Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 00121

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    Л.Оюунсүрэнгийн нэхэмжлэлтэй

                                          иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 142/ШШ2017/00441 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Л.Оюунсүрэнгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Л.Эрдэнэбаярт холбогдох

“Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, 5.060.400 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч Л.Эрдэнэбаярын гаргасан давж заалдсан гомдлоор 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Оюунсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул, хариуцагч Л.Эрдэнэбаяр, нарийн бичгийн дарга Т.Эрдэнэзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Л.Оюунсүрэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Миний бие Л.Эрдэнэбаяртай 2015 оны 10 дугаар сард танилцаж, улмаар дотно харилцаатай болж 2016 оны 02 дугаар сараас хамт амьдарсан. Бидний дундаас 2016 оны 12 дугаар сарын 21-нд охин Эрдэнэсондор төрсөн. Бид хууль ёсны баталгаагүй бөгөөд хамт амьдрах хугацаанд Эрдэнэбаяр нь 3-4 удаа зодож цохиж заналхийлж байнгын сүрдүүлгэнд амьдарч байсан ба 2017 оны 02 дугаар сарын 17-нд хүнд ноцтой зодуулсан бөгөөд энэ асуудлаар цагдаагийн газарт өргөдөл гаргасан байгаа. Би одоо охинтойгоо нагац эгчийндээ байгаа тул Эрдэнэбаяраас хүүхдийн тэтгэлэг тогтоолгон гаргуулж, цаашид цуг амьдрах боломжгүй тул декритний мөнгө 2 510 000 төгрөг, ээжийн маань өгсөн 2 000 000 төгрөгийг нийт 4 510 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн нярай хүүхдийн арчилгаанд шаардагдах зардлууд урьдчилан гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага дээр нярай хүүхдэд шаардагдах памперс, угж, шампунь, тальк, нойтон салфетка, соска, угж, хүүхдийн сүү, каш зэрэгт 550 400 төгрөгийн зардал гарсныг эцэг Л.Эрдэнэбаяраас нэмж гаргуулж өгнө үү... гэжээ.

Хариуцагч Л.Эрдэнэбаяр шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...2015 оны 10 сард эхнэр болох Оюунсүрэнтэй танилцаж гэр бүл болон 2016 оны 12 сарын 21-нд хөөрхөн охинтой болж амьдрал болохоосоо болохгүй хүртлээ л явна гэж өдийг хүртэл хөдөлмөрлөж эхнэр охиноо хайрлан хамгаалж ирсэн. Охиныгоо төрөхийн өмнө 2016 оны 11 сарын 10-аас эхлэн аав ээжийнхээ байранд засвар хийж амьдрах болсон. 2016 оны 11 сарын 22-нд цалингийн зээл болох 13 сая төгрөгийг авч, эхнэрийн авсан гэх юмсыг би өөрийн цалингийн зээлээр авч, гэр орноо тохижуулж, эхнэр хүүхэдээ төрөхөөс гарч ирэхэд нь ая тухтай сайхан угтаж авсан. Түүнээс эхнэрээ байнга зодож, заналхийлж, мөнгө төгрөгний гачигдалж оруулж байгаагүй. Цаашид миний хувьд өөрийн буруугаа ойлгон гэмшиж, эхнэр хүүхэдтэйгээ бусдын адил хүний дайтай сайн сайхан амьдрах хүсэлтэй байна. Үр хүүхэдээ өнчрүүлэх хүсэл надад алга. Надаас нэхэмжилсэн 4 510 000 төгрөгний тухайд бол өөрийн дикрет болох эхний 1 255 000 мөнгөөр төрөх бэлтгэлээ хангаж, хүүхдийн өлгий эмнэлэгт хэвтэхэд хэрэгтэй зүйлс өөртөө хувцас идэж уух юмаа бэлдсэн. Харин төрсний дараах дикретний 1 255 000 тесрөгөөр том өрөөний ширээ, орны бүтээлэг, 2 дэр гэх мэт зүйлсийг авсан. Үлдэгдэл мөнгийг миний түрийвчийн хамт эхнэр Оюунсүрэн нь аваад явсан. Надад үлдсэн гэх ээжийн минь өгсөн гэх 2 000 000 төгрөгийг би мэдэхгүй. Бид 2 үр хүүхэдтэйгээ сайн сайхан амьдрах хүсэл минь Болормаагаас болж салж сарниж байна. Хүүхдийн хэрэгцээнд гэх юмсыг ээж эмнэлэг дээр аваачиж өгснөөр Л.Оюунсүрэн ээж нь ирж дарамтлаад байна гэж худал мэдүүлэг өгсөн. Би хүүхдийн тэтгэмж тогтоолгосон тул өөр зүйл өгөх чадваргүй болж байна гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 142/ШШ2017/00441 дугаар шийдвэрээр:Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Э.Эрдэнэсондорыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Л.Эрдэнэбаяраар сар бүр тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулж, Л.Оюунсүрэнгийн, Л.Эрдэнэбаяраас 5 060 400 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж 5,0 сая төгрөг болгосныг хариуцагч 3,0 сая төгрөгийг нь бэлнээр төлж, үлдэх 2,0 сая төгрөгийг нь цалингаасаа төлөхөөр тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг тогтоолгохдоо улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар 104 272 төгрөг улсын орлогод оруулсныг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 37 990 төгрөг гаргуулан улсын орлогод, 94 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Л.Эрдэнбаяр давж заалдсан гомдолдоо: Хариуцагч Л.Эрдэнэбаяр би нэхэмжлэгч Л.Оюунсүрэнтэй танилцаж 2016 оны 2 дугаар сараас эхлэн айлын хажуу өрөө хөлслөн хамтран амьдарч эхэлсэн. 2016 оны 11 дүгээр сарын 10-аас эхлэн манай аав ээжийн хамт амьдарсан. Бидний дундаас охин Эрдэнэсондор 2016-12-21-ны өдөр төрсөн. Охиноо төрсөнөөс хойш эхнэр маань хүүхдээ асарч, би ажлаа хийгээд бид 3 сайхан л амьдарч байсан гэтэл 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр би ажил тараад архи уусаны улмаас эхнэрээ зодож биед нь гэмтэл учруулсан учир цагдаагийн байгууллагад шалгагдан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 120'.1-д зааснаар яллагдагчаар татагдсан байсан.

Энэ үед эхнэр Оюунсүрэн шүүхэд нэхэмжлэл гарган цаашид хамт амьдрах боломжгүй тул охин Эрдэнэсондорт тэтгэлэг тогтоолгох декретний мөнгө 2 510 000 төгрөг, ээжийн маань өгсөн 2 000 000 төгрөг, хүүхдийн памперс,угж, шампунь, хүүхдийн сүү, каш зэрэгт 550400 төгрөг нийтдээ 5 060 400 төгрөг нэхэмжилсэн. Нэхэмжлэлийн шаардлагаас охиндоо тэтгэлэг өгнө декретний 2 510 000 төгрөг, ээжийн өгсөн 2 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй тухайгаа шүүхэд тайлбар гаргасан байсан. Оюунсүрэн ээжийнхээ тэтгэврийг зээл авахуулан 2 000 000 төгрөгийг байрны засварт хэрэглэсэн гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, учир нь охиноо төрөхөөс өмнө манай аав ээж байрандаа засвар хийсэн. Миний авсан өмгөөлөгч М.Энхтуяа Оюунсүрэнгийн нэхэмжлэлээс хүүхдийн тэтгэлгийг зөвшөөрнө, нэхэмжилсэн мөнгөнөөс 5 000 000 төгрөг төлөхийг зөвшөөрөхөд бэлэн байна, гэхдээ нэхэмжлэгч Оюунсүрэн эрүүгийн хэргийн хохирогчийн хувьд Эрдэнэбаярт гомдол санал байхгүй гэдгээ илэрхийлбэл энэ хүн тухайн зүйл ангиар 1 сарын баривчлах ял авбал ажилтайгаа үлдэж, нэхэмжилсэн мөнгийг өгөх боломжтой болно ийм саналтай байна гэж хэлсэн. Энэ саналыг Оюунсүрэн ойлгохгүй байна гэж хэлсэн, түүний өмгөөлөгч Сарантуул үйлчлүүлэгчдээ тайлбарлаж ойлгуулсан, чухам юу ярьсаныг мэдэхгүй, хуралдаан дээр учир тэд шивнэж зөөлхөн ярилцаад, Оюунсүрэн хариуцагч талын саналыг зөвшөөрч байна гэж хэлсэн. Бидний энэ асуудлыг ойлголцлоо гэж шүүх үзээд зохигчид эвлэрсэн гэж үзсэн, шүүхийн шийдвэр ч гарсан.

Надад холбогдох хэргийн шүүх хуралдаан 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр товлогдон хуралдсан. Гэвч Оюунсүрэн эрүүгийн шүүх хуралдаанд хохирогчийн хувьд гомдол санал байхгүй гэж хэлээгүй, харин ч шүүх хуралдаан дээр маш их уйлж шүүх хуралдаанд оролцогчдын сэтгэл санааг шимширтэл цурхиран уилсаар гомдолтой гэдгээ хэлсэн.

Миний хувьд 1 сарын хугацаагаар баривчлах ял авчихвал ажилдаа буцаад орчих боломжтой бөгөөд иргэний хэргийн шийдвэрээр төлөхөөр тохиролцсон мөнгөө өгөх, мөн охиноо тэжээн тэтгэх тухай бодож байсан юм. Харин өмгөөлөгч нарын санал өөр байсан байх тэд хуулийнхаа дагуу санал хүсэлтээ гаргасан байх,тэдний санал бодол хүсэл минийх биш байсан.

Харин би эрүүгийн хэрэгтээ 3 сарын хугацаагаар баривчлах ял аваад шууд хоригдсон. Би Эрдэнэт үйлдвэр ХХК-ны Баяжуулах үйлдвэрт ажилладаг бөгөөд одоо 3 сарын баривчлах ял аваад хоригдсон тул ажлаас чөлөөлөх тушаал гарах нь тодорхой болоод байна.

Оюунсүрэн бидний харилцан тохиролцож эвлэрсэн байдал баталгаажсангүй, 3 сараар хоригдсон би ажил байхгүй, орлого байхгүй тул 5 000 000 төгрөг төлөх боломжгүй боллоо. Бидний эвлэрсэн байдал

Иймд 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 142/И1Ш2017/00441 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Л.Оюунсүрэн нь хариуцагч Л.Эрдэнэбаярт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, 4.510.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 550.400 төгрөгөөр нэмэгдүүлсэн байна.

Нэхэмжлэгч Л.Оюунсүрэн хариуцагч Л.Эрдэнэбаяр нар нь 2015 онд танилцаж 2016 оны 02 дугаар сараас хамтран амьдарсан ба 2016.12.21-ний өдөр охин Л.Эрдэнэсондор төрж, зохигчид хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2017.02.17-ны өдрөөс тусдаа амьдарч байгаа зэрэг нь зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Хариуцагч Л.Эрдэнэбаяр нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй. Харин нэхэмжлэгч Л.Оюунсүрэнгийн жирэмсний амралтын эхний 1.255.000 төгрөгийг Л.Оюунсүрэн өөрөө төрөхийн бэлтгэл ажилд зарцуулсан, сүүлийн 1.255.000 төгрөгөөр том өрөөнд ширээ, орны бүтээлэг, дэр зэргийг худалдан авсан, 2.000.000 төгрөгөөр байранд засвар хийгээгүй, манай ээж барилгын мэргэжилтэй учраас биднийг орохоос өмнө засвар хийсэн байсан гэж маргаж тайлбар өгч байсан ба шүүх хурал дээр нэхэмжлэгч Л.Оюунсүрэнгийн нэхэмжилсэн 5.060.000 төгрөгөөс 5.000.000 төгрөгийг төлөхөөр зөвшөөрч 3.000.000 төгрөгийг бэлэн өгч 2.000.000 төгрөгийг цалингаасаа өгөхөөр харилцан тохиролцсоныг шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Л.Эрдэнэбаяр нь давж заалдах шатны шүүх хуралдаан дээр 5.000.000 төгрөгийн эвлэрэл хууль ёсны дагуу хүсэл зоригоо илэрхийлсэн эвлэрэл байгаагүй, манай өмгөөлөгч намайг 5.000.000 төгрөгийг төлнө гэж хэлчихвэл Л.Оюунсүрэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаан дээр гомдолгүй гэж хэлээд шүүхээс 1 сарын баривчлах ялаар шийтгэвэл чи ажлаа хийх боломжтой болно. Тийм учраас эвлэрэх хэрэгтэй гэсэн өмгөөлөгчийн зөвлөсний дагуу 5.000.000 төгрөгийг төлөхөөр нэхэмжлэгч Л.Оюунсүрэнд хандан эвлэрэх санал тавьсан боловч эрүүгийн хэрэгт 3 сар баривчлах ялаар шийтгэгдэж ажил хийх боломжгүй ажлаас халагдах байдалд хүрсэн Л.Оюунсүрэн ч эрүүгийн хэргийн шүүх хуралдаан дээр гомдолгүй гэж хэлээгүй. 5.000.000 төгрөг төлөх гэсэн эвлэрэл бол миний саналаар шийдэгдээгүй өмгөөлөгчийн санал байсан гэж тайлбарласан тайлбар давж заалдсан гомдол, нэхэмжлэгч талын тайлбар, хариуцагч Л.Эрдэнэбаярын өмгөөлөгчөөс татгалзсан тайлбар зэргээс үзэхэд зохигчид 5.000.000 төгрөг төлөх талаар эвлэрсэн эвлэрэл хариуцагч Л.Эрдэнэбаярын хүсэл зоригийн илэрхийлэл байсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Эвлэрэл бол 2 талын сайн дурын үндсэн дээр хэлэлцэн тохирсон хүсэл зоригийн илэрхийлэл байх ёстой ба хэн нэгний эрх ашигт харшлахгүй Иргэний хуульд нийцсэн байх ёстой.

Зохигч эвлэрсэн тохиолдолд талууд нэхэмжлэлийн нийт шаардлага ба тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно.

Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно.

Эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Л.Оюунсүрэн, Л.Эрдэнэбаяр нар 5.000.000 төгрөг төлөх талаар хуульд заасан журмаар эвлэрлийн гэрээ байгуулаагүй байхад шүүх зохигчдын эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд хариуцагч Л.Эрдэнэбаярын давж заалдах гомдлыг хүлээн авч шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 142/ШШ2017/00441 дугаар шийдвэрийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Л.Оюунсүрэнгийн 5.040.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,

Шийдвэрийн 3 дахь заалтын хариуцагч Л.Эрдэнэбаяраас 37.990 төгрөг гэснийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж шийдвэрийн 3, 4 дүгээр заалтыг 2, 3 дугаар заалт болгон тус тус өөрчилсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Л.Эрдэнэбаярын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БАТТӨР

         ШҮҮГЧИД                                                                  Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                            С.УРАНЧИМЭГ