| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2021/0104/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/100 |
| Огноо | 2021-04-16 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 2021/ШЦТ/100
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,
Улсын яллагч Э.Гантулга,
Шүүгдэгч Р.Э ,
Нарийн бичгийн дарга Р.Цогдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Р.Э ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2114000680102 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 04 сарын 15-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт *******ий *******, ******* тоот регистрийн дугаартай,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Р.Э нь 2021 оны 02 дугаар сарын 11-ний орой 20 цагийн үед Баянхонгор аймгийн Өлзийт сумын 1 дүгээр багийн нутаг “Давхар цохио” гэх газарт өөрийн гэртээ архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу эхнэр Д.Ц зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч Р.Э нь 2021 оны 02 сарын 11-ний орой 20 цагийн үед Баянхонгор аймгийн Өлзийт сумын 1 дүгээр багийн нутаг “Давхар цохио” гэх газарт өөрийн гэртээ архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ эхнэр *******г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь
Хохирогч Д.Ц … 2021 оны 02 сарын 11-ний орой 20 цагийн үед гэртээ битүүлэг хийж байхдаа манай нөхөр 0.5 граммтай архи ууж дуусгаад битүүлэг хийхээр ирсэн *******тай Ерөөл нэртэй архи хувааж уугаад ******* яваад өгсөн. Тэгтэл манай нөхөр Р.Э нь уурлаад хэрүүл маргаан хийгээд намайг хэл амаар доромжилж миний нүүр лүү гараараа цохиж шөнө агсам тавьж хоносон. Манай нөхөр өмнө нь намайг зодож байсан. Би өмнө нь цагдаад өгч шалгуулж байгаагүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-63/,
Насанд хүрээгүй гэрч Э.У ын ... 2021 оны 02 сарын 11-ний орой 20 цагийн үед манайд битүүлэг хийхээр ирсэн ******* ахтай манай аав архи ууж байгаад ******* ах яваад өгсөн. Тэгтэл аав ээж рүү дайрч хэл амаар доромжлоод ээжийн толгой цээж, нүүр хэсэг рүү цохиод байсан. Тэр шөнө аав бид нарыг унтуулаагүй агсам тавиад байсан тул цагдаад мэдэгдсэн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 72-74/,
Шүүгдэгч Р.Э ын ... тэгээд тухайн архийг ерөнхийд нь би ууж дуусгасан бөгөөд ******* эхнэртэйгээ явсан. Тэгээд би бараг ганцаараа нэг шил архи уусан болохоор нилээн согтоод дахин нэг шил архи уусан. Тэгээд согтоод түүнээс хойш болсон зүйлийг мэдэхгүй, тасарчихсан байна лээ. Тэгээд аймгийн төвд ирээд эрүүлжүүлэх байр орох гэж байхдаа жоохон сэргэсэн. Тэгээд маргааш манай эхнэр *******гийн зүүн талын нүд нь хөхөрчихсөн байсан бөгөөд тэрээр чи өчигдөр надад агсан тавиад миний нүдрүү гараараа цохисон гэж хэлсэн. Мөн манай охин ******* тэр талаар надад хэлсэн. Д.Ц бид хоёр 1995 онд албан ёсоор гэр бүл болж гэрлэлтээ батлуулан түүнээс хойш хамтран амьдарч байгаа ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 95-96/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 сарын 17-ны өдрийн 104 дугаартай шинжээчийн ... *******гийн биед тархи доргилт, зүүн нүдний алимны салстад цус харвалт, 2 нүдний зовхи, хамар, чамархайд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 34-35/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч Р.Э нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж, прокурор хүсэлтийг нь хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Р.Э ад хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдал хангагдсан байна.
Иймд шүүгдэгч Р.Э ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч Д.Ц шүүгдэгч Р.Э нар нь эвлэрч эвлэрлийн гэрээг хавтаст хэргийн 112 дугаар талд хавсаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогчид учирсан гэм хор арилсан байна гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Р.Э ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж ялын төрөл, хэмжээг тогтоов.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжилсэн шүүгдэгч Р.Э ын эзэмшлийн мустанг 5 маркийн мотоциклийг түүнд буцаан олгож, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч овогт Р.Э хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Р.Э ад 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Р.Э ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Р.Э ад мэдэгдсүгэй.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Р.Э ын эзэмшлийн мустанг 5 маркийн мотоциклийг түүнд буцаан олгож, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
6. Шүүгдэгч Р.Э нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Р.Э ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА