Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

2021 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/104

 

   2021          04             08                                          2021/ШЦТ/104

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга,

Улсын яллагч П.Отгонбаатар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбилэг,

Шүүгдэгч Ч.Б-а нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ч.Б-д холбогдох эрүүгийн 2138000000132 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ч.Б.

Шүүгдэгч Ч.Б-а нь 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Ц.Н-тай хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ч.Б-а нь 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Ц.Н-тай хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдан улмаар түүнийг тонгорч унаган хоолойг нь боож, зүүн чихний ар хэсэгт чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь “зүүн чихний дэлбэнгийн ар хэсэгт шарх” бүхий хөнгөн гэмтэл учруулж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн байна. 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5-р хуудас/,
  • Хохирогч Ц.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 17 цагийн үед худаг дээр мал услахаар очсон. Тэгэхэд худаг дээр Ч.Б- байж байсан. Тэгэхээр нь би Ч.Б- сонин юутай байна сайхан хаваржиж байна уу ахын дүү гэж хэлэхэд чи намайг дандаа сайхан амарч байна уу гэж асуудаг гээд намайг барьж аваад мотоцикль дээрээс татаж унагаагаад зүүн талын хавирга хэсэг рүү дэвссэн мөн хоёр гараараа багалзуурдаж боосон, чихний ар хэсэгт зүсэгдэж 2 оёдол тавьсан. Тэгэхээр нь би Ч.Б-ас ахыгаа битгий зод ах нь хөл гар муутай миний зүүн талын 3 хурууны шөрмөс тасарсан, зүүн талын хөл 2 удаа хугарч байсан гэж хэлсэн. Тэгээд намайг тавихаар нь босоод яваад өгсөн. ..надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 127 дугаартай: “1. Ц.Н-н биед зүүн чихний дэлбэнгийн ар хэсэгт шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Ц.Н-н биед үүссэн шарх нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 31 дүгээр хуудас/,
  • 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн хүний их эмч П.О-н тодорхойлолт /хх-ийн 32 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Ч.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “..Прокуророос сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ..Ц.Н- ах надад Ө-гэдэг хүнтэй цуг очиж танайд архи ууна гэж хэлсэн. Тэгэхээр нь би хорио цээртэй архи лацадсан байхад би архи хаанаас олдог юм пизда минь гэж хэлсэн. Тэгсэн чинь чи муу пизда миний нутагт намайг пизда болгодог хэн юм бэ ганц шил архи олоод өгчих чадахгүй байна уу гээд мотоциклио хаяад над руу гүйгээд ирсэн. Тэр үед миний усалж байсан морь үргээд зугтсан юм. Миний урдаас гүйж ирээд миний хоёр мөрнөөс минь барьж аваад мушгихаар нь би мушгисан тал руу нь дагуулаад тонгорсон юм. Тэгэхэд Ц.Н-гийн дээлийн энгэр нь урагдсан юм. Би Ц.Н-г зодож болохгүй гэж бодоод салах гэж байхад миний дээлнээс нэг гараараа зуураад нөгөө гараараа үсдээд байхаар нь өөрөөсөө салгах гээд түлхэхэд салж өгөхгүй байсан. Тэгэхээр нь Ц.Н-г хальт боогоод мултарсан юм. Би мултарч аваад гэр лүүгээ яваад өгсөн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 46 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Ч.Б-ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 47 дугаар хуудас/,
  • Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49 дүгээр хуудас/ зэрэг баримт бичиг болно.

    Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

    Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, хохирогч нь тухайн үед ахуйн хүрээнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал зэрэг нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хор уршигт зориуд хүргэж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Ч.Б-а нь хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан нь танхайн сэдэлтээр, санаатайгаар дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгч Ч.Б-ын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Ц.Н-, шүүгдэгч Ч.Б-а нар 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулж, “...эмчилгээний зардлыг бүрэн дааж 300.000 төгрөгийн төлбөр төлж байна, ..санал гомдол байхгүй” /хх-ийн 48/ гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газраас “албан бланк, бичгийн цаас, хэвлэмэл хуудас”-ны үнэ 4.850 төгрөгийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцож /хх-ийн 55/ шүүгдэгчээс гаргуулахаар ирүүлсэн байх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн  1.1, 1.2, 1.3, 1.4 1.5-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал”-ыг хуульчилсан бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай шууд холбогдох гарах бусад зардлыг Монгол улсын Засгийн газрын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 161 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журам”-ын 2.7-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.5-д заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай шууд холбогдон гарах бусад зардалд хэргийн газар, орон байр, хүний бие, цогцост үзлэг, нэгжлэг, шинжилгээ хийх, цогцсыг оршуулсан газраас нь гаргаж шинжлэх, мөрдөн шалгах туршилт хийх, мэдүүлгийг газар дээр нь шалгах, таньж олуулах ажиллагаа явуулах, ялтныг хорих ангид очиж байцаах, дуудлагаар явахад гарсан болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсны үр дүнд үүссэн ажил гүйцэтгэсний хөлс, зардал багтана” гэж зааснаас үзэхэд дээрх зардал нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, /бусад зардал/-д оруулан тооцох боломжгүй байгааг дурдах нь зүйтэй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ч.Б-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлж шийдвэрлэв.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн байдал зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Ч.Б-а нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Шүүх шүүгдэгч Ч.Б-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа яллагдагч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан /хх-ийн 62/, прокуророос сонсгосон 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, ялаас чөлөөлөх саналыг яллагдагч хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан шүүгдэгч Ч.Б-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.      

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч Ч.Б-а нь цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   М.ЭРДЭНЭ-ОЧИР