Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/46

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Б.Лхагважав, шүүгдэгч С.Х, түүний өмгөөлөгч Ц.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О ургийн овогт Б-ы Т, Х ургийн овогт С-ийн Х нарт холбогдох эрүүгийн 2135000000020 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, О ургийн овогт Б-ы Т 1983 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Увс аймгийн Бөхмөрөн суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл тав, эхнэр, гурван хүүхдийн хамт Увс аймгийн Бөхмөрөн сумын 2 дугаар багт оршин суудаг, урьд Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, регистрийн дугаар: ..............

Монгол Улсын иргэн, Х ургийн овогт С-ийн Х 1974 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Увс аймгийн Түргэн суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл зургаа, эхнэр, дөрвөн хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багт оршин суудаг, урьд нь Сум дундын 24 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон, регистрийн дугаар:......................

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Т, С.Х нар нь бүлэглэн Увс аймгийн Бөхмөрөн сумын 02 дугаар багийн нутаг “Хэвийн эх” нэртэй газраас 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 01 дүгээр сарын 16-нд шилжих шөнө тус сумын иргэн Б.С-ийн хоёр тооны үхэр буюу олон тооны бод малыг машин механизм ашиглаж хулгайлж нийт 1’800’000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүхийн хэлэлцүүлгээр 2135000000020 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн болон эд мөрийн баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Гэрч Р.Б-ы Хаан банк дахь 5819113475 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга[1],

2. Хохирогч Б.С-ийн “...2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр манай хадам ээж Ү.О над руу гар утсаар залгаад танай мухар бор галзан, эвэртэй хар хоёр үхэр байхгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь З.Ж гэх хүүхдэд захисан. Тэгээд аав, ээж хоёрыг сайн хайгаарай гэж хэлсэн. Тухайн үед би их ажилтай байсан тул хайж чадаагүй бас цагдаагийн байгууллагад мэдэгдэж чадаагүй байсан. ...2021 оны 01 сарын 22-ны өдөр манай хадам ээж Ү.О над руу гар утсаар залгаад н.Э гэх айлын хаваржаа дээр хоёр малын баас /сэвс/ байна шинэ юм шиг байна гэж хэлсэн. ...Манай үхэрнүүд урдаасаа 2 чих нь цөгрөг имтэй эвэртэй хар үхэр нас гүйцсэн үхэр байсан бөгөөд нөгөө үхэр нь бор галзан гэж хэлэхээр тийм зүстэй гэдэс хэсэгтэй цагаан толботой 5 настай үхэр юм. Манай үхэр 2021 оны 01 сарын 16-ны үед алга болсон байх яг аль өдөр алга болсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг[2],

3. Гэрч Н.Л-ийн “...2021 оны 01 дүгээр сарын 18-ны үед бүртгэж үзэхэд 2 тооны үхэр дутсан. Тэгэхээр нь би н.С ахад танай үхэрнээс 2 үхэр дутаж байна. Яг ямар үхэр дутаж байгааг сайн мэдэхгүй байна. Та ирж зүсээр нэг бүртгэж үзээрэй гэж хэлсэн. Тэгээд н.С ах ирээд эвэртэй хар, мухар бор галзан зүстэй 2 эх үхэр алга байна гэж байсан. Мөн манай ард н.Эрдэнэчулуун гэх айлын хаваржаанд 2 үхрийн баас байна гэж байсан, өөр надад мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг[3],

4. Гэрч З.Ж-ийн “...2021 оны 01 дүгээр сарын 19-ний үед манай сумын 2 дугаар багийн малчин н.С гэх хүн манайд ирээд танай ард Хэвийн эхэн гэх газар байсан манай үхэрнээс манай хүргэний хоёр тооны үхэр алга болсон байна, мал маллаж явахдаа харж яваарай гэсэн юм. Би 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр малаа хариулж яваад Хэвийн эхэнд н.Эрдэнэчулуун гэх айлын хаваржааны урд шинээр хаясан үхэрний сэвс цус мэт болсон газар байсан юм. Тэгээд би н.С гэх хүнд утсаар мэдэгдсэн...” гэх мэдүүлэг[4],

5. Гэрч Р.Б-ы “...2021 оны 01 дүгээр сарын 16-ны өглөө эртхэн хүн дугарах шиг болохоор нь харахад манай нөхөр хажуудаа Бөхмөрөн сумын Б.Т гэх залууг дагуулаад гэрт ирчихсэн унтаж байсан. Би өдрийн 11 цаг хүртэл унтаад босож гэртээ нүүрс хийсэн юм. Манай хүүхдүүд босоод дараа нь манай нөхөр С.Х, Б.Т нар боссон. Би “та нар сайн явж ирсэн үү” гэж асуухад манай нөхөр С.Х нэг их зүйл яриагүй харин Б.Т “сайн явж ирлээ бид хоёр 2 үхрийн мах авч ирсэн, зармаар байна мал мах авна гэсэн зар фейсбүүк дээр байна уу” гэж надаас асуусан юм. Тэгэхээр нь би фейсбүүк харж байтал “мах авна утас: 91455253, 88459379” гэсэн зар байхаар нь “ийм хүн мах авна гэж байна” гэж би хэлсэн. ...Тэгээд би гараад гражийн хаалга онгойлгож өгсөн харин Б.Т гараад авч ирсэн үхрийн махаа килограмлаад өгсөн. Тэр үед би гэр лүү орчоод гарч ирэхэд хоёр үхрийн мах 299 кг боллоо гээд мах авсан хүн дансны дугаар асуусан юм. Тухайн үед Б.Т надад “та дансруугаа хийлгээд гаргаад өгөөч миний карт байхгүй” гэж хэлсэн тэгэхээр нь би хаан банкны 5819113475 гэсэн данс өгсөн. Тэгээд миний энэ данс руу 2’200’000 төгрөг орж ирсэн. Тэгээд би тэр мөнгийг Б.Т-д авч өгсөн тухайн үед мах авсан ченж бэлнээр 42’000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг[5],

Дахин гэрчээр өгсөн “Тухайн үед мах нь 2’242’000 төгрөг болоод ченж 42’000 төгрөгийг бэлнээр өгөөд 2’200’000 төгрөгийг нь шилжүүлэн гэхэд Б.Т “надад карт байхгүй” гэж хэлж байсан. Тэгэхээр нь би дансандаа хийлгэж аваад ченж бэлэн өгсөн 42’000 төгрөгийг Б.Т-д шууд өгсөн. Түүний дараа би өөрөө зах дээр хүнсний жижиг лангуу ажиллуулж ааруул, сонгино, чацаргана, шар тос, чацарганын шүүс зэргийг зардаг ...манай гэрт байсан мөнгийг тоолж үзэхэд 1’250’000 төгрөг байсан, тухайн мөнгийг Б.Т-д өгөөд, түүний эхнэр н.Ганчимэгийн данс руу 150’000 төгрөг шилжүүлээд үлдэгдэл 800’000 төгрөгийг би өөрөө картгүй учраас нөхөр С.Х-гийн данс руу шилжүүлсэн. Би С.Х-гийн картыг аваад Б.Т-тай хамт такси бариад Өгөөмөрийн Хаан банкны АТМ-аас 800’000 төгрөг авч Б.Т-д өгөөд, тэндээсээ такситайгаа буцаад Б.Т-г 3 дугаар сургуулийн хойд талд Сод дэлгүүрийн хажууд буулгаад би гэртээ харихад 17 цаг орчим болж байсан...” гэх мэдүүлэг[6],

6. Гэрч Б.О-ын “...2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр миний 96455253 гэсэн дугаар луу 96238889 гэсэн дугаараас залгаад “та мах авах юм уу 2 үхрийн мах байна таны утсыг фейсбүүкээр авлаа” гэж нэг эмэгтэй хүн ярьсан юм. Тэгэхээр нь би мах авна 1 кг махыг 7’500 авна гэж хэлсэн. ...Тэгээд би эхнэр н.Э-тай хамт очиход нэг эрэгтэй, эмэгтэй хоёр хүн гарч ирээд хоёр үхрийн мах өгсөн уг үхрийн махыг килограмлаж үзэхэд 299 кг мах болсон байх яг сайн санахгүй байна. ...тухайн үед би 2’200’000 төгрөгийг данс руу нь хийж өгсөн...” гэх мэдүүлэг[7],

7. Гэрч Г.Д-ын “...С.Х ахын утас дуугарсан тэгээд нэг хүнтэй яриад тэр газраа зогсож байтал нэг мотоциклтой танихгүй ах ирээд халааснаасаа 0.75 литрийн Ерөөл гэх архи гаргаж ирсэн. Тэр хоёр машинаас буугаад тухайн архийг уусан, С.Х ах тухайн хүнийг Б.Т гэх Бөхмөрөн сумын залуу гэж байсан... Б.Т гэх хүн “би нэлээн согтоод байна, та миний мотоциклыг ачаад сумын төв оруулаад өг, би танд бензиний мөнгө өгнө” гэж хэлсэн. Тэр хоёр хоорондоо юм яриад байсан би яг ямар зүйл ярьсныг сайн мэдэхгүй. Тухайн мотоциклыг ачаад намайг замдаа З гэх айлд буулгаад С.Х ах, Б.Т хоёр сумын төв явсан. Би тэр өдөр С.Х ахыг эргэж ирэх байх гэж бодоод хүлээсэн ч ирээгүй, З гэх айлд 3 хонож байтал С.Х ах машинтайгаа ирсэн...” гэх мэдүүлэг[8],

8. Гэрэгэ эстимэйт ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Увс аймгийн Бөхмөрөн суманд нас гүйцсэн эм үхрийн зах зээлийн дундаж үнэ цэнэ 2021 оны 01 дүгээр сарын байдлаар 850’000 /найман зуун тавин мянга/-н төгрөг болохыг тодорхойлов. Увс аймгийн Бөхмөрөн суманд 5 настай эм үхрийн зах зээлийн дундаж үнэ цэнэ 2021 оны 01 дүгээр сарын байдлаар 900’000 /есөн зуун мянга/-н төгрөг болохыг тодорхойлов...” гэх 21/01 дугаартай шинжээчийн дүгнэлт[9],

9. Увс финанс аудит ХХК-ийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “...2021 оны 01 дүгээр сарын байдлаар Улаангом суманд Киа вонго /kia bongo/ загварын авто машины зах зээлийн үнэ цэнийн баримжаа 1’375’100 /нэг сая гурван зуун далан таван мянга/ төгрөг болохыг тодорхойлов” гэх 64 дугаартай дүгнэлт[10],

10. Шүүгдэгч Б.Т-гийн яллагдагчаар өгсөн “...2021 оны 01 дүгээр сарын 15-ны өглөө 09 цагийн үед миний гар утас руу С.Х залгаад “хаана байна” гэхээр нь би “сумын төв дээр гэртээ байна, одоо ингээд хадлан руу явна” гэхэд С.Х “би хадлан дээр байна хоёулаа уулзъя, чи ирэхдээ 0.75 литрийн нэг шил архи, нэг ундаа аваад ир” гэж хэлсэн... би мотоциклтой 15 цагийн үед сумын төвөөс хадлангийн талбай руу явсан. Тэнд очоод С.Х-тай хамт ажилладаг н.Б гэх залуутай уулзахад “С.Х айл руу явчихлаа” гэж хэлэхээр нь түүний гар утсаар С.Х руу залгаад “хаана байна, би хадлан дээр ирчихлээ” гэхэд “би захад машин галлаж байна” гэсэн. Тэгэхээр нь би урдаас чинь яваад очъё гээд явж байтал С.Х өөрийн 14-36 УВХ улсын дугаартай автомашинтайгаа хажуудаа нэг хүүхэд суулгачихсан ирсэн. Уулзсан газраа 0.75 литрийн Ерөөл гэх архийг хоёулаа хувааж уусан. Тэгэх зуураа хоёулаа энэ хавиас ганц нэг үхэр авч явмаар байна гэж ярилцсан. Тэгээд миний мотоциклыг ачаад сумын төв орох замдаа С.Х хажуудаа байсан хүүхдийг Ж гэх айлын гадна буулгачхаад шууд манай гэрийн гадан ирж мотоциклыг буулгачхаад гэрт оролгүй, шууд Бөхмөрөн сумын 02 дугаар багийн нутаг Хэвийн эхэн гэх нэртэй газар очоод машинаа харган дотор тавьчхаад хоёулаа 2 км орчим газар явган яваад н.Э гэдэг айлын хаваржаан дээр очиход шөнийн 01 цаг орчим болж байсан. Тэнд 40 гаруй монгол үхэр бэлчиж байснаас би эвэртэй хар үхэр бариад, С.Х нь улаан галзан үхэр бариад хаваржааны хажууд овоолсон шороо байсны ард ороод эхлээд эвэртэй хар үхрийг унагаасан. Дараа нь улаан галзан үхрийг унагаагаад хоёр үхэрний дотор гэдэс, сэвсийг хаяад бусдыг нь ачаад аймгийн төв рүү явж байх замдаа Цахир гэдэг газар хоёр үхэрний толгой, шийр, арьсыг нь нэг зууханд /хонхор газар/ хийгээд хулдаасаар бүрхээд явсан. Тухайн хоёр үхрийг нядлаад С.Хгийн Вонго жи 3 загварын автомашинаар тээвэрлэсэн. Тухайн үед С.Хгийн машин дотор цэнхэр иштэй хутга байснаар унагаасан, мөн надад нэг жижиг тонгорог байсан. Би тонгоргоо өвс ачиж байгаад гээчихсэн. ...тухайн хоёр үхрийн мах нь нийлээд 2’200’000 төгрөг болсон. Тэгээд бид хоёр 100’000 төгрөгийг шатахууны мөнгө гэж С.Хд өгөөд үлдэгдэл мөнгө болох 2’100’000 төгрөгийг бид хоёр 1’050’000 хувааж авсан...” гэх мэдүүлэг[11],

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...С.Х утсаар яриад 1 шил архи, 1 сав ундаа аваад хүрээд ир гэсэн. Би н.Бат-Өлзий гэдэг хүн дээр очиход С.Х байхгүй байсан. Утсаар асуухад би захад машин галлаж байсан гэсэн. Би мотоциклтой явсан. Бид замдаа уулзахаар тохирсон. Бурхадын бөгс гэдэг газарт цаанаас ирээд бид уулзсан. Ерөөл гэдэг архийг машины ард сууж байгаад хоёулаа уусан. ...Надад ганц нэг юм хэрэгтэй байна гэж хэлсэн. Би архи уусан байсан. Тэгээд хоёулаа ярилцаад Хэвийн эх гэдэг газарт очъё гээд миний мотоциклыг машинд ачсан. Тэгээд машинаа харганад оруулж тавьсан. Э гэдэг айлын хаваржаанд очсон. Тэнд 40 орчим үхэр байсан. Эвэртэй үхэр барьж аваад овоолготой шорооны хажууд гаргаж, янзалсан. Би тэр үхрийг янзалж байх хооронд С.Х дахиж яваад мухар улаан халзан үхэр барьж ирсэн. Тэр үхрийг бас янзлаад машин дээр ачаад аймаг руу явсан. Аймаг явах замдаа толгойг нь сай руу хийгээд орхисон. ...Ченж хүрч ирээд махыг аваад эхнэрийнх нь данс руу 2’200’000 төгрөгийг шилжүүлээд явсан. ...хаваржааны ойр орчмоос мал хулгайлъя гэдэг санааг бид хоёр хоёулаа ярьсан. Тэр хаваржаанд мал байгаа байх гээд очсон. Хол машинаа тавиад очъё гэсэн...” гэх мэдүүлэг,

11. Шүүгдэгч С.Х-гийн яллагдагчаар өгсөн “...Б.Т мотоциклтой ганцаараа ирээд намайг машинаасаа буугаад иртэн уулзъя гээд бид хоёр машины гадна уулзаж байтал Б.Т нь өврөөсөө 0.75 литрийн Ерөөл гэх архи гаргаж ирэхээр нь бид хоёр хувааж уусан. Би нүүрс ачаад аймаг орлоо гэж хэлэхэд Б.Т нь та нүүрсээ боль, сумын төв ороод миний мах ачаад яв би танд 40 литр шатахуун хийж өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би ойрхон ирснийх нүүрсээ ачаад аймаг явлаа гэхэд би нэлээн согтчихсон байна, мотоцикл барьж явж чадахгүй та миний мотоциклыг ачаад гэрт хүргэж өгчхөөд манайхаас мах ачаад яв гэж хэлсэн ...би согтуу хүнд мотоцикл бариулахгүй гэж бодоод мотоциклыг нь ачаад явж байтал Б.Т та энэ залуугаа энд буулгачих тэгээд маргааш явах замдаа аваад явчихгүй юу гэж хэлсэн тэгээд тэр хүүхдийг Жүгдэр гэх айлд буулгаад бид хоёр сумын төв ороод Б.Тгийн гэрийн гадна мотоциклыг нь буулгасан. Б.Т мотоциклоо гэрийнхээ араар тавьчихлаа, манай эхнэр хүүхдүүд байхгүй байна гэж гарч ирсэн. ...ШТС дээр очоод 40 литр шатахуун хийж өгсөн. Тэгээд та ийшээ эргээд явчих миний мах айлын хашаанд байгаа гэж хэлсэн. Бид хоёр 30 км орчим газар яваад харганатай газар ирээд та энд зогсчих гэж хэлээд өөрөө буугаад та эндээ байж бай гэж хэлээд гүйгээд явсан. 20 орчим минутын дараа гүйж ирээд машинаа асаачих одоо ийшээ явъя гээд хаваржааны хашаатай газрын ойролцоо очиж зогссон. Намайг дагуулаад нэг овоолсон шорооны хажууд очиход тэнд мухар үхэр төхөөрчихсөн байсан, “миний мах энэ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чи юу хийж байгаа юм, намайг яах гэж дуудсан юм, чи хулгай хийж байна” гэж хэлэхэд Б.Т нь “би мэдэж байна, та зүгээр наадхаа дуугүй ачаад аймгийн төв рүү оруулаад өг” гэж хэлсэн. Энд бас нэг үхэр байна түүнийг ална гэж хэлсэн ба тэр үхэр нь хаваржааны хашаан дотор цагаан өнгийн дээсээр уячихсан байсан. Би “чи яаж байгаа юм, яах гэж намайг дуудсан юм, чи хулгай хийж байна” гэж хэлэхэд Б.Т нь уурлаад “их идсэн ч өмхий бага идсэн ч өмхий та дуугүй машиндаа ороод сууж бай” гэхээр нь би хэрэггүй гэж хэлээд машиндаа ирээд их гэрэл мастай байсан болохоор янзалж байтал 1 цаг орчмын дараа Б.Т машинаа аваад ир гэхээр нь гүйгээд очиход нөгөө хоёр үхрийг алаад хаа гуяар нь салгаад цагаан өнгийн 50 кг-ийн шуудайнд хийчихсэн 6 шуудай мах байсан. Ачаад явъя гэхээр нь би машинаа авч ирэхэд Б.Т бүгдийн ачсан, тухайн газар хоёр үхрийн дотор гэдэс болон сэвсийг нь хаяад бусдыг нь бүгдийн ачаад Улаангом явсан. Замдаа Цахирын хэв гэх нэртэй газар ирэхэд энэ жалгаар дээшээ яв гэхээр нь замаас хазайгаад 100 м орчим яваад буугаад шээж байхад Б.Т нь толгой шийр болон арьсыг нь буулгаж нуусан, тэр үйл явцад би оролцоогүй. ...Манай эхнэр Б.Т хоёр махаа өгчихлөө 2’050’000 төгрөг боллоо гэж орж ирсэн би данс байхгүй болохоор танай эхнэрийн данс руу хийлгэчихлээ гэж хэлсэн. Тэгээд манай гэрээс гараад явсан орой 0.5 литрийн Ерөөл нэртэй барьчихсан халамцуу 18 цагийн үед орж ирсэн. Тэгээд архи задлаад надад хийж өгөхөөр нь би тэр архинаас уугаагүй. Тэгсэн Б.Т нь надад 1’000’000 төгрөг өгөөд та энэ мөнгөөр нүүрс түлээгээ автан та архи уухгүй юм чинь би архи аваад айлд очиж хонон гэж хэлээд явсан...” гэх мэдүүлэг[12],

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Б.Т араас хүрээд ирсэн. Бид хоёр Б.Т-гийн авч ирсэн 0.75 литр архийг уусан. Б.Т өмнө нь архи уусан байсан. Тэр архийг уугаад дуусахад би мотоциклтой явж чадахгүй байна. Та миний мотоциклыг ачаад төв оруулж өг гэсэн. Би танд мах ачуулна. Та нүүрс ачих хэрэггүй гэж хэлсэн. Би хамт явсан оюутан дүүгээ Жүгдэр гэдэг айлд очиж буулгаад Б.Т-гийн мотоциклыг ачаад төв орж буулгасан. Т 40 литр шатахуун хийж өгсөн. Тэр үед шөнө харанхуй байсан. Би тэнд газар мэдэхгүй. Тэгээд харганатай газар очиж зогссон. Б.Т нэг үхэр бэлдсэн. Нэг үхэр уясан байсан. Би мал алж чадахгүй. Б.Т малыг алсан. Машины гэрэл шатчихсан. Би тэр гэрлийг солиод ирэхэд үхрийг алсан байсан. Одоо уяатай үхрээ тавьж явуул гэсэн. Б.Т тэр үхрийг ч гэсэн авч явъя гэсэн. Б.Т өөрөө мэдэж байна гээд дахиад алсан. ...Б.Т 1’100’000 төгрөгийг өгөөд би айлд очиж хононо гээд явчихсан...” гэх мэдүүлэг зэрэг болно.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Т, С.Х нар нь урьдаас үгсэн тохиролцож 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 01 дүгээр сарын 16-нд шилжих шөнө Увс аймгийн Бөхмөрөн сумын 02 дугаар багийн нутаг Хэвийн эх гэх газраас хохирогч Б.Сийн 2 тооны үхрийг хулгайлж нядлаад махыг нь Вонго жи 3 загварын 14-36 УВХ улсын дугаартай автомашинаар Увс аймгийн Улаангом суманд тээвэрлэж ирээд гэрч Б.О-д 2’242’000 төгрөгөөр зарсан үйл баримт хохирогч Б.С, гэрч Н.Л, З.Ж, Б.О, Г.Доржнамжил нарын мэдүүлэг, тухайн мэдүүлгүүдээр давхар нотлогдсон шүүгдэгч Б.Тгийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Х нь яллагдагчаар “...Намайг дагуулаад нэг овоолсон шорооны хажууд очиход тэнд мухар үхэр төхөөрчихсөн байсан, “миний мах энэ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чи юу хийж байгаа юм, намайг яах гэж дуудсан юм, чи хулгай хийж байна” гэж хэлэхэд Б.Т нь “би мэдэж байна, та зүгээр наадхаа дуугүй ачаад аймгийн төв рүү оруулаад өг” гэж хэлсэн. Энд бас нэг үхэр байна түүнийг ална гэж хэлсэн ба тэр үхэр нь хаваржааны хашаан дотор цагаан өнгийн дээсээр уячихсан байсан. Би “чи яаж байгаа юм, яах гэж намайг дуудсан юм, чи хулгай хийж байна” гэж хэлэхэд Б.Т нь уурлаад “их идсэн ч өмхий бага идсэн ч өмхий та дуугүй машиндаа ороод сууж бай” гэхээр нь би хэрэггүй гэж хэлээд машиндаа ирээд их гэрэл мастай байсан болохоор янзалж байтал 1 цаг орчмын дараа Б.Т машинаа аваад ир гэхээр нь гүйгээд очиход нөгөө хоёр үхрийг алаад хаа гуяар нь салгаад цагаан өнгийн 50 кг-ийн шуудайнд хийчихсэн 6 шуудай мах байсан. Ачаад явъя гэхээр нь би машинаа авч ирэхэд Б.Т бүгдийн ачсан, тухайн газар хоёр үхрийн дотор гэдэс болон сэвсийг нь хаяад бусдыг нь бүгдийн ачаад Улаангом явсан...” гэж, шүүхийн хэлэлцүүлэгт “Б.Т нэг үхэр бэлдсэн. Нэг үхэр уясан байсан. Би мал алж чадахгүй. Б.Т малыг алсан. Машины гэрэл шатчихсан. Би тэр гэрлийг солиод ирэхэд үхрийг алсан байсан. Одоо уяатай үхрээ тавьж явуул гэсэн. Т тэр үхрийг ч гэсэн авч явъя гэсэн. Т өөрөө мэдэж байна гээд дахиад алсан...” гэж тухайн хоёр үхрийг нядлахад оролцоогүй, хулгайн гэмт хэрэг үйлдэх гэж байсныг мэдээгүй гэх агуулгатай мэдүүлэг өгч байгаа боловч гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг хувааж авсан, Вонго жи 3 загварын 14-36 УВХ улсын дугаартай автомашинаар тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн газар очсон, улмаар хоёр тооны үхрийн махыг тээвэрлэсэн үйл баримт хөтөлбөргүй тогтоогдож байх тул шүүгдэгч С.Хг Б.Ттай хамтран уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт “Би С.Хгийн эхнэрээс 800’000 төгрөгийг бэлнээр авсан. Эхнэр лүүгээ өвсний мөнгө гэж 150’000 төгрөгийг шилжүүлсэн. Бензиний мөнгө 100’000 төгрөгийг авсан” гэж мэдүүлсэн байх бөгөөд энэхүү мэдүүлэг нь гэрч Р.Бы Хаан банк дахь 5819113475 дугаар дансанд 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 16:51 минутад “махны мөнгө” гэх утгатай 2’200’000 төгрөг орж ирсэн, уг данснаас 17:10 минутад 5802008275 дугаар данс руу буюу шүүгдэгч Б.Тгийн эхнэр лүү “ganchmeglvv” гэх утгаар 150’000 төгрөг шилжүүлсэн, мөн 17:25 минутад шүүгдэгч С.Хгийн данс руу 800’000 төгрөг шилжүүлсэн болох нь депозит дансны хуулгаар тогтоогдож байна. Мөн шүүгдэгч Б.Тгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд өгсөн мэдүүлгүүд нь зөрөөгүй, уг мэдүүлгүүд нь хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад баримтаар тогтоогдож байх тул түүний мэдүүлгийг үндэслэн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоох үндэслэлтэй гэж дүгнэсэн болно.

Харин шүүгдэгч С.Х яллагдагчаар “...Б.Т нь махаа өгсөн 2’050’000 төгрөг боллоо гэж хэлж байсан, тэгээд гараад явж байгаад орой халамцуу ирээд надад 1’000’000 төгрөг өгсөн” гэж, шүүхийн хэлэлцүүлэгт “Б.Т 1’100’000 төгрөгийг өгөөд би айлд очиж хононо гээд явчихсан...” гэж, улсын яллагч “Сая Б.Т 2’200’000 төгрөгийг эхнэрийнх нь данс руу шилжүүлсэн. Тэр мөнгөнөөс надад 1’050’000 төгрөгийг өгсөн. Үлдэгдэл мөнгө дансанд нь үлдсэн гэж мэдүүлсэн. Танд Б.Т өөрөө бэлнээр өгсөн юм уу?” гэх асуултад “эхнэрт тэр мөнгийг надад өг гэж хэлсэн. Тэгээд эхнэр дараа нь надад гаргаж өгсөн” гэх мэтээр зөрөөтэй мэдүүлэг өгч байгаа тул түүний мэдүүлгийг хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход ач холбогдолтой, үнэн зөв гэж дүгнэх үндэслэлгүй юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “мал гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна” гэж заасан байх тул хохирогч Б.Сийн 2 тооны үхрийг хулгайлж, нядалсан шүүгдэгч Б.Т, С.Х нарын үйлдэл нь мал хулгайлах гэмт хэрэг байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “олон тооны мал гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно” гэж заасан байх тул шүүгдэгч Б.Т, С.Х нарын 2 тооны үхэр хулгайлсан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “энэ гэмт хэргийг олон тооны мал хулгайлж үйлдсэн” гэх мал хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “энэ гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх мал хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг мөн хангасан гэж үзнэ.

Машин механизм гэдэгт хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, мотоцикл, трактор, өөрөө явагч бусад машин болон өргөх, буулгах, ухах, малтах, түрэх, цоолох, зүсэх зэрэг зориулалттай машин механизм хамаарна[13].

Шүүгдэгч нар хулгайлсан хоёр тооны үхрийг нядлаад махыг биеэр авч явж чадахгүй тул Вонго жи 3 загварын 14-36 УВХ улсын дугаартай автомашинаар тээвэрлэж, Улаангом суманд авч иржээ. Тодруулбал хоёр үхрийн мах 299 кг болсон талаар гэрч Б.О, Р.Б нар мэдүүлсэн байх тул тухайн махыг шүүгдэгч нар биеэр авч явж чадахгүй болох нь тогтоогдож байна. Иймд шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан “энэ гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн” гэх гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг давхар хангасан гэж үзнэ.  

Шүүгдэгч нар нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шунахайн сэдлээр хохирогчийн хоёр тооны үхрийг хулгайлж авсан байна. Шүүгдэгч Б.Т, С.Х нар нь өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.Т, С.Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д заасан бүлэглэж олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Сд 1’750’000 /нэг сая долоон зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь 21/01 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Шүүгдэгч Б.Т, С.Х нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн болох нь хохирогч Б.С “...Миний бие Б.Т, С.Х нараас хохирлоо 100% барагдуулсан тул гомдол тэмцэл байхгүй үнэн болно. Иймд Б.Т, С.Х нарт хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсэж байна...” гэх хүсэлтээр[14] тогтоогдож байх тул шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хор уршиггүй гэж дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Б.Т, С.Х нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Тгийн хувийн байдлын талаар гэрч Н.Э-ийн “...Б.Т нь төлөв даруу зантай, үг дуу цөөтэй, архи дарс нэг их уугаад ямар нэгэн байдлаар хэрэг төвөгт холбогдож байгаагүй хүнд их тусархуу залуу юм. Надтай найзалж нөхөрлөснөөс хойш архи уугаад энд тэнд агсам согтуу тавиад явж байгааг нь харж байгаагүй, ар гэрийн амьдралын хувьд тааруу, бага хүүхэд нь Солонгост зүрхний хагалгаанд яваад ирсэн..” гэх мэдүүлэг[15], гэрч Б.Ч-гийн “...Б.Т нь бага насаа аав ээжийн гар дээр өссөн сургуульд сурч байгаагүй, багаасаа мал маллаж өссөн, ааш зангийн хувьд эелдэг зөөлөн, хүн амьтантай маргалдаад янз бүр болоод байдаггүй, архи дарс нэг их уугаад байдаггүй, эхнэр, дөрвөн хүүхдийн хамтаар амьдардаг...” гэх мэдүүлэг[16], эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[17], Увс аймгийн Бөхмөрөн сумын Байшинт багийн Засаг даргын тодорхойлолт[18], Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар[19] зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Эдгээр нотлох баримтуудаар Б.Т нь Бөхмөрөн сумын Байшинт багт эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг, урьд нь Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Хгийн хувийн байдлын талаар гэрч С.Ц-гийн “...Миний ах С.Х нь бага насаа аав ээжийн гар дээр өссөн хөдөө мал малладаг байсан. Сургуульд сурч байгаагүй. ...Амьжиргааны хувьд боломжийн амьдралтай өөрөө ч ажил төрөл голдоггүй хаана ямар ажил гарч ирнэ тэрнийгээ хийгээд байдаг илүү дутуу зангүй, тамхи хэрэглэдэггүй архи хааяа тохируулаад хэрэглэдэг түүнээс архи нэг их уугаад байдаггүй, их цэмцгэр, нэг ажил хийсэн бол тэр ажлаа сэтгэлээсээ нухацтай хийдэг...” гэх мэдүүлэг[20], гэрч Б.Б-ын “...С.Х нь төлөв даруу зантай, үг дуу цөөнтэй архи, тамхи хэрэглэдэггүй хааяа архийг тохируулаад хэрэглэчихдэг хүний үгэнд их оромтгой хүн хэлэхээр үгүй гэж хэлж чаддаггүй...” гэх мэдүүлэг[21], эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[22], Увс аймгийн Улаангом сумын 02 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт[23], Сум дундын 24 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар[24] зэрэг нотлох баримтуудыг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн байна. Энэхүү нотлох баримтуудаар шүүгдэгч С.Х нь эхнэр дөрвөн хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багт оршин суудаг, урьд нь Сум дундын 24 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон нөхцөл байдал тогтоогдож байна.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д зааснаар 3 жил 2 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч С.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус оногдуулах” саналыг, шүүгдэгч Б.Тгийн өмгөөлөгч Б.Лхагважав “хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэх саналыг, шүүгдэгч С.Хгийн өмгөөлөгч Ц.Туяа “С.Хд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасан бөгөөд энэхүү шүүхэд эрх олгосон (диспозитив) хэм хэмжээг хэрэглэх эсэхээ мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

Мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэдэгт нэгдүгээрт сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч тухайн хэрэгт тогтоогдсон үйл баримтыг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд идэвхтэй дэмжлэг үзүүлж, үйлдэл, холбогдлынхоо талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн байхыг, хоёрдугаарт хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн байхыг, гуравдугаарт гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг урьдчилсан нөхцөлгүйгээр хүлээн зөвшөөрсөн байхыг тус тус хамааруулна.

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хандаж байгаа сэтгэхүйн хандлага буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаарах бөгөөд эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын хэмжээг тогтоох үндэслэл болдог.

Шүүгдэгч С.Х нь “...Би ямар хэрэгт яллагдагчаар татагдаж байгаагаа ойлголоо. Надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлсэн байх боловч “Намайг дагуулаад нэг овоолсон шорооны хажууд очиход тэнд мухар үхэр төхөөрчихсөн байсан, миний мах энэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи юу хийж байгаа юм, намайг яах гэж дуудсан юм, чи хулгай хийж байна” гэж хэлэхэд Б.Т нь би мэдэж байна, та зүгээр наадхаа дуугүй ачаад аймгийн төв рүү оруулаад өг гэж хэлсэн. ...Б.Т нэг үхэр бэлдсэн. Нэг үхэр уясан байсан. Би мал алж чадахгүй. Б.Т малыг алсан” гэж мэдүүлсэн байх тул өөрийн үйлдэл холбогдлыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Тодруулбал шүүгдэгч С.Хг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй тул түүний өмгөөлөгчийн гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан ял оногдуулах боломжгүй гэж дүгнэлээ.

Иймд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д зааснаар шүүгдэгч С.Хд улсын яллагчийн санал болгосон 4 жилийн хугацаагаар хорих ялыг хөнгөрүүлж оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Т нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд албадлагын арга хэмжээний талаар улсын яллагч “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Т, С.Х нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Вонго жи 3 загварын 14-36 УВХ улсын дугаартай автомашин нь шүүгдэгч С.Хгийн эзэмшлийнх болох нь тогтоогдсон тул хурааж улсын орлого болгох саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 2’200’000 төгрөгөөс шүүгдэгч Б.Тгаас 1’200’000 төгрөгийг шүүгдэгч С.Хгаас 1’000’000 төгрөгийг гаргуулж тус тус улсын орлого болгох” саналыг, шүүгдэгч Б.Тгийн өмгөөлөгч Б.Лхагважав “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 2’200’000 төгрөгөөс шүүгдэгч Б.Тгаас 1’200’000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох саналыг гаргаж байна. Б.Т эхнэрийнхээ данс руу өвсний мөнгө гэж 150’000 төгрөг шилжүүлж авсан, 100’000 төгрөгийг шатахууны мөнгөнд авсан, 800’000 төгрөгийг бэлнээр авсан гэдэг” гэх тайлбарыг, шүүгдэгч С.Хгийн өмгөөлөгч Ц.Туяа “шүүгдэгч нар хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ машин механизмыг ашигласан тул автомашины үнийг улсын орлого болгох нь зүйтэй. Ингэхдээ машины үнэ болох 1’375’100 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ” гэх тайлбарыг тус тус гаргасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл тухайн буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заажээ.

Вонго жи 3 загварын 14-36 УВХ улсын дугаартай автомашиныг хэний өмчлөлд байгаа болохыг мөрдөн байцаалтын явцад тогтоогоогүй бөгөөд тухайн автомашин нь шүүгдэгч С.Хгийн нэр дээр бүртгэлгүй болох нь Увс аймгийн автотээврийн төвийн 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 41 дугаартай албан бичгээр[25] тогтоогдож байна. Иймд гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Вонго жи 3 загварын 14-36 УВХ улсын дугаартай автомашиныг хураан авах үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тухайн автомашиныг 1’375’100 төгрөг гэж үнэлсэн үнийн дүнгээр буруутай этгээдээс гаргуулах нь зүйтэй. Ингэхдээ шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг тэнцүү хэмжээгээр хувааж авсан байх тул тухайн автомашины үнийг тэнцүү хэмжээгээр гаргуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.

Мөн хулгайлж нядалсан хоёр үхрийн мах 299 кг болсон, 1 кг махыг 7’500 тооцож худалдан борлуулсан талаар шүүгдэгч нар болон гэрч Б.Орхонтуул нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдэж 2’242’000 төгрөгийн /=299кг*7’500/ орлого олсон гэж үзнэ. Энэхүү орлогоос шүүгдэгч Б.Т нь 1’050’000 төгрөгийг авсан болох нь түүний мэдүүлэг, гэрч Р.Бы Хаан банк дахь 5819113475 дугаартай дипозит дансны хуулгаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.Тс 1’050’000 төгрөгийг, шүүгдэгч С.Хгаас 1’192’000 төгрөгийг хураан авч улсын төсөвт шилжүүлэх үндэслэлтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн баруун эвэр нь хугарсан хар үхрийн толгой, мухар халзан үхрийн толгой, 2 тооны хар, халзан зүсмийн үхрийн ширнүүд нь муудаж, ялзарсан, тухайн зүйлсийг устгахыг улсын яллагч, шүүгдэгч нарын өмгөөлөгчид дэмжсэн тул тухайн эд зүйлсийг даруй устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, мөн Вонго жи 3 загварын 14-36 УВХ улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулсан тул улсын яллагчийн саналыг үндэслэн шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Т, С.Х нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О ургийн овогт Б-ы Т, Х ургийн овогт С-ийн Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д заасан бүлэглэж бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д зааснаар шүүгдэгч Б.Т-г 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д зааснаар шүүгдэгч С.Х-г 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Т-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч С.Хд оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч Б.Т, С.Х нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй,  шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Вонго жи 3 загварын 14-36 УВХ улсын дугаартай автомашины үнэ болох 1’375’100 төгрөгийг шүүгдэгч нараас тэнцүү хэмжээгээр буюу шүүгдэгч Б.Т-гаас 687’550 төгрөгийг, шүүгдэгч С.Х-гаас  687’550 төгрөгийг гаргуулж, мөн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1’050’000 төгрөгийг шүүгдэгч Б.Т-гаас, 1’192’000 төгрөгийг шүүгдэгч С.Х-гаас гаргуулж тус тус улсын төсөвт шилжүүлсүгэй.

6. Вонго жи 3 загварын 14-36 УВХ улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн баруун эвэр нь хугарсан хар үхрийн толгой, мухар халзан үхрийн толгой, хар, халзан зүсмийн үхрийн хоёр ширийг тус тус даруй устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т, С.Х нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.МӨНХЗАЯА

 

 

 

[1] хх-ийн 31-34 дүгээр хуудас

[2] хх-ийн 38-40 дүгээр хуудас

[3] хх-ийн 47-48 дугаар хуудас

[4] хх-ийн 50-52 дугаар хуудас

[5] хх-ийн 58-59 дүгээр хуудас

[6] хх-ийн 71 дүгээр хуудас

[7] хх-ийн 61 дүгээр хуудас

[8] хх-ийн 65 дугаар хуудас

[9] хх-ийн 79 дүгээр хуудас

[10] хх-ийн 85 дугаар хуудаас

[11] хх-ийн 97-98 дугаар хуудас

[12] Хх-ийн 153-154 дүгээр хуудас

[13] Улсын дээд шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 29-ны өдрийн 28 дугаартай тогтоол

[14] хх-ийн 122 дугаар хуудас

[15] хх-ийн 73 дугаар хуудас

[16] хх-ийн 75 дугаар хуудас

[17] хх-ийн 133 дугаар хуудас

[18] хх-ийн 120 дугаар хуудас

[19] хх-ийн 141-144 дүгээр хуудас

[20] хх-ийн 67 дугаар хуудас

[21] хх-ийн 69 дүгээр хуудас

[22] хх-ийн 164 дүгээр хуудас

[23] хх-ийн 182 дугаар хуудас

[24] хх-ийн 178-181 дугаар хуудас

[25] хх-ийн 129 дүгээр хуудас