Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/42

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина, шүүгдэгч Ц.Б, Д.Н, тэдгээрийн өмгөөлөгч Д.Бунжаа, шүүгдэгч С.Г, М.Б, Д.Ё, тэдгээрийн өмгөөлөгч М.Мөнхөө нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З ургийн овогт Ц-ын Б, Т ургийн овогт Д-ийн Н, З ургийн овогт С-ын Г, А ургийн овогт М-ын Б, Ч ургийн овогт Д-гийн Ё нарт холбогдох эрүүгийн 203500091016 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн З ургийн овогт Ц-ын Б 1969 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл зургаа, эхнэр, дөрвөн хүүхдийн хамт Увс аймгийн Өмнөговь сумын 4 дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар:..............

Монгол Улсын иргэн Т ургийн овогт Д-ийн Н 1989 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, экскаваторын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл дөрөв, эхнэр, хоёр хүүхдийн хамт Увс аймгийн Өмнөговь сумын 4 дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар:..........

Монгол Улсын иргэн З ургийн овогт С-ын Г 1985 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл тав, эхнэр, гурван хүүхдийн хамт Увс аймгийн Өмнөговь сумын 3 дугаар багт оршин суудаг, урьд нь Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сар 15 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, регистрийн дугаар: .............

Монгол Улсын иргэн А ургийн овогт М-ын Б 1982 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл зургаа, эхнэр, дөрвөн хүүхдийн хамт Увс аймгийн Өмнөговь сумын 5 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар:..............

Монгол Улсын иргэн Ч ургийн овогт Д-ы Ё 1988 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл дөрөв, эхнэр, хоёр хүүхдийн хамт Увс аймгийн Өмнөговь сумын 5 дугаар багт оршин суудаг, урьд нь Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600’000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, регистрийн дугаар: ................

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ц.Б, Д.Н, С.Г, М.Б, Д.Ё нар нь урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж тус аймгийн Өмнөговь сумын Орлого багийн нутаг Бор ам гэх газраас 2020 оны 6 дугаар сарын 06-ны өдөр тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал буюу алт олборлолт явуулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар эрүүгийн 2035000910016 дугаартай хэрэгт авагдсан бичгийн болон эд мөрийн баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[1]

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Л-ын “...2020 оны 6 дугаар сарын эхээр байх өдрийн сайн санахгүй байна. ...Бор ам руу н.Б дарга, түүний жолооч цагдаа н.Д бид гурав явсан. Тэгээд Бор ам руу дөхөж байхад н.Б надад Бор ам гэх газарт алт ухсан мэдээлэл ирсэн талаар надад хэлсэн. Бид нар Орлогын голын Бор ам гэх газарт очиход нэг Зил-130 загварын автомашины дугуйны мөр болон унагалдай экскаваторын мөр гарсан байсан. Тухайн газар энд тэндгүй унагалдай экскаваторын мөр гарсан байсан. Нийтдээ 4-5 газар эргийн мухар ухсан, гүн нь 1 метр орчим ухсан байсан. Бид нар тэр эргэн тойронд тухайн нүх ухсан хүн, машин техникийг сураглаж явсан. Тэнд айлууд байсан боловч үзсэн, харсан хүн байхгүй байсан. Манай суманд унагалдай экскаватортой хүн бол Ц.Б гэдэг хүн байдаг. Ц.Б-д мөн зил-130 загварын машин байдаг. Бид нар тухайн үед Б ахыг хууль бусаар алт олборлосон байна гэж хардаж Ц.Б болон түүний экскаватор, зил-130 загварын машиныг хайгаад олоогүй юм. ...Сүүлд сонсох нь Ц.Б ах Орлогын голын Бор ам гэх газарт өөрийн унагалдай болон зил-130 загварын автомашиныг ашиглаж газар ухаж алт олборлох  үйл ажиллагаа явуулсан байсан... 2020 онд Өмнөговь сумын Орлого багийн Бор ам гэх газарт алт олборлох зөвшөөрөл өгөөгүй. Ер нь бол хувь хүмүүст гар аргаар алт олборлох болон ямар нэг аж ахуй нэгжид Өмнөговь сумын хэмжээнд алт олборлох зөвшөөрөл өгдөггүй...” гэх мэдүүлэг[2],

3. Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д-гийн “...2020 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Увс аймгийн Өмнөговь сумын Орлого багийн нутаг “Бор ам” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал буюу алт олборлосон гэх хэрэгт үйл ажиллагаа явуулсан талбайд байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг тогтоосон дүгнэлтийг Байгаль орчны судалгаа, үнэлгээний “Ойт бүс” ХХК гаргасан. Тус компани нь Бор ам гэх газарт шинжээчийн ажлын хөлс 3’868’700 төгрөгийн нэхэмжлэлийг ирүүлснээс 1’934’350 төгрөгийг Цагдаагийн газрын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх зардлаас гаргасан. Үлдэгдэл 1’934’350 төгрөгийг хэргийн холбогдогч нар “Ойт бүс” ХХК-д төлж өгнө гэсэн тул манай цагдаагийн газар 1’934’350 төгрөгийг төлсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх зардлаас гаргасан 1’934’350 төгрөгийг буруутай хүмүүсээс гаргуулж хохиролгүй болгож өгнө үү...” гэх мэдүүлэг[3],

4. Гэрч Н.А-ийн “...Манай нутаглаж байгаа “Бор ам” гэх газарт 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 12-оос 13 цагийн орчим бор ногоон өнгийн зил-130 загварын том оврын машин шанагатай трактор ачиж ирээд манай гэрийн урд талд байх сай дотор трактороо буулгасан. Тухайн зил-130 загварын тээврийн хэрэгслээрээ “Бор ам” дээшээ өгсөөд яваад өгсөн. Тухайн тээврийн хэрэгсэлд хэдэн хүн явсныг нь огт анзаараагүй. Шанагатай трактор нь хар саарал өнгөтэй байсан. Зил-130 загварын машин нь ногоон өнгийн кабин, тэвштэй байсан. Улсын дугаарыг нь бол огт хараагүй. Би орой нь анзаараагүй бөгөөд өглөө босож ирээд харахад нөгөө трактор байхгүй байсан...” гэх мэдүүлэг[4],

5. Гэрч О.С-ын “...Ц.Б манай “Болор” шатахуун түгээх станцын захирал н.Б-тай харилцан тохиролцоод бензин шатахуун зээлээр авдаг. ...Би 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Болор шатахуун түгээх станц дээр ажиллаж байхад Ц.Б-ын экскаватор /унагалдай/-г ачсан бор ногоон өнгийн зил-130 загварын тээврийн хэрэгслийг Г гэх манай сумын залуу барьж ирээд Ц.Б ах зээлээр бензин авах юм байна гэж хэлээд Зил-130 машиндаа бензин, экскаватортаа шатахуун хийлгэсэн, нийт 120’000 төгрөгийн бензин шатахуун аваад явсан...” гэх мэдүүлэг[5],

6. Гэрч Б.Э-гийн “...Би 22-30 УБ улсын дугаартай экскаватор болон 93-46 ДАР улсын дугаартай зил-130 загварын машинуудыг 2018 онд Увс аймгийн Өмнөговь сумын иргэн Ёндоо гэдэг хүнд зарахад эхлээд 15 сая төгрөгийг нь өгөөд үлдсэнийг нь 14 хоногийн дараа өгнө гэж хэлээд аваад явсан. Би дээрх тээврийн хэрэгслүүдийг нийлүүлээд 35 сая төгрөгөөр зарсан. Одоо бид хоёрын хооронд төлбөрийн үлдэгдэл байхгүй. Миний төлбөрийг бүрэн өгсөн...” гэх мэдүүлэг[6],

7. Шинжээчийн Б.О-ийн “...Шинжээч томилж шинжилгээ хийлгэж тогтоолд заасан 12 цэгийг /кординат/ үндэслэж, газар дээр нь очиж дроноор зураг авч талбайн хэмжээг авсан. 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хийсэн хэргийн газрын үзлэгийн материалаас үзэхэд 12 ухаш үүссэн боловч биднийг 2020 оны 09 сарын 14-ний өдөр очиж хэмжилт хийхэд зарим нүхнүүд бороо их орж үер буусны улмаас дарагдаж газрын байдал өөрчлөгдсөн байсан. 20/06 дүгнэлтийг 4 ухаш 3 овоолго нийт 154.4 м2 буюу 0.0154 га талбайн хэмжээнд тооцож гаргасан. Энэ талбайн нийт хохирлын хэмжээ 454’132 төгрөгийн хохирол учруулсан тооцоо гарсан. Тус талбайг нөхөн сэргээлт хийхэд 431’200 төгрөгийн зардал гарахаар байна...” гэх мэдүүлэг[7],

8. Байгаль орчинд учруулсан хохирлыг шинжилгээ хийж тогтоосон шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 20/06 дугаартай “...Алт ашиглах үйл ажиллагаа явуулсан гэх /1-р асуултад өгсөн/ солбицол бүхий газарт нийт 76.39 м2 талбай бүхий 3 овоолго нийт 77.99 м2 хэмжээтэй 4 ухаш үүссэн байна /БОХҮ тайлан хавсралт зураг-1/. Голын гольдрол өөрчлөөгүй, ойн болон усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд ороогүй, хохирол учруулаагүй байна. Дээрх солбилцол бүхий талбайд гар аргаар алт олборлогч иргэд олон ухаш /шруп/ үүсгэсэн боловч хэн хэдэн онд ухаж ашигласныг тогтоох боломжгүй. Тус талбайд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгогдоогүй байна. Алт ашиглах үйл ажиллагаа явуулж эвдрэлд орсон 154.38 м2 буюу 0.0154 га талбайн байгаль орчинд учруулсан хохирлыг тооцоолоход газрын хэвлийд 80’400 төгрөг, хөрсөн бүрхэвчид 188’232 төгрөг, ургамлан нөмрөгт 174’500 төгрөг нийт 454’132 /дөрвөн зуун тавин дөрвөн мянга нэг зуун гучин хоёр/ төгрөгийн хохирол учруулсан байна. Тус 158.5 м2 эзлэхүүн бүхий газрыг нөхөн сэргээх шаардлагатай бөгөөд техникийн нөхөн сэргээлт хийхэд 267’600 төгрөг, биологийн нөхөн сэргээлт хийхэд 120’900 төгрөг, хяналт, мониторингийн зардалд 42’700 төгрөг нийт 431’200 /дөрвөн зуун гучин нэгэн мянга хоёр зуу/ төгрөг зарцуулах тооцоо гарсан болно” гэх дүгнэлт[8],

9. Шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 287 дугаартай “...2020 оны 6 дугаар сарын байдлаар машин механизм, эд зүйлсийн өнөөгийн зах зээлийн үнэ цэнийн баримжаа нийт 10’953’000 /арван сая есөн зуун тавин гурван мянга/ төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт[9],

10. Шүүгдэгч Ц.Б-ын яллагдагчаар өгсөн “...2019 оны 9 дүгээр сард Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын харьяат Б.Э гэх залуугаас 22-30 УБ улсын дугаартай улаан шар өнгийн экскаватор болон 93-46 ДАР улсын дугаартай Зил-130 загварын бор өнгийн ачааны автомашиныг худалдаж авсан. Би Б.Э-г танихгүй учраас манай сумын Ё буюу Д-ы Ё-гаар зуучлуулж 35 сая төгрөгөөр худалдаж авсан. ...2020 оны 6 дугаар сарын эхээр байх өдрийг нь сайн санахгүй байна. Би Д.Н, С.Г, М.Б, Д.Ё нартай уулзаж “миний банкны зээл нэхэгдээд байна. Та нар миний 22-30 УБ улсын дугаартай экскаватор болон 93-46 ДАР улсын дугаартай зил-130 загварын автомашины аваад Орлогын голын Бор ам руу алтанд яваад ганц малтаад ирэх үү” гэж хэлэхэд тэд нар зөвшөөрч явахаар болсон. Би тухайн үед миний ээжийн бие муу байсан болохоор ээжийгээ сахиж байсан учраас тэд нартай хамт яваагүй. 22-30 УБ улсын дугаартай экскаватор болон 93-46 ДАР улсын дугаартай Зил-130 загварын автомашинд бензин шатахууныг сумын ШТС-аас зээл авч хийж өгөөд Д.Н, С.Г, М.Б, Д.Ё нарыг явуулсан. Тэд нар экскаваторыг автомашин дээрээ ачаад явсан. Тэд нарыг явсны маргааш нь Өмнөговь сумын Засаг дарга байсан Р.Т над руу гар утсаар залгаж “танай экскаватор трактор дээшээ Орлогын гол буюу Бор ам руу гарсан байна. Та тэр хүмүүсээ буулга” гэсэн шаардлага тавихаар нь Д.Н, С.Г, М.Б, Д.Ё нартай гар утсаар ярьж маргааш нь буулгасан. Д.Н, С.Г, М.Б, Д.Ё нар Бор аманд очоод алт олборлох үйл ажиллагаа явуулж нэг өдөр ажилласан ба ямар нэг алт олоогүй байсан...” гэх мэдүүлэг[10],

11. Шүүгдэгч Д.Н-гийн яллагдагчаар өгсөн “...2020 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Ц.Б ах С.Г, М.Б, Д.Ё бид дөрөвтэй уулзаж, “миний банкны зээл нэхэгдээд байна. Та нар миний 22-30 УБ улсын дугаартай экскаватор болон 93-46 ДАР улсын дугаартай Зил-130 загварын автомашиныг аваад Орлогын голын Бор ам руу алтанд яваад ганц малтаад ирэх үү?” гэж гуйхаар нь бид нар зөвшөөрч, 93-46 ДАР улсын дугаартай Зил-130 загварын автомашиныг С.Г-ий хашаанаас аваад манай хашаанд байсан экскаваторыг ачаад Орлогын голын Бор аманд очиход тэнд хоёр айл байсан. ...Бид нар 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 12 цагийн үед Өмнөговь сумаас гараад орой Орлогын голын Бор аманд очоод ямар нэг ажил хийлгүй хоноод маргааш өглөө 08 цагийн үед босож Бор аманд хэсэг газар экскаваторыг би барьж газар ухаж шороог гаргаж өгөхөд Д.Ё, С.Г хоёр металл хайгч багаж шороон дээр тавьж алт хайж ажилласан. Харин М.Б хоол унд хийж тусалж байсан. Бид нар 08-12 цаг хүртэл ажилласан ба Ц.Б ах гар утсаар ярьж одоо та нар буугаад ир гэж хэлэхээр нь бид нар ажлаа зогсоогоод экскаватороо ачаад Өмнөговь сум руу явсан. Бид нар ямар нэг алт олоогүй...” гэх мэдүүлэг[11],

12. Шүүгдэгч С.Гий яллагдагчаар өгсөн “...2020 оны 6 дугаар сарын 05-ны өглөө 09-10 цагийн үед Ц.Б ах миний 80834969 дугаарын гар утас руу залгаж ярьсан. Ц.Б ах надад миний банкны зээл тулчихлаа, 6 сая төгрөг хэрэг боллоо, Д.Н, М.Б, Д.Ё та нар миний зил-130 машин, экскаваторыг аваад Бор ам руу гараад өнөөдөр нэг ажил хийгээд ирээч ах нь бензин шатахуун, хоол хүнсийг нь аваад өгье гэж хэлсэн. ...Тэгээд Ц.Б ах Д.Н, М.Б, Д.Ё бид нар уулзаад Бор ам руу явж алт олборлохоор болсон. Манай хашаанаас Ц.Б ахын Зил-130 загварын автомашиныг асааж гараад Д.Нгийн хашаанд байсан Ц.Б ахын экскаваторыг ачиж, манай сумын Болор ШТС-аас Ц.Б ах зээлээр бензин тос аваад хоол хүнс өгсөн. ...Бор аманд очиход тухайн газарт хөдөөний бололтой малтай хоёр айл байсан. Тухайн айлын урд талын жалганд экскаваторыг буулгаж, тэндээ хоноод маргааш өглөө нь экскаваторыг Д.Н жолоодоод Бор аманд 09 цагаас 13 цаг хүртэл ажилласан.  М.Б, Д.Ё хоёр Ц.Б ахын металл хайгч багажаар экскаватораар малтаж гаргасан шороонд алт байгаа эсэхийг шалгасан. Тэгээд тэр газраас алт гарахгүй болохоор нь Д.Ё сүлжээнд гарч Ц.Б ах руу залгаад энэ талаар хэлэхэд Ц.Б ах бид нарыг яаралтай ороод ир гэж байна гэхээр нь тэр өдрөө буугаад явсан... Ц.Б надад “ах нь чамд боломжоороо хэдэн төгрөг өгнө” гэж хэлсэн. Яг хэрхэн, яаж ашгаа хуваах талаар тохирсон юм байхгүй...” гэх мэдүүлэг[12],

13. Шүүгдэгч Д.Ё-гийн яллагдагчаар өгсөн “...үд хүртэл ажиллаад тэндээс алт гарахгүй болохоор би Ц.Б ахтай гар утсаар ярьж алт гарахгүй байгаа талаар хэлэхэд Ц.Б “та нар одоо буугаад ир” гэж хэлэхээр нь бид нар техник хэрэгслээ ачаад сумын төв рүү орсон. ...Ц.Б-ын эзэмшлийн экскаватор 1 ширхэг, бор ногоон өнгийн зил-130 загварын автомашин 1 ширхэг, мөн эзэмшигчийн мэдэхгүй байна металл хайгч багаж 1 ширхэг, 1 ширхэг хүрз зэргийг ашигласан. Бид нар гар аргаар алт олборлосон газарт  3 нүх ухаж үзсэн. Ямар нэг алт олоогүй. ...Ц.Б Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын харьяат Б.Э гэх хүнээс 2019 оны 8 дугаар сарын сүүлээр худалдаж авсан. Би Б.Э-тай хэдэн жилийн өмнө Баянхонгор аймагт явж байгаад танилцсан учраас энэ хоёр хүнд зуучилж өгсөн...” гэх мэдүүлэг[13],

14. Шүүгдэгч М.Б-ийн яллагдагчаар өгсөн “...Д.Ё, С.Г, Д.Н нар гаргасан шороог металл хайгчаар алт байгаа эсэхийг шалгасан бөгөөд алт байхгүй, олдохгүй байна гэж хэлсэн. Бид нар тухайн газарт очоод ойролцоогоор 1 цаг гаруй болоод алт гарахгүй болохоор нь Ц.Б ах руу ярихад “булчхаад ороод ир” гэж хэлсэн гэсэн. ...Би алт олох зорилгоор ажиллаж байгааг мэдэж байсан боловч тухайн олсон ашгаас ямар нэг ашиг авахаар тохиролцсон зүйл байхгүй, хоол хийх зорилгоор очоод дөнгөж нэг хоол хийгээд дуусаад хоолоо идэж дууссаны дараагаар Ц.Б ахтай яриад буцахаар болцгоосон...” гэх мэдүүлэг[14] зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 6 дугаар сарын 04, 05-ны өдрүүдэд шүүгдэгч Д.Н, С.Г, М.Б, Д.Ё нараар Увс аймгийн Өмнөговь сумын нутаг Орлогын голын Бор ам гэх газарт алт олборлуулахаар санаачилж, үүрэг оролцоог хуваарилсан байна. Улмаар 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдөр шүүгдэгч Ц.Б нь шүүгдэгч Д.Н, С.Г, М.Б, Д.Ё нарт өөрийн эзэмшлийн 22-30 УБ улсын дугаартай экскаватор болон 93-46 ДАР улсын дугаартай Зил-130 загварын автомашин, Эврика загварын металл илрүүлэгч багаж, хүрз, 120’000 төгрөгийн үнэ бүхий бензин, шатахуун, хоол хүнс зэргийг өгч Бор ам гэх газар луу явуулсан байна.

Шүүгдэгч Д.Н, С.Г, М.Б, Д.Ё нар нь 2020 оны 6 дугаар сарын 05-ны орой Орлогын голын Бор ам гэх газарт очиж хоноод маргааш өглөө нь буюу 2020 оны 6 дугаар сарын 06-ны өдөр алт олборлох зорилгоор шүүгдэгч Д.Н нь 22-30 УБ улсын дугаартай экскаватораар нүх ухаж, шүүгдэгч С.Г, Д.Ё, М.Б нар тухайн нүхнээс гарсан шороонд алт байгаа эсэхийг металл илрүүлэгч багажаар шалгаж ажилласан үйл баримт гэрч Н.Алтанцэцэг, О.Сэнгэбат нарын мэдүүлэг, мөн шүүгдэгч Ц.Б, Д.Н, С.Г, М.Б, Д.Ё нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр шүүгдэгч Д.Н, С.Г, М.Б, Д.Ё нар нь алт олборлох зорилгоор 12 нүх ухсан болох нь тогтоогдож байна. Уг алт олборлох үйл ажиллагааны улмаас 154.38 м2 талбайд эвдрэлд үүссэн ба газрын хэвлийд 80’400 төгрөгийн, хөрсөн бүрхэвчид 188’232 төгрөгийн, ургамлан нөмрөгт 174’500 төгрөгийн буюу нийт 454’132 төгрөгийн хохирол байгаль орчинд учирсан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1.1-д “ашигт малтмал гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг” ойлгоно гэж заасан бөгөөд алт нь ашигт малтмал гэх ойлголтод хамаарна.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт “энэ зүйлд заасан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлнэ” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 15.10 дахь хэсгийн 15.10.5-д заасан “ашигт малтмалын хайгуул хийх” чиглэлээр болон 15.10.6-д заасан “ашигт малтмал ашиглах” чиглэлээр заавал тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулна гэж, Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно” гэж тус тус заажээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргын тамгын газрын байгаль орчны бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Ц.Л “...2020 онд Өмнөговь сумын Орлого багийн Бор ам гэх газарт алт олборлох зөвшөөрөл өгөөгүй. Ер нь бол хувь хүмүүс гар аргаар алт олборлох болон ямар нэг аж ахуй нэгжид Өмнөговь сумын хэмжээнд алт олборлох зөвшөөрөл өгдөггүй” гэж мэдүүлсэн, 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 20/06 дугаартай дүгнэлтэд “...Тус талбайд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгогдоогүй байна...” гэж заасан байх тул шүүгдэгч Д.Н, С.Г, М.Б, Д.Ё нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан гэж үзнэ.

Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг нь ашигт малтмал олсон эсэхээс үл шалтгаалж ашигт малтмал олборлох зорилгоор газрын хэвлийг хөндөж, хөрсийг хуулж, зөөвөрлөснөөр уг гэмт хэргийн шинж хангагддаг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй юм. Тодруулбал шүүгдэгч Д.Н, С.Г, М.Б, Д.Ё нар алт олоогүй боловч, газрын хэвлийд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан” гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч Ц.Б нь биечлэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулаагүй боловч тухайн үйл ажиллагааг санаачилсан, төлөвлөсөн, шүүгдэгч нарын үүрэг, оролцоог хуваарилсан, шүүгдэгч нарыг техник хэрэгслээр хангасан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулах гэмт хэргийн зохион байгуулагч гэж үзнэ. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн зохион байгуулагчийг тухайн гэмт хэргийг хамтран үйлдсэн гүйцэтгэгчид тооцно” гэж, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тус тус заасан байх тул шүүгдэгч Ц.Б-ыг шүүгдэгч Д.Н, С.Г, М.Б, Д.Ё нартай бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулах гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Ц.Б, Д.Н, С.Г, М.Б, Д.Ё нар нь өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор шунахайн сэдэлттэйгээр, газрын хэвлийг ухаж 154.38 м2 талбайд эвдрэлд үүсгэж, 454’132 төгрөгийн хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Ц.Б, Д.Н, С.Г, М.Б, Д.Ё нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэж тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Уг гэмт хэргийн улмаас байгаль орчинд 454’132 /дөрвөн зуун тавин дөрвөн мянга нэг зуун гучин хоёр/ төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 20/06 тоот дүгнэлтээр тогтоогдож байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 5-д “газарт учирсан хохирлыг тухайн ангиллын газрын экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” нөхөн төлүүлэхээр заасан байна. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн нийт хэмжээ /454’132*3=/1’362’396 /нэг сая гурван зуун жаран хоёр мянга гурван зуун ерэн зургаа/ төгрөг байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус заасан байна. Тодруулбал гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь 454’132 төгрөг, хор уршиг нь /1’362’396 - 454’132=/ 908’264 төгрөг болно.

Шүүгдэгч Ц.Б, Д.Н, С.Г, М.Б, Д.Ё нар нь Увс аймгийн Өмнөговь сумын байгаль хамгаалах нөхөн сэргээх сангийн 100151055402 тоот дансанд 885’350 төгрөг төлсөн болох нь Хаан банкны “банк хоорондын шилжүүлэг” баримтаар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн нөхөн төлсөн, хор уршигт /хохиролд төлсөн 885’350 - хохирол 454’132=/ 431’218 төгрөгийг нөхөн төлсөн гэж үзнэ. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршгаас төлөгдөөгүй /нийт хор уршиг 908’264 – хор уршигт төлсөн 431’218=/ 477’064 төгрөг байна.

Байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг тогтоолгохоор “Ойт бүс” ХХК-ийг шинжээчээр томилсон байна. Тус компани нь шинжээчийн зардалд 3’868’700 төгрөгийн нэхэмжлэл ирүүлсэн байх бөгөөд уг зардлын тавин хувь болох 1’934’350 төгрөгийг Увс аймаг дахь Цагдаагийн газар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх зардлаас гарган урьдчилсан төлсөн тул Увс аймаг дахь Цагдаагийн газрыг иргэний нэхэмжлэгчээр тогтоожээ. Шүүгдэгч нар 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Ойт бүс ХХК-ийн захирал, шинжээч Б.Очмаад 1’934’350 төгрөгийг, Увс аймаг дахь Цагдаагийн газарт 1’934’350 төгрөгийг тус тус төлсөн нь Хаан банкны мөнгөн шилжүүлэг[15] гэх баримтаар тогтоогдсон болно.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Ц.Б, Д.Н, С.Г, М.Б, Д.Ё нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Ц.Б-ын хувийн байдлын талаар гэрч К.Г-ийн “...Ц.Б нь зан аашийн хувьд энгийн даруу зантай хүн бөгөөд хүнтэй харьцаа сайтай, ямар нэгэн хорт муу зуршилгүй хүн юм. Ц.Б нь архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглэдэггүй бөгөөд амьдралын нөхцөл байдлын хувьд дундаж амьдралтай, эд хөрөнгийн хувьд цөөхөн хэдэн тооны үхэртэй, сумын төвд хашаа байшинтай, өөрөө ланд крузер-80 загварын машинтай амьдралд нь дутагдаад гачигдаад байх зүйл байхгүй. ...Ц.Б нь бусдад тусархуу зантай, илүү дутуу зангүй, хүнд нөмөр нөөлөгтэй, хүнд тусархаг, байсан зүйлээ бусдаас харамлаад байдаггүй хүн юм...” гэх мэдүүлэг[16], Д.Н-ын “...Мөн Ц.Б нь хорт муу зуршилгүй хүн бөгөөд хар бор ажилд хичээнгүй, хөдөлмөрч, суурь зан сайтай хүн юм. Ц.Б нь урьд өмнө гэмт хэрэг, зөрчил гаргаж байгаагүй, нийгмийн идэвх сайтай хүн юм. Мөн бие эрүүл мэндийн хувьд эрүүл чийрэг биетэй хүн юм...” гэх мэдүүлэг[17], эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[18] зэрэг нотлох баримтуудыг хэрэгт цуглуулж бэхжүүлжээ. Уг нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Б нь Увс аймгийн Өмнөговь сумын 4 дүгээр багт эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Г-гийн хувийн байдлын талаар гэрч Н.Т-ын “...С.Г нь зан аашийн хувьд хүнтэй зөрчилдөж маргалдаад байдаггүй, архи дарс уудаггүй, мөрөөрөө байж байдаг, амьдралын төлөө зүтгэдэг, хөдөлмөрч зантай хүн юм. С.Г нь амьдралын нөхцөл байдлын хувьд дундаж өрх бөгөөд ямар ч байсан цөөхөн хэдэн тооны малтай, хүнээс юм гуйхгүйгээр амьдралаа аваад явчихдаг боломжийн амьдралтай айл юм...” гэх мэдүүлэг[19], гэрч П.Б-ийн “...С.Г нь зан аашийн хувьд даруу төлөв зантай, элдэв хорт муу зуршилгүй, бусадтай нээлттэй, хүнтэй зөв боловсон харилцдаг, хүн чанарын хувьд сайн хүн юм. С.Г нь ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамтаар Увс аймгийн Өмнөговь сумын Орлого багт амьдардаг, малчин өрх юм...” гэх мэдүүлэг[20] эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[21], Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар[22] зэрэг нотлох баримтуудыг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн. Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч С.Г нь Увс аймгийн Өмнөговь сумын 3 дугаар багт эхнэр, гурван хүүхдийн хамт мал аж ахуй эрхэлдэг, урьд Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сар 15 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Нгийн хувийн байдлын талаар гэрч Д.Б-гийн “...Д.Н нь зан аашийн хувьд ер нь хүнд тусархуу, хүн болгонтой эв дүйг нь олоод харилцдаг, энэ тэнд юм хийгээд өг гэхээр туслаад явж байдаг хүний хэлснээр л явж байдаг хүн юм. Д.Н нь амьдралын нөхцөл байдлын хувьд өөрөө 2015-2019 он хүртэл Хөшөөтийн уурхайд оператораар ажиллаж амьдралаа авч явж байсан бөгөөд одоо бол ямар нэгэн ажилгүй, амьдралын нөхцөл байдал тааруу байгаа юм. Д.Н нь архи согтууруулах ундааны зүйл хааяа нэг уудаг, архи уусан үедээ агсам согтуу тавиад байдаггүй, элдэв хорт муу зуршилгүй, урьд өмнө нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй, даруу дөлгөөн зантай хүн юм...” гэх мэдүүлэг[23], гэрч С.С-ийн “...Д.Н нь зан аашийн хувьд даруу төлөв нэг л зантай, хүнд янз бүрийн ааш зан гаргаад байдаггүй, байгаагаараа л байдаг хүн юм. Д.Н нь эхнэр, хоёр хүүхдийн хамтаар Увс аймгийн Өмнөговь сумын төвд амьдардаг бөгөөд одоохондоо эрхэлсэн ажилгүй гэртээ байдаг...” гэх мэдүүлэг[24], эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[25] зэрэг нотлох баримтуудыг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн. Уг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Н нь Увс аймгийн Өмнөговь сумын 4 дүгээр багт эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч М.Б-ийн хувийн байдлын талаар гэрч Ж.Ба-ийн “...М.Б нь зан аашийн хувьд хүнтэй зөв боловсон харилцдаг, илүү дутуу ааш араншин байдаггүй, даруу төлөв, зантай хүн юм. ...М.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, хорт муу зуршилгүй, ямар нэгэн муу зан байдаггүй, цайлган цагаан сэтгэлтэй хүн юм...” гэх мэдүүлэг[26], С.Ж-ын “...М.Б нь бага насны 4 хүүхэдтэй юм. М.Б нь зан аашийн хувьд хүнтэй зөв боловсон харилцдаг, илүү дутуу ааш араншин байдаггүй, даруу төлөв зантай хүн юм...” гэх мэдүүлэг[27], эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[28] зэрэг нотлох баримтуудыг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн байна. Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч М.Б нь Увс аймгийн Өмнөговь сумын 5 дугаарт багт эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Ё-гийн хувийн байдлын талаар гэрч С.Ж-ын “...Д.Ё нь хөдөө хээр болон Улаанбаатар хот руу явж хар бор ажил хийдэг ба ихэвчлэн барилгын туслах ажил хийдэг юм. Д.Ё нь зан аашийн хувьд сэтгэл сайтай, хүнд тусархуу, хүнтэй найрсаг харилцаатай хүн бөгөөд бусадтай сайн харилцдаг, нутгийн хүмүүсийн дунд ам сайтай, элдэв бусын муухай ааш байхгүй сайн хүн юм...” гэх мэдүүлэг[29], эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[30], Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар[31] зэрэг нотлох баримтуудыг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн байна. Уг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Ё нь Увс аймгийн Өмнөговь сумын 5 дугаар багт эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг, урьд нь Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600’000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, уг ялыг биелүүлсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

Улсын яллагч “...шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцох оролцоо санаачилсан нөхцөл байдлыг харгалзаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2-т заасны дагуу ялыг ялгамжтай оногдуулах саналтай байна. Шүүгдэгч Ц.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч С.Г, Д.Ё, М.Б, Д.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулах” саналыг, шүүгдэгч Ц.Б, Д.Н нарын өмгөөлөгч “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж, Ц.Б, Д.Н нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн хянан харгалзаж өгнө үү” гэх саналыг, шүүгдэгч С.Г, М.Б, Д.Ё нарын өмгөөлөгч “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид  хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар шүүгдэгч нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч Ц.Б, Д.Н, С.Г, М.Б, Д.Ё нар хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг шүүгдэгч тус бүрд оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно” гэж заасныг баримтлан шүүгдэгч Ц.Б, Д.Н, С.Г, М.Б, Д.Ё тус бүрд үүрэг хүлээлгэх болон эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Ц.Б, Д.Н, С.Г, М.Б, Д.Ё нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн болно.

Тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд 22-30 УБ улсын дугаартай экскаватор нь “...2019.10.16-ны өдрөөс одоог хүртэл Х овогтой С /РД: ..../-ийн нэр дээр”, 93-46 ДАР улсын дугаартай Зил-130 загварын автомашин нь “2016.03.24-ний өдрөөс одоог хүртэл Сайнмод ХХК /РД:..../-ийн нэр дээр бүртгэлтэй байгаа болох нь Увс аймгийн Автотээврийн төвийн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 272 дугаартай албан бичгээр тогтоогдож байгаа боловч гэрч Б.Э-гийн “...Би 22-30 УБ улсын дугаартай экскаватор болон 93-46 ДАР улсын дугаартай зил-130 загварын машинуудыг 2018 онд Увс аймгийн Өмнөговь сумын иргэн Ё гэдэг хүнд зарахдаа эхлээд 15 сая төгрөгийг нь өгөөд үлдсэнийг нь 14 хоногийн дараа өг гэж хэлээд автомашинуудаа аваад явсан. Би дээрх тээврийн хэрэгслүүдийг нийлүүлээд 35 сая төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Д.Ё-гийн яллагдагчаар өгсөн “Ц.Б Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын харьяат Б.Э гэх хүнээс 2019 оны 8 дугаар сарын сүүлээр худалдаж авсан. Би Б.Э-тай хэдэн жилийн өмнө Баянхонгор аймагт явж байгаад танилцсан учраас энэ хоёр хүнд зуучилж өгсөн...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Ц.Бын өмгөөлөгчийн “...2019 онд бичил уурхайг дэмжсэн зээлийн хөтөлбөрт хамрагдаж нөхөрлөл байгуулж ажил эрхэлдэг байсан. Тэр үед экскаваторыг өндөр үнээр худалдаж авч байсан. Хавтаст хэргийн 20-р талд экскаваторыг худалдан авах зорилгоор авсан зээлийн талаарх баримт байдаг. Одоо ч зээл төлөгдөөгүй үргэлжилж байгаа...” гэх тайлбар зэргийг үндэслэн 93-46 ДАР улсын дугаартай Зил-130 загварын автомашин, 22-30 УБ улсын дугаартай экскаватор нь шүүгдэгч Ц.Бын өмчлөлд хууль ёсны хэлцлийн дагуу шилжсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.Н, С.Г, М.Б, Д.Ё нар 93-46 ДАР улсын дугаартай Зил-130 загварын автомашинаар 22-30 УБ улсын дугаартай экскаваторыг тээвэрлэж Увс аймгийн Өмнөговь сумын нутаг Орлогын голын Бор ам гэх газарт аваачиж, уг экскаватораар алт олборлох зорилгоор нүх ухсан байх тул тухайн тээврийн хэрэгслүүдийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж үзнэ. Мөн шүүгдэгч Ц.Б-ын өмчлөлийн Эврика загварын металл илрүүлэгч багаж, хүрзийг тус тус гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан болох нь тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, мөн зүйлийн 1 дэх хэсэгт “ гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ... албадан гаргуулна” гэж, 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирон нөхөн төлөхөд зарцуулна” гэж, 3 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заасан байна.  

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шүүгдэгч Ц.Б-ын эзэмшлийн 9’000’000 төгрөгийн үнэ бүхий 22-30 УБ улсын дугаартай экскаватор, 1’750’000 төгрөгийн үнэ бүхий Зил-130 загварын 93-46 ДАР улсын дугаартай автомашин, 200’000 төгрөгийн үнэ бүхий Эврика голд металл илрүүлэгч багаж нэг ширхгийг, 3’000 төгрөгийн үнэ бүхий модон иштэй хүрз нэг ширхгийг тус тус хураан авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хураан авсан хөрөнгө орлогыг худалдан борлуулсан орлогоос гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн 477’046 төгрөгийг Увс аймгийн Өмнөговь сумын Байгаль хамгаалах, нөхөн сэргээх сангийн 100151055402 тоот дансанд шилжүүлж, илүү гарсан хөрөнгө орлогыг улсын төсөвт шилжүүлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 Шүүгдэгч Ц.Б-ын эзэмшлийн 22-30 УБ улсын дугаартай экскаватор, Зил-130 загварын 93-46 ДАР улсын дугаартай авто машиныг тус тус хураан авахаар шийдвэрлэсэн тул тухайн тээврийн хэрэгслүүдийг битүүмжилсэн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 42 дугаартай прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг шүүгдэгч нар нөхөн төлсөн, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг хураан авсан хөрөнгө, орлогоос гаргуулах боломжтой тул шүүгдэгч С.Ггийн өмчлөлийн 3 настай 5 тооны хонийг битүүмжилсэн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 06 дугаартай прокурорын тогтоолыг, шүүгдэгч Д.Ёгийн өмчлөлийн дөнжин үхрийг битүүмжилсэн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 05 дугаартай прокурорын тогтоолыг, шүүгдэгч М.Бийн өмчлөлийн дөнөн үхрийг битүүмжилсэн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 04 дугаартай прокурорын тогтоолыг, шүүгдэгч Ц.Бын өмчлөлийн 8 настай эм үхрийг битүүмжилсэн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 08 дугаартай прокурорын тогтоолыг, шүүгдэгч Д.Нгийн өмчлөлийн 5 настай эм үхрийг битүүмжилсэн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 07 дугаартай прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Б, Д.Н, С.Г, М.Б, Д.Ё нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ц.Б, Д.Н, С.Г, М.Б, Д.Ё нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч З ургийн овогт Ц-ын Б, Т ургийн овогт Д-ийн Н, З ургийн овогт С-ын Г, А ургийн овогт М-ын Б, Ч ургийн овогт Д-гийн Ё нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэж тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Б, Д.Н, С.Г, М.Б, Д.Ё тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3-д тус тус зааснаар шүүгдэгч Ц.Б, Д.Н, С.Г, М.Б, Д.Ё тус бүрт тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох  албадлагын арга хэмжээ тус тус тогтоосугай.

4. Албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Ц.Б, Д.Н, С.Г, М.Б, Д.Ё нарт хяналт тавих үүргийг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ц.Б, Д.Н, С.Г, М.Б, Д.Ё нар нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсгүүдэд зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шүүгдэгч Ц.Б-ын эзэмшлийн 9’000’000 төгрөгийн үнэ бүхий 22-30 УБ улсын дугаартай экскаватор, 1’750’000 төгрөгийн үнэ бүхий Зил-130 загварын 93-46 ДАР улсын дугаартай автомашин, 200’000 төгрөгийн үнэ бүхий Эврика голд металл илрүүлэгч багаж нэг ширхгийг, 3’000 төгрөгийн үнэ бүхий модон иштэй хүрз нэг ширхгийг тус тус хураан авсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хураан авсан хөрөнгө орлогыг худалдан борлуулсан орлогоос 477’046 төгрөгийг Увс аймгийн Өмнөговь сумын Байгаль хамгаалах, нөхөн сэргээх сангийн сангийн 100151055402 тоот дансанд шилжүүлж, илүү гарсан хөрөнгө орлогыг улсын төсөвт шилжүүлсүгэй.

8. Шүүгдэгч Ц.Б, Д.Н, С.Г, М.Б, Д.Ё нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шүүгдэгч Ц.Б-ын өмчлөлийн Зил-130 загварын 93-46 ДАР улсын дугаартай авто машин, 22-30 УБ улсын дугаартай экскаваторыг тус тус битүүмжилсэн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 42 дугаартай прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж,

Шүүгдэгч С.Г-гийн өмчлөлийн 3 настай 5 тооны хонийг битүүмжилсэн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 06 дугаартай прокурорын тогтоолыг, шүүгдэгч Д.Ё-гийн өмчлөлийн дөнжин үхрийг битүүмжилсэн 2021 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 05 дугаартай прокурорын тогтоолыг, шүүгдэгч М.Б-ийн өмчлөлийн дөнөн үхрийг битүүмжилсэн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 04 дугаартай прокурорын тогтоолыг, шүүгдэгч Ц.Б-ын өмчлөлийн 8 настай эм үхрийг битүүмжилсэн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 08 дугаартай прокурорын тогтоолыг, шүүгдэгч Д.Н-гийн өмчлөлийн 5 настай эм үхрийг битүүмжилсэн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 07 дугаартай прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б, Д.Н, С.Г, М.Б, Д.Ё нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

         

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.МӨНХЗАЯА

 

[1] 1-р хх-ийн 4-17 дугаар хуудас

[2] 1-р хх-ийн 66-67 дугаар хуудас

[3] 1-р хх-ийн 75-76 дугаар хуудас

[4] 1-р хх-ийн 81-82 дугаар хуудас

[5] 1-р хх-ийн 89-90 дүгээр хуудас

[6] 1-р хх-ийн 98 дугаар хуудас

[7] 1-р хх-ийн 116 дугаар хуудас

[8] 1-р хх-ийн 126-149 дүгээр хуудас

[9] 1-р хх-ийн 159 дүгээр хуудас

[10] 1-р хх-ийн 110-112 дугаар хуудас

[11] 1-р хх-ийн 207-208 дугаар хуудас

[12] 1-р хх-ийн 221-222 дугаар хуудас

[13] 1-р хх-ийн 235-236 дугаар хуудас

[14] 2-р хх-ийн 3-4 дүгээр хуудас

[15] 2-р хх-ийн 138, 139 дугаар хуудас

[16] 1-р хх-ийн 104 дүгээр хуудас

[17] 1-р хх-ийн 106 дугаар хуудас

[18] 2-р хх-ийн 6 дугаар хуудас

[19] 1-р хх-ийн 100 дугаар хуудас

[20] 1-р хх-ийн 102 дугаар хуудас

[21] 2-р хх-ийн 5 дугаар хуудас

[22] 2-р хх-ийн 71-73 дугаар хуудас

[23] 1-р хх-ийн 108 дугаар хуудас

[24] 1-р хх-ийн 114 дүгээр хуудас

[25] 2-р хх-ийн 9 дүгээр хуудас

[26] 1-р хх-ийн 110 дугаар хуудас

[27] 1-р хх-ийн 112 дугаар хуудас

[28] 2-р хх-ийн 6 дугаар хуудас

[29] 1-р хх-ийн 112 дугаар хуудас

[30] 2-р хх-ийн 7 дугаар хуудас

[31] 2-р хх-ийн 74-81 дүгээр хуудас