүүгийн ажилтан болон худалдан авалт хариуцсан ажилтан нь Сангийн яамны төсвийн шууд захирагч болон төслийн захирал, төслийн зохицуулагчтай, бусад ажилтнууд нь төсөл хэрэгжүүлэгч байгууллагын төсвийн шууд захирагч болон төслийн зохицуулагчтай хөлсөөр ажиллах гэрээг гурвалсан хэлбэрээр байгуулна”, мөн журмын 16.7-д “Төслийн зохицуулагч, санхүүгийн ажилтан болон бусад ажилтнуудтай байгуулах хөлсөөр ажиллах гэрээг 1 жилээс ихгүй хугацаагаар байгуулах ба аливаа гэрээ нь тухайн хуанлийн жилийн эцсээр дуусгавар болно” гэж тус тус заажээ.

 

Дээрх хэлэлцээр болон журмыг үндэслэн Төсөл хэрэгжүүлэх нэгж нь нэхэмжлэгч Д.Батбилэгтэй 2016 оны 02 дугаар сарын 01-нд 02 дугаартай “Хөлсөөр ажиллах гэрээ”-г байгуулж, Тогтвортой амьжиргаа 3 төслийн Говь-Алтай аймгий Сум дэмжих багийн ахлагч-хяналт, шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаатай, сард 1,500,000 төгрөг цалин, хөлсийг авах, үүнд нь Хүн амын орлогын албан татвар, хувь хүний Нийгмийн даатгалын шимтгэл багтахаар гэрээ байгуулсан байна. /хх-ийн 5-13 х/,

 

Талуудын хооронд байгуулагдсан 02 тоот хөлсөөр ажиллах гэрээний 3.1-д “гэрээний хугацаа 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2016 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хүчин төгөлдөр байна” гэж тохиролцсон байх ба талууд гэрээний хугацаа дуусахад харилцан тохиролцон гэрээг дахин 2 сарын хугацаагаар буюу 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 72/19 тоот “Хөлсөөр ажиллах гэрээнд өөрчлөлт оруулах тухай” гэрээг байгуулж /хх-ийн 31 дүгээр хуудасны ар тал/ 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаагаар сунгасан болох нь зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

 

Гэрээ хүчин төгөлдөр үйлчлэх дээрх хугацаанд уг гэрээний хавсралт болох ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүргээ нэхэмжлэгч буюу ажиллагч нь зохих ёсоор биелүүлсэн талаар зохигч маргаагүй бөгөөд Төрийн банкны депозит дансны харилцагчийн монгол хуулга, 2016 оны 02 дугаар сараас 9 дүгээр саруудын Сум дэмжих багийн гишүүдийн цалингийн гүйлгээний жагсаалт зэргээр ажиллуулагч буюу хариуцагч нь 2016 оны 9 дүгээр сарын 30-ныг дуустал хугацаанд ажлын хөлсийг бүрэн төлж байсан талаар талууд хэн аль нь маргаагүй болно.

 

            Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д "Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ" гэж заасны дагуу талуудын хооронд “Хөлсөөр ажиллах гэрээ” хуульд заасны дагуу байгуулагдсан байна гэж үзнэ.

 

Гэвч нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн харилцаа үүссэн, хариуцагч нь хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж тус тус маргаж байна.

 

Тодорхой хугацаатай эрхлэх, дахин давтагдах шинжтэй ажил үүргийг гүйцэтгэхэдээ талууд Иргэний хуулийн Хөлсөөр ажиллах гэрээ, Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хөдөлмөрийн гэрээний аль алиныг нь сонгон хэрэглэх боломжтой байдаг.

 

            Энэхүү маргааны хувьд Монгол улсын Засгийн газар, Олон улсын хөгжлийн ассоцианци хооронд 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр “Зээлийн 5487 МН дугаар бүхий “Тогтвортой амьжиргаа 3 төсөл” Санхүүжилтийн хэлэлцээр байгуулагдсан байх бөгөөд Төслийг санхүүжүүлэгч болох гуравдагч этгээдийн хүсэл зоригоос шууд хамаарч байх тул Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа буюу Хөдөлмөрийн гэрээ бус Хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдах үндэслэл болжээ.

 

            Иргэний хуулийн 365 дугаар зүйлийн 365.2-т “Хөлсөөр ажиллах гэрээг таваас дээш жилийн хугацаатай байгуулсан бол ажиллагч нь гэрээ байгуулснаас хойш 5 жилийн дараа гэрээг цуцалж болно...” гэж заасан.

 

            Монгол улсын Сангийн сайдын 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 9-2/6003 тоот “Тогтвортой амьжиргаа 3 төслийн орон нутаг дахь сум дэмжих багууд”-ад хүргүүлсэн албан бичгийн агуулгаас үзэхэд “...Төслийг санхүүжүүлэгч эдгээр олон улсын байгууллагуудтай хийгдсэн яриа хэлэлцээр Тогтвортой амьжиргаа 3 төслийн баримт бичиг нь 2012 онд боловсруулагдсан, өнөөгийн нөхцөл байдалд төдийлөн нийцэхгүй байгаа тул төслийн дизайн, хэрэгжилтийн зохицуулалтыг эргэн харж, бүтцийн өөрчлөлт зайлшгүй хийх шаардлагатай гэсэн нэгдсэн дүгнэлтэд хүрсэн. Ийнхүү төслийн хүрээнд дараах арга хэмжээнүүдийг авахаар харилцан тохиролцоод байна. Үүнд: “... сум дэмжих багуудын үйл ажиллагааг 2016 оны 9 дүгээр сарын 30-наар дуусгавар болгох”, ...хөлсөөр ажиллах гэрээг 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөр дуусгавар болгож дахин сунгахгүй болохыг үүгээр мэдэгдэж байна...” гэсэн нь цаашид талуудын хооронд байгуулагдсан гэрээ сунгах боломжгүй болсныг илэрхийсэн ба ингэснээрээ төсөл хэрэгжүүлэгч байгууллагын албан тушаалтан нь хөлсөөр ажиллагч талд зохих журмын дагуу гэрээг дуусгавар болгож байгаагаа мэдэгдсэн гэж үзэхээр байна.

 

Хөлсөөр ажиллах гэрээний талууд 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 72/19 тоот “Хөлсөөр ажиллах гэрээнд өөрчлөлт оруулах тухай” гэрээг байгуулж,  2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаагаар сунгасан байх тул дээрх гэрээний хугацаа дуусгавар болсон нь Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1-д “Хөлсөөр ажиллах гэрээ тохирсон хугацаа дууссанаар дуусгавар болно” гэж заасантай нийцэж байх тул нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн Д.Батбилэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Хоёр: Нийгмийн даатгалын сангаас олгогдох ажилгүйдлийн тэтгэмжийг авч чадаагүй хохиролд 2,651,162 төгрөг, ээлжийн амралтын олговор 1,080,000 төгрөг, нийт 3,731,162 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Д.Батбилэг нь хариуцагч нарын буруутай үйлдлийн улмаас Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадаагүйн улмаас учирсан хохирол 2,651,162 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардсан.

 

Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-д “Даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах эрх анх үүснэ”, 2 дугаар зүйлийн 2-т “Урьд нь ажилгүйдлийн тэтгэмж авсан даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэл 12 сар төлсөн нөхцөлд тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах эрх нь дахин үүснэ”, мөн хуулийн 5 дугаар зүйлд “Ажлаас халагдсан даатгуулагч ажил олгогчтойгоо тооцоо хийж дууссанаас хойш 14 хоногийн дотор, хүндэтгэн үзэх шалтгаантай бол 3 хүртэл сарын дотор оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ хөдөлмөр эрхлэлтийн алба, уг бирж байхгүй бол нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй” гэж тус тус заасан.

 

Нэхэмжлэгч нь 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс хойш буюу Хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгох тухай мэдэгдсэнээс хойш 14 хоногийн хугацаанд ажилгүй болсноо харъяалах нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлсэн, бүртгүүлэхээр хүсэлт гаргасан талаар нотлох баримтыг гаргаж өгөөгүй бөгөөд энэ талаар хэрэгт авагдсан баримтгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т тус тус зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, гэм буруу болон шаардлага ба татгалзлаа нотлох үүрэгтэй болохыг тодорхойлсон байдаг ба нэхэмжлэгч нь энэ талаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

 

Ийм учраас нэхэмжлэгчийг дээрх тэтгэмжийг авахаар Нийгмийн даатгалын байгуулагад бүртгүүлэх эрхээ хэрэгжүүлээгүйд нь хариуцагч нарыг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Сангийн яам болон Тогтвортой амьжиргаа 3 төсөл хэрэгжүүлэх нэгжээс ажилгүйдлийн тэтгэмжид олгогдох ёстой байсны хохиролд 2,651,162 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох боломжгүй байх энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.

           

Харин ээлжийн амралтын олгов ор 1,080,000 төгрөг нэхэмжилсэн шаардлагын хувьд талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаартай “Хөлсөөр ажиллах гэрээ”-ний 9 дүгээр зүйлийн 9.1-д “Ажилтны жилд авах ээлжийн үндсэн амралтын хугацаа нь ажлын 15 өдөр байх ба гэрээт ажлыг гүйцэтгэснээс хойш 8 дахь сараас эхлэн ээлжийн амралт авах эрх эдэлнэ” мөн 9.2-т “Ажилтны ээлжийн амралтын хугацаанд тухайн ажлын жилийн дундаж цалин хөлсний хэмжээг 20 хувиар бууруулан ээлжийн амралтын олговрыг олгоно” гэж талууд тохиролцсон болох нь хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Д.Батбилэг нь 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл бүтэн 8 сарын хугацаанд Тогтвортой амьжиргаа 3 төсөл хэрэгжүүлэх нэгжид Говь-Алтай аймгийн Сум дэмжих багийн ахлагч-хяналт, шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр ажилласан бөгөөд 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс Хөлсөөр ажиллах гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан ээлжийн амралт авах эрх нь үүссэн байна.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д “Үүрэг гүйцэтгүүлэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасан нь гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар ээлжийн амралтын олговрыг дундаж цалин хөлсний хэмжээг 20 хувиар бууруулан тооцож /1,350,000 х 20 хувь/ 1,080,000 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гурав: Сөрөг нэхэмжлэлийн Д.Батбилэгээс 2,520,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Сангийн яам болон Тогтвортой амьжиргаа 3 төсөл хэрэгжүүлэх нэгж нь цалинтай хамт өгсөн Нийгмийн даатгалын шимтгэлийн 2,520,000 төгрөгийг Д.Батбилэгээс гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргасан.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаартай “Хөлсөөр ажиллах гэрээ”-ний 4 дүгээр зүйлийн 4.1-д “Захиалагч нь ажилтны ажлын хөлсөнд сард 1,500,000 төгрөг төлөх бөгөөд үүнд хүн амын орлогын албан татвар, хувь хүний нийгмийн даатгалын шимтгэл багтсан болно” мөн гэрээний 4.2-т “Ажилтанд төлөх ажлын хөлсний төлбөрөөс хүн амын орлогын албан татварыг хуульд заасны дагуу суутган тооцно” гэж тохиролцжээ.

 

Сангийн яам болон Тогтвортой амьжиргаа 3 төсөл хэрэгжүүлэх нэгж нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа бид Д.Батбилэгт олгох 1,500,000 төгрөгөөс хуульд заасны дагуу хүн амын орлогын албан татвар 150,000 төгрөгийг суутгаж, 1,350,000 төгрөгийг ажиллагчийн дансанд шилжүүлж байсан.

 

Ажиллагч нар нь гэрээнд заасны дагуу Нийгмийн даатгалын шимтгэлийг өөрсдөө төлөхөөр тохиролцон гэж тайлбарласан нь нэхэмжлэгч Д.Батбилэгийн Нийгмийн даатгалын шимтгэлийг сайн дураараа 2016 оны 5 дугаар сараас эхлэн 200,000 төгрөгөөр төлж байсан баримтаар нотлогдож байна.

 

Хариуцагч нар нь ажиллагчийн хөлсөнд 1,350,000 төгрөгийг өгч байсан болох нь зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан Төрийн банкны Депозит дансны Монгол хуулга, Тогтвортой амьжиргаа 3 төсөл, 102200463537-Буцалтгүй тусламжийн тусгай данс /USD/ 21 аймгийн Сум дэмжих багийн гишүүдийн цалингийн гүйлгээний жагсаалт, ДЭ76123014 регистрийн дугаартай Д.Батбилэгийн Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн жагсаалт зэргээр тогтоогдож байна.

 

            Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн”, 4.2.2-т “Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын аж ахуйн нэгж, байгуулага, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн нэгж, гадаад орны дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагад ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн” албан журмаар даатгуулахаар зохицуулсан байна.

 

Мөн хуулийн 16 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ” гэж ажил олгогчийн үүргийг тус тус заасан бөгөөд ажиллуулагч буюу Тогтвортой амьжиргаа 3 төсөл хэрэгжүүлэх нэгж болон Сангийн яам нь хуулиар хүлээлгэсэн дээрх үүргийг хэрэгжүүлээгүй буруутай байна.

 

            Өөрөөр хэлбэл алуудын хооронд байгуулсан 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02 тоот Хөлсөөр ажиллах гэрээний 4.1-д “Захиалагч нь ажилтны ажлын хөлсөнд сард 1,500,000 төгрөг төлөх бөгөөд үүнд хүн амын орлогын албан татвар, хувь хүний нийгмийн даатгалын шимтгэл багтсан болно” заасан байх ба үүнээс үзэхэд ажиллагч өөрөө нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхөөр, захиалагч нь уг шимтгэлийг төлөхгүй байхаар харилцан тохиролцсон гэж үзэх боломжгүй байх тул хариуцагч нар нь Нийгмийн даатгалын тухай хуульд заасан ажиллагчийг нийгмийн даатгалд албан журмаар даатгуулах, төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын санд төлөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгчээс 2,520,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаардах эрхгүй байна.

 

Иймд Д.Батбилэгээс 2,520,000 төгрөг гаргуулахыг хүссэн Сангийн яам болон Тогтвортой амьжиргаа 3 төсөл хэрэгжүүлэхийн нэгжийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэгт авагдсан баримтууд талуудын тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас ээлжийн амралтын олговор 1,080,000 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгчид олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 9-2/6003 тоот албан бичгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгуулах, Нийгмийн даатгалын сангаас олгогдох ажилгүйдлийн тэтгэмжийг авч чадаагүй хохиролд 2,651,162 төгрөг гаргуулах,

Нэхэмжлэгчээс 2,520,000 төгрөг гаргуулахыг хүссэн хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 

Нэхэмжлэгч Д.Батбилэг нь Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 9-2/6003 тоот албан бичгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгуулах тухай шаардлагадаа улсын тэмдэгтийн хураамжийг төлөөгүй бөгөөд энэ нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасан гомдлоор үүсэх маргаан биш байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т заасны дагуу 70,200 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулах нь хуульд нийцэх бөгөөд хариуцагч нь Төрийн байгууллага учраас хуульд заасны дагуу сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 359 дүгээр зүйлийн 359.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5-д тус тус зааснаар хариуцагч Сангийн яам болон тогтвортой амьжиргаа 3 төсөл хэрэгжүүлэх нэгжээс хувь тэнцүүлэн 1,080,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Батбилэгт олгож, нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах, Нийгмийн даатгалын сангаас олгогдох ажилгүйдлийн тэтгэмжийг авч чадаагүй хохиролд 2,651,162 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул Д.Батбилэгээс 2,520,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Сангийн яам болон Тогтвортой амьжиргаа 3 төсөл хэрэгжүүлэх нэгжийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Батбилэгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 74,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 30,470 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар хариуцагч нар нь улсын сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчээс 70,200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

            5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ                                          Х.ДАШДЭЧМАА

 

                                 ШҮҮГЧИД                                          Ж.БАЙГАЛМАА

 

                                                                                           Ч.ДАВААСҮРЭН