Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/97

 

 

 

 

 

 

 

 

2021      03        24                                          2021/ШЦТ/97

                                   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч С.Алтай

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Галтогтох

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.О

Шинжээч Ч.Улз

Шүүгдэгч У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх  С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ............. овогт Ут холбогдох 2121000000038 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, танкийн механикч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн .......................... тоотод оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ................... овогт У /РД: ........................../

 

                Шүүгдэгч У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын 2 дугаар багийн нутаг Сүмбэр гэх газарт Toyota mark-2 маркийн 10-87 ДОУ  тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 3.4Б-д заасан “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, мөн дүрмийн 3.7А-д заасан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...”  гэснийг тус тус зөрчсөний улмаас уг тээврийн хэрэгсэл онхолдож, зорчигч Т.Х-ын амь насыг хохирсон гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах, хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

   Шүүгдэгч У шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өглөөний 08 цагт анги хуралдсан. Хурлаа тараад Х, Б нар намайг дуудаад “Цаг-Уур руу очоод автомашины эд анги үзээд ирье” гэж хэлсэн. Бид нар очоод буцаад ажил руугаа явцгаасан. Ангийн дарга хурал хийнэ гэхээр нь бид нар үүдэнд хүлээж байсан. Тэр үед жолооч маань 1 шил архи авчирсан байхаар нь бид нар ууцгаасан. Бид нар хурлаа дуусгаад Б-ын гэрт очоод ууцгаасан. Ингээд бид нар Хэрлэн сум руу явахаар замдаа явж байгаад осол болсон...” гэв.

   Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Хэрэг гарсан нөхөр бид хоёр өглөө ажилдаа явцгаасан. Ингээд үдийн дараа 14 цагийн орчимд нөхөр маань намайг гэр рүү хүргэж өгөөд “Утай хамт Хэрлэн рүү яваад юм үзээд ирье” гэж хэлээд явсан. Би шүүгдэгчээс нийт 15 сая төгрөгийг авсан. Шүүгдэгч миний нөхрийн найз, бид нар гэр бүлийн найзууд учир цаашид нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.

Шинжээч Ч.Улз шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн мөрдөгчийн тогтоолд зааснаар тухайн тээврийн хэрэгсэлд 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр үзлэг хийсэн. Хэргийн газарт анх очиход тээврийн хэрэгслийн зүүн гар талын хоёр дугуй бүрэн хийтэй байсан ба баруун талын буюу жолооч талын хоёр дугуй нь хийгүй болсон байсан. Би журмын хашаанд байх тээврийн хэрэгслийн дугуйнд үзлэг хийхдээ дугуйнуудыг салгаж аваад шалгаж үзсэн. Хий нь гарсан дугуйнуудыг дугуй засвар дээр авч очоод хийлж үзэхэд хэвийн хийлэгдэж байсан. Энэ байдлаас харахад дугуйнууд нь урагдалт, цооролт үүсээгүй. Дугуйнууд нь ослын үед хий нь гарсан байна. Осол дугуйнаас болоогүй. Замын нөхцөлд хурдаа тохируулаагүйгээс осол гарсан гэж үзэж байна...” гэв.

   Гэрч О.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ингээд бид 6 архи уугаад сууж байтал У Чойбалсан сум руу УАЗ-469 машины раам үзээд ирье хамт явах уу гэсэн. Тэгэхээр нь бид нар зөвшөөрөөд 16 цагийн орчим 10-87 ДОУ улсын дугаартай Т.Х-ын эзэмшлийн Тоёота марк-2 машинтай Э.Бын гэрээс гарч явсан. Машиныг Х өөрөө барьж байсан ба замдаа 0132 ангийн хойд талд байрлах хүнсний дэлгүүр орж 2.5 литрийн 5 ширхэг боргио пиво аваад төмөр замын Петровис ШТС дээр очиж бензин авсан. Бензин авах зуураа 1 пивыг ууж дуусгаад хөдлөхдөө У би Чойбалсангийн замыг сайн мэддэг юм чинь би жолоо баръя гээд жолооны ард суугаад талийгаач Х урд, М, Б, Э.Б бид 4 арын суудал дээр суусан. ...ингээд би нилээн согтсон юу болсныг сайн санахгүй байна, нэг мэдсэн чинь машин онхолдсон У арын суудал дээр сууж явсан бид 4-ыг сэрээсэн. Машинаас гарахад Х газарт хэвтсэн толгой ам хамар хэсгээс цус гарсан байдалтай дуудахад сэрэхгүй сул амьсгалж байсан. ...У дунд зэргийн согтолттой байсан санагдаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/  

            Гэрч Э.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...бид нар ...Петровис ШТС-аас бензин аваад цаашаа явж байгаад зогсоод 2.5 литрийн 2 ширхэг боргио пивоо уугаад дуусахад У би машин баръя гэхэд нь Батдорж бид 2 чи машин бариад хэрэггүй гэхэд зүгээрээ гээд Х машины жолоочийн хажуу талд суугаад цааш хөдлөөд явж байхад машин гэнэт шарвах шиг л болсон тэгээд хажуунаас нэг хүн сэрээрэй гэхээр нь харахад У байсан тэгээд ойр орчмоо анхаарахад миний баруун гар талд Батдорж, зүүн гар талд Мөнхбаатар, Б 2 сууж байсан урд талын суудалд Х байхгүй байсан. Тэгээд бид нар бүгд сэрээд машинаас буухад Х машины баруун талд ам хамарнаас нь нилээн цус гарсан байдалтай амьсгалтай хэвтэж байсан. ...буцаад очиход У ирээд би найзыгаа алчихлаа гээд орилоод байж байсан. ...У архи согтууруулах ундаа хэрэглэсэн нилээн согтуу байсан. ...машин 60-70 орчим миллтэй явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 дүгээр тал/

            Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд бид нар манай гэрийн урд байдаг дэлгүүрээс 2.5 литрийн савалгаатай пиво аваад төмөр замын Петровис ШТС-аас бензин аваад цаашаа явж байхад овоо таарахаар нь зогсоод 2.5 литрийн 1 ширхэг пивоо уугаад дуусахад У Х-оос би машиныг чинь баръя гэж гуйхад Х тэг тэг гээд Ут машинаа бариулаад цааш хөдөлсөн. Тэгээд цаашаа явж байхад нь би машины истометрийн заалтыг харахад 60 милл гарантай явж байхаар нь жоохон зөөлхөн яваарай гэж хэлж байсан. Тэгээд нээх удаагүй байхад машин унасан. Тэгээд яг яаж унасныг нь мэдэхгүй байна, машин онхолдоод буугаад ирэхэд машин 4 дугуйн дээрээ зогссон байдалтай хойшоо хараад байж байсан. Х машины хажууд зам дээр хөндлөн дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. ...Х жолоочийн хажуу талд, ард нь Б, Э.Б, М бид дөрөв явж байсан...” /хх-ийн 30-31 дүгээр тал/

            Гэрч Ж.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд төмөр замын колонк хүртэл Х өөрөө машинаа бариад явсан. Колонк дээрээс У Хын машиныг бариад явсан гэж бодож байна. Тэгээд би тасарчихсан. Нилээн байж байгаад сэрсэн чинь бид нарын сууж явсан машин онхолдоод 4 дугуйн дээрээ зогсож байсан. Гэхдээ бүх шил цонхнууд нь хагарчихсан байсан.Тэгээд ухаан ороод харсан чинь У түргэн дуудах гээд сүлжээтэй газар руу явчихсан байсан. Э.Б бид хоёрын хөл гишгэж болохгүй байсан. Бид нарын сууж явсан машин хойшоо харчихсан, Х болохоор машины хажуу талд хөндлөн хараад хэвтэж байсан. ...У машин бариад жолоочийн хажуу талд талийгаач Х, жолоочийн арын суудал дээр ахлагч Б, голд нь ахлагч Э.Б, түүний хажууд Б, би болохоор Б-ын салтаанд сууж байсан. Бид зургаа бүгдээрээ архи уусан байсан...” /хх-ийн 32-33 дугаар тал/

 

            Шинжээч Ч.Улз мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “...Би №1 дугаартай дүгнэлтийг мөрдөн байцаах тасгийн мөрдөгчийн шинжээч томилох тогтоолын дагуу 70-87 ДОУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг журмын хашаанд өөрийн биеэр очиж машины дугуйг бүрэн бүтэн эсэхийг шалгасан. Харин өөрийн гаргасан дүгнэлтэндээ бичилгүй мартсан байна. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг зэргийг үндэслэж мөн Чойбалсан хотын захиргааны харъяа журмын хашаанд очиж тээврийн хэрэгслийн дугуйг шалгахад /216/65/R15 размертай “Dunlop studless маркийн дугуй байсан. Уг зам тээврийн осол болсон шалтгаан нь дугуйнаас болоогүй байсан...” /хх-ийн 81 дүгээр тал/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 04 тоот дүгнэлтэд:

1. Талийгаач Т.Хын цогцост гавлын орой болон суурь ясны бяцарсан хугарал, суурийн хөндлөн хугарал, тархины баруун, зүүн тал бөмбөлгийн орой хэсэг, бага тархины орой хэсгийн аалзан хальсан доорхи цус харвалт, тархины зүүн тал бөмбөлгийн дух хэсгийн тархины эдийн няцрал, хоншоор ясны хугарал, баруун дээд 1-р шүд булгарал, хуйхны дотор гадаргын цус хуралт, зүүн 3-8 дугаар хавиргануудын далд хугарал, баруун, зүүн уушгины гялтан доорхи цус хуралт, няцрал, духны зулгаралт, зүүн нүдний дээд зовхины зулгаралт, цус хуралт, зүүн хацрын зулгаралт, эрүүний ооч хэсэг, зүүн ташаа, баруун сарвууны зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

2. Дээрх гэмтлүүд нь амьд ахуй цаг хугацаанд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл.

3.   Талийгаач Т.Х нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ.

4. Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

5.  Талийгаач Т.Хын цусанд 1.2 промилли спиртын зүйл илэрч байгаа нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 51-54, 56-59 дүгээр тал/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 04 тоот дүгнэлтэд:

1. Талийгаач Т.Хын цогцосноос авсан цусанд 1.2 промилли спиртийн зүйл илрэв.

2.  Цусанд 1.2 промилли спиртийн зүйл илэрч байгаа нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 55 дугаар тал/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 05 тоот дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн Уын биеэс авсан гэх цусанд 1 промилли спиртийн алкоголь илэрч байна.Согтолтын хөнгөн зэрэг болно” гэх дүгнэлт /хх-ийн 64-65 дугаар тал/

 

            Дорнод аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э.Зоригтын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн магадлагаа:

            Жолооч У нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 3.7а-д заасан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 3.4а-д заасан “Хамгаалах бүсээр тоноглосон авто машин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглэхгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй гэжээ. /хх-ийн 68-70 дугаар тал/

            Дорнод аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлагч дэслэгч Ч.Улзын 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн техникийн шинжээчийн дүгнэлтэд:

            1. Toyota mark-2 маркийн 10-87 ДОУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суурьлагдсан байсан 4 дугуй нь ижил хэмжээтэй, ижил хээтэй “Dunlop studless маркийн 215/65/R15 хэмжээтэй дугуй нь ямар нэгэн урагдал, цоорол үүсээгүй. Тухайн дугуй нь зам тээврийн ослын улмаас нуух хэсгээрээ дугуйны хийгээ алдсан байх боломжтой.

            2. “Dunlop studless маркийн 215/65/R15 хэмжээтэй дугуй нь ашиглах болон замын хөдөлгөөнд оролцох боломжтой.

            3. Toyota mark-2 маркийн 10-87 ДОУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоормосны мөр хэрэг ослын газар хийсэн үзлэгийн тэмдэглэл, фото зураг, схем зураглалд тэмдэглээгүй байх тул хурдыг тогтоох боломжгүй байна.

            4. “Dunlop studless маркийн 215/65/R15 хэмжээтэй дугуй нь цасны дүрс бүхий тэмдэглэгээтэй байх тул тухайн дугуй нь өвлийн улиралд ашиглахад зориулагдсан дугуй байна.

            5. Тухайн зам тээврийн осол нь жолооч У нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын нөхцөл байдалд хөдөлгөөний хурдыг тохируулан сонгож яваагүйгээс болж зам тээврийн осол гарсан байна.

            6.Асуултанд дурдагдаагүй нөхцөл байдал илрээгүй болно гэжээ. /хх-ийн 74-75 дугаар тал/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар тал/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 07-10 дугаар тал/

Баримтын байршлын схем /хх-ийн 11-12 дугаар тал/

Зам тээврийн ослын схем зураглал /хх-ийн 13 дугаар тал/

Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 14 дүгээр тал/

Зам тээврийн осолд холбогдсон Toyota mark-2 маркийн 10-87 ДОУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15 дугаар тал/

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 16 дугаар тал/

Гэрч О.Х-рын мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар тал/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.О-ийн хохирлын талаарх гаргаж өгсөн баримт /хх-ийн 82-92 дугаар тал/

Шүүгдэгч Уын хувийн байдлыг тодорхойлж шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргаж өгсөн ам бүлийн тодорхойлолт, 2-11 насны 4 хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд, Зэвсэгт хүчний 327 дугаар ангиас гаргаж өгсөн Б.Уын зан байдлын тодорхойлолт, зээлийн гэрээний хуулбар /задгай 9 хуудас/

Шүүгдэгч Б.Уаас шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргаж өгсөн хохирол төлсөн тухай баримтууд /задгай 5 хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Хохирогч Т.Хт гавлын орой болон суурь ясны бяцарсан хугарал, суурийн хөндлөн хугарал, тархины баруун, зүүн тал бөмбөлгийн орой хэсэг, бага тархины орой хэсгийн аалзан хальсан доорхи цус харвалт, тархины зүүн тал бөмбөлгийн дух хэсгийн тархины эдийн няцрал, хоншоор ясны хугарал, баруун дээд 1-р шүд булгарал, хуйхны дотор гадаргын цус хуралт, зүүн 3-8 дугаар хавиргануудын далд хугарал, баруун, зүүн уушгины гялтан доорхи цус хуралт, няцрал, духны зулгаралт, зүүн нүдний дээд зовхины зулгаралт, цус хуралт, зүүн хацрын зулгаралт, эрүүний ооч хэсэг, зүүн ташаа, баруун сарвууны зулгаралт зэрэг гэмтлүүд учирсан байна. Өөрөөр хэлбэл уг ослын үед авсан гавал тархины гэмтлийн улмаас хохирогч Т.Хын амь нас хохирчээ.

 

Шүүгдэгч ................ овогт У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын 2 дугаар багийн нутаг Сүмбэр гэх газарт Toyota mark-2 маркийн 10-87 ДОУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “ Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 3.4Б-д заасан “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, мөн дүрмийн 3.7А-д заасан “...Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 12.3-д заасан “...Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...”  гэснийг тус тус зөрчсөний улмаас уг тээврийн хэрэгсэл онхолдож, зорчигч Т.Хын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...би согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр талийгаач Хын эзэмшлийн 10-87 ДОУ улсын дугаартай марк-2 маркийн машинаар Чойбалсан сумын Сүмбэр гэх газар явж байгаад осол гаргаж машин онхолдсоны улмаас Х нас барсан ... гэм буруугийн асуудалд ямар нэг маргах зүйлгүй...” гэх мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн “...нөхөр маань Утай хамт Хэрлэн рүү яваад юм үзээд ирье гэж хэлээд явсан. Би шүүгдэгчээс нийт 15 сая төгрөгийг авсан. Шүүгдэгч миний нөхрийн найз, бид нар гэр бүлийн найзууд учир цаашид нэхэмжлэх зүйл байхгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг, шинжээч Ч.Улзын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн “...би дугуйнуудыг нь  авч хийлж үзсэн. Зүгээр хийлэгдэж байсан. Осол дугайнаас болоогүй, замын нөхцөл байдалд хурдаа тохируулаагүйгээс болсон...” гэх мэдүүлэг, гэрч Ж.М, Б.Б, О.Б, Э.Б нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 04 тоот дүгнэлт, Дорнод аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э.Зоригтын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн магадлагаа, Дорнод аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлагч дэслэгч Ч.Улзын 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн техникийн шинжээчийн дүгнэлт, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 05 тоот дүгнэлт, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, баримтын байршлын схем, зам тээврийн ослын схем зураглал, зам тээврийн осол дээр тогтоосон акт, зам тээврийн осолд холбогдсон Toyota mark-2 маркийн 10-87 ДОУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа нь “.... Шинжээч Ч.Улзын гаргасан дүгнэлт нь эргэлзээтэй байна. Хэрэгт техникийн эвдэрлээс болоод осол болсон эсэхийг нарийвчлан тогтоох зайлшгүй шаардлагатай учраас тээврийн хэрэгслийн дугуйг шүүх хурлын зааланд авчраад шалгаж шинжлэн судлах саналыг гаргаж байна. ... Хэрвээ дугуйг шинжлэн судлаад дугуй хагараагүй байна гэж үзвэл шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байж болох юм...” гэх хүсэлтийг гаргасан байх ба хүсэлттэй холбогдуулан шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч С.Алтай “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.23 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахын тулд ямар нэгэн үйл явдал, үйлдэл, бусад байдлыг сэргээн дүрслэх шаардлагатай байвал шүүх талуудын хүсэлтээр туршилт хийж болно” гэж зааснаар тээврийн хэрэгслийн дугуйг шүүх хурлын зааланд авчраад туршилт хийх боломжтой юм. Эсвэл талуудын хүсэлтийг харгалзан тухайн дугуйг аваад дугуй засварт авч очоод хийлүүлж туршилт хийх саналыг гаргаж байна ...” гэх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Галтогтохын “...Хэрвээ боломжтой бол улсын яллагчийн гаргасан саналд дурдсан ажиллагааг хийлгэхэд татгалзах зүйл байхгүй...” гэх хэргийн оролцогч нарын санал, хүсэлтийг харгалзан хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахын тулд зам тээврийн осолд холбогдсон Toyota mark-2 маркийн 10-87 ДОУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч талын урд талын дугуйг авчирч, шүүх хуралдааны танхимд улсын яллагч, шинжээч, хэргийн оролцогч нарыг байлцуулан камерын бичлэгээр бэхжүүлэн туршилтыг хийсэн бөгөөд туршилт, үзлэгээр уг  дугуй нь “хагараагүй” болох нь тогтоогдож байх тул Дорнод аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлагч дэслэгч, техникийн шинжээч Ч.Улзын 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн дүгнэлт, Дорнод аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э.Зоригтын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн магадлагаа нь тус тус хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв. /Дугайг авчрахаар шинжээч Ч.Улз, шүүгдэгч У, цагдаа Б.Ганзориг нарын хамт явсан болно/

 

Шүүгдэгч Ут холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүхээс дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч У нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний амь насыг хохироосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгджээ.

Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.5-д “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж заасан ба шүүгдэгч Уын биеэс авсан гэх цусанд 1 промиль спиртийн алкоголь илэрсэн нь 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 5 тоот шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 64-65/ тогтоогдож байх тул шүүгдэгчийг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэж үзэх үндэслэлтэй байна.  

Иймд шүүгдэгч Уыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.  

Шүүгдэгч Уын үйлдсэн гэмт хэргийн улмаас Т.Хын амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд оршуулгын зардалд 4.500.000 төгрөг, талийгаачийн зээлийн үлдэгдэл 7.000.000 төгрөг, ББСБ-ын зээлийн үлдэгдэл 4.000.000 төгрөг, нийт 15.500.000 төгрөгийг нэхэмжилж хэрэгт 5.156.148 төгрөгийн хохирлын баримтыг гаргаж өгсөн. Мөн Хэрлэн сумын үнэлгээний комиссоос амь хохирогч Т.Хын эзэмшлийн Toyota mark-2 маркийн 10-87 ДОУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 3.000.000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.О нь тухайн машиныг хэрэглэх аргагүй тул шүүгдэгчид олгох санал гаргасан.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.О нь дээрх бүх хохирлоо нэгтгэн шүүгдэгч Уаас нийт 15.000.000 төгрөг гаргуулахаар тохирсон байх бөгөөд шүүгдэгч У нь нийт 15.000.200 төгрөг төлсөн тухай баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн. Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Одгэрэл нь шүүгдэгчээс нэмж нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул энэ шүүх хуралдаанаар шүүгдэгч Уыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Уыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Уын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэг нь тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг  таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж,  хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчлагдсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон” гэмт хэрэг байх тул хүнд гэмт хэргийн ангилалд хамаарна.

 

Шүүгдэгч У нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Уын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.О-ийн “...Ут гомдол санал байхгүй, бид гэр бүлийн найзууд. Манай нөхрийг санаатай алаагүй. Тийм учраас хөнгөн ял оногдуулж өгөөч...” гэх санал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч Уын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Ут оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, зам тээврийн осолд холбогдсон гэх Toyota mark-2 маркийн 10-87 ДОУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл / Чойбалсан хотын захиргааны харъяа журмын хашаанд /-ийг шүүгдэгч Ут олгож, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 15.000.200 төгрөг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь нэмж нэхэмжлэхгүй зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгч Уын ................. регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг Дорнод аймаг дахь шүүхий шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ............... овогт Уыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч Уын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ут оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

    4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ут оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, зам тээврийн осолд холбогдсон гэх Toyota mark-2 маркийн 10-87 ДОУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл / Чойбалсан хотын захиргааны харъяа журмын хашаанд хадгалагдаж буй/-ийг  Ут олгож, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.О-д 15.000.200 төгрөг төлсөн бөгөөд нэмж нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Уын ................. регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг Дорнод аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

             6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ут авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Г.НАМУУНТУЯА