Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/105

 

   2021          04             08                                          2021/ШЦТ/105

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Хохирогч Н.С-,

Шүүгдэгч Д.Ш- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ш-д холбогдох эрүүгийн 2138000000101 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Д.Ш.

Шүүгдэгч Д.Ш- нь 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын төвд иргэн Н.С-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Ш- нь 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын төвд иргэн Н.С-г мөнгө дутаасан гэх шалтгаанаар хамар руу нь гараараа цохиж, эрүүл мэндэд “хамар ясны хугарал” бүхий хөнгөн гэмтэл учруулж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр хуудас/,
  • Чандмань-Өндөр сумын Эрүүл мэндийн төвийн хүний их эмч Ц.Ц-н 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн: “..11-р сарын 20-нд 2 шанаа тус бүр 5х5 сантиметр орчим хөхөрсөн байсан. 12-р сарын 03-нд хамар муруйсан, хамар нүүр эмзэглэл ихтэй, баруун нүдний ухархай руу хөхөрсөн, хацар дээр хумсны шархтай, баруун гуя 6х7 сантиметр орчим хөхөрсөн, эмзэглэлтэй байсан болохыг тодорхойлов” гэх тодорхойлолтын хуулбар /хх-ийн 13 дугаар хуудас/,
  • Хохирогч Н.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч, хохирогчоор өгсөн: “..2019 оны 03 сарын 01-нд Д.Ш- гэдэг залуутай Чандмань-Өндөр суманд танилцсан юм. Тэр үеэс бид хоёр найзалж нөхөрлөөд хамтран амьдарч байсан юм. Намайг Засаг даргын дэлгүүрт ажиллаж байхад Д.Ш- нь дэлгүүрээсээ гар манай дэлгүүр худалдагч байхгүй болсон чи манай дэлгүүрт орж худалдагч хий гэж шахаж шаарддаг байсан. ...Намайг 6 500 000 төгрөгийн өрөнд орсон гэж хэлэхэд нь би шоконд орсон. Надаас дансны хуулга нэхэж намайг нэлээн хэд хоног шаналгасан. Би Д.Ш-д банкнаас авч чадахгүй чи миний утаснаас хар гэж хэлсэн. Би Д.Ш-д 2020 оны 12 дугаар сарын 03-нд өөрийн утаснаас дансны хуулга харуулсан. Д.Ш- нь миний дансны хуулга харж байснаа хуучны орсон гарсан гүйлгээд хараад энэ бүгд миний мөнгө, миний мөнгийг чи ийш тийш нь явуулсан байна гэж хэлэхэд нь утсаа шүүрч авахад миний хамарлуу гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Тэр үед миний хамраас их цус гарсан. Маргааш өглөө нь босоод ирэхэд миний хамар мурийсан байсан. ..” гэх мэдүүлэг /хх-ийн 22, 24-25 дугаар хуудас/,
  • Гэрч М.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “..Иргэн Н.С-гийн гэмтэл нь 2020 оны 12 сарын 03-ны өдөр хамар луугаа цохиулж үүссэн гэмтэл байх боломжтой. Яагаад гэвэл энэ гэмтэл жилээр яригдах хуучин гэмтэл биш мөн нөгөө талаас хэдхэн хоногийн өмнө үүсгэгдсэн шинэ гэмтэл биш гэдэг нь рентгэн зураг дээрээс харагдаж байсан учраас тухайн зургийг уншиж зурагны хариу дүгнэлтэн дээр шинж тэмдэгийг нь дурьдаж бичсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/,
  • Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 91 дугаартай: “..Н.С-гийн биед хамар ясны хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. ... Н.С-гийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах, 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэх дүгнэлт /хх-ийн 35 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Д.Ш-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Өөрийн гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Шүүгдэгч Д.Ш-гийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 49 дүгээр хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Хөхөө багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 50 дугаар хуудас/,
  • Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 дүгээр хуудас/,
  • 0707908 дугаартай шийтгэлийн хуудасны хуулбар /хх-ийн 66 дугаар хуудас/ зэрэг баримт бичиг болно.

    Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

    Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, уур бухимдлаа тэвчиж чаддаггүй байдал зэрэг нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хор уршигт зориуд хүргэж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Д.Ш- нь хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан нь танхайн сэдэлтээр, санаатайгаар дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгч Д.Ш-гийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Н.С- нь мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүх хуралдаанд эмчилгээний зардал,  олох ёстой байсан орлого, цаашид эмчлүүлэх зардал 5.500.000 төгрөгийг нэхэмжилж байх боловч энэ талаарх тооцооны нотлох баримт хэрэгт авагдаагүй, хохирлын талаар тооцоо хийх боломжгүй байна. Иймд иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол, цаашид эмчлүүлэх зардал, олох ёстой байсан орлогын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна.

Хөвсгөл аймгийн Прокурорын газраас “албан бланк, бичгийн цаас, хэвлэмэл хуудас”-ны үнэ 14.180 төгрөгийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцож /хх-ийн 88/ шүүгдэгчээс гаргуулахаар ирүүлсэн байх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн  1.1, 1.2, 1.3, 1.4 1.5-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал”-ыг хуульчилсан бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай шууд холбогдох гарах бусад зардлыг Монгол улсын Засгийн газрын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 161 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журам”-ын 2.7-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.5-д заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай шууд холбогдон гарах бусад зардалд хэргийн газар, орон байр, хүний бие, цогцост үзлэг, нэгжлэг, шинжилгээ хийх, цогцсыг оршуулсан газраас нь гаргаж шинжлэх, мөрдөн шалгах туршилт хийх, мэдүүлгийг газар дээр нь шалгах, таньж олуулах ажиллагаа явуулах, ялтныг хорих ангид очиж байцаах, дуудлагаар явахад гарсан болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсны үр дүнд үүссэн ажил гүйцэтгэсний хөлс, зардал багтана” гэж зааснаас үзэхэд дээрх зардал нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, /бусад зардал/-д тооцох боломжгүй байгааг дурдах нь зүйтэй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Ш-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Д.Ш- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх шүүгдэгч Д.Ш-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа шүүх хуралдаанд улсын яллагчаас 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын санал гаргасныг харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ш-д оногдуулсан торгох ялыг орлого олох боломжийг харгалзан 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Д.Ш-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ш-г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ш-д оногдуулсан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  4. Шүүгдэгч Д.Ш-д оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Н.С- нь энэ гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол, олох ёстой байсан орлого, цаашид эмчлүүлэх зардал нийт  5.500.000 төгрөгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ш-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                М.ЭРДЭНЭ-ОЧИР