| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2021/0031/Э |
| Дугаар | 34 |
| Огноо | 2021-04-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Д |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 34
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,
Нарийн бичгийн дарга М.Э,
Улсын яллагч Б.Д,
Шүүгдэгч А.А,
Өсвөр насны шүүгдэгч Ө.Т,
Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч С.У,
Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ... ажилтай, ам бүл 4, ээж, 2 дүүгийн хамт Дорноговь аймаг Замын-Үүд сум 5 дугаар багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт А.А,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт Дорноговь аймаг Замын-Үүд сум 2 дугаар багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Ө.Т нарт холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.А нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Ургах наран цэцэрлэгийн хажуу талд иргэн Ө.Т-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5 дугаар багт иргэн Э.Э-н нүүрэн тус газарт баруун гараараа 1 удаа, эрүү хэсэгт баруун хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх,
Шүүгдэгч Ө.Т нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Ургах наран цэцэрлэгийн хажуу талд иргэн А.А-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэд авагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Өсвөр насны шүүгдэгч Ө.Т мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гэртээ байж байхад таньдаг дүү Б миний гар утас руу залгаад ахаа намайг нэг хүүхэд дээрэлхээд ална, тална гээд байна гэж хэлсэн. Хэн болох талаар асуугаад ахдаа дугаарыг нь өгчих гэж хэлээд тухайн хүүхдийн гар утасны дугаарыг нь авсан. Дүүгээс авсан гар утасны дугаар луу залгаад Э гэх хүүхэд гар утсыг авахаар нь та нар хүүхэд ална, тална гээд байгаа юм уу гэж асуухад Э-тай хамт байсан А гар утсыг нь аваад тэгсэн юм аа чи хэн юм бэ гэж асуухаар нь Т байна гэж хариулсан. Тэгсэн чинь чамайг мэдэхгүй юм байна чамайг ална “Цээндэр“ дэлгүүрийн энд хүрээд ирье гэж хэлсэн. Би за хүрээд очъё гэж хэлсэн. Би таньдаг найз Э-н гар утас руу залгаад найзыг нь хүн ална, тална гээд байна манай гэрт хүрээд ир гэж хэлсэн. Мөн таньдаг ах Э-н гар утас руу залгаад ахаа та намайг нэг газар луу хүргээд өгөөч манай гэрт хүрээд ирэх үү гэж хэлсэн. М-н гар утас руу залгаад найзыг нь хүн ална тална гээд байна “Цээндэр” дэлгүүрийн гадна хамт байгаа хүүхдүүдээ дагуулаад хүрээд ирэх үү гэж ярьсан. М-н гар утас руу залгаад найзыг нь хүн ална, тална гээд байна “Цээндэр” дэлгүүрийн гадна хүрээд ирэх үү гэж хэлсэн. Манай гэрт найз Э орж ирээд, манай ах гадаа хүрээд ирсэн гэж миний гар утас руу залгаад бид хоёр гэрээс гараад ахын машинд суугаад “Цээндэр” дэлгүүрийн гадаа ирэхэд гадна нь нэг пирус-30 маркийн тээврийн хэрэгсэл байсан. Тэгээд машины цонхоо буулгаад яах гэж дуудаад байгаа юм бэ яасан юм ирчихлээ гэж хэлэхэд нөгөө машинд сууж байсан А.А нь яасан ч яадаг юм үзэх юм уу гэж хэлсэн. Тэгээд байж байхад манай найзууд ирсэн. Тэндээс шууд хөдлөөд ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн урд талаар гараад “Ургах наран” цэцэрлэгийн хажуу талд очоод бид нар машинаасаа буугаад нөгөө залуучууд машинаасаа буугаад А.А нь надад хандаж чи яасан том бацаан бэ мөн манай найзууд луу та нар яах гэж байгаа юм бэ, ахын дүү үедээ бай та нарыг ах нарыг чинь дуудаж алуулна гэж хэлсэн. Мөн А.А тоогоо тэнцүүлж байгаад зодолдож болно гэж хэлсэн. Олуулаа зодолдож яах юм бэ хоёулаа үзчих үү гэж хэлсэн. А.А яасан гээд өөдөөс хүрээд ирэхээр нь би А.А-н нүүр хэсэг рүү толгойгоороо мөргөсөн. Тэгээд бид хоёр зодолдож эхэлсэн. Тэгээд зодолдож байхад А.А тонгойгоод доошоо болсон. Би тэгээд А.А-г яасан талаар харах гэсэн чинь найзууд нь болъё, болъё гэж хэлсэн. Мөн А.А надад хандаж чамайг Замын-Үүд суманд алхуулахгүй, буруу хүнээрээ оролдлоо гэж хэлсэн. А.А-тай хамт явж байсан нэг найз нь намайг зуураад авахаар нь салгаад бид нар салаад яваад өгсөн...Дахин гэмт хэрэгт холбогдохгүй... Би хүн андуурснаас болсон байна лээ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-58/,
- Шүүгдэгч А.А мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “... 2021 оны 02 дугаар сарын 15-ны өглөө ажлаас буугаад гэртээ амарч байхад манай найз Э 15 цагийн орчимд миний фейсбүүк рүү “орой татлаа түлхээ байхгүй бол хүссэн хүмүүсээ дагуулаад Замын-Үүдийн хойно эцсийн буудал дээр хүрээд ирье хэдэн хүн ч хамаагүй татлаа түлхээ байхгүй бол шүү пизда минь тэгээд шаа” гэсэн чат бичээд орой энэ хүмүүстэй уулзаад учир зүгээ олъё. Чи хамт явах юм уу гэж асуусан. Би за тэгье гэж хэлсэн. 16 цаг өнгөрч байхад манай гэрт Э, Т, Б, Т нар ирсэн. Манай найз Э-н гар утас руу нэг хүүхэд залгаад томроод байсан. Тэгээд би найзуудын хамт ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн зааланд тоглох санаатай гэрээс гараад “Цээндэр” дэлгүүрийн гадаа очиж зогсож байж байхад манай найз Э-н гар утас руу дахин нэг дугаар залгаад Э мөн үү Т рүү чат бичсэн хүн байна гэж ярихаар нь Э тэгээд чи яамаар байна гэж хэлэхэд хоорондоо маргалдаад байхаар нь би Э-н гар утсыг нь аваад яасан гээд байна чи хэн юм бэ гэж асуухад Т байна та нар яах гээд байгаа юм бэ, хаана байна гэж асуухаар нь “Цээндэр” дэлгүүрийн гадаа байна гэж хэлсэн. Тэгсэн чинь наанаа байж бай бид нар яваад очъё гэж хэлсэн. Тэгээд 10-20 минутын дараа “пирус-30” маркийн тээврийн хэрэгсэл ирээд цонхоо буулгаад Т гэх хүүхэд та нар яах гээд байна үзчих юм уу гэж хэлэхээр нь за тэгье гэж хэлсэн чинь мөн 5-6 хүүхэд нэмэгдэж ирсэн. Тэгээд араас дагаад яв гэж хэлэхээр нь ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн урд талаар гараад “Ургах наран” цэцэрлэгийн хажуу талд зогсоод машинаасаа буугаад та нар яах гээд байна гэж хэлэхэд нөгөө хүүхдүүд бид нарыг зодчих гээд дайраад байсан. Мөн Т гэх хүүхэд хоёулаа халз үзчих үү гэж хэлээд намайг толгойгоороо мөргөж, бид хоёр нэг нэгийгээ хэд хэдэн удаа цохисон. Миний хамраас цус гараад доошоо суухад бид хоёр салаад Т гэх хүүхэд Т рүү би чамайг найзаа гэж бодсон гээд юм яриад байсан. Тэгээд тэр хүүхдүүд явсан. Би эмнэлэг орж үзүүлсэн... Мөн 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 16 цаг 30 минутын үед манай ээж А-н найз Г нь нэг танихгүй ахтай хамт манай гэрт 1 шил С нэртэй архи авчраад манай ээж, Г, Г-той хамт ирсэн хүн 3 хувааж ууцгаасан... Тэгээд гадуур явж байгаад 20 цаг 30 минутын үед гэртээ ороход ээжийн найз Х согтоогүй харин манай ээж Г ах, Г ахын хамт ирсэн ах 3 нэлээд согтсон хоорондоо маргалдсан байдалтай байж байсан. Удалгүй Г ахын дагуулж ирсэн ах Г ахыг үгээр идэж томроод би танай барилгын даамал байна гээд орилоод байхаар нь би хүргэж өгье гэж бодоод зогсож байхад Г ахтай хамт ирсэн ах манай гэрийн зуух руу шүлсээ хаяж нулимахаар нь би гал голомт руу минь шүлсээ хаялаа гэж хэлээд авч гадагшаа гарах гэхэд зуухны яндангаас тэвэрч аван татаад хугалан хойшоо бөгсөөрөө оочоод суучихсан. Тэгээд тэр ах дахиад зуух руу шүлсээ хаяхаар нь би уурлаад болиоч пизда минь гэж хэлэхэд тэр ах чи намайг пизда гэлээ гээд над руу дайраад ирэхээр нь би түлхээд нүүрэн хэсэгт баруун гараараа нэг удаа цохиод унаж байхад нь эрүүний хэсэгт баруун хөлөөрөө нэг удаа өшиглөн унагаасан. Тэр ах унахдаа нүүрээрээ зуухан дээр унаад нүүрээ дарж сууж байгаад босохдоо дахин очиж манай гал тогооны чулуун тавцанг духаараа мөргөн унасан. Тэгээд тэр ахыг агсам тавиад байна гээд цагдаа дуудаж өгсөн... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй... Ө.Т-г үзүүлэхэд 120,000 төгрөгний зардал гарсан гэсэн уг мөнгийг би төлнө. Ө. Т надаас авахгүй гэсэн юм. Гэтэл өчигдөр өмгөөлөгч нь надтай уулзахад өгөх ёстой гэж тайлбарлаж хэлсэн. Өчигдөр хэлсэн учраас би төлж чадсангүй би өгөхөөр ээжтэй нь тохирсон байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 131-132, 208/,
- Хохирогч А.А шүүх хуралдаанд: “...2021 оны 2 сарын дундуур Ө.Т-тэй буруу ойлголцоод зодолдсон. Бид хоёр ярилцаад ойлголцсон, надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.
- Хохирогч Ө.Т шүүх хуралдаанд: “...2021 оны 02 сарын 15-ны өдөр байх А.А-тай үл ойлголцлоос болоод зодолдсон. Одоо учир зүйгээ олсон. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.
-Хохирогч Ө.Т-н хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд: “...Ө.Т-г эмнэлэгт үзүүлсэн. Томографикийн зураг авхуулсан үүний зардалд 120,000 төгрөг гарсан. Уг мөнгийг нэхэмжилнэ...” гэв.
- Хохирогч Э.Э мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ажил тараад 19 цаг өнгөрч байхад Элгэн баян гэдэг дэлгүүрийн ойролцоо хамт ажилладаг залуу Г-н таньдаг хаягийг мэдэхгүй нэг айлд очиход нэг эмэгтэй хүүхдүүдийн хамтаар байсан. Тэгээд очсон айлдаа Г бид 2 замаараа дэлгүүрээс авсан 0.75 граммын С нэртэй нэг шил архийг айлын эмэгтэй бид 3 хувааж уугаад сууж байхад бас нэг найз нь гээд эмэгтэй ирээд бид хэд дахиад С нэртэй 0.75 граммын 1 шил архи аваад гаднаас орж ирсэн эмэгтэй бид 4 авсан архиа хувааж ууцгаасан. Авсан архиа ууж дуусаад би нэлээн согтоод эхэлсэн тэгээд санамсаргүй гэрийнх нь шалан дээр шүлсээ хаяхад гэрийн эзэн эмэгтэйн хүү нь болох нэг залуу намайг газарт унахад толгойн дээр хөлөөрөө нэг удаа дэвсэж зодсон болохоор би цагдаагийн байгууллагад хандсан юм... Миний зүгээс А.А-т гаргах гомдол санал хүсэлт байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 163/,
-Гэрч Д.Э мөрдөн шалгах ажиллагаанд: “...02 дугаар сарын 15-ны өглөө 12 цагийн үед сэрэхэд манай найз Т миний фейсбүүк хаяг рүү Т гэх хүүхдээс ирсэн мессежээ явуулсан. Би тэгээд тэр чатыг нь үзсэн чинь манай найз Т-н дарамталсан чат байсан. Би хариуд нь өдөр уулзаж байгаад ярья гээд мессеж явуулсан. Өдөр 16 цагаас 17 цагийн хооронд найз Т-тэй уулзаад найз А.А-нд очсон. Мөн манай найз Т ирсэн. А.А-нд байж байхад 18 цаг 10 минутад миний гар утас руу ... дугаарын гар утаснаас нэг хүүхэд залгаад Э мөн үү гэж асуухаар нь мөн байна хэн бэ гэж асуухад Т байна. Т гэж хэн юм бэ гэж асуухад манай найз Т над руу чат бичсэн хүүхэд байна гэж хэлэхээр нь Т-д хандаж одоо чи яах гээд байгаа юм бэ хаана байгаа юм бэ гэж асуухад Соёмбын гудамжинд уулзах уу гэж хэлсэн. Ах нь Соёмбын гудамжинд амьдардаг орой ирээд уулзах юм уу гэж асуухад одоо уулзмаар байна 8 машин дүүрэн хүнтэй очлоо гэж хэлсэн. Ахын дүү хүмүүсээ цуглуулчхаад ах руугаа ярь байгаа газар хүрээд ирэх үү гэж хэлсэн. Тэгээд бид нар 2 дугаар сургууль орж тоглох санаатай явж байгаад “Цээндэр” нэртэй хүнсний дэлгүүрийн гадаа ирээд зогсоод манай найз дэлгүүр орсон. Миний гар утас руу ... дугаарын гар утас залгаад хаана байна уулзах юм уу гэж ярихаар нь би Т гэх хүүхэд байна гэж бодсон тэгье тэгье хаана байна гэж асуухаар нь Цээндэр дэлгүүрийн гадаа байна гэж хэлэхэд бид нар одоо очлоо гэж хэлсэн. Тэгээд удалгүй Цээндэр дэлгүүрийн гадаа цагаан өнгийн приус-30 маркийн тээврийн хэрэгсэл ирж зогсоод тухайн тээврийн хэрэгслийн зүүн талын цонхоо буулгаад манай тээврийн хэрэгслийг цонхоо буулга гээд гараараа дохиод байхаар нь А машины цонхыг буулгахад та нар хэн болсон юм бэ одоо үзчих үү гэж хэлээд тэд нар машинаасаа бууж ирээд бид нарыг зодчих гээд мөн явган хүүхдүүд нэмэгдэж ирсэн. За тэгье тэгье гэж хэлсэн чинь та нар араас дагаад яв гэж хэлэхээр нь араас нь дагаад явсан чинь 2 дугаар сургуулийн хажууд байдаг Ургах наран цэцэрлэгийн зүүн талд очиж зогсоод бид нар машинаасаа буугаад тэд нартай уулзахад би Т гэх хүүхэд байна уу гэж асуугаад Т-н явуулсан чатыг тэнд байсан хүүхдүүдийн нэгэнд нь харуулахад би Т гэх хүүхэд танихгүй гэж хэлсэн. Тэгээд би та хэд одоо яах гээд байгаа юм бэ гэж асуухад та нар яасан юм бэ гэж хэлээд та нарыг одоо ална гээд өөдөөс дайраад байсан. Манай найз А чи жоохон хүүхэд байна шүү дээ гэж хэлэхэд үгийн зөрүү байхгүй нөгөө хүүхэд А-г мөргөөд цохиод байсан. Бид нар А тэр хоёрыг салгах гээд очиход тэнд байсан хүүхдүүд тэр хоёр дээр очуулахгүй байсан. Би тэд нарт хандаж ганц хүнийг хэдүүлээ зодоод байгаа юм бэ гэж орилоход тэд нар больсон. Тэгээд би А дээр очиход нүүр хэсэг нь аймар болсон цус гарч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 09-10/,
-Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “...2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр найз М-нд найзуудын хамт байж байхад 18 цагийн үед манай найз Т М-н гар утас руу залгаад Цээндэр дэлгүүрийн гадаа хүрээд ирье гэж хэлсэн. Би, М, Б, Ө, М, Т нарын хамт “Цээндэр” дэлгүүрийн гадаа ирэхэд приус-30 маркийн тээврийн хэрэгсэлд Т, Э, Б, жолооч ахын хамт байсан. Мөн хажуу талд приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй залуучууд байсан. Тэгээд би найзынхаа сууж байсан машинд суугаад 2 дугаар сургуулийн урд талаар гараад “Ургах наран” цэцэрлэгийн хажуу талд ирээд бүгд машинаасаа буугаад нөгөө машинаас миний таньдаг А.А, Э, Т, Т, Б гэх залуучууд бууж ирсэн. Тэгээд А.А, Ө.Т хоёр хоорондоо ярилцаад байсан. Тэгж байгаад А.А, Ө.Т хоёр хоёулаа учраа олъё та нар бид хоёрын дундуур орж болохгүй шүү гэж хэлээд тэр хоёр бид нарын зогсож байсан газраас цааш яваад хоорондоо зодолдоод байсан. Бид нар хараад зогсож байсан. Тэгээд А.А нь доошоо тонгойгоод суухаар нь Ө.Т очоод зүгээр үү гэж асуухад өөдөөс нь чамайг Замын-Үүд суманд гишгүүлэхгүй дараа таарна бацаан минь гэж хэлсэн. Тэгээд бид нар тараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13/,
-Насанд хүрээгүй гэрч Н.М мөрдөн шалгах ажиллагаанд: “...2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр найз М-н гэрт найзуудын хамт байж байхад 18 цагийн орчимд М-н гар утас руу Т залгаад хүн дуудаад намайг ална, тална гээд байна “Цээндэр” дэлгүүрийн гадна хүүхэд ир гэж ярьсан. М-н гэрээс Б, Ө, М, Б, Т нарын хамт гараад “Цээндэр” дэлгүүрийн гадна талд ирэхэд хоёр приус-30 маркийн тээврийн хэрэгсэл зогсож байсан. Ө.Т та нар машинд суу гэж хэлээд ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн урд талаар яваад “Ургах наран” цэцэрлэгийн хажуу талд очиж зогсоод машинаас буугаад нөгөө, залуучууд машинаасаа буугаад Ө.Т нөгөө машинаас буусан нэг залуутай юм ярьж байгаад муудалцаад нэг нэгийгээ цохиж, зодоод нөгөө залуу нь нүүрээ бариад доошоо суухаар нь Ө.Т-г аваад яваад өгсөн. Мөн тэр хоёрыг зодолдож байхад бид нараас болон нөгөө залуучуудаас дундуур нь ороогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25/,
-Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд: “...2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр найзуудын хамт гэртээ байж байхад 18 цагийн орчимд манай ангийн хүүхэд Ө.Т миний гар утас руу залгаад намайг хэдэн хүмүүс ална тална гээд байна “Цээндэр” дэлгүүрийн гадаа хүрээд ир гэж ярьсан. Манай гэрт байсан Б, Ө, Б, Т, М нарын хамт “Цээндэр” дэлгүүрийн гадна ирэхэд хоёр пирус 30 маркийн тээврийн хэрэгсэл зогсож байсан. Т-н сууж байсан пирус-30 маркийн тээврийн хэрэгслийн хажуу талд нь зогсож байсан мөн пирус-30 маркийн тээврийн хэрэгсэл дотор сууж байсан А.А гэх залуу Т лүү томроод байх шиг байсан. Тэгээд Ө.Т-н сууж байсан машинд бүгд суугаад ерөнхий боловсролын сургуулийн урд талаар гараад “Ургах наран” цэцэрлэгийн хажуу талд очоод машинуудаасаа буугаад зогсож байхад А.А гэх залуу бид нарт хандаж та нар үедээ бай ах нь та нарыг ах нараар нь зодуулна гээд томроод байсан. Ө.Т бид нар чинь дүү биш ээ гэж хэлээд А.А-г Ө.Т толгойгоороо мөргөөд тэр хоёр хоорондоо зодолдсон. А.А, Ө.Т хоёр зодолдоод А.А доошоо тонгойгоод хамраас нь цус гараад тэр хоёр салаад бид нар Ө.Т-г аваад тэндээс явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28/,
-Гэрч Б.Т мөрдөн шалгах ажиллагаанд: “...Тэгээд бид нар 2 дугаар сургууль орж тоглох санаатай “Цээндэр” нэртэй хүнсний дэлгүүрийн гадаа ирээд зогсоод манай найз дэлгүүр орсон. Э-н гар утас руу ... дугаарын гар утас залгаад хаана байна уулзах юм уу гэж асуухад А Э-н гар утсыг аваад чи хэн юм бэ гэж асуухад Т байна гэж хэлэхэд А хаана байна Цээндэр дэлгүүрийн энд байна хүрээд ир гэж хэлсэн. Тэгсэн чинь наанаа байж бай гэж хэлээд утсаа тасалсан. Удалгүй Цээндэр дэлгүүрийн гадна пирус-30 маркийн тээврийн хэрэгсэл ирээд зүүн талын цонхоо буулгаад манай тээврийн хэрэгслийг цонхоо буулга гээд гараараа дохиод байхаар нь А машины цонхыг буулгахад та нар хэн болсон юм бэ одоо үзчих үү гэж хэлээд тэд нар машинаасаа бууж ирээд бид нарыг зодчих гээд мөн явган хүүхдүүд нэмэгдэж ирсэн. А за тэгье тэгье гэж хэлсэн чинь та нар араас дагаад яв гэж хэлэхээр нь араас нь дагаад явсан чинь 2 дугаар сургуулийн хажууд байдаг “Ургах наран” цэцэрлэгийн хажуу талд зогсоод бид нар машинаасаа буугаад тэд нартай уулзахад Э, Т гэх хүүхэд байна уу гэж асуугаад Т-н явуулсан чатыг тэнд байсан хүүхдүүдийн нэгэнд нь харуулахад би Т гэх хүүхэд танихгүй гэж хэлсэн. Тэгээд А та хэд одоо яах гээд байгаа юм бэ гэж асуухад тэд нар өөдөөс дайраад зодчих гээд байсан. А, Т хоёр өөд өөдөөсөө харж зогсож байгаад Т нь А-г мөргөж тэр хоёрын зодоон эхэлсэн. Бид нар А тэр хоёрыг салгах гээд очиход тэнд байсан хүүхдүүд тэр хоёр дээр очуулахгүй байсан. А-н хамраас нь цус гараад доошоо тонгойгоод суусан. Тэгээд тэнд байсан хүүхдүүд яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31/,
-Насанд хүрээгүй гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “...2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр найз М-н гэрт найзуудын хамт байж байхад 18 цагийн орчимд М-н гар утас руу ангийн хүүхэд Т залгаад намайг хүмүүс ална,тална гээд байна “Цээндэр” дэлгүүрийн гадна хүрээд ир гэж ярьсан. М-н гэрээс Б, Ө, М, Б, Т нарын хамт гараад “Цээндэр” дэлгүүрийн гадна талд ирэхэд хоёр пирус-30 маркийн тээврийн хэрэгсэл зогсож байсан. Т та нар машинд суу хойшоо гаръя гэж хэлээд бид нар машинд суугаад ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн урд талаар яваад “Ургах наран” цэцэрлэгийн хажуу талд очиж зогсоод машинаас буугаад нөгөө, залуучууд машинаасаа буугаад А гэх залуу нь та нарыг Замын-Үүд суманд гишгүүлэхгүй ах нараараа ч зодуулна хачин бацаан байна гэж хэлээд Т-н хажуу талд зогсоод тэр хоёр нэг нэгийгээ цохиж, зодоод нөгөө залуу нь нүүрээ бариад доошоо суухаар нь Т-г салгаад бид нар яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37/,
-Гэрч Ш.Г мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би Э-г танина хамт ажилладаг юм. 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдөр орой ажил тараад Э-н хамтаар миний таньдаг эмэгтэй А-н гэрт очихоор болоод замаараа дэлгүүрээс 0.75 граммын С нэртэй архи нэгийг аваад А-н гэрт очсон очиход А гэртээ хүүхдүүдтэйгээ байсан. Тэгээд А, Э бид 3 авсан архиа хувааж уугаад байж байтал А-н найз /нэрийг нь санахгүй байна/ нэг эмэгтэй гаднаас орж ирээд бид ахиад нэг шил 0.75 граммын С нэртэй архи хувааж уугаад сууж байгаад бөөлжөөд тэр чигээрээ бөөлжсөн дээрээ тасарсан байдалтай А-н гэрт сэрэхэд Э байхгүй байхаар нь Э хаана байгаа юм бэ гэж асуухад А агсам тавиад байхаар нь манай хүүхэд цагдаа дуудаад өгсөн гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 171-172/,
-Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд: “...2021 оны 03 дугаар сарын 14-ний 16 цаг өнгөрч байхад манай багын найз Г залгаад Замын-Үүдэд ирсэн байна ганц шил архи ууж байна гадаа шороонд ууж байхаар танайд очиж ууя гэхээр би тэг гэхэд удалгүй Г нэг танихгүй залуутай нэг шил 0.75 граммын С нэртэй архи нэгийг авчраад бид 3 хувааж уусан. Г-н авчирсан архийг ууж дууссаны дараа Г-той ирсэн залуу танилцсаных гээд ахиад нэг шил 0.75 граммын С нэртэй архи нэгийг авчраад бид 3 ууж эхлээд байж байхад манай найз Х орж ирсэн. Тэгээд бид 4 юм яриад сууж байхад Г-н дагуулж ирсэн залуу согтоод манай гэрт шүлсээ хаяад хаях хаяхдаа зуухан дээр суугаад зуух руу шүлсээ хаяад байхаар нь манай хүү А уурлаад Г-н дагуулж явсан залууг баруун гараараа цээж рүү нь нэг удаа цохиод унаж байхад нь нуруу хэсэгт нь хөлөөрөө нэг удаа өшиглөөд агсам тавиад янз бүрээр хэлээд хүүхэд өдөөд байхаар нь цагдаа дуудан өгч явуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 181-182/,
- Гэрч Т.Х мөрдөн шалгах ажиллагаанд: “...Тухайн өдөр манай найз А над руу ... дугаарын утсаар миний ... дугаарын утас руу залгаад ирээд хоол ид гээд дуудахаар нь 18 цагийн үед А-н гэрт очиход урьд зүс харж байсан Г гээд байдаг нэг залуу бас нэг танихгүй залуутай хамт ирчихсэн тэр 3 архи уугаад сууж байсан. Тэгээд миний өмнө харж байсан зүс таних залуу Г-н дагуулж ирсэн залуу нэг найзыгаа дуудаад архи аваад ир гээд А-н хүүг яваад ир гэж өөрийнхөө машины түлхүүрийг өгөөд явуулсан удалгүй А орж ирсэн ирэхдээ нэг шил 0.75 грамын С нэртэй архи барьж орж ирж өгчхөөд А гараад явсан. Тэгээд А-р авчруулсан архийг Г нөгөө залуугийн хамтаар ууж байхдаа нэлээд согтоод Г-н дагуулж ирсэн залуу А-н гэрийн шалан дээр шүлсээ хаяад байхаар нь би чимээгүй нэлээд арчиж суусан. Тэгсэн гаднаас А орж ирээд буйдан дээрээ суугаад утсаа оролдож байхад нөгөө танихгүй залуу зуух руу шүлсээ 2 удаа хаяхад нь сүүлд нь шүлсээ хаяж байхыг нь А харсан мөн зуухан дээр нь бөгсөөрөө сандайлаад суучихаар нь А уурлан архиа тааруулж ууж чадахгүй байж гал голомтыг минь доромжиллоо гэхэд нөгөө танихгүй залуу А-г битгий хуц гээд А-н өөдөөс дайраад очиход А нэг удаа түлхээд хөл хэсэг рүү нэг удаа өшиглөөд авсан. Тэгээд нөгөө залуу агсам тавьж зуухны яндан унагаад зогсож чадахгүй хөл дээрээ тогтож чадахгүй босох болгондоо унаад байсан. Унахдаа зуух болон шилэн ширээ шкаф мөргөж унасан. Мөн тэр залуу архи уугаад миний хажууд сууж байхдаа миний хөхийг барихаар нь би уурлаад яагаад байгаа юм бэ гэхэд чи ямар жоохон охин биш пизда минь гэж хэлэхээр нь би бас маргалдсан. Тэгээд дийлдэхгүй байхаар нь цагдаа дуудаад өгч явуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 186-187/,
- Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 04/46 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. А.А-н биед хамрын нуруу хэсгээр зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун нүдний доод талд жижиг зулгаралт, хамрын нуруу хэсэгт, дээд уруулын дээд талд зулгаралт, баруун чихний урд талд зулгаралт, дээд уруул дотор язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганы гадна дээд талд цус хуралт, цээжний зүүн талаар зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болох цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. А.А-н биед учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.
4. Учирсан гэмтүүд нь дан дангаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг хамаарахгүй ба нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно.
5. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 39-41/,
- Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 04/75 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. Ө.Т-н 2021 оны 03 сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Гавал тархины олон зүслэгт тодосгогч бодисгүй компьютерт томографын шинжилгээ болон зураг нь шинжилгээнд тэнцэж байна.
2. Ө.Т-н биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт гэсэн гэмтлүүд тогтоогдлоо.
3. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Ө.Т-н биед учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.
5. Учирсан гэмтлүүд дан дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно.
6. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 117-118/,
- Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 04/65 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. Э.Э-н биед зүүн нүдний дээд, доод зовхинд улаан хүрэн өнгийн цус хуралт, зүүн нүдний дотор буланд язарсан шарх, зулгаралт, доод зовхины доод хэсгээр зулгаралт, хамрын нуруу хэсгээр зулгаралт, баруун нүдний дотор буланд цус хуралт, үүдэн дээд 1,2-р шүд сулрал, доод үүдэн 1-р шүдний сулрал баруун бугалганы дотор дунд талд цус хуралт, баруун тохойд цус хуралт, зүүн тохойд зулгаралт, цээжний зүүн ар талд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Э.Э-н биед учирсан гэмтлүүд нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд буюу шинэ үүссэн гэмтлүүд байна.
3. Э.Э-н биед учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ.
4. Учирсан гэмтлүүд нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно.
5. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 194-195/,
- Шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65-66, 219-220/,
- Ө.Т-н иргэний үнэмлэхийн хуулбар, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн ажлын албаны тодорхойлолт, төрсний гэрчилгээний хуулбар, суралцагчийн хувийн хэргийн хуулбар, нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 68-70, 75-80, 82/,
- А.А-н иргэний үнэмлэхийн хуулбар, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Борхойн багийн ажлын албаны тодорхойлолт, ... цалингийн тодорхойлолт /хх-ийн 210-211, 218/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтад хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч А.А, Ө.Т нар нь 2021 оны 02 сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Ургах наран цэцэрлэгийн хажуу талд маргалдаж улмаар харилцан зодолдож, бие биенийхээ биед хөнгөн гэмтэл учруулсан,
2021 оны 03 сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5 дугаар багт буюу шүүгдэгч А.А-н гэрт Э.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж улмаар зуух руу нь шүлсээ хаяж, агсам тавьсан ба үүний улмаас шүүгдэгч А.А нь гал голомт руу шүлсээ хаялаа гэж уурлан зодсон үйл баримтууд болсон байна.
Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын прокуророос шүүгдэгч А.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Өсвөр насны шүүгдэгч Ө.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгч А.А нь хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг, өсвөр насны шүүгдэгч Ө.Т нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд болон хохирогч А.А, Ө.Т нарын мэдүүлэг, гэрч Д.Э “...Манай найз А.А чи жоохон хүүхэд байна шүү дээ гэж хэлэхэд үгийн зөрүү байхгүй нөгөө хүүхэд А.А-г мөргөөд цохиод байсан. Бид нар А.А тэр хоёрыг салгах гээд очиход тэнд байсан хүүхдүүд тэр хоёр дээр очуулахгүй байсан... би А дээр очиход нүүр хэсэг нь аймар болсон цус гарч байсан...” гэсэн, гэрч Б.Б “...тэр хоёр бид нарын зогсож байсан газраас цааш яваад хоорондоо зодолдоод байсан. Бид нар хараад зогсож байсан. Тэгээд А.А нь доошоо тонгойгоод суухаар нь Ө.Т очоод зүгээр үү гэж асуухад өөдөөс нь чамайг Замын-Үүд суманд гишгүүлэхгүй дараа таарна бацаан миний гэж хэлсэн. Тэгээд бид нар тараад явсан...” гэсэн, насанд хүрээгүй гэрч Н.М “...Ө.Т нөгөө машинаас буусан нэг залуутай юм ярьж байгаад муудалцаад нэг нэгийгээ цохиж, зодоод нөгөө залуу нь нүүрээ бариад доошоо суухаар нь Ө.Т-г аваад яваад өгсөн...” гэсэн, гэрч Б.М “...2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр найзуудын хамт гэртээ байж байхад 18 цагийн орчимд манай ангийн хүүхэд Ө.Т миний гар утас руу залгаад намайг хэдэн хүмүүс ална, тална гээд байна “Цээндэр” дэлгүүрийн гадаа хүрээд ир гэж ярьсан... А.А-г Ө.Т толгойгоороо мөргөөд тэр хоёр хоорондоо зодолдсон. А.А, Ө.Т хоёр зодолдоод А.А доошоо тонгойгоод хамраас нь цус гараад тэр хоёр салаад бид нар Ө.Т-г аваад тэндээс явсан...” гэсэн, гэрч Б.Т “...А, Т хоёр өөд өөдөөсөө харж зогсож байгаад Т нь А-г мөргөж тэр хоёрын зодоон эхэлсэн. Бид нар А тэр хоёрыг салгах гээд очиход тэнд байсан хүүхдүүд тэр хоёр дээр очуулахгүй байсан. А-н хамраас нь цус гараад доошоо тонгойгоод суусан...” гэсэн, насанд хүрээгүй гэрч Б.Б “...2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр найз М-н гэрт найзуудын хамт байж байхад 18 цагийн орчимд М-н гар утас руу ангийн хүүхэд Т залгаад намайг хүмүүс ална тална гээд байна “Цээндэр” дэлгүүрийн гадна хүрээд ир гэж ярьсан... АА гэх залуу нь та нарыг Замын-Үүд суманд гишгүүлэхгүй ах нараараа ч зодуулана хачин бацаан байна гэж хэлээд Ө.Т-н хажуу талд зогсоод тэр хоёр нэг нэгийгээ цохиж, зодоод нөгөө залуу нь нүүрээ бариад доошоо суухаар нь Ө.Т-г салгаад бид нар яваад өгсөн...” гэсэн, хохирогч Э.Э “...Би 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ажил тараад 19 цаг өнгөрч байхад Элгэн баян гэдэг дэлгүүрийн ойролцоо хамт ажилладаг залуу Г-н таньдаг хаягийг мэдэхгүй нэг айлд очиход нэг эмэгтэй хүүхдүүдийн хамтаар байсан. Тэгээд очсон айлдаа Г бид 2 замаараа дэлгүүрээс авсан 0.75 граммын С нэртэй нэг шил архийг айлын эмэгтэй бид 3 хувааж уугаад сууж байхад бас нэг найз нь гээд эмэгтэй ирээд бид хэд дахиад С нэртэй 0.75 граммын 1 шил архи аваад гаднаас орж ирсэн эмэгтэй бид 4 авсан архиа хувааж ууцгаасан. Авсан архиа ууж дуусаад би нэлээн согтоод эхэлсэн тэгээд санамсаргүй гэрийнх нь шалан дээр шүлсээ хаяхад гэрийн эзэн эмэгтэйн хүү нь болох нэг залуу намайг газарт унахад толгойн дээр хөлөөрөө нэг удаа дэвсэж зодсон...” гэсэн, гэрч Б.А “...2021 оны 03 дугаар сарын 14-ний 16 цаг өнгөрч байхад манай багын найз Г залгаад Замын-Үүдэд ирсэн байна ганц шил архи ууж байна гадаа шороонд ууж байхаар танайд очиж ууя гэхээр би тэг гэхэд удалгүй Г нэг танихгүй залуутай нэг шил 0.75 граммын С нэртэй архи нэгийг авчраад бид 3 хувааж уусан. Г-н авчирсан архийг ууж дууссаны дараа Г-той ирсэн залуу танилцсаных гээд ахиад нэг шил 0.75 граммын С нэртэй архи нэгийг авчраад бид 3 ууж эхлээд байж байхад манай найз Х орж ирсэн. Тэгээд бид 4 юм яриад сууж байхад Г-н дагуулж ирсэн залуу согтоод манай гэрт шүлсээ хаяад хаях хаяхдаа зуухан дээр суугаад зуух руу шүлсээ хаяад байхаар нь манай хүү А уурлаад Г-н дагуулж явсан залууг баруун гараараа цээж рүү нь нэг удаа цохиод унаж байхад нь нуруу хэсэгт нь хөлөөрөө нэг удаа өшиглөөд агсам тавиад янз бүрээр хэлээд хүүхэд өдөөд байхаар нь цагдаа дуудан өгч явуулсан...” гэсэн, гэрч Т.Х “...Г-н дагуулж ирсэн залуу А-н гэрийн шалан дээр шүлсээ хаяад байхаар нь би чимээгүй нэлээд арчиж суусан. Тэгсэн гаднаас А.А орж ирээд буйдан дээрээ суугаад утсаа оролдож байхад нөгөө танихгүй залуу зуух руу шүлсээ 2 удаа хаяхад нь сүүлд нь шүлсээ хаяж байхыг нь А.А харсан мөн зуухан дээр нь бөгсөөрөө сандайлаад суучихаар нь А.А уурлан архиа тааруулж ууж чадахгүй байж гал голомтыг минь доромжиллоо гэхэд нөгөө танихгүй залуу А.А-г битгий хуц гээд А.А-н өөдөөс дайраад очиход А.А нэг удаа түлхээд хөл хэсэг рүү нэг удаа өшиглөөд авсан. Тэгээд нөгөө залуу агсам тавьж зуухны яндан унагаад зогсож чадахгүй хөл дээрээ тогтож чадахгүй босох болгондоо унаад байсан. Унахдаа зуух болон шилэн ширээ шкаф мөргөж унасан...” гэсэн мэдүүлгүүд болон Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 сарын 17-ны өдрийн 04/46 дугаар, 2021 оны 03 сарын 24-ний өдрийн 04/75 дугаар, 2021 оны 03 сарын 15-ны өдрийн 04/65 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч А.А-г хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг, өсвөр насны шүүгдэгч Ө.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.А, Ө.Т нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч А.А нь ээж, хоёр дүүгийн хамт амьдардаг, ажил төрөл эрхэлж гэр бүлээ тэжээдэг болон түүний насны байдал зэргийг харгалзан үзэж, улсын яллагчаас санал болгосон нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгийн торгох ялыг багасгаж зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ял оногдуулахаар,
Мөн өсвөр насны шүүгдэгч Ө.Т нь ерөнхий боловсролын ...р ангид сурдаг, насанд хүрээгүй зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэж, уг хугацаанд хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг эх С.У-т даалгахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч А.А, Ө.Т нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт болон тэдний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг, мөн хохирогч А.А нь өсвөр насны шүүгдэгч Ө.Т-с хохирол төлбөр нэхэмжлээгүй тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж, хохирогч Э.Э нь шүүгдэгч А.А-с хохирол төлбөр нэхэмжлээгүй тул хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тогтоолд тус тус дурдах нь зүйтэй гэж үзэв.
Насанд хүрээгүй хохирогч Ө.Т-н хууль ёсны төлөөлөгч Ө.Т-г эмнэлэгт үзүүлсэн томографикийн зардал 120,000 төгрөгийг нэхэмжилсэн тул шүүгдэгч А.А-с 120,000 төгрөгийг гаргуулж, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт А.А-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн,
Өсвөр насны шүүгдэгч Б овогт Ө.Т-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт А.А-г зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Ө.Т-д ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Т-г хянан хүмүүжүүлэх нэг жилийн хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг түүний эх С.У-т даалгасугай.
5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А нь 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч А.А, Ө.Т нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, өсвөр насны шүүгдэгч Ө.Т нь бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон тэдний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, хохирогч Э.Э нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, хэрэгт хохирогч Ө.Т-н нотлох баримтаар өгсөн CD-1 ширхэг, томографикын зураг 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Ө.Т-д буцаан олгосугай.
7. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч А.А-с 120,000 төгрөгийг гаргуулан Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт оршин суух, насанд хүрээгүй хохирогч Ө.Т, түүний хууль ёсны төлөөлөгч О овогт С.У-т олгосугай.
8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А, Ө.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Н