Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2022/0752

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                 “А ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                      захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.А,

Нэхэмжлэлийн шаардлага: Төв аймгийн Баянцогт сумын Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 229 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 26 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.А

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.М

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Р

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 123/2020/0026/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “А ” ХХК-аас Төв аймгийн Баянцогт сумын Засаг даргад холбогдуулан “Төв аймгийн Баянцогт сумын Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 229 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан байна.

2. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 26 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.4, 38.5, 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “А ” ХХК-ийн Баянцогт сумын Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 229 дүгээр захирамж илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:

3.1. “... Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 сарын 07-ны өдрийн 26 дугаартай шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

3.2. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт: "Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.4, 38.5,60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч А ХХК-ийн "Баянцогт сумын засаг даргын 2009 оны 12 сарын 15-ны өдрийн 229 дүгээр захирамж илт хууль бус болохыг тогтоолгох" тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай." гэж,

3.3. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: А ХХК газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтдээ "бид цаашид Чех улсын хөрөнгө оруулалтаар усалгаатай газар тариалан эрхлэх гэж байна. Энэ төслийг хэрэгжүүлэх гэж байгаа учир миний газрыг төсөл хэрэгжүүлэгч З ХХК-ийн нэр дээр байх шаардлагатай байна" гэх агуулгыг тодорхой дурдсан. Үүний дагуу Засаг даргын захирамж гараад явж байсан. Гэтэл захирамж гарснаас хойш З ХХК болон А ХХК-ийн хооронд энэ газрыг ашиглах усалгаатай систем нэвтрүүлэх ажил өрнөөгүй. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.4-т "захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлигал өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн" гэж зааснаар А ХХК-ийн хүсэлтэд дурдсан хөрөнгө оруулалтаар усалгаатай газар тариалан эрхлэх төсөл хэрэгжүүлэх гэж байна гэсэн нь энэ актыг гаргуулахдаа хууран мэхлэх шинж байдал илэрч байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуулиар тогтоосон үндэслэл байгаагүй гэж дүгнэсэн тухайд:

Тайлбар: Нэхэмжлэгчээс газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг гаргасан, энэ хүсэлтийн агуулга нь төсөл хэрэгжүүлэх зорилгоор А ХХК-ийн эзэмшилд байгаа нийт 885 га газрын эзэмших эрх төсөл хэрэгжүүлэгч З ХХК-ийн нэр дээр байх шаардлагатай байна гэсний дагуу хийгдсэн. Гэвч З ХХК төслийг хэрэгжүүлээгүй. Маргаан бүхий актыг гаргуулахдаа хамтарч ажиллаж байгаа сайн харилцаагаа ашигласан, Чех улсын хөрөнгө оруулалт, усалгаатай газар тариалан эрхлэх төсөл хэрэгжүүлнэ гэх зүйлийг ярьж, газрын гэрчилгээг өөрсдийн нэр дээр шилжүүлж авсан. Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх харилцаа Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар хийгдсэн, хуулийн дагуу явагдсан гэх боловч хуулийн дээрх зохицуулалтын агуулга нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хуульд зааснаар шилжүүлсэн боловч тэрхүү шийдвэрийн үр дагавар нь иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдалд хүргэхгүй байх явдал. Газрыг А ХХК эзэмшиж байгаад хуульд заасны дагуу газрыг З ХХК-д "манай эзэмшиж байгаа газарт Чех улсын хөрөнгө оруулалтаар усалгаатай газар тариалан эрхлэхээр төсөл хэрэгжүүлэх гэж байна, иймд газрыг шилжүүлж өгнө үү" хүсэлтдээ дурдсан. Гэвч газар эзэмших эрхийг хүлээж авсан З ХХК төслийг хэрэгжүүлээгүй учир хуулийн шаардлагыг хангаагүй буюу Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д "иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй" үндэслэл тогтоогдож байна.

3.3. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт "Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана.", 38.4-т "Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно." гэж зааснаар,

3.4. Нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх талаар 1. "Нэхэмжлэгч нь Тариалан эрхлэлтийг дэмжих санд маргаан бүхий газрын 0206328, 0206329 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээ барьцаалан зээл авсан гэх боловч энэ тухай газар эзэмших эрхийн гэрчилгээнд тэмдэглэл хийлгээгүй, хариуцагч болон газрын даамал нарт мэдэгдээгүй байх тул нэхэмжлэгчийн "барьцаанд байсан газрын эзэмших эрхийн гэрчилгээг хууль бусаар шилжүүлсэн" гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна." гэж дүгнэсэн тухайд:

Тайлбар: Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д "Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно.", 38.2-т "Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана: 38.2.1-д "нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ", 38.2.2-т "эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо", 38.2.3-т "албан татвар, хураамж төлсөн тухай баримт", 38.2.4-т "татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай цахим эсхүл хэвлэмэл тодорхойлолт зэрэг баримтыг хавсаргадаг. Эдгээр баримтад үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хуулийн зохицуулалттай ч эрх шилжүүлэгч болон хүлээн авагч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх шаардлагыг хангаж чадаагүй байна.

Нэхэмжлэгч талаас "захирамж гарснаас хойш ХХК болон “А ” ХХК-ийн хооронд энэ газрыг ашиглах, усалгаатай систем нэвтрүүлэх талаар ажил өрнөөгүй, захиргааны акт гаргуулахдаа хууран мэхлэх, бусад хууль бус аргыг хэрэглэсэн хэмээн маргаж байх боловч эдгээр нөхцөл байдлыг тогтоох нотлох баримтыг шүүхэд заагаагүй, гаргаж өгөөгүй тул энэ тайлбарыг хүлээн авах шаардлагагүй гэж үзлээ хэмээн дүгнэсэн тухайд:

Тайлбар: Гуравдагч этгээд З ш ХХК-ийн захирал, мөн З ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Р  шүүх хуралдаанд "бид Чех улсын хөрөнгө оруулалтаар усалгаатай газар тариалан эрхлэхээр төсөл хэрэгжүүлээд ажиллах гэж байсан. Гэвч энэ нь шаардлагагүй болсон" гэсэн тайлбарыг хэлсэн. Ийм тайлбарыг шүүх хуралдаан дээр хэлдэг. Үүнээс үзвэл нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газрыг өөрсдийн эзэмшилдээ авах гол зорилго байсан нь тодорхой байна.

Шүүх "Төв аймгийн Баянцогт сумын засаг даргын 2009 оны 12 сарын 15-ны өдрийн 229 дүгээр захирамжийг "иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй, бодит нөхцөлд биелүүлэх боломжгүй" илт хууль бус захиргааны акт гэж дүгнэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна" гэж дүгнэсэн.

Нэхэмжлэгчийн эзэмшиж байсан Баянцогт сумын нутаг дэвсгэр Сарлагт байрлах тариалангийн зориулалттай нийт 885 га газрыг эзэмших эрх шилжүүлэх хуулийн шаардлагыг хангаагүй, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасныг зөрчсөн, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй, иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах үндэслэл байгаагүй, илт хууль бус захиргааны акт юм.

Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, нотлох баримтыг зөв үнэлж дүгнээгүй тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2- т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг хянахад анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэстэй зөв дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх боловч шийдвэрт хэргийг шийдвэрлэхэд хамаарал бүхий хуулийн зүйл заалтыг зөв баримтлаагүй байх тул зохих өөрчлөлтийг оруулж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Хоёр. Дараах үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2.1. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч “А ” ХХК Төв аймгийн Баянцогт сумын Засаг даргын 2008 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 21 дүгээр “газар эзэмшүүлэх тухай” захирамжаар Сарлагт гэдэг газар 885 га газрыг тариалангийн зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмших[1]-ээр болсон байх бөгөөд 258 га газар эзэмших эрхийн 0206328 дугаар гэрчилгээ, 627 га газрын 0206328 дугаар гэрчилгээ тус тус олгогдсон байна.

2.2. Нэхэмжлэгч “А ” ХХК-аас “... 0206329, 0206328 дугаар гэрчилгээтэй газрууд Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас авсан Үр-2009/324 дугаартай зээлийн гэрээний барьцаанд байсан. ... Барьцаанд байсан газрыг бусдад шилжүүлсэн Баянцогт сумын Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 229 дүгээр захирамж Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д зааснаар бодит нөхцөлд биелүүлэх боломжгүй илт хууль бус захиргааны акт юм. Нэхэмжлэгч нь газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтдээ бид цаашид Чех улсын хөрөнгө оруулалтаар усалгаатай газар тариалан эрхлэх гэж байна. Энэ төслийг хэрэгжүүлэх гэж байгаа учир миний газрыг төсөл хэрэгжүүлэгч З ХХК-ийн нэр дээр байх шаардлагатай байна гэх агуулгыг тодорхой дурдсан. Үүний дагуу Засаг даргын захирамж гараад явж байсан. Гэтэл энэ захирамж гарснаас хойш З ХХК болон А ХХК-ийн хооронд энэ газрыг ашиглах усалгаатай систем нэвтрүүлэх талаар ажил өрнөөгүй. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.4-т захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн гэж зааснаар А ХХК-ийн хүсэлтэд дурдсан хөрөнгө оруулалтаар усалгаатай газар тариалан эрхлэх төсөл хэрэгжүүлэх гэж байна гэсэн нь энэ актыг гаргуулахдаа хууран мэхлэх шинж байдал илэрч байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар иргэн, хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхолд халдах хуулиар тогтоосон үндэслэл байгаагүй, Газар эзэмших эрхийг шилжүүлэх Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй … гэсэн үндэслэлээр “Төв аймгийн Баянцогт сумын Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 229 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэл гарган маргасан байна.

Шүүх уг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, “... нэхэмжлэгч нь ... маргаан бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээг Тариалан эрхлэх санд барьцаалж зээл авсан боловч энэ тухай хариуцагч, газрын даамал нарт мэдэгдээгүй, ... барьцаалсан талаар тэмдэглүүлээгүй, ... газар эзэмших эрхийн гэрчилгээг “З” ХХК-д шилжүүлэх хүсэлтээ бичгээр гаргаж, ... зөвшөөрсөн ... захиргааны акт гаргуулахдаа хууран мэхлэх бусад хууль бус арга хэрэглэсэн гэж маргаж байх боловч энэ талаар нотлох баримтыг шүүхэд гаргаагүй ... 2009 онд газар эзэмших эрхээ шилжүүлснээс хойш 2010-2020 онуудад газрыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, газар эзэмших эрхээ сэргээлгэх талаар гомдол нэхэмжлэл гаргаж байгаагүй нь тогтоогдсон ...” гэх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

3.1. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана”, 38.4-т Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно”, 38.5-т газар эзэмшигч нь газар эзэмших эрхийн гэрчилгээгээ Иргэний хуульд нийцүүлэн барьцаалж болох бөгөөд энэ тохиолдолд сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэнэ, 60 дугаар зүйлийн 60.2-т Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газартай холбогдон үүссэн маргааны талаар энэ хуулийн 60.1.1, 60.1.2, 60.1.З-т заасан байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргааныг тэдгээрийн дээд шатны албан тушаалтан, байгууллага, эсхүл шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж тус тус хуульчилсан.

3.2. Нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар хэрэгт авагдсан бусад баримтуудаас үзвэл нэхэмжлэгч “А ” ХХК нь “Тариалан эрхлэлтийг дэмжих санд маргаан бүхий газрын 0206328, 0206328 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээ барьцаалан зээл авсан гэх боловч энэ тухай газар эзэмших эрхийн гэрчилгээнд тэмдэглэл хийлгэсэн болох нь тогтоогдохгүйн дээр тэрээр хариуцагч болон газрын даамал нарт энэ талаар мэдэгдсэн, тэмдэглүүлсэн гэж маргаагүй байх тул нэхэмжлэгчийн барьцаанд байсан газрын эзэмших эрхийн гэрчилгээг хууль бусаар шилжүүлсэн гэх тайлбарыг хүлээн авч тухайн үед газар эзэмших эрхийг З ХХК-д шилжүүлсэн хариуцагчийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байна.

Түүнчлэн “А ХХК нь Баянцогт сумын Засаг даргын 2008 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 21 дүгээр захирамжаар эзэмшүүлсэн 885 га газрын эзэмших эрхийн гэрчилгээг З ХХК-д шилжүүлэх хүсэлтээ тус сумын Засаг даргад бичгээр гаргаж, өөрийн эзэмшлийн газраа бусдад шилжүүлэхийг зөвшөөрсөн болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч “А ” ХХК-аас Төв аймгийн Баянцогт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргад 0206329, 0206328 дугаар гэрчилгээтэй газруудыг “З” ХХК-ийн нэр дээр шилжүүлэхэд татгалзах зүйлгүй болно[2] гэх эзэмшил газрыг шилжүүлэх тухай хүсэлтээр тогтоогдож байх тул хариуцагчийг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4, 38.5 дахь хэсэгт тус тус заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

3.3.  Мөн нэхэмжлэгчээс 2009 оноос хойш газрын төлбөр төлж байсан талаар болон 2010 оноос 2022 он хүртэл маргаан бүхий газрыг бусдын эзэмшлээс чөлөөлүүлэх талаар мөн газар эзэмших эрхээ сэргээлгэх талаар аливаа гомдол нэхэмжлэлийг эрх бүхий төрийн захиргааны байгууллагад гаргаж байсан гэх тайлбар, баримт нотолгоог шүүхэд гаргаж маргаагүй байх тул анхан шатны шүүхийн “... нэхэмжлэгч нь маргаан бүхий газрын 2009 оны төлбөрийг төлсөн, 2010-2022 онуудад газрын төлбөр төлөөгүй, газар эзэмших эрхээ 2009 онд шилжүүлснээс хойш буюу 2010-2020 онуудад бусдын хууль бус эзэмшлээс газраа чөлөөлүүлэх, газар эзэмших эрхээ сэргээлгэх тухай гомдол, нэхэмжлэлийг хариуцагчид болон түүний дээд шатны захиргааны байгууллага албан тушаалтан, шүүхэд гаргаж байгаагүй, Баянцогт сумын Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 229 дүгээр захирамжийг иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй, бодит нөхцөлд биелүүлэх боломжгүй илт хууль бус захиргааны акт гэж дүгнэх үндэслэлгүй, тодруулбал маргаан бүхий захиргааны актыг батлан гаргах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 9 дүгээр зүйлд зааснаар илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.

4. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүх нэхэмжлэгчийн “... Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-т “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй”, 47.1.7-т “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэсэн үндэслэлээр маргасныг хүлээн авах үндэслэлгүй талаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий тайлбар, дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэстэй зөв байх боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт эдгээр хуулийн зүйл, заалтыг баримтлаагүй нь  буруу байх тул тогтоох хэсгийн 1 дэх заалтад Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7 дахь заалтыг нэмсэн өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 26 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7” гэж нэмж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

        ШҮҮГЧ                                                             Г.БИЛГҮҮН

 

        ШҮҮГЧ                                                             Н.ХОНИНХҮҮ

 

 

[1] Хавтаст хэргийн 159-160 дугаар хуудас

[2] Хавтаст хэргийн 33 дугаар хуудас