Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/107

 

   2021          04             08                                          2021/ШЦТ/107

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Хохирогч С.Ө-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,

Шүүгдэгч Г.Н- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Н-ид холбогдох эрүүгийн 2038005990481 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Г.Н.

Шүүгдэгч Г.Н- нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн ... тоотод байрлах өөрийн гэртээ 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн С.Ө-ын биед халдаж баруун шанаа, баруун зүүн бугалга, баруун шуу, нуруу, баруун зүүн гуя, баруун өвдөг, баруун зүүн шилбэ, баруун зүүн шагайнд цус хуралт, нуруу баруун шилбэнд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Н- нь 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн ... тоотод байрлах өөрийн гэртээ иргэн С.Ө-тай маргалдан улмаар түүний биед халдаж эрүүл мэндэд нь “баруун шанаа, баруун зүүн бугалга, баруун шуу, нуруу, баруун зүүн гуя, баруун өвдөг, баруун зүүн шилбэ, баруун зүүн шагайнд цус хуралт, нуруу баруун шилбэнд зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл учруулж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,
  • Хохирогч С.Ө-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр би өөрийн төрлийн дүү Г.Н-ийн гэрт архи уусан юм. Тухайн үед Н- гээд хүүхэн байсан. Бид гурав нийлж 0.5 литрийн “Хараа” гэх нэртэй архи уусан. Тэгээд би архи ууж дуусаад гэрээс нь гараад гэртээ хариад байж байгаад буцаад Г.Н-ийн гэрт юм асуухаар ирсэн чинь Г.Н- намайг архины шилээр хөл баруун гар руу цохисон. Би зугтааж гэр рүүгээ гүйж очоод цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед цагдаа нар ирээд Г.Н-ийн гэрт очиход Н-тай хамт Г.Н- унтаж байсан. Би “чи яагаад эгчийгээ цохиж байгаа юм бэ” гэхэд “өөрөө л хэрүүл хийгээд байсан биз дээ санахгүй байна” гэсэн. Харин Н- та хоёр зууралдаад зодолдоод байсан биз дээ гэж хэлсэн. ..Тухайн үед Г.Н-той хамт байсан Д- гэх эмэгтэй хоёр л байсан өөр хүн байгаагүй. Г.Н- намайг зодох үед Д- хараад сууж байсан. ..Би өмнө нь хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ Д-гийн нэрийг Н- гээд буруу хэлсэн байна лээ. ..Би Ц-гийн гэрт орсон нь үнэн. Би Г.Н-ид зодуулчихаад түүний ах Ц-д хэлэх зорилгоор гэрт нь орсон. Гэрт нь ороод танай дүү намайг зодчихлоо гээд хэлээд байж байхад л Г.Н- дүүтэйгээ Ц-гийн гэрээс чирээд гаргасан. ..Би гомдолтой байна, эмчилгээнд гарсан зардлаа нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15, 71-72 дугаар хуудас/,
  • Гэрч Ч.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “..2020 оны 11 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Мөрөн сумын 14 дүгээр багийн ... тоотод согтуу хүн агсам тавиад байна гэсэн дуудлагаар дэд ахлагч Б-н хамт очиход 40 гаруй насны эмэгтэй би Г.Н- гэх хүнд архины шилээр цохиулж зодуулсан гэхээр нь Г.Н- хаана байна гэхэд Мөрөн сумын ... тоотод байгаа гэж хэлэхээр нь гэрт нь явж очиход Г.Н- гэдэг залуу нэг хүүхэнтэй хамт хэвтэж байсан. ..Г.Н- гэх хүнтэй хамт байсан эмэгтэй хэлэхдээ та хоёр л хэрэлдэж зодолдоод байсан шүү дээ гэж хэлж байсан. ..Г.Н- гэх хүнийг эрүүлжүүлсэн. ...архи уусан шинжтэй их архи үнэртэж байсан. ...тухайн үед С.Ө- гуайн куртик нь урагдсан гарын шуу хэсгээ харуулахад гар нь хавдсан байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
  • Гэрч Ч.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “..Би 2020 оны 11 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Мөрөн сумын 14 дүгээр багийн 14 дүгээр гудамжны 09 тоотод согтуу хүн агсам тавиад байна дуудлагаар очиход С.Ө- гэх эмэгтэй хүнд зодуулсан байсан. Тэр зодсон хүн нь Мөрөн сумын ... тоотод амьдардаг Г.Н- гэх хүний гэрт маргалдаад ...зодуулсан байсан. Г.Н- гэх хүн шал согтуу байсан учир авчирч эрүүлжүүлсэн. ..С.Ө- гэх эмэгтэйн гар хэсэг нь хавдсан, мөн хөл өвдөөд байна гээд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
  • Гэрч Г.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “..С.Ө- нь “Ц- чи намайг ойлгох ёстой Н- намайг гэртээ оруулахгүй байна” гээд үс нь сэгсийчихсэн хувцас нь шороо болсон байхаар нь “гэртээ харь” гэхэд С.Ө- гарахгүй гээд Г.Н- С.Ө-ыг чирээд Ө-тай хамт өргөлцөж гаргуулаад хашааны хаалгыг түгжүүлсэн. Тэгээд би гэртээ Ө-ын хамт орсон. ..Үүний дараа цагдаа нар ирсэн..” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 дугаар хуудас/,
  • Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 564 дугаартай: “1. С.Ө-ын биед баруун шанаа, баруун зүүн бугалга, баруун шуу, нуруу, баруун зүүн гуя, баруун өвдөг, баруун зүүн шилбэ, баруун зүүн шагайнд цус хуралт, нуруу баруун шилбэнд зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байх боломжтой. 3. С.Ө-ын биед үүссэн гэмтлүүд нь нийт хэмжээгээрээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 24 дүгээр хуудас/,
  • Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын хоногийн нөхцөл байдлын танилцуулга /хх-ийн 37-38 дугаар хуудас/,
  • Арван найман насанд хүрээгүй гэрч Ц.Ө-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Г.Н- нь миний ээж Сэлэнгэмөрөнгийн төрсөн ах нь байгаа юм. ..2020 оны 11 дүгээр сард байх, яг өдрийг нь сайн санахгүй байна. Би Ц- ахынхаа гэрт байж байхад тэдний хашаанд хүмүүс орилолдох чимээ гарсан. ..би гадаа гараад харахад Г.Н- ахын гэрийн хаалгыг нэг хөгшиндүү согтуу эгч нүдэж байсан. ..тэгээд байж байтал Н- ахын хаалгыг нүдэж байсан эгч Ц- ахын гэрийн хаалгыг онгойлгоод ороод ирсэн. Би тухайн үед Н- ахыг гэрээс нь дуудаж ирээд энэ хүнийг гаргаач гэж хэлсэн. ..тэгээд би Н- ахтай хамт хоёр талаас нь өргөөд хашааны гадаа гаргасан. Хашааны гадаа гаргах хооронд тэр эгч муухай чарлаж орилоод байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 74 дүгээр хуудас/,
  • Гэрч Д.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын эхээр байх, яг өдрийг нь санахгүй байна. Би найз Г.Н-ийн гэрт ..очоод байж байхад С.Ө- гаднаас орж ирсэн. Орж ирэнгүүтээ Г.Н-ийг “ чи манай нөхрийг нуучихлаа ” гэж хэлсэн. Тэгэхээр нь Г.Н- уурлаад “чи одоо миний эгч байж боль гар зайл” гэж хэлээд С.Ө-, Г.Н- хоёр барилцаж авсан. Тэр хоёрыг барилцаад авахаар нь би дундуур нь орж салгаад Г.Н-ийг хориглож байсан. ..С.Ө- бид хоёр нэг нэгнийгээ сайн танихгүй учир миний нэрийг Н- гэж хэлсэн байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 77 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Г.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Хэрэг болдог өдрийн өмнөх өдөр нь би Бямбасүрэн, С.Ө- нартай архи уугаад маргааш нь дахиад нэг шил архи уусан. Тэгээд манай гэрт С.Ө- байн байн ирээд байхаар нь манай ах Ц- С.Ө-ыг хөөж явуулсан. Тэгээд орой 17 цаг болж байхад С.Ө- манай гэрт Бямбасүрэн мөн нэг залуугийн хамтаар ирээд нэг шил архи хувааж уусан. Тэгээд тэр гурав архиа уугаад гараад явсан. Түүний дараагаар С.Ө- Б-н нөгөө залуутай хамт ирээд 2 шил архи авчирч уусан. Тэр үед манай гэрт Дээгий гээд хүүхэн над дээр ирсэн. Тэгээд бид нар архи уугаад байж байтал С.Ө- агсам тавиад Ц- ахын хаалгыг нүдээд манай гэрийн цонхыг тогшоод байхаар нь би С.Ө-ыг өргөж гаргаад хаясан чинь 30 минутын дараагаар цагдаа нартай хамт С.Ө- ирсэн. Тухайн үед би нэлээн муудсан байсан. Болж буй үйл явдлыг сайн мэдэхгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/, 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өгсөн: “Санахгүй байна, би гар хуруугаараа цохисон”, “хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 3-4 тал/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 34 дүгээр хуудас/,
  • Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 35 дугаар хуудас/,
  • Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39 дүгээр хуудас/,
  • “Далайн Элбэрэлт” Өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч С.С-н тодорхойлолт /хх-ийн 57 дугаар хуудас/,
  • Гэрч С.С-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 79 дүгээр хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн С.Р-н тодорхойлолт /хх-ийн 85 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Нийгмийн Даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн шийдвэрийн хуулбар /хх-ийн 86 дугаар хуудас/ зэрэг баримт бичиг болно.

    Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

    Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, шүүгдэгч, хохирогч нар нь тухайн үед ахуйн хүрээнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал зэрэг нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хор уршигт зориуд хүргэж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Г.Н- нь хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан нь танхайн сэдэлтээр, санаатайгаар дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгч Г.Н-ийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч С.Ө- мөрдөн шалгах ажиллагааны явцад эмчилгээний зардал 250.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн боловч хэрэгт энэ талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүй байх тул хохирогч нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна.

Хөвсгөл аймгийн Прокурорын газраас “албан бланк, бичгийн цаас, хэвлэмэл хуудас”-ны үнэ 1.500 төгрөгийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцож /хх-ийн 98/ шүүгдэгчээс гаргуулахаар ирүүлсэн байх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн  1.1, 1.2, 1.3, 1.4 1.5-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал”-ыг хуульчилсан бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай шууд холбогдох гарах бусад зардлыг Монгол улсын Засгийн газрын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 161 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журам”-ын 2.7-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.5-д заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай шууд холбогдон гарах бусад зардалд хэргийн газар, орон байр, хүний бие, цогцост үзлэг, нэгжлэг, шинжилгээ хийх, цогцсыг оршуулсан газраас нь гаргаж шинжлэх, мөрдөн шалгах туршилт хийх, мэдүүлгийг газар дээр нь шалгах, таньж олуулах ажиллагаа явуулах, ялтныг хорих ангид очиж байцаах, дуудлагаар явахад гарсан болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсны үр дүнд үүссэн ажил гүйцэтгэсний хөлс, зардал багтана” гэж зааснаас үзэхэд дээрх зардал нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, /бусад зардал/-д хамаарахааргүй байгааг дурдах нь зүйтэй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Н-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Г.Н- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Шүүх шүүгдэгч Г.Н-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа улсын яллагчаас шүүгдэгчид “..480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” санал, шүүгдэгчийн өмгөөлөгчийн “..хохирогч, шүүгдэгч нарын хувьд ахуйн хүрээнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэх хүсэлт, шүүгдэгчийн “Хөвсгөл аймгийн Нийгмийн Даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн шийдвэр, хувийн байдлыг харгалзан эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор шүүгдэгчид торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н-ид оногдуулсан торгох ялыг түүний орлого олох боломжийг харгалзан 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н-ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н-ид оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Г.Н-ид оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч С.Ө- нь 250.000 төгрөгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Н-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

  

         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  М.ЭРДЭНЭ-ОЧИР