Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/085

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч Э.Гантулга,

Шүүгдэгч Ё.Г ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батбаяр,   

Нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Ё.Г ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 211400470077 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 04 сарын 01-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1980 оны 03 сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, овогт Ё.Г,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ё.Г нь ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Баянхонгор аймгийн Галуут сумын 6 дугаар багийн нутагт 2021 оны 01 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагч *******гийн албан үүргээ биелүүлэхтэй холбоотой хүч хэрэглэн эсэргүүцэж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч Ё.Г  нь 2021 оны 01 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Галуут сумын 6 дугаар багийн нутагт ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагч *******гийн албан үүргээ биелүүлэхтэй холбоотой хүч хэрэглэн эсэргүүцэж зугтаасан болох нь ...

Хохирогч *******гийн … 2021 оны 01 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө 01 цагийн үед хэсгийн төлөөлөгчийн хамтаар эргүүл шалгалт хийгээд явж байхад сургуулийн байрны хажуу талд замын хажуугаар явж байсан ******* гэдэг хүнийг нэг машин дайрах шахаад явж байхаар нь тэр машины урдаас нь машинаар очоод гэрлээрээ дохиж, зам чөлөөлж зогсоход тэр машин зогсохоор нь би машинаас буугаад уг машины жолоочийг шалгахаар машиныхан урдуур нь тойрох гээд явж байтал машины жолооч урд талын салхины шилний цаанаас намайг харснаа хааз өгч хөдлөөд баруун талын хөл рүү мөргөхөд нь би копуд дээр нь унахад машин хөдлөхөөр нь уг машины копудны хойд эрмэгээс нь 2 гараараа зуурч барьж яваад зүүгдсэн явахдаа машинаа зогсоо гэж орилоход жолооч нь хаазаа гишгэж улам хурдлаад зогсохгүй байхаар нь би машины баруун тал руу өнхөрч унаад газарт 2-3 удаа өнхөрсөн юм. Тэгээд би газраас босож байхад ******* миний урдаас ирж байгаа харагдсан юм. Тэгэхээр нь би ******* ахын хажуугаар гүйж явахад хэсгийн төлөөлөгч, ******* машинаа асааж ирэхээр нь машиндаа суугаад уг машины араас нь явахад уг машин сумын төвөөс аймаг руу явдаг замаар сумаас гарч зогсохоор нь машиныхаа гэрлийг унтрааж, хаашаа явахыг нь харж байтал буцаад сумын төвд орж ирэхээр нь араас нь гэрэлгүйгээр дагаж яваад хашааныхаа үүдэнд очиж зогсохоор нь араас нь очтол уг машины жолооч нь машинаасаа буугаад явсан байсан юм. Тэгэхээр нь би хэсгийн төлөөлөгчийн хамтаар машиныг шалгахад машин дотор хүн байхгүй байсан. Хэсгийн төлөөлөгч гэр лүү нь орохоор хашааны хаалгыг татахад цоожтой байхаар нь хашааг нь давж орсон юм. Би уг машиныг нь хараад үлдсэн хэсэг хугацааны дараа хэсгийн төлөөлөгч уг айлаас гарч ирэхдээ ******* нь гэртээ болон хашаандаа алга байна гэж хэлсэн. Хэсгийн төлөөлөгч машиныхан ард нь нуугдаж үлдэхээр болоод би машинаа асааж хөдлөөд явсан юм. Би машинаар арынхан гудмаар машины жолоочийг хайгаад явж байхад хэсгийн төлөөлөгч утсаар залгаад машины жолооч нь хүрээд ирлээ гэж хэлхээр нь би *******ын гэрийн гадаа очоод эгч *******ийг машиндаа суулгаад, хэсгийн төлөөлөгч *******ыг машинд суулгаж, машиныг нь жолоодоод бид нар цагдаагийн хэсэгт ирсэн. *******ыг эгчийн хамтаар нь байлгаж байгаад согтуурал шалгах багажаар үлээлгэхэд 2,17 хувь гарсныг нь өөрт нь болон эгч *******д нь үзүүлж, тэмдэглэлд гарын үсэг зуруулж авсан. Тэгээд машиныг нь түр саатуулах хашаанд оруулж, өөрөөр нь машиныг нь түгжүүлэн машины түлхүүр гар утас болон *******ыг төрсөн эгч *******д нь хүлээлгэн өгсөн тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулж авсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-20/,

Гэрч Н.Гомбын ... 2021 оны 01 сарын 20-21-нд шилжих шөнө 01 цагийн үед хөгжмөө чанга тавьсан машин явж байхад цагдаа ******* машинаараа уг машины хажууд очоод машинаасаа буугаад уг машины урд талаар нь тойрч гарч байгаа харагдсан. Тэгсэн машин хөдлөөд явах үед цагдаа машины жолооч талаас зүүгдээд хоёр хөл нь унжсан байдалтай хэсэг хугацаанд зүүгдэж яваад цагдаа газарт унахад уг машин тэр чигээрээ явсан. Тэгээд цагдаа газар унаад 2-3 өнхрөөд босож гүйгээд машиндаа суугаад явсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25/,

Гэрч *******ийн ... 2021 оны 01 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө 01 цагийн үед хэсгийн цагдаа *******гийн хамтаар эргүүл шалгалт хийгээд явж байхад сумын сургуулийн байрны хажуу талд замын хажуугаар явж байсан сургуулийн жижүүр ******* гэдэг хүнийг нэг машин дайрах шахаад явж байхаар нь тэр машины урдаас нь машинаар очоод гэрлээрээ дохиж, зам чөлөөлж зогсоход тэр машин зогсохоор нь хэсгийн цагдаа ******* машинаас буугаад уг машины жолоочийг шалгахаар машиныхан урдуур нь тойроод жолооч талд нь очих гэтэл тус машины жолооч цагдаа хараад таньсан гэмээр машиндаа хааз өгч хөдөлсөн ба машиных нь урд талд нь явж байсан *******г дайрсан ба ******* копуд дээр наалдсан юм. Би араас хөдөлсөн ба ******* машины баруун тал руу өнхөрч унаад газарт унасан юм. Тэгээд ******* машиндаа суугаад уг машины араас нь явахад уг машин сумын төвөөс аймаг руу явдаг замаар сумаас гарч зогсохоор нь машиныхаа гэрлийг унтрааж, хашаа явахыг нь харж байтал буцаад сумын төвд орж ирэхээр нь араас нь гэрэлгүйгээр дагаж яваад хашааныхаа үүдэнд очиж зогсохоор нь араас очтол уг машины жолооч нь машинаас буугаад явсан байсан. Тэгэхээр нь би *******г машинд суулгаж явуулаад би өөрөө машины ард талд нуугдаж үлдсэн ба хэсэг хугацааны дараа тус машин жолооч болох Ё.Г  гэгч нь согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай хүрээд ирсэн ба хэсгийн цагдаа ******* рүү залгаж дуудсан юм. Тэгээд бид 2 *******ын гэрийн гадаа очоод эгч *******ийг дагуулаад цагдаагийн хэсэг рүү дагуулж явсан ба ******* гэгчийн согтууруулах шалгах багажаар шалгахад согтуу байсан тэгээд *******ыг төрсөн эгч *******д нь хүлээлгэн өгсөн тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулж авсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-34/,

Гэрч *******гийн ... 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр *******ын хамт хөдөө гэрээс тэжээл авах гэж сум орж ирсэн. Тэгээд ээжийнд унтаж байтал ******* шөнө 02 цагийн үед согтуу орж ирээд цагдаа шүргэчихлээ гэж хэлсэн. Өөр зүйл мэдэхгүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38/,

 

Шүүгдэгч Ё.Г ын ... 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр эгч *******гийн хамт өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай автомашинаар хөдөөнөөс сумын төв орж ирээд найзын хамт 0.5 хэмжээтэй 1 шил архи хувааж уусан. Тэгээд клонкоос бензин авахаар сургуулийн ар талаар явж байтал сумын цагдаа ******* дохиж зогсоохоор нь би зогссон. Машины цонхоор харж байхад цагдаа ирж байгаа харагдсан. Тэгээд хэсэг хугацаанд ухаан балартаад юу болсныг мэдэхгүй байна. Тэгээд ухаан ороход цагдаа харагдахгүй байхаар нь хөдлөхөд цагдааг шүргэхэд цагдаа машины копуд дээрээс гараараа барьсныг би мэдэж байна. Тэгээд нэг мэдсэн чинь гэрийнхээ үүдэнд ирсэн зогсож байхад цагдаа ирж шалгасан. Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 72-74/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 4-7/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. 

Хэрэгт авагдсан баримтуудад үндэслэж хууль зүйн дүгнэлт хийхэд хохирогч ******* нь Баянхонгор аймгийн Галуут сумын цагдаагаар ажилладаг бөгөөд 2021 оны 01 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө албан үүргийн дагуу эргүүл шалгалт хийж үүрэг гүйцэтгэж байх үедээ Ё.Г ын жолоодож явсан тээврийн хэрэгслийг зогсоож шалгахаар зогсох шаардлага тавьсны дагуу Ё.Г  нь машиныг зогсоосон боловч цагдааг очих үед машиныг хөдөлгөж хохирогчийг шүргэж унагааж зугтаасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж болон гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, түүний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт хамаарагдаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон байна. 

Шүүгдэгч Ё.Г  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж, прокурор хүсэлтийг нь хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Ё.Г ад хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаархи саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдал хангагдсан байна. 

Иймд шүүгдэгч Ё.Г ыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв. 

Хохирогч ******* нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй тухайгаа прокурорын шатанд бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгч Ё.Г ыг бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогчид учирсан гэм хор арилсан байна гэж үзлээ.

Шүүгдэгч Ё.Г  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т заасан хөнгөн гэмт хэрэгт холбогдсон бусдад төлөх төлбөргүй байх тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж дүгнэлээ

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжилсэн шүүгдэгч Ё.Г ын эзэмшлийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг түүнд буцаан олгож, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт Ё.Г хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ё.Г ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 8 /найман/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2.2-т тус тус зааснаар шүүгдэгч Ё.Г ад зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Ё.Г ад мэдэгдсүгэй.  

5. Шүүгдэгч Ё.Г ын засрал, хүмүүжилд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүүгдэгч Ё.Г ад буцаан олгож, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ё.Г  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.       

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ё.Г ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.