Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 584

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “ГМС” ХХК,

Хариуцагч: АМГТГ,  АМГТГ Кадастрын хэлтэст холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Хууль зөрчин олгогдсон 25729,22 га талбайд “ГМС” ХХК-ийн төлсөн 11,426,845 төгрөгийг илүү төлсөн төлбөрт тооцож, шинээр олгогдсон 906,85 га талбайд төлбөл зохих төлбөрт нь шилжүүлэн тооцохыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгуулах, Ашигт малтмал, газрын тосны газрын  даргын 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 267 дугаар шийдвэрийг хүчингүй болгох” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “ГМС” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  О.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.С, Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч “ГМС” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь Г******* аймгийн Д*******, Т******* сумын нутагт орших Т******* нэртэй газарт 26267.90 гектор талбайг хамарсан хайгуулын тусгай зөвшөөрлийг “УМ” ХХК-иас 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 226 тоот шийдвэрийн дагуу шилжүүлэн авсан билээ.

Гэтэл уг тусгай зөвшөөрлийн талбай нь бусдын талбайтай давхцалтай гэх маргаан үүсч “Б” ХХК нь Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган оролцсон бөгөөд “Б” ХХК нь Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлсэн. Энэхүү хэрэг маргаанд манай компани гуравдагч этгээдээр оролцсон бөгөөд “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох захиргааны хэргийг Монгол Улсын Дээд шүүх 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хянан хэлэлцээд 116 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн.

Улсын дээд шүүхийн тогтоолоор “Б” ХХК-ийн ИЕ-******* дугаартай өргөдлийн талбайтай зарим хэсгээр давхцуулан манай компанид ХҮ-******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон нь хууль бус болохыг тогтоож, “Б” ХХК-ийн ИЕ-******* дугаарт өргөдлийн талбайг зохих журмын дагуу шийдвэрлэж тусгай зөвшөөрөл олгохыг шүүхээс Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэсэн болно.

Ийнхүү хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн буруутай ажиллагааны улмаас манай компанийн эзэмшлийн талбай болон “Б” ХХК-ийн талбайг давхцуулан тусгай зөвшөөрөл олгосон болох нь тогтоогдсон юм.

Ингээд шүүхийн шийдвэрийн дагуу манай компанийн эзэмшиж байсан ХҮ******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайгаас давхцалтай 25729,22 га талбай нь “Б” ХХК-д шилжиж, үлдсэн 3% буюу 906,85 га талбайд манай компани тусгай зөвшөөрөл эзэмших эрхтэй болсон билээ.

Ийнхүү төрийн захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас давхцалтай талбай бүхий тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан нь хууль бус болох нь тогтоогдсон тул манай компани уг тусгай зөвшөөрлийн давхцалтай талбайд төлбөр төлөх хууль зүйн үндэслэлгүй байсан байна.

Гэтэл манай компани нь ХҮ-******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн 2016 болон 2017 оны жилийн хураамжийг нийт 26267,90 га талбайгаас тооцож 2016 онд 3,808,845 төгрөг, 2017 онд 7,618,000 төгрөг буюу нийт 11,4 орчим сая төгрөг төлсөн байдаг. 

Шүүхийн шийдвэрээр давхцаагүй гэж үзэн манай компанид үлдсэн 906,85 га талбайд ногдох жилийн хураамж нь ойролцоогоор 280,000 төгрөг болж байгаа бөгөөд харин “Б” ХХК-т шилжсэн 25729,22 га талбайтай ХҮ-017883 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн жилийн хураамжийн төлбөрт 3,730,736,9 төгрөг төлсөн байна.

Монгол Улсын дээд шүүхийн шийдвэр 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гарсаны дараа буюу 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр “Б” ХХК болон манай компаниас тус тус Ашигт малтмал, газрын тосны газарт хандан талбайн давхцалыг арилгаж, давхцалгүй хэсэгт нь тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдлийг тус тусдаа гаргасан.

Гэтэл тус байгууллага 2018 оны 02 дугаар сард манай компанийн тусгай зөвшөөрлийн солбилцолд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн тухайгаа мэдэгдэж, улмаар тусгай зөвшөөрөлд бичилт хийж өгсөн билээ.

Ингэхдээ уг асуудлыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 561 дүгээр тушаалаар шийдвэрлэсэн болохыг ийнхүү 2 дугаар сард мэдсэн юм.

Ийнхүү 2018 оны 02 дугаар сар хүртэл манайд үлдэх талбайн хэмжээ, солбилцол тодорхойгүй байсан тул манай компани ямар хэмжээний талбайд тооцож тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх нь тодорхойгүй байснаас гадна нэгэнт захиргааны байгууллагын хууль бусаар давхцуулан олгосон талбайд манай компанийн төлсөн тусгай зөвшөөрлийн төлбөрийг “илүү төлөлт” гэж үзэхээр тул уг илүү төлбөрийг хэрхэн тооцуулах асуудал тодорхойгүй байсан.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн буруутай үйл ажиллагааны улмаас манай компани тусгай зөвшөөрлийн талбайгаа хасуулж, улмаар төлбөрийн их хэмжээний илүү төлөлттэй болсон учраас шүүхийн шийдвэрийн дагуу манай талбайгаас хасалт хийх үед “илүү төлөлтийг” дараагийн жилийн тусгай зөвшөөрлийн төлбөрт суутгуулан тооцох талаар ярьж, хандсан боловч тодорхой хариу шийд өгөөгүй билээ.

Иймээс манай компаниас 2017 онд төлсөн тусгай зөвшөөрлийн жилийн төлбөрийн илүү төлөлтийг 2018 онд шилжүүлэн суутган тооцож, үлдсэн илүүг хэрхэх талаархи шийдвэрээ гаргаж өгөх талаар уулзаж ярилцаж байсан бөгөөд 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газарт албан бичгээр хандсан.

Ашигт малтмал, газрын тосны газраас манай хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзаж, хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан тухайгаа 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 7/3238 дугаартай албан бичгээр хариу ирүүлсэн байна.

Тус албан бичгээс манай компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан болохыг олж мэдсэн бөгөөд асуудлыг тодруулахад Ашигт малтмал, газрын тосны газар, түүний Кадастрын хэлтэс нь маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хууль болон Ашигт малтмалын тухай хуулийг тус тус зөрчсөн байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 7/3238 дугаартай албан бичгийг Монгол шуудан ХХК нь 5 дугаар сарын 07-ны өдөр 14 цаг 10 минутанд “Геомандал солюшн” ХХК-ийн ажилтан н.Чимид гэгчид хүлээлгэн өгсөн байна. Н.Чимид нь манай компани буюу “ГМС” ХХК-ийн захирал Г.Мөнхбат руу утсаар холбогдож “захидал ирсэн” тухай мэдэгдсэнээр захидалыг манай компани хүлээж авсан.

Үүний дараа ХҮ-******* дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 267 дугаар шийдвэрээр цуцласан тухайгаа 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 7/3713 дугаартай “Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай” албан тоотыг Ашигт малтмал, газрын тосны газрын бичиг хэргийн эрхлэгчээс 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авсан болно.

Ашигт малтмал, газрын тосны газраас манай компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр шуудангаар хүргүүлсэн гэх боловч манай компанийн албан ёсны хаягт өөрчлөлт орсон байсан учраас уг мэдэгдлийг хүлээн аваагүй болно.

Харин манай компани өөрийн албан ёсны хаягт өөрчлөлт орсон тухайгаа Ашигт малтмал, газрын тосны газарт 2018 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр хүргүүлсэн байсан.

Компани албан ёсны хаягтаа өөрчлөлт орсныг ийнхүү Ашигт малтмал, газрын тосны газрын мэдэгдэл гарснаас хойш 10 хоногийн дараа хүргүүлсэн байхад уг хаягаар дээрх мэдэгдлийг хүргүүлээгүй нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-56.4, 56.7-д Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлийг тус тус зөрчсөн байна.

Мөн манай компанийн ХҮ-******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайгаас давхцалтай 25729,22 га талбайд төлсөн төлбөрийг илүү төлөлт гэж үзэж, уг илүү төлөлтийг тусгай зөвшөөрлийн 2018 оны төлбөрт шилжүүлэн тооцох хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газраас татгалзахдаа “Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т зааснаар төлбөрийг суутган тооцох боломжгүй” гэжээ. 

Ашигт малтын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т “Тусгай зөвшөөрлийн төлбөрийн хэмжээг тогтоохдоо уг төлбөрийг хийх үед тусгай зөвшөөрлийн бүртгэлд бүртгэгдсэн талбайн хэмжээг үндэслэх бөгөөд тухайн жилд төлбөрийн хэмжээг өөрчлөхгүй” гэжээ.

Хуулийн энэ заалт нь төлбөрийг буцаах, шилжүүлэн тооцохыг хориглосон заалт биш юм.

Хариуцагчийн хуулийн энэ заалтыг барин “нэгэнт төлсөн бол буцаахгүй” гэсэн агуулга бүхий тайлбар хийж байгаа нь хуулийг буруу тайлбарлан, хэрэглэж байгаа явдал болно.

Давхцалтай байсан талбайнуудад манай компани болон “Бт” ХХК тус тус төлбөр төлсөн байгаа тул нэг талбайд 2 давхар төлбөр авсан атлаа буцаахгүй гэж байгаа нь хууль бус болно.

Ийнхүү төрийн захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас давхцалтай талбай бүхий тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан нь хууль бус болох нь тогтоогдсон тул манай компани уг тусгай зөвшөөрлийн давхцалтай талбайд төлбөр төлөх хууль зүйн үндэслэлгүй тул уг төлсөн төлбөрийг “илүү төлсөн төлбөр”-т тооцуулах, Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т заасныг үндэслэн төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоож, төлбөр төлөх, ингэхдээ илүү төлсөн төлбөрийг шилжүүлэн суутгуулах эрх хууль ёсоор үүссэн гэж үзэж байна.

Иймээс Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн буруутай үйл ажиллагааны улмаас ихээхэн хэмжээний төлбөр илүү төлж хохирсон байхад дахин төлбөр нэхэмжилсэн, тусгай зөвшөөрлийг үндэслэлгүйгээр цуцласан нь дээрх хууль болон шудрага ёсонд нийцэхгүй бөгөөд манай компанийн эрх ашигт ихээхэн хохирол учруулсан тул дараах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна гэв.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын дарга болон Кадастрын хэлтсийн дарга, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Говь алтай аймгийн Д*******, Т******* сумдын нутаг Т******* нэртэй 26267,90 гектор талбайд ашигт малтмалын хайгуулын ХҮ-******* тоот тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1187 дугаар шийдвэрээр “Универсалнобле машинери” ХХК-д анх олгосон байна.

Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 226 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын ХҮ-******* тоот тусгай зөвшөөрлийг “Г*******” ХХК-д шилжүүлэн бүртгүүлсэн байна.

Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн хуралдааны 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 166 дугаар тогтоолыг үндэслэн ашигт малтмалын хайгуулын ХҮ-******* тоот тусгай зөвшөөрлийн талбайн солбилцолд Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 561 дүгээр шийдвэрээр өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дах хэсэгт “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж зааснаар “Г*******” ХХК нь ашигт малтмалын хайгуулын ХҮ-******* тоот тусгай зөвшөөрлийн ээлжит 3 дахь жилийн төлбөрийг 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс өмнө урьдчилан төлөх ёстой байсан болно.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 “хуульд зааснаар хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл тусгай зөвшөөрлийг цуцална” гэж заасан байх бөгөөд “Г*******” ХХК нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг алдангийн хамт 2018 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүртэл төлөх боломж хуулиар олгогдсон байна. 

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 7/467 тоотоор “Г*******” ХХК-нд хүргүүлсэн боловч буцаалт ирж компанийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбат 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр гардан авсан байна.

Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дах хэсэгт “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй бол цуцлана” гэж зааснаар “Г*******” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХҮ-******* тоот тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 267 дугаар шийдвэрээр цуцалсан байна.

Цуцалсан тухай мэдэгдлийг 2018 оны 05 дугаар сарын 17-ний өдрийн 7/3713 тоотоор хүргүүлсэн боловч буцаалт ирсэн байх бөгөөд тус компанийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбат 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гардан авсан байна.

“Г*******” ХХК-аас 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 09 тоот албан бичгээр ирүүлсэн АМГТГ-ын Кадастрын хэлтэст ирүүлсэн.

АМГТГ-ын Кадастрын хэлтсийн даргаас гомдлыг хянан үзээд 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 7/3238 тоотоор хариу өгсөн байна.

Кадастрын хэлтсийн даргын уг албан бичигт “...Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-д “Тусгай зөвшөөрлийн жилийн төлбөрийн хэмжээг тооцохдоо уг төлбөрийг хийх үед тусгай зөвшөөрлийн бүртгэлд бүртгэгдсэн талбайн хэмжээг үндэслэх бөгөөд тухайн жилд төлбөрийн хэмжээг өөрчлөхгүй” гэж заасан байх тул ХҮ-******* тоот тусгай зөвшөөрлийн өмнөх жилүүдэд төлсөн төлбөрийг суутган тооцох боломжгүй” гэсэн байна.

Иймд “ГМС” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “ГМС” ХХК нь тус шүүхэд “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 267 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хууль зөрчин олгогдсон 25729,22 га талбайд “ГМС” ХХК-ийн төлсөн 11,426,845 төгрөгийг илүү төлсөн төлбөрт тооцож, шинээр олгогдсон 906,85 га талбайд төлбөл зохих төлбөрт нь шилжүүлэн тооцохыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ. 

Шүүх нэхэмжлэгч болон хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэл, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хэрэгт авсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 267 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд “ГМС” ХХК нь тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй гэж үзэж, улмаар нэхэмжлэгчийн ХҮ-******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна гэж дүгнэв.

 Анх “ГМС” ХХК нь Г******* аймгийн Д*******, Т******* сумд орших Т******* нэртэй газарт 26267.90 гектар талбайг хамарсан хайгуулын тусгай зөвшөөрлийг “УМ” ХХК-иас 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 226 тоот шийдвэрийн дагуу шилжүүлэн авсан байна.

Дээрх тусгай зөвшөөрлийн талбай нь бусдын талбайтай давхцалтай гэх маргаан үүсч “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох захиргааны хэргийг Улсын дээд шүүх 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хянан хэлэлцээд 116 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн байх ба уг тогтоолд “Б” ХХК-ийн ИЕ-******* дугаартай өргөдлийн талбайтай зарим хэсгээр давхцуулан “ГМС” ХХК-д ХҮ-******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон нь хууль бус болохыг тогтоож, “Б” ХХК-ийн ИЕ-******* дугаарт өргөдлийн талбайг зохих журмын дагуу шийдвэрлэж тусгай зөвшөөрөл олгохыг шүүхээс Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэсэн байна.

Шүүхийн шийдвэрийн дагуу “ГМС” ХХК-ийн эзэмшиж байсан ХҮ-******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайгаас давхцалтай 25729,22 га талбай нь “Б” ХХК-д шилжиж, үлдсэн 906,85 га талбайд “ГМС” ХХК нь тусгай зөвшөөрөл эзэмших эрхтэй болж улмаар “ГМС” ХХК-ийн солиболцолд өөрчлөлт оруулж тусгай зөвшөөрөлд бичилт хийгдсэн байна.

 Дээрх шүүхийн шийдвэр болон хэргийн үйл баримтаас дүгнэвэл төрийн захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн талбайг давхцуулж олгосон, давхцалтай талбайд тусгай зөвшөөрлийн төлбөрийг илүү төлсөн болох нь “ГМС” ХХК-ийн ХҮ-******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн 2016 оны болон 2017 оны жилийн хураамжийг 26267,90 га талбайгаас тооцож 2016 онд 3,809.000 төгрөг, 2017 онд 7,618,000 төгрөг буюу нийт 11,427.000 сая төгрөг /арван нэгэн сая дөрвөн зуун хорин долоон мянган төгрөг/ төлсөн тухай тодорхойлолт, нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байна.

 Хариуцагчаас Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т “Тусгай зөвшөөрлийн төлбөрийн хэмжээг тогтоохдоо уг төлбөрийг хийх үед тусгай зөвшөөрлийн бүртгэлд бүртгэгдсэн талбайн хэмжээг үндэслэх бөгөөд тухайн жилд төлбөрийн хэмжээг өөрчлөхгүй” гэж заасан тул төлбөрийн илүү төлөлтийг шилжүүлэн тооцох боломжгүй гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй юм.

Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсын татвар нь албан татвар, хураамж, төлбөр /цаашид “татвар” гэх/-өөс бүрдэнэ”, мөн хуулийн 17 дугаар зүйлд татвар төлөгчийн эрхийг зааж өгсөн бөгөөд 17 дугаар зүйлийн 17.1.4-д зааснаар “илүү төлсөн татварыг буцаан авах буюу суутган тооцуулах, алданги тооцон нэхэмжлэн авах”, 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/185 дугаар Гааль, Татварын ерөнхий газрын даргын баталсан Татвар төлөгчийн илүү төлсөн татварыг суутган тооцсон болон буцаан олгосон бүртгэлийг хөтлөх, хянах журмын 2.1.2-д илүү төлсөн татварыг “татвар төлөгч зөвшөөрвөл дараагийн хугацаанд төлөх татварт суутган тооцох” гэж тус тус заасны дагуу “ГМС” ХХК-ийн илүү төлсөн төлбөрийг дараа жилийн тусгай зөвшөөрлийн төлбөрт суутган тооцох бүрэн боломжтой байхад хариуцагч судалж үзэлгүйгээр шууд “ГМС” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.

  Түүнчлэн  Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана.” гэж хуульчилсны дагуу мэдэгдэж; мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т заасан “Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ” гэж заасан ажиллагааг явуулах боломжийг олгоогүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Хэдийгээр тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болохоос өмнө 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 7/467 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” болон тусгай зөвшөөрлийг цуцалсны дараа 2018 оны 05 дугаар сарын 17-ний өдрийн “Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай” 7/3713 дугаар мэдэгдлүүдийг тусгай зөвшөөрөл эзэмшигч “ГМС” ХХК-нд хүргүүлсэн гэх боловч тухайн мэдэгдлүүдийг нэхэмжлэгч компани хүлээн аваагүй болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Ашигт малтмалын газрын “Шуудангийн бүртгэлийн дэвтэр”-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч “ГМС” ХХК-д дээр дурдсан хариуцагчийн 2018 оны 7/3713 дугаар “Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг мэдэгдээгүй буцан ирсэн” талаар тэмдэглэсэн баримт болон нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.   

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасан “мэдэгдэнэ” гэдгийг төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр, эсхүл түүний утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгох бөгөөд тухайн мэдэгдлүүдийг хүргүүлж, баталгаажуулаагүй атлаа хариуцагч тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй юм.

 Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хууль зөрчин олгогдсон 25729,22 га талбайд “ГМС” ХХК-ийн төлсөн 11,426,845 төгрөгийг илүү төлсөн төлбөрт тооцож, шинээр олгогдсон 906,85 га талбайд төлбөл зохих төлбөрт шилжүүлэн тооцохыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 267 дугаар шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1,106.3.4,106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.2, Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4 дэх хэсэгт заасныг  тус тус баримтлан нэхэмжлэгч “Гео мандал салюшн” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “ГМС” ХХК-ийн  11,426,845 төгрөгийг илүү төлсөн төлбөрт тооцож, шинээр олгогдсон 906,85 га талбайд төлбөл зохих төлбөрт шилжүүлэн тооцохыг Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргад даалгаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 267 дугаар шийдвэрийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                О.ОЮУНГЭРЭЛ