Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/28

 

 2021        02            19                                     2021/ШЦТ/28

 

  

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Энхмаа,

Улсын яллагчаар хяналтын  прокурор Г.Анх-Ирээдүй,

Шүүгдэгч Б.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж,  аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Анх-Ирээдүйгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бт холбогдох эрүүгийн 2019001970150 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Иххэт суманд төрсөн, 29 настай, эрэгтэй,  боловсролгүй /бичиг үсэг мэдэхгүй/, мэргэжилгүй, Дорноговь аймгийн Иххэт сумын 1 дүгээр багт малчин, ам бүл 3,эхнэр хүүхдийн хамт Дорноговь аймгийн Иххэт сумын 1 дүгээр баг, Хар зээг гэх газар оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б.Б /РД: ЕД91120811/ 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Иххэт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Хашаат гэх газарт бэлчээрлэж байсан иргэн Г.Пийн эзэмшлийн 2 тооны үхрийг буюу олон тооны малыг хулгайлж хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                         

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:            

Шүүгдэгч Б.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Г.Пээгийн 2 тооны үхрийг хулгайлсан, гэм буруугийн талаар маргахгүй.Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Атэй хулгайн хэрэгт хамтарсан асуудал байхгүй, энэ хулгайн хэрэгт А ямар ч хамааралгүй ” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр буюу сонгуулийн өмнөх өдөр малаа бөөгнүүлэх зорилготой өөрийн мал дээрээ ирэхэд хэдэн тооны хонь дутсан, тэр хэдийгээ хайгаад Холбоо цагааны зүүн хойд хэсэгт явж байхад Ацаагийн хороон дээр Амар гэх Иххэт сумын малчин ах танихгүй 1 хүний хамт ачааны цагаан өнгийн машинтай зогсож байсан тэгээд би тэд нартай уулзаж мэнд мэдээд цааш явж байтал 2 үхэр туусан, танихгүй 1 хүнтэй таарсан. Тэр хүн намайг харснаа жалга руу гүйгээд орчоод дахиж гарч ирээгүй”, “Би санаж байна 1 нь улаан халзан үхэр байсан, нөгөө нэг нь хар хүрэн алаг үхэр байсан, би хар хүрэн алаг үхрийг нь бол сайн санаж байна учир нь би урьд жил нь алга болсон байхад нь эзэнд нь буюу Бужирангаа гэх ахад олж өгч байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9-р хуудас/

 

Гэрч Ц.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хэнтий аймгаас Айраг луу чиглэн явж байсан тэгээд Иххэтийн нутагт явж байтал Б таараад мэнд мэдэлцээд сууж байтал та хямдхан үхэр авах уу манай хүүгийн үсний найр болох гээд мөнгө хэрэгтэй байна гэсэн тэгээд 3 настай үхэр 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр зарна 2 үхэр байна гэхээр нь би тэгвэл би авъя гээд л авсан.” “Өөр нэг хүн сүүлд ирж үхэр ачилцаж өгөөд явсан. Б намайг дагуулаад нэг малын хороон дээр ирээд та энд хүлээж бай би үхрээ аваад ирье ойрхон байгаа гээд нэг хүн рүү утсаар залгаж ахаа үхэр ачилцаад өгөөч гээд хүнтэй яриад дуудаад байсан тэгээд утсаар ярьж дуусаад, явсан тэгээд удалгүй 2 үхэр туугаад ирсэн тэгтэл бас нэг хүн мотоциклтой ирээд мэнд мэдсэн тэгээд 2 үхэр хамт ачилцаж өгөөд буцаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/

 

Гэрч С.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Би 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хөдөө гэртээ байсан, орой 17 цагийн орчим манай хуурай дүү болох Б утсаар залгаж та ирээд үхэр ачилцаад өгөөч гэж над руу ярьсан тэгэхээр нь тэгье хаанаа байгаа юм бэ гэхэд манай гэрээс 3 километрийн зайтай байдаг Ацаагийн хороо нь дээр хүрээд ир гэсэн тэгээд би мотоциклоо унаад очиход Ацаагийн хороо нь дээр цагаан өнгийн ачааны машин 1 залуу ирээд зогссон байсан тэгээд би очоод мэнд мэдэлцээд байж байтал цаанаас Б 2 тооны үхэр туугаад ирсэн. Би энэ ямар учиртай 2 үхэр юм гэхэд танд хамаагүй ээ би зарж байгаа юм гэсэн. Тэгээд би 2 үхрийн машинд ачилцаж өгөөд гэрүүгээ явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/

 

 “Хөрөнгө Эстимэйт”, “Хас Үнэлгээ”, “Ашид билгүүн” ХХК-нарын хамтарсан шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №01/01 дугаартай “...Г.Пийн хулгайд алдсан гэх 2 тооны шүдлэн үхэр нь 2020 оны 06 дугаар сарын байдлаар нэгжийн үнэ 750.000 төгрөг, нийт үнэ 1.500.000 төгрөгөөр худалдаалагдаж байна...” гэх дүгнэлт /хх-ийн 74-75-р хуудас/

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 66-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Иххэт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Хашаат гэх газарт бэлчээрлэж байсан иргэн Г.Пийн эзэмшлийн 2 тооны үхрийг буюу олон тооны малыг хулгайлж хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох нь гэрч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2 үхэр туусан, танихгүй 1 хүнтэй таарсан. Тэр хүн намайг харснаа жалга руу гүйгээд орчоод дахиж гарч ирээгүй, Би санаж байна 1 нь улаан халзан үхэр байсан, нөгөө нэг нь хар хүрэн алаг үхэр байсан,...” гэсэн мэдүүлэг,  гэрч Ц.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хэнтий аймгаас Айраг луу чиглэн явж байсан тэгээд Иххэтийн нутагт явж байтал Б таараад мэнд мэдэлцээд сууж байтал та хямдхан үхэр авах уу манай хүүгийн үсний найр болох гээд мөнгө хэрэгтэй байна гэсэн тэгээд 3 настай үхэр 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр зарна 2 үхэр байна гэхээр нь би тэгвэл би авъя гээд л авсан....” гэсэн мэдүүлэг, гэрч С.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Би 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хөдөө гэртээ байсан, орой 17 цагийн орчим манай хуурай дүү болох Б утсаар залгаж та ирээд үхэр ачилцаад өгөөч гэж над руу ярьсан тэгэхээр нь тэгье хаанаа байгаа юм бэ гэхэд манай гэрээс 3 километрийн зайтай байдаг Ацаагийн хороон дээр хүрээд ир гэсэн тэгээд би мотоциклоо унаад очиход Ацаагийн хороо нь дээр цагаан өнгийн ачааны машинтай 1 залуу ирээд зогссон байсан ,цаанаас Б 2 тооны үхэр туугаад ирсэн. Би энэ ямар учиртай 2 үхэр юм гэхэд танд хамаагүй ээ би зарж байгаа юм гэсэн. Тэгээд би 2 үхрийн машинд ачилцаж өгөөд гэрүүгээ явсан” гэсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

             Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1-т заасан олон тооны мал хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байх тул шүүгдэгч Б.Быг энэ гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Б нь олон тооны мал хулгайлсан гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч Б.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирол 1600000 төгрөгийг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгч Б.Б нь анх удаа  гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирол 1600000 төгрөгийг төлсөн зэрэг нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал /уушгины өвчтэй/, шүүх хуралдаанд гаргасан улсын яллагч, өмгөөлөгч нарын ялын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирогч Г.Пийн хулгайд алдсан 2 тооны шүдлэн үхэрт прокурорын  01/01 тоот тогтоолоор  хийсэн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1-т заасан нэмэлт шинжилгээ хийх үндэслэл, журамд нийцээгүй  тул 2021 оны 01 сарын 25-ны өдрийн 42 тоот шүүгчийн захирамжаар Хөрөнгийн үнэлгээний төвийг шинжээчээр томилон 2 тооны шүдлэн үхрийн зах зээлийн бодит үнэлгээг тогтоолгосон ба шинжээчийн 2021 оны 02 сарын 02-ний өдрийн дүгнэлтээр 2 тооны шүдлэн үхрийн нийт үнэлгээ 1600 000 төгрөг болохыг тогтоосон  байна. Шүүхээс мэргэшсэн үнэлгээний байгууллагын тогтоосон үнэлгээг үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хохирогч Г.Пийн нийт нэхэмжилсэн 2000 000 төгрөгөөс 1600 000 төгрөгийг шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах болон шүүхийн шатанд төлж барагдуулсан ба малаа эрж хайсны зардал болох 200 000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, нэхэмжлэлээс 200 000 төгрөгийг хасаж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Б нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар /хх-ийн 66 дугаар хуудас / тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

 

1.Шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

      

           2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт 1 /нэг/ жил хорих  ял шийтгэсүгэй.

           

           3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

           4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

 5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн нэхэмжилсэн 2000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 1600 000 төгрөгийг шүүгдэгч Б.Б төлсөн болохыг, мал эрсэн зардал 200 000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, нэхэмжлэлээс 200 000 төгрөгийг  хэрэгсэхгүй болгосугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.АДЪЯАСҮРЭН