Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/103

 

   2021          04             08                                          2021/ШЦТ/103

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл,

Шүүгдэгч Б.С- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.С-од холбогдох эрүүгийн 2138000000075 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.С.

Шүүгдэгч Б.С- нь 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2 дугаар багийн нутаг “Өндөр даваа” гэх газраас 7,3 куб.метр мод бэлтгэж ойн санд 1 231 181 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.С- нь түлээ бэлтгэх зорилгоор 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2 дугаар багийн нутаг “Өндөр даваа” гэх газраас 7,3 куб.метр хуурай шинэс мод бэлтгэж ойн санд 1.231.181 төгрөгийн шууд хохирол учруулан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн байна. 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын байгаль хамгаалагч П.Б-ын 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн шалгалтын тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,
  • Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-12 дугаар хуудас/,
  • Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-17 дугаар хуудас/,
  • 7,3 куб.метр хуурай шинэс модыг битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
  • Эд мөрийн баримтаар БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 1 ширхэг моторт хөрөөг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 25 дугаар хуудас/,
  • Иргэний нэхэмжлэгч С.Л-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “..Би болсон хэргийн талаар мэдэхгүй. Би энэ хэрэгт Тосонцэнгэл сумын ЗДТГ-ын даргын томилсоны дагуу хохирогчоор оролцож байна. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл гэвэл учруулсан хохирлоо тээвэрлэсэн модны акт гарсны дараа нөхөн төлөх хэрэгтэй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,
  • Гэрч Р.П-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “..Би 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гэртээ байж байсан чинь манай багийн Улиастай гэдэг газар өвөлждөг Б.С- гэдэг залуу 11 цагийн үед манай гэрт ирээд манайх түлээ бэлдэх гэсэн юм надад мод бэлтгэх хөрөө байдаггүй та хөрөөгөөрөө унагаад өгөөч гэж ирсэн. Тэгэхээр нь би за тэгье гээд бид хоёр Б.С-ын мотоцикльтой Өндөр дов гэдэг газар руу мод бэлтгэхээр явсан. Бид хоёр мод унагааж байсан чинь Тосонцэнгэл сумын ойн байцаагч Г.Б-, П.Б- гэдэг хоёр хүн ирсэн. Яагаад босоо мод унагаад байгаа юм бэ, босоо мод унагааж болохгүй гээд миний хөрөөг хурааж аваад явсан. Тэгээд бид хоёр унагаасан модоо тэнд нь орхиод гэр рүүгээ явсан. ...Би мод бэлтгэх эрхийн бичигтэй юм байх л гэж бодсон. Модон дотор мод бэлтгэж байхад сумын байгаль орчны байцаагч нар ирж шалгахад нь л мод бэлтгэх эрхийн бичиггүй бэлтгэснийг мэдсэн. Тэр үед л Б.С- байгаль хамгаалагч нарт одоохондоо аваагүй байгаа, авна гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45, 47 дугаар хуудас/,
  • Гэрч Г.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “..Би 2021 оны 01 сарын 19-ний өдөр Тосонцэнгэл сумын 2 дугаар багт хяналт, шалгалтын ажлаар явж байгаад Өндөр даваа гэдэг уулын модонд хөрөө дуугараад байхаар нь яваад очсон чинь тус багийн Б.С-, Р.П- нар нь босоо мод унагаж байхад нь таарсан. Мод бэлтгэхийг нь зогсоогоод та яагаад ойгоос зөвшөөрөлгүй босоо мод унагаж байгаа юм бэ гэж асуусан чинь Б.С- нь би нөхөрлөлийнхөө талбайгаас бэлтгэж байна болдоггүй юм уу гэж хэлсэн. Тэгэхээр нь гоожин зөвшөөрөлгүй ойгоос босоо мод унагааж бэлдэж болохгүй гэж хэлээд мод бэлтгэж байсан цахилгаан хөрөөг хурааж аваад Б.С-ыг маргааш сумын төв рүү орж уулзаарай гэж хэлээд явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 дүгээр хуудас/,
  • Гэрч П.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “..Би 2021 оны 01 сарын 19-ний өдөр байгаль орчны улсын байцаагчийн хамт Тосонцэнгэл сумын 2 дугаар баг руу модны хяналт, шалгалтын ажлаар явж байхад Өндөр даваа гэдэг уулын модонд хөрөө дуугараад байхаар нь очиж үзэхэд Б.С-, Р.П- нар нь босоо мод унагаж бэлтгэж байхад нь таарсан. Би модны хожуул болон унагаасан модыг тоолж баримтжуулж аваад босоо мод унагаж мод бэлтгэж болохгүй гэж хэлээд маргааш сумын төв рүү орж ирж уулзаарай гээд мод бэлтгэж байсан цахилгаан хөрөөг нь хурааж аваад явсан. ..Миний утас руу Б.С- гэдэг залуу мод бэлтгээд ачиж ороод маргааш гоожингоо бичүүлье гэж огт яриагүй. Б.С-ын аав болох Б- гуай над руу залгаад Мөрөн сум руу гоожин бичиж байгаа юм уу гэж л асуусан. Өөр юм яриагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” сум дундын ойн ангийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн: “1. Иргэн Б.С-ын бэлтгэсэн модонд хэмжилт хийж чанар байдлыг тодорхойлоход 7.3 м3 түлээний хуурай шинэс мод байв. 2. Б.С-ын бэлтгэсэн модонд хэмжилт хийж экологи эдийн засгийн үнэлгээ: Бүх төрлийн хуурай мод 168655, Итгэлцүүр: 1 Модны хэмжээ м3 7,3 Экологи эдийн засгийн үнэлгээ 1231181,5. Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7 дахь заалт /иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэх, ойн дагалт баялаг ашиглах, ан агнах, түймрийн аюултай үед ойд аялал, зугаалгаар явахыг хориглоно/, 35 дугаар зүйлийн 35.4.2 дахь заалт /Зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэх/ тус тус зөрчсөн. Уг бэлтгэсэн модонд Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын 2020 оны А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтыг үндэслэн “Нэг шоо метр модны экологи эдийн засгийн үнэлгээ” тооцох аргачлалаар тооцсон. 3. Б.С-ын бэлтгэсэн гэх мод нь түлээний хуурай шинэс мод байв. Мод бэлтгэсэн Тосонцэнгэл сумын Өндөр даваа гэх газар нь 2012 оны ойн зохион байгуулалтын 30-р хэсэглэлд хамаарах хамгаалалтын бүсийн /1-р муж/ ойд хамаарч байна. 4. Дээрх мод бэлтгэсэн гэх газар нь тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй болно” гэх дүгнэлт, бөөрөнхий модон материалын хэмжилтийн хүснэгт /хх-ийн 61-63 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Э-н 17 дугаартай: “..экологи эдийн засгийн үнэлгээ 1231181,5 /мян.төг/ хуульд заасны дагуу ойн санд учруулсан нөхөн төлбөрийн хэмжээ нийт 3 693 544,5 /мян.төг/. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалт “Ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож нөхөн төлбөрийг ногдуулна” гэсэн заалтыг үндэслэн тооцов” гэх дүгнэлт /хх-ийн 68 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Б.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “..2021 оны 01 дүгээр сарын 19-өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумыy 2 дугаар багийн нутаг Өндөр даваа гэх газраас түлшний мод бэлтгэхээр ойрхон байдаг ах болох Р.П-ийг гуйгаад түлшний мод хийхээр мод руу явсан. Р.П- ахыг мод унагаалгахаар явсан юм. Модонд очоод 26 ширхэг босоо хуурай, бүдүүнүүдийн доод хэсэг нь өмхөрсөн моднуудыг цахилгаан хөрөөгөөр Р.П- ах огтолж унагаасан. Би Р.П- ахад унагаах модыг зааж өгч унагаалгасан. Модоо огтолж унгааж дуусаад захаас нь ярлаж эхэлж байхад Тосонцэнгэл сумын 2 дугаар багийн байгаль хамгаалагч П.Б-, улсын байцаагч Г.Б-, цагдаа Т- нар машинтай ирсэн. ..Тэд нар надад бэлтгэсэн модоо хөдөлгөж болохгүй, маргааш сумын төв орж уулзаарай гэж хэлэхээр нь бид нар бөөнөөрөө модноос буусан. Тэрнээс хойш долоо хоногийн дараа байгаль хамгаалагч, экологийн цагдаа нар ирж үзлэг шалгалт хийгээд явсан. Явахдаа бэлтгэсэн модыг Тосонцэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын хашаанд оруулж буулгаарай гэж хэлэхээр нь бэлтгэсэн модоо машинаар ачиж тамгын газрын хашаанд буулгасан. ..Р.П- ахын цахилгаан хөрөө ашигласан” гэх мэдүүлэг /хх-ийн 80 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 82, 83 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Б.С-ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 84 дүгээр хуудас/,
  • Урьд ял шийтгүүлээгүй болохыг тодорхойлсон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 85 дугаар хуудас/,
  •  Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Сэлэнгэ багийн Засаг даргын тодорхойлолт,
  • Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын албан тоот,
  • Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын албан бичиг зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “Ойн санг эзэмшигч нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын гэрчилгээ”-ний хуулбар, мод бэлтгэх гэрээ, мод бэлтгэх талбай тусгаарлах гэрээ зэргийг гарган өгч, миний үйлчлүүлэгч Б.С-ын аав Б- нь өөрийн нэр дээр “Улиастайн эв санаа ойн нөхөрлөл”-ийг хариуцдаг, уг нөхөрлөлийн тусгаарласан талбайгаас нөхөн сэргэх чадваргүй мод бэлтгэсэн учраас гэмт хэргийн шинжгүй байна” гэж тайлбарлаж мэтгэлцэж байх боловч уг “Ойн санг эзэмшигч нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын гэрчилгээ”-г 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр олгосон, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2 дугаар багийн нутаг “Улиастай” нэртэй газрын 1636 га талбай бүхий ойн санг “Улиастайн эв санаа” нөхөрлөлд хэдэн жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр олгосон бичилтгүй, Тосонцэнгэл сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 09 дугаартай шийдвэрийг үндэслэн “Мод бэлтгэх гэрээ”-г 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байгуулж, “Мод бэлтгэх талбай тусгаарлах гэрээ”-нд огтлолт явуулах хугацааг 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 3 сарын хугацаанд тогтоосон зэргээс үзвэл эдгээр баримтууд нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй байх тул нотлох баримтаар тооцож үнэлээгүй болно.

Мөн хэрэгт Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” сум дундын ойн ангийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн: “1. Иргэн Б.С-ын бэлтгэсэн модонд хэмжилт хийж чанар байдлыг тодорхойлоход 7.3 м3 түлээний хуурай шинэс мод байв. 2. Б.С-ын бэлтгэсэн модонд хэмжилт хийж экологи эдийн засгийн үнэлгээ: Бүх төрлийн хуурай мод 168655, Итгэлцүүр: 1 Модны хэмжээ м3 7,3 Экологи эдийн засгийн үнэлгээ 1231181,5. Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7 дахь заалт /иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэх, ойн дагалт баялаг ашиглах, ан агнах, түймрийн аюултай үед ойд аялал, зугаалгаар явахыг хориглоно/, 35 дугаар зүйлийн 35.4.2 дахь заалт /Зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэх/ тус тус зөрчсөн. Уг бэлтгэсэн модонд Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын 2020 оны А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтыг үндэслэн “Нэг шоо метр модны экологи эдийн засгийн үнэлгээ” тооцох аргачлалаар тооцсон. 3. Б.С-ын бэлтгэсэн гэх мод нь түлээний хуурай шинэс мод байв. Мод бэлтгэсэн Тосонцэнгэл сумын Өндөр даваа гэх газар нь 2012 оны ойн зохион байгуулалтын 30-р хэсэглэлд хамаарах хамгаалалтын бүсийн /1-р муж/ ойд хамаарч байна. 4. Дээрх мод бэлтгэсэн гэх газар нь тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй болно” гэх байгаль орчин, экологид учирсан хохирлын шинж байдлын талаарх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авагдсан. Шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэсэн болон эргэлзээтэй бусад баримт мэдээлэл хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн “нөхөрлөлийн тусгаарласан талбайгаас нөхөн сэргэх чадваргүй мод бэлтгэсэн”  гэх хүсэлт нь үндэслэлгүй байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн байгаль орчин, экологийн мэдлэг дутмаг байдал дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

Хавтаст хэрэгт гэрч Г.Б- /хх-ийн 50-51/, П.Б- /хх-ийн 55-56/ нарын “..Б.С-, Р.П- нар нь босоо мод унагаж байхад нь таарсан” гэх мэдүүлэг авагдсан байх боловч гэрч Р.П-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “..Модон дотор мод бэлтгэж байхад сумын байгаль орчны байцаагч нар ирж шалгахад нь л мод бэлтгэх эрхийн бичиггүй бэлтгэснийг мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45, 47/ авагдсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэргийг ..гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг ..ашиглан үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ” гэж зааснаар дээрх гэмт хэргийг шүүгдэгч Б.С- ганцаараа үйлдсэн байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан төрийн хамгаалалтад байх ойн санд хохирол учруулан хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг үйлдэж, байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулсан хор уршигт зориуд хүргэж, “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч Б.С- нь түлээ бэлтгэх зорилгоор 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2 дугаар багийн нутаг “Өндөр даваа” гэх газраас 7,3 куб.метр хуурай шинэс мод бэлтгэж ойн санд 1.231.181 төгрөгийн шууд хохирол учруулан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн нь шунахайн сэдэлтээр, санаатайгаар дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.    

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтоосон байх тул шүүгдэгч Б.С-ын  үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь байгаль орчин, экологи-эдийн засагт 3.693.544 төгрөгийн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.С- нь хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Л-тай 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр “...экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтоосон 3.693.544 төгрөгийг 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө төлж барагдуулахаар” эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгчээс 2.462.362 төгрөгийг гаргуулж Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын Тамгын газарт олгох нь зүйтэй байна. 

Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газар,  Прокурорын газраас “албан бланк, бичгийн цаас, хэвлэмэл хуудас”-ны үнэ 18.005 төгрөгийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцож /хх-ийн 93, 96/ шүүгдэгчээс гаргуулахаар ирүүлсэн байх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн  1.1, 1.2, 1.3, 1.4 1.5-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал”-ыг хуульчилсан бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай шууд холбогдох гарах бусад зардлыг Монгол улсын Засгийн газрын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 161 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журам”-ын 2.7-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.5-д заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай шууд холбогдон гарах бусад зардалд хэргийн газар, орон байр, хүний бие, цогцост үзлэг, нэгжлэг, шинжилгээ хийх, цогцсыг оршуулсан газраас нь гаргаж шинжлэх, мөрдөн шалгах туршилт хийх, мэдүүлгийг газар дээр нь шалгах, таньж олуулах ажиллагаа явуулах, ялтныг хорих ангид очиж байцаах, дуудлагаар явахад гарсан болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсны үр дүнд үүссэн ажил гүйцэтгэсний хөлс, зардал багтана” гэж зааснаас үзэхэд дээрх 18.005 төгрөгийн баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, /бусад зардал/-д тооцох үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.С-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг тус тус харгалзан “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Б.С- нь урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй байна.

Шүүх шүүгдэгч Б.С-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал” гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзаж торгох ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэх хүсэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-од 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-од оногдуулсан торгох ялыг түүний орлого олох боломжийг харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.С-ын хууль бусаар бэлтгэсэн 7,3 куб.метр хэмжээтэй, 1.231.181 төгрөгийн үнэлгээ бүхий хуурай шинэс модыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг модыг 1.231.181 төгрөгийн хохиролд тооцож Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын Тамгын газарт,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-оос 2.462.362 төгрөгийг 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор гаргуулж Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын Тамгын газарт тус тус олгохыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан моторт хөрөөг эзэмшигч болох Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2 дугаар багт оршин суух Р.П- (...)-д буцаан олгохыг шүүгчийн туслах С.Д-д даалгаж байна.

Шүүгдэгч Б.С- нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-од оногдуулсан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б.С-од оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.С-ын хууль бусаар бэлтгэсэн 7,3 куб.метр хэмжээтэй, 1.231.181 төгрөгийн үнэлгээ бүхий хуурай шинэс модыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг модыг 1.231.181 /нэг сая хоёр зуун гучин нэгэн мянга нэг зуун наян нэг/ төгрөгийн хохиролд тооцож Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын Тамгын газарт,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-оос 2.462.362 /хоёр сая дөрвөн зуун жаран хоёр мянга гурван зуун жаран хоёр/ төгрөгийг 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор гаргуулж Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын Тамгын газарт тус тус олгохыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан моторт хөрөөг Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2 дугаар багт оршин суух Р.П- (...)-д буцаан олгохыг шүүгчийн туслах С.Д-д даалгасугай.

7. Шүүгдэгч Б.С- нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                М.ЭРДЭНЭ-ОЧИР