Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/106

 

   2021          04             08                                          2021/ШЦТ/106

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал, 

Шүүгдэгч Ч.Ц- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ч.Ц-ад холбогдох эрүүгийн 2138000000105 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

Монгол Улсын иргэн, Ч.Ц.

Шүүгдэгч Ч.Ц- нь 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Галт сумын 3 дугаар багийн нутаг “Ёлтын зоо” гэх газраас 2,88 куб.метр хуш мод зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж ойн санд 874.307 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ч.Ц- нь 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Галт сумын 3 дугаар багийн нутаг “Ёлтын зоо” гэх газраас 2,88 куб.метр хуш мод зохих зөвшөөрөлгүйгээр өөрийн эзэмшлийн УАЗ-2206 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан бэлтгэж, ойн санд 874.307 төгрөгийн хохирол учруулан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,
  • 2.88 куб/метр хуурай хуш мод, “УАЗ-2206” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл зэргийг битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 7-8 дугаар хуудас/,
  • Эд мөрийн баримтаар БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 1 ширхэг хар өнгийн моторт хөрөөг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 11 дүгээр хуудас/,
  • Иргэний нэхэмжлэгч Ө.Э-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ”... Экологи эдийн засгийн үнэлгээгээр гарсан хохирлыг сумын орон нутгийн дансанд тушаалгаж өгнө үү..” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,
  •  Гэрч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манайх гэртээ модон тавилга хийх зорилгоор 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр “Идэр зориг” ойн мэргэжлийн байгууллагын талбай болох Ёлтын зоо гэдэг газраас хуш мод авах гээд “Идэр зориг” ХХК-ны захирал Ц- гэдэг хүнтэй уулзаад тавилга хийлгэх мод авах гэсэн юм гэж хэлсэн чинь би өгч чадахгүй гэж зөндөө хэлсэн. Тэгэхээр нь бид хоёр зөндөө гуйж байгаад тусгаарласан талбайгаас нь 1 метр куб хуш мод авахаар болоод манай нөхөр “Идэр зориг” ХХК тусгаарласан талбай дээр очоод унасан мод тайрч бэлтгэн 2 метрийн урттай 16 ширхэг хуш мод бэлтгэж авсан. Өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай пургон маркийн тээврийн хэрэгсэлдээ тээвэрлэж явж байгаад Галт сумын хэсгийн цагдаатай таарсан. ...Тухайн модыг бэлтгэхдээ гоожин зөвшөөрөл аваагүй байсан. Би мэргэжлийн байгууллагаас хуш модыг худалдаж авдаг талаар сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 28, 30 дугаар хуудас/,
  •   “Эрчимт-Идэр” сум дундын ойн ангийн инженер Р.О-н 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 05 дугаартай: “1. Галт сумын “Ёлтын зоо” гэх газарт бэлтгэсэн мод нь ахуйн хэрэгцээнд хэрэглэх зориулалтаар бэлтгэсэн 2 м урттай 2.88 м3 хэмжээтэй хуурай хуш мод болох нь тогтоогдов. 2. Галт сумын “Ёлтын зоо” гэх газарт бэлтгэсэн модонд Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтыг үндэслэн “ойн сангийн нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ” тооцох аргачлалаар тооцсон. 3. Уг мод нь хэрэглээний мод мөн. Уг мод бэлтгэсэн гэх газар нь 1 дүгээр мужид хамаарагдаж байна. 4. “Ёлтын зоо” гэх газар нь тусгай хамгаалалттай газар нутагт хамаарагддаггүй.. Ойн нөөцийн төлбөр 1-р муж, 1 м3 шинэс модны үнэ төгрөгөөр: 168655 /хуш/ мод, Итгэлцүүр: Хэрэглээний бөөрөнхий мод /1.8/ Модны хэмжээ 1 м3: 2.88 Экологи эдийн засгийн үнэлгээ /төг/: 874307.52” гэх дүгнэлт, бөөрөнхий модон материалын хэмжилтийн хүснэгт /хх-ийн 32-33 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Э-н 22 дугаартай: “...Хуульд заасны дагуу ойн санд учруулсан нөхөн төлбөрийн хэмжээ нийт 2 622 922,5 /мян.төг/ Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалт “Ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож нөхөн төлбөрийг ногдуулна” гэсэн заалтыг үндэслэн тооцов” гэх дүгнэлт /хх-ийн 43 дугаар хуудас/,
  •  “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 1000689 дугаартай: “Ч.Ц-ын эзэмшлийн ... улсын дугаартай 2005 онд үйлдвэрлэгдсэн 2005 онд Монгол улсад орж ирсэн Пургон маркийн автомашины ..зах зээлийн дундаж үнийг 4.000.000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов” гэх автомашин, техникийн үнэлгээ /хх-ийн 46-48 дугаар хуудас/,
  • “УАЗ-2206” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 77 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Ч.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “..2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Галт сумын 3 дугаар багийн нутаг “Ёлтын зоо” гэх газар руу эхнэр Д.Б-ын хамт өөрийнхөө фургон маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслээр хуш мод бэлтгэхээр явсан. Миний мод бэлтгэхээр очсон газар болохоор урд өмнө мэргэжлийн байгууллага мод бэлтгэсэн талбайгаас унанги хуш модноос 2 метрийн урттай 15 ширхэг мод бэлтгэж машиндаа ачаад гэр рүү явах замдаа цагдаад шалгагдсан. ..сумын байгаль хамгаалагчаас гоожин авах гэхээр гоожин байхгүй гээд өгөхгүй байсан юм..” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 76 дугаар хуудас/,
  • Ч.Ц-ын ВСD ангиллын жолоочийн үнэмлэхний хуулбар /хх-ийн 77 дугаар хуудас/,
  • Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2020 оны тооллогын баримтын хуулбар /хх-ийн 79 дүгээр хуудас/,
  • Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 80 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Галт сумын Рашаант багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 81 дүгээр хуудас/,
  • Гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Д.Б-ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 82-83 дугаар хуудас/ зэрэг баримт бичиг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн байгаль орчин, экологийн мэдлэг дутмаг, нөгөө талаас нутгийн захиргааны байгууллагаас иргэдэд байгаль орчныг хамгаалах талаарх хууль, тогтоомжийг сурталчлах, тайлбарлан таниулах ажил хангалтгүй хийгдсэн зэрэг нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

Шүүгдэгч Ч.Ц- нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /хх-ийн 94/, гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан төрийн хамгаалалтад байх ойн санд хохирол учруулан хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг үйлдэж, байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулсан хор уршигт зориуд хүргэж, “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч Ч.Ц- нь 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Галт сумын 3 дугаар багийн нутаг “Ёлтын зоо” гэх газраас 2,88 куб.метр хуш мод зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, өөрийн эзэмшлийн УАЗ-2206 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн ойн санд 874 307 төгрөгийн хохирол учруулан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн нь шунахайн сэдэлтээр, санаатайгаар дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1-т “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтоосон байх тул шүүгдэгч Ч.Ц-ын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас учирсан үр дагавар нь байгаль орчин, экологи-эдийн засагт 2 622 922 төгрөгийн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ч.Ц- нь Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын Тамгын газрын хууль ёсны төлөөлөгч Ө.Э-тай 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр “Экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдсон хуш модны торгууль болох 2.622.922 төгрөгийг хоёр хувааж 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 1.500.000 төгрөгийг, 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 1.122.922 төгрөгийг Галт сумын Засаг даргын Тамгын газрын хүү торгуулийн 100170500988 дугаартай дансанд тушаахаар” харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ц-аас 2.622.922 төгрөгийг гаргуулж Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын Тамгын газарт олгох нь зүйтэй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ч.Ц-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, 2.622.922 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “Хууль бусаар мод бэлтгэсэн” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Ч.Ц- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүх шүүгдэгч Ч.Ц-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан /хх-ийн 96/, улсын яллагчаас шүүгдэгч Ч.Ц-ад “500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, эд мөрийн баримтаар хураагдсан хөрөөг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэх, битүүмжлэгдсэн хуш модыг улсын орлогод оруулах, тээврийн хэрэгслийг худалдан борлуулж хохирол нөхөн төлөхөд зарцуулах” санал гаргасныг яллагдагч хүлээн зөвшөөрч, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлснийг харгалзан шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ц-ад оногдуулсан торгох ялыг түүний орлого олох боломжийг харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.Ц- нь ойн санд учруулсан 874.307 төгрөгийг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 2.622.922 төгрөгийг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд уг хохирлыг хоёр хувааж буюу 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 1.500.000 төгрөгийг, 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 1.122.922 төгрөгийг Галт сумын Засаг даргын Тамгын газрын хүү торгуулийн 100170500988 дугаартай дансанд тушаахаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй эвлэрлийн гэрээ байгуулж, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, ...гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно”, мөн зүйлийн 3 дахь хэсэг “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэг “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт битүүмжлэгдсэн 874.307 төгрөгийн үнэлгээтэй 2.88 куб.метр хэрэглээний хуурай хуш модыг битүүмжлэлээс чөлөөлж, хураан авч улсын орлогод оруулж,

гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шүүгдэгч Ч.Ц-ын өмчлөлийн 4.000.000 төгрөгийн үнэлгээтэй “УАЗ-2206” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг хураан авч худалдан борлуулж олсон орлогоос 2.622.922 төгрөгийг гаргуулж хохирол нөхөн төлөхөд зарцуулж, хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт  шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан моторт хөрөөг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна. 

Шүүгдэгч Ч.Ц- нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ч.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ц-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ц-ад оногдуулсан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  4. Шүүгдэгч Ч.Ц-ад оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Ч.Ц-аас 2.622.922 /хоёр сая зургаан зуун хорин хоёр мянга есөн зуун хорин хоёр/ төгрөгийг гаргуулж Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын Тамгын газарт олгосугай.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт битүүмжлэгдсэн 874.307 /найман зуун далан дөрвөн мянга гурван зуун долоо/ төгрөгийн үнэлгээтэй 2.88 куб.метр хэрэглээний хуурай хуш модыг битүүмжлэлээс чөлөөлж, хураан авч улсын орлогод оруулахыг, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шүүгдэгч Ч.Ц-ын өмчлөлийн 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийн үнэлгээтэй “УАЗ-2206” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг хураан авч худалдан борлуулж олсон орлогоос 2.622.922 /хоёр сая зургаан зуун хорин хоёр мянга есөн зуун хорин хоёр/ төгрөгийг гаргуулж хохирол нөхөн төлөхөд зарцуулж, хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт  шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан моторт хөрөөг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  даалгасугай.

8.  Шүүгдэгч Ч.Ц- нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Ц-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  М.ЭРДЭНЭ-ОЧИР