Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 586

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “ЖЮ” ХХК,

Хариуцагч: АМГТ газрын Кадастрын хэлтэст холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2012 оны 05 дугаар сарын 02-ийн өдрийн 295 дугаар шийдвэрийн “ЖЮ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, ТҮ-004967 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн хуулиар хориглосон талбайд хэсэгчилсэн давхцалгүй байгаа үлдэж буй талбайд ашигт малтмал ашиглах эрхийг сэргээхийг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “ЖЮ” ХХК-ийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч “ЖЮ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ЖЮ” ХХК нь С******* аймгийн Ш******* суманд орших Б*******ын хөндийн нэртэй талбайд олгогдсон ******* /хуучнаар 4967А/ дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2010 оны 50 тоот шийдвэрээр шилжүүлэн авч, 2010 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн энэхүү тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан. Тус компани нь ******* дугаартай тусгай зөвшөөрлийн 8, 9, 10 дахь жилийн төлбөрийг бүрэн төлж, дээрх талбайд нийтдээ 3 сая орчим ам.долларын хөрөнгө оруулалтыг хийж үйл ажиллагаа явуулж байсан.

“ЖЮ” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын дээрх тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор батлагдсан “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам”-ын 5.2 дахь хэсгийг үндэслэн Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 02-ний өдрийн 295 дугаар шийдвэрээр цуцалсан болохыг АМГТ газрын Кадастрын хэлтсийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 7/3995 тоот албан бичгээр олж мэдсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3 дахь заалт, “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам”-ын 5.2 дахь заалтаас үзэхэд ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглосон талбайд хамаарах нөхцөлд тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг бүрэн төлж барагдуулсан тохиолдолд нөхөх олговрыг хүлээн авсан баримтыг үндэслэн тусгай зөвшөөрлийг цуцлахаар зохицуулсан байна. Гэтэл энэхүү хуульд заасан нөхөх олговрыг нэхэмжлэгчид огт олгоогүй байхад тусгай зөвшөөрлийг цуцлсан байгааг хууль бус гэж үзэж байна. Мөн тус компанийн эзэмшлийн тусгай зөвшөөрлийг цуцлах талаарх мэдэгдэл болон цуцалсан тухай шийдвэрийг нэхэмжлэгчид мэдэгдээгүй. Нөгөөтэйгүүр ******* дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай нь гол, мөрний урсау бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт бүхэлдээ хамаарахгүй хэсэгчилсэн давхцалтай байгаа бөгөөд тусгай зөвшөөрлийг бүхэлд нь цуцалснаар хуулиар хориглосноос бусад тусгай зөвшөөрлийн үлдэж байгаа талбайд ашигт малтмал ашиглах хуулиар олгогдсон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг зөрчсөн байна. Мөн Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдуулан Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 289 дүгээр тогтоолоор өмнөх 2011 оны 177, 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн заагийн солбилцолд өөрчлөлт оруулж, усны сан бүхий эргээс онцгой хамгаалалтын бүсийг 50 метрт, энгийн хамгаалалтын бүсийг 200 метрт байлгахаар шийдвэрлэсний дагуу нэхэмжлэгч компанийн ашиглалт явуулах боломжтой тусгай зөвшөөрлийн үлдэж байгаа талбайн хэмжээ мөн энэ хэмжээгээр нэмэгдсэн гэж үзэж, дээрх хууль, журмын хориглолтоос чөлөөлөгдсөн тусгай зөвшөөрлийн талбайд мөн ашигт малтмал ашиглах хүсэлттэй байгаагаа илэрхийлсэн.

Дээрх үндэслэлээр дээд шатны албан тушаалтан болох АМГТ газрын даргад хандан 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр гомдол гаргасан боловч, гомдлыг хангахаас татгалзсан хариуг 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн аваад ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно.

Нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрөл цуцлагдсанаар уг талбайд зарцуулсан 3 сая орчим ам долларын зардал, хөрөнгө оруулалтаараа тусгай зөвшөөрөл эзэмшигч хохироод үлдэж байна. Тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу, шударгаар эзэмшигч “ЖЮ” ХХК-д эрхээ сэргээлгэх, хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзвэл эрхээ хамгаалуулахаар гомдол, нэхэмжлэл гаргах боломж олгож урьдчилан мэдэгдээгүй, мэдэгдэх ба сонсгох зарчим хэрэгжүүлээгүй, нөхөн олговор олгосны үндсэн дээр тусгай зөвшөөрөл цуцлах ёстой байтал хууль тогтоомжид заасан энэхүү журмыг баримтлахгүйгээр шууд “ЖЮ” ХХК-ийн ******* дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 295 дугаар шийдвэрийн нэхэмжлэгчид холбогдох хэсэг нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасанд нийцээгүй тул хууль бус захиргааны акт гэж үзэж байна. Мөн түүнчлэн МҮ-00497 дугаар тусгай зөвшөөрлийн талбай нь хуулиар хориглосон талбайтай хэсэгчилсэн давхцалтай байхад ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглоогүй үлдэж байгаа талбайд үйл ажиллагаа явуулах нэхэмжлэгчийн эрхийг нөхөх олговор авах хүсэлт гаргах хугацааггаар хязгаарлаж, тусгай зөвшөөрлийг бүхэлд нь цуцалж байгаа хариуцагчийн үйл ажиллагаа нь хууль бус гэж үзэж байна.

Иймд Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаар шийдвэрийн “ЖЮ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, ******* дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн хуулиар хориглосон талбайд хэсэгчилсэн давхцалгүй байгаа үлдэж буй талбайд ашигт малтмал ашиглах эрхийг сэргээхийг Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтэст даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч АМГТ газрын дарга болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“ЖЮ” ХХК-ийн эзэмшиж байсан Д******* аймгийн Х*******, Ш******* сумын нутагт байрлах “Б*******ын хөндий” нэртэй ашигт малтмалын ашиглалтын ******* дугаартай тусгай зөвшөөрөл нь Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаар шийдвэрээр цуцлагдсан байна.

2009 оны “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс,ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль”-д заасны дагуу Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор хилийн заагийг хэсэгчлэн тогтоож батлан гаргасан бөгөөд уг ашигт малтмалын 4967А дугаартай тусгай зөвшөөрөл нь хуулиар хориглосон тайлбайтай давхцалтай байсан.

Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох журам батлагдсан.

Ашигт малтмалын газрын Уул уурхайн, судалгааны хэлтсээс 2011 оны 02 дугаар сард “ЖЮ” ХХК-д нөхөх олговор тооцох зардлыг хавсралт дахь маягтын дагуу ирүүлэх тухай, нөхөн олговор авах хүсэлтээ 2012 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс өмнө ирүүлэх тухай мэдэгдсэн байна.

 

Мөн өдөр тутмын сонин болох Зууны мэдээ сонины 2011 оны 10 дугаар сарын 10/11-ний өдрийн 239/240 дугааруудад, Үндэсний шуудан, Үнэн сонинуудад тус тус нийтэлсэн ба Ашигт малтмалын газрын цахим хуудсанд байрлуулж мэдээлсэн болно.

Танай компанийн ашигт малтмалын ашиглалтын 4967А дугаартай тусгай зөвшөөрөл нь хуулиар хориглосон хязгаарласан талбайтай давхцалтай байсан бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигчээс нөхөн олговор авах талаар хууль, журамд заасан хугацаанд албан хүсэлтээ ирүүлээгүй байна.

Дээр дурьдсан хууль болон журмаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийг Ашигт малтмалын тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхээс чөлөөлөөгүй болно.

Дээр дурьдсан үндэслэлүүд байсан тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дах хэсэг “хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13.1.3-д заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч, эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн”, гэсэн заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоол, “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам”-ын 5 дугаар зүйлийн 5.2-д заасан болон “Тодорхойлолтыг баталгаажуулсан тухай” Сангийн дэд сайдын 2012 оны 3-2/1458 дугаартай албан бичгийн Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаар шийдвэрээр цуцалж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт болно.

Иймд “ЖЮ” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын ******* тусгай зөвшөөрлийг сэргээх хууль зүйн үндэслэлгүй байна гэв.

            ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “ЖЮ” ХХК нь тус шүүхэд “2012 оны 05 дугаар сарын 02-ний өдрийн 295 дугаар шийдвэрийн “ЖЮ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, ******* дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн хуулиар хориглосон талбайд хэсэгчилсэн давхцалгүй байгаа үлдэж буй талбайд ашигт малтмал ашиглах эрхийг сэргээхийг Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтэст даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ. 

Шүүх нэхэмжлэгч болон хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэл, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хэрэгт авсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Д******* аймгийн Х*******, Ш******* сумдын нутаг Б*******ын хөндий нэртэй талбайд 2002 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр анх ашигт малтмалын ашиглалтын ******* дугаартай тусгай зөвшөөрлийг “Итгэлтхүлэг” ХХК-д олгосон байна.

Улмаар “ЖЮ” ХХК нь С******* аймгийн Ш******* суманд орших Б*******ын хөндий нэртэй талбайд олгогдсон ******* /хуучнаар 4967А/ дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2010 оны 50 тоот шийдвэрээр шилжүүлэн авч 2010 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийг эзэмшиж, тусгай зөвшөөрлийн 8, 9, 10 дахь жилийн төлбөрийг бүрэн төлж, уг талбайд хийтдээ 3 сая орчим долларын хөрөнгө оруулалтыг хийж үйл ажиллгаагаа явуулж байсан  байна. 

Гэтэл хариуцагчаас маргаан бүхий Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн дарга /хуучин нэрээр/-ын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 295 дугаар шийдвэрээр “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 5.2 хэсэг болон Сангийн дэд сайдын 2012 оны 3-2/1457 дугаартай албан бичгийн дагуу Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь заалтыг үндэслэн “ЖЮ” ХХК-ийн ******* дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн нь хууль бус болсон байна. Учир нь:

1.Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой” заана” гэж хуульчилсны дагуу мэдэгдэж,

2. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-д заасан “Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ” гэж  тус тус заасан ажиллагааг явуулах боломжийг хариуцагч олгоогүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Хэдийгээр тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болохоос өмнө 2012 оны 05 дугаар сарын 03-ний өдрийн 6-2800 “Мэдэгдэл хүргүүлэх тухай”, 2012 оны 05 дугаар сарын 02-ний өдрийн 295 дугаар “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” шийдвэрийг тусгай зөвшөөрөл эзэмшигч “ЖЮ” ХХК-д хүргүүлсэн гэх боловч тухайн мэдэгдлүүдийг нэхэмжлэгч компани хүлээн аваагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын “ЖЮ” ХХК-ийн “Тусгай зөвшөөрлийг цуцлах тухай” 295 дугаар шийдвэр нь ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасантай нийцээгүй байх тул хууль бус захиргааны акт болжээ.

Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараас үзвэл “ЖЮ” ХХК-ийн ******* дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбай нь гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт бүхэлдээ хамаарахгүй хэсэгчилсэн давхцалтай, давхцаагүй хэсэгт ашигт малтмал ашиглах хуулиар олгогдсон тусгай зөвшөөрөл эзэмших боломжтой байсан гэдэг нь нотлогдож байна.

Өөрөөр хэлбэл Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр тогтоолоор өмнөх тогтоолоор баталсан гол, мөрний урсац бүрэдэх эхийн хилийн заагийн солбилцолд өөрчлөлт оруулж, усны сан бүхий эргээс онцгой хамгаалалтын бүсийг 50 метрт, энгийн хамгаалалтын бүсийг 200 метрт байхаар шийдвэрлэсэн байх бөгөөд нэхэмжлэгч энгийн хамгаалалтийн бүсэд буюу давхцаагүй хэсэгт хайгуулын ажил явуулж болхоор байна.

Иймд нэхэмжлэгч “ЖЮ” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг бүхэлд нь цуцлах хууль зүйн үндэслэл, нөхцөл бүрдээгүй байхад ийнхүү цуцалсан хариуцагчийн 2012 оны 05 дугаар сарын 02-ний өдрийн 295 дугаар шийдвэр гарсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж нэхэмжлэгчийн эрхийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1.3, 56.2, 56.3 –т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ЖЮ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн дарга /хуучин нэрээр/-ын “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаар шийдвэрийн “ЖЮ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, ******* дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн хуулиар хориглосон талбайд хэсэгчилсэн давхцалгүй байгаа үлдэж буй талбайд ашигт малтмал ашиглах эрхийг сэргээхийг Ашигт малтмалын газрын  Геологи, уул уурхайн Кадастрын хэлтэст даалгасугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн . Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд  мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                О.ОЮУНГЭРЭЛ