Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2018/ДШМ/37

 

 

 2018            05             09                                            2018/ДШМ/37

 

Ч.М-т холбогдох 

эрүүгийн хэргийн тухай

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахим хэлбэрээр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

Прокурор: Э.Тулгаа, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2018 он 04 дүгээр сарын 20-ны өдрийн 133 дугаар шүүгчийн захирамжтай, шүүгдэгч Ч.М-т  холбогдох, эрүүгийн 1720001890017 дугаартай, 1 хавтас 105 хуудас бүхий эрүүгийн хэргийг прокурор Э.Тулгаагийн эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотын харьяат, 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 28 настай, яс үндэс халх, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, аав, ээж, ах нарын хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, Борхойн гудамжны ....... тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл Боржигон овогт Ч-ийн М /РД:УМ90070192/-т холбогдуулан Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Э.Тулгаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч Ч.М нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 11 цагийн үед Дорноговь аймгийн Замын-Үүд сумын авто замын шалган нэвтрүүлэх боомтоор биедээ Ашигт малтмалын тухай хуулиар хязгаарласан бараа болох Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 245 дугаартай тогтоолоор хагас үнэт чулууны жагсаалтанд багтсан 12.1 кг байгалийн төрцөөрөө байгаа Оюу чулааг нууж хууль бусаар зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хил нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Яллагдагч Ч-ийн  М-т холбогдох эрүүгийн 1720001890017 тоот хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газарт буцааж, 

Хэргийг прокурорт очтол яллагдагч Ч.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 12.1 кг Оюу чулууг хэргийн хамт прокурорт буцааж,

Шүүгчийн захирамжийг прокурор эс зөвшөөрвөл захирамжийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Э.Тулгаа давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Яллагдагчийн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутай эсэхийг шийдвэрлүүлэхийн тулд мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх үүрэгтэй юм. Гэтэл хавтаст хэргийн 12 дугаар хуудсанд авагдсан хураан авсан битүүмжилсэн, эд хөрөнгө, эд зүйлд үнэлгээ хийлгэх тухай тогтоолыг үзэхэд Гаалийн улсын байцаагч Л.Ганхүү нь Оюу чулууны хэмжээг тодорхойлох, мөн уг чулууны зах зээлийн үнэлгээг хийлгэх шаардлагатай тул мэргэжлийн үнэлгээчин томилсон гэх заалтыг хянахад Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад эрх бүхий улсын байцаагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан эрхийнхээ дагуу шинжээч томилж тус хуулийн 4.11 дүгээр зүйлд заасны дагуу шинжилгээ хийлгэсэн бөгөөд тус хуулийн 4.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрх бүхий албан тушаалтан хүн, эд зүйл, баримт бичиг, ургамал, мал амьтанд шинжилгээ хийлгэнэ, 3 дахь хэсэгт эрх бүхий албан тушаалтан эд зүйл, хөрөнгөд үнэлгээ тогтоох, тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулах зорилгоор хүсэлт гаргаж шинжилгээ хийлгэж болно гэж заасны дагуу шинжилгээ хийсэн байх бөгөөд харин уг зүйлийн 7 дугаар хэсэгт шинжээч нь шинжилгээний дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтална гэж заасан байх бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11 дүгээр зүйлд шинжилгээ хийлгэх асуудлыг журамлахдаа дүгнэлт гаргах эрх бүхий албан тушаалтан нь тогтоол, хүсэлттэй заавал танилцана эсвэл томилсон шинжээч, үнэлгээчин дангаараа дүгнэлт гаргах асуудлыг хуульчлаагүй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд шинжээчийн эрх, үүргийг хуульчлаагүй, шинжээч нь дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтална гэж тусгаж өгсөн байна. Харин шинжээч, үнэлгээчин нар нь дүгнэлтэндээ үнэлгээ яагаад гаргаагүй асуудлыг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд байцаалт авч тодруулах боломжтой, нөхөн гүйцэтгэж болох ажиллагаа юм. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт прокурор, мөрдөгч төрийн байгууллагад иргэд байгууллагаас ирүүлсэн гомдол, мэдээлэл, өргөдлийг шалгах, эрүүгийн хэргээс бусад зөрчил, хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа, мэргэжлийн байгууллагын хяналт шалгалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн болон энэ хуулийн 42 дугаар бүлэгт заасан журмаар гадаад улсаас ирүүлсэн баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцож болно гэж тооцсоны дагуу Монгол Улсын Гаалийн төв лабораторийн 2017.11.28-ны өдрийн 0026463 дугаартай дүгнэлтийг нотлох баримтаар тооцон үнэлж хэрэгт хавсаргасан болно. Яллагдагч Ч.М нь 3 удаагийн ял шийтгэгдсэн боловч 2016.08.04-ний өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна. Яллагдагч Ч.М 2014.07.18-ны өдөр 52 дугаартай шийтгэх тогтоолоор 5 жил 1 сарын хорих ял шийтгүүлсэн бөгөөд үлдсэн 1 жил 14 хоногийн ялыг тэнсэн сулласан байна гэж үзвэл уг ялыг 2017.09.18-ны өдөр бүрэн эдэлж дууссан болох нь тогтоогдож байна. Мөн уг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинээр нотлох баримт гаргах өгөх хэлбэрээр тодруулах боломж бүхий ажиллагаа бөгөөд прокурорын шинэ нотлох баримт гаргаж өгөх эрхийг нь хангалгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд шударга ёсны зарчмыг тодорхойлсон байх бөгөөд уг зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна, 5 дахь хэсэг нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна гэсэн зарчмуудыг тус тус зөрчсөн байна. 

Уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу тогтоол үйлдэж Замын-Үүд сумын Засаг даргын тамгын газрын эрх бүхий албан тушаалтан болох Т.Уранчимэгийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон болно. Хэрэв шүүх иргэний нэхэмжлэгчийг буруу тогтоосон, хуульд нийцээгүй байна гэж дүгнэвэл шүүхийн шатанд шүүх тогтоол, шүүгч захирамж гарган иргэний нэхэмжлэгчийг дахин тогтоох эрхтэй байх бөгөөд зайлшгүй мөрдөн байцаалтын шатанд хийгдэх, шүүхээс нөхөн гүйцэтгэж болохгүй ажиллагаа биш болно. Прокурорын яллах дүгнэлтийн бүтцийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт яллах дүгнэлт нь тэмдэглэх, тогтоох хэсэг, хавсралтаас бүрдэнэ. Яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт яллагдагчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, биеийн байцаалттай холбоотой бусад мэдээлэл, яллаж байгаа гэмт хэргийн шинж товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримт, яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт мөн зүйлийн 4.1 дэх хэсэгт яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүхийн харьяалал, яллах дүгнэлт үйлдсэн прокурорын нэр, албан тушаал, он, сар, өдрийг тусгана гэж тус тус заасан байх бөгөөд прокурор нь яллах дүгнэлтийн тогтоох хэсэгтээ яллагдагч Ч.Мын үйлдсэн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 11 цагийн үед Дорноговь аймгийн Замын-Үүд сумын авто замын шалган нэвтрүүлэх боомтоор биедээ Ашигт малтмалын тухай хуулиар хязгаарласан бараа болох Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 245 дугаартай тогтоолоор хагас үнэт чулууны жагсаалтанд багтсан 12.1 кг байгалийн төрцөөрөө байгаа Оюу чулууг нууж хууль бусаар зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын Хил нэвтрүүлсэн гэж дүгнэсэн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хууль болон Монгол Улсын Олон улсын гэрээгээр хориглосон, хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр, Гаалийн хилээр нэвтрүүлсэн гэж нийтлэг байдлаар хуульчилсан хуулийн зүйл заалтыг нь заавал бичихээр зохицуулсан заалт байхгүй юм. 

Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар яллагдагч Ч.Мын үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон байна. Түүнчлэн анхан шатны шүүх нь 2017.04.19-ний өдөр уг хэрэгт шүүхийн санаачлагаар урьдчилсан хэлэлцүүлэг хийх талаар захирамж гарган хэлэлцүүлгийн товыг 2017.04.20-ны өдөр тогтоон хуралдсан бөгөөд шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт заасан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг прокурор, өмгөөлөгчийн саналыг харгалзан шүүх тогтоож, урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаас 3-аас доошгүй хоногийн өмнө оролцогчид мэдэгдэнэ гэсэн заалтыг ноцтой зөрчиж хэргийн тов тогтоохдоо прокуророос санал авалгүйгээр тов тогтоон 3-аас доошгүй хоногийн өмнө буюу 72 цагийн өмнө оролцогчид мэдэгдэх журмыг зөрчиж товыг мэдэгдсэн өдрөөсөө 24 цагийн дараа буюу 1 өдрийн дараа хэлэлцүүлгийг хийсэн болохыг анхаарч үзэж шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.Тулгаа яллагдагч Ч.М-ыг Замын-Үүд хилийн автозамын шалган нэвтрүүлэх боомтоор хагас үнэт чулууны жагсаалтад багтах 12.1 кг Оюу чулууг биедээ нууж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлснийг шүүх урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 133 дугаар шүүгчийн захирамж нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Прокурор Э.Тулгаагийн эсэргүүцэлд үндэслэн яллагдагч Ч.Мт холбогдох хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцвэл мөрдөн шалгах болон прокурорын хяналтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчигдсөн байна.

Яллагдагч Ч.Мт  2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж,  2018 оны 02 дугаар сарын 04-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол гаргасан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтыг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж аваагүй байна гэж үзлээ. Үүнд: 

1. Эрүүгийн хэрэг үүсгэх болсон гол нөхцөл болох гэмт хэргийн эд мөрийн баримт болох чулууны талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан “Шинжилгээ хийлгэх журам”-ыг дараах байдлаар зөрчсөн байна гэж үзнэ.

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн энэ зүйлд зааснаар  шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд нь “шүүх, прокурор, мөрдөгч “ байхаар хуульд заасан байхад Гаалийн байцаагчийг шинжилгээ хийлгэх эрхтэй этгээдэд тооцож, гаалийн байцаагчийн хүсэлтээр хийгдсэн дүгнэлтийг үндэслэж шүүгдэгчийг яллах үндэслэл болгож байгаа нь үндэслэлгүй болсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар Зөрчлийн хуулийн дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үед хийгдсэн гаалийн лаборторийн дүгнэлт нь энэ хэрэгт бусад нотлох баримтаар үнэлэгдэх боломжтой боловч энэ тохиолдолд Гаалийн байцаагчийн хүсэлтээр хийгдсэн энэ дүгнэлтийг хэрэгт мөрдөгч, прокурор, шүүхийн аль нэгний шийдвэрээр гаалийн байцаагчид дүгнэлт гаргуулахаар даалгасан шийдвэр гараагүй учир  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэлээр гарсан шинжээчийн дүгнэлт гэж үнэлэгдэхгүй.

-Үнэт металлын сорьц тогтоох, баталгаажуулах, эрдэнийн чулуу тодорхойлох, тэдгээрийг бүртгэх журмын нэгдүгээр бүлгийн 1.2-т зааснаар “үнэт чулуу“-г тодорхойлж, үнэлэх асуудал Сорьцын хяналтын асуудал хариуцсан байгууллага хийхээр журамласан байх ба  Гаалийн ерөнхий газрын гаалийн төв лаборатори нь энэ байгууллагад хамаарах эсэхийг шалгаж тогтоолгүй Гаалийн төв лабораторийн дүгнэлт /хх-ийн 14-17/-ийг гаргуулсан нь мөн үндэслэлгүй болсон.  

-Ашигт малтмалын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-т “үнэт металл, эрдэнийн чулууг Монгол банк худалдан авч төлбөр хийхдээ олон улсын зах зээлийн үнийг баримтална”,  Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 5, 6 дугаар зүйлүүдэд зааснаар “ ...Улсын их хурлаас ... эрдэнийн чулууг гадаадад худалдах, гадаадаас худалдан авах хэмжээг тогтоож, Засгийн газар Монгол банктай хамтарч энэ үйл ажиллагааг явуулах” тухай тус тус зааснаас үзэхэд үнэ тодорхойлох этгээд Монгол банк байх боломжтой байхад эд мөрийн баримт болох чулууны үнийг тодорхойлуулахаар тусгай мэдлэггүй Замын-Үүд сумын Засаг даргын тамгын газрын зөвлөлийг шинжээч /хх-ийн 64/-ээр томилж, дүгнэлт гаргуулсан зэрэг үйл ажиллагаанууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1-д заасан “ ...эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шинжилгээ хийлгэнэ” гэснийг тус тус ноцтойгоор зөрчсөн байна.

2. Яллагдагчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67/-д 2014 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 52 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан гэж тэмдэглэгдсэн боловч энэ талаарх нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдаагүй байна. Яллагдагч нь хэдийд ямар хугацаанд тэнсэгдсэн, тэнсэнгийн хугацаа дууссан эсэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.4-т зааснаар яллагдагчид оногдуулах ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал нь хэргийн талаар зайлшгүй нотолбол зохих асуудлын нэг тул анхан шатны шүүхээс түүнийг шаардсан нь үндэслэлтэй юм.

3. Эд мөрийн баримт нь хагас эрдэнийн чулуу болох нь тогтоогдсон тохиолдолд уг чулууг Монгол Улсын их хурлаас баталсан ямар хуулийн аль заалтаар, Засгийн газрын ямар журам, дүрэмд үндэслэж улсын хилээр эрдэнийн чулууг нэвтрүүлэхийг хориглосон эсхүл хязгаарласан талаарх тодорхой үндэслэлийг анхан шатны шүүхээс шаардсан нь үндэслэлтэй зөв юм. Ашигт малтмалын хууль нь ашигт малтмалын хайгуул хийх, олборлох, эзэмших, ашиглах тусгай зөвшөөрлийг авах, түүнийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах тухай харилцааг зохицуулснаас улсын хилээр эрдэнийн чулууг нэвтрүүлэх харилцааг зохицуулсан зохицуулалт байхгүй байна.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1-д зааснаар “гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч”-ээр тогтоохыг заасан байхад Замын-Үүд сумын Засаг даргын тамгын газрын ажилтан Уранчимэгийг мөрдөгч өөрийн хүсэлтээр иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь дээрх хуульд  нийцээгүй байна. 

5. Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн ажиллагаанд прокурор Э.Тулгаа өөрийн биеэр оролцсон боловч эсэргүүцэлд бичсэнчлэн шүүх хуралдааныг хууль зөрчиж зарлан хуралдуулж байгаа талаар огт санал, хүсэлт гаргаагүй байх ба хэрэгт мөрдөн шалгах болон прокурорын хяналтын шатанд тус тус Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчигдсөн нь тогтоогдож байх тул шүүх хуралдааныг хууль зөрчиж явуулсан гэсэн үндэслэлийг хүлээж авах шаардлагагүй юм.

 Эдгээр нөхцөл байдлуудад үндэслэн анхан шатны шүүхийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр яллагдагч Ч.Мт холбогдох хэргийг прокурорт буцаасан үндэслэлүүд нь Эрүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2, 1.3-т нийцсэн гэж үзэж анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Э.Тулгаагийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 133 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Э.Тулгаагийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

                              ШҮҮГЧИД                                   Н.БОЛОРМАА 

                                                                                  А.САЙНТӨГС