| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 168/2021/0117/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/107 |
| Огноо | 2021-03-31 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ч.Мөнхзул |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 2021/ШЦТ/107
2021 03 31 2021/ШЦТ/107
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч Ч.Мөнхзул
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат
Шүүгдэгч Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ................. овогт Бид холбогдох эрүүгийн 2121000040072 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1987 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Дорнод аймгийн ................................... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2004 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 200 цаг албадан ажил хийлгэх ял, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 сарын баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, ......................овогт Б. /РД: ................../
Шүүгдэгч Б нь 2020 оны 12 дугаар сарын 10-ны орой 19 цагийн орчим Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар баг 21 дүгээр байранд үйл ажиллагаа явуулах нийтийн халуун усны газрын хувцасны өрөөний өлгүүрт байсан хохирогч Б.А-ийн куртикны халааснаас Самсунг-А30 загварын гар утас, “мазда памиля” маркийн тээврийн хэрэгслийн түлхүүр зэрэг эд зүйлийг хулгайлж бусдад 630.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах, хөнгөрүүлэх нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Архи уугаад ийм хэрэг хийсэн. Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.
Хохирогч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...******* сумын 6 дугаар баг ******* хорооллын дунд үйл ажиллагаа явуулдаг халуун усны газарт усанд орохдоо гаднах куртикны халаасанд өөрийн А30 маркийн гар утсаа үлдээгээд, манай нөхөр Б машины түлхүүрээ мөн адил куртикны гаднах халаасанд үлдээгээд орохдоо үүдэнд сууж байсан халуун усны ажилтан гээд нэг эмэгтэйд хандаж халааснаас эд зүйл хулгайд алдахгүй биз дээ гэж хэлсэн чинь зүгээр юм алга болохгүй гэж хэлэхээр нь ... 40 минут орчим усанд ороод гарч ирсэн. Тэгээд миний куртикны халаасанд байсан самсунг А-30 загварын гар утас, манай нөхрийн халаасанд байсан машины түлхүүр алга болчихсон байсан. ...Өөрийн хулгайд алдсан улаан өнгийн самсунг А30 загварын гар утас болон машины түлхүүрээ бүрэн хүлээж авсан болохоор нөхөр бид хоёрын зүгээс ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 24, 25/
Иргэний нэхэмжлэгч Ч.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ажлаа тараад таксинд явах гээд ******* номин худалдааны төвийн гадаа зогсож байсан. Тухайн өдрийн орой 19 цагийн орчимд халамцуу архи үнэртүүлчихсэн танихгүй ах миний машинд орж ирээд утас худалдаж авах уу гэж байсан. Тэгээд хэдэн төгрөгөөр зарах юм бэ гэсэн чинь150.000 төгрөгөөр зарна гэж байсан, тэгээд бид хоёр тохиролцоод 100.000 төгрөгөөр тухайн утсыг худалдаж авахаар болоод надад бэлэн 20.000 төгрөг байсан юм. Тэгээд машин дотор 20.000 төгрөг бэлнээр өгөөд ахтайгаа утсаар яриад өөрийнхөө дансруугаа 80.000 төгрөг хийлгээд төв Хаан банкны АТМ рүү тухайн утас зарж байсан ахтай хамт ороод картнаасаа 80.000 төгрөг аваад Хаан банкин дотор утас зарсан ахад бэлэн тоолоод өгсөн...” гэжээ. /хх-ийн 28/
Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Тэгээд халуун усны газар руу ороход үүдэнд хүн байгаагүй болохоор нь халуун усны дотор өрөөний хаалгыг татсан чинь онгорхой байсан. Тэгээд өрөөн дотор ороход сандал дээр хар өнгийн эмэгтэй хүний куртик байхаар нь халаасыг нь үзсэн чинь цэнхэр өнгийн гар утас /марк загварыг нь мэдэхгүй/, чонын шагайтай цагаан өнгийн түлхүүр машины түлхүүр бололтой нэг бөөрөнхий хар юм байхаар нь утастай нь цуг аваад гарсан. ...Тэгээд би халуун уснаас гараад ******* номин руу алхаад такси зогсож байхаар нь таксины жолоочоос утас худалдаж авах уу гэсэн чинь хэдээр зарах юм бэ гэж асуухад нь 100.000 төгрөгөөр зарна гэсэн чинь хүнтэй утсаар яриад данс руу нь хийчихлээ гэхээр нь таксины жолоочтой хамт үйлчилгээнд байрлах АТМ ороод 80.000 төгрөг аваад дэлгүүрээс тамхи ундаа хоёр авч өгөөд намайг хаана буух юм бэ гээд намайг хүргээд өгье гэхээр нь Хар байшин руу хүргүүлсэн...” гэжээ. /хх-ийн 69-70/
Зөрчлийн талаарх мэдээллийг харъяаллын дагуу шилжүүлэх тухай /хх-ийн 10/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-12/
Эд зүйл хураан авах тухай прокурорын зөвшөөрөл /хх-ийн 15, 17/
Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 19/
Гэрч О.И-ын мэдүүлэг /хх-ийн 38-39/
Гэрч Б.О-ы мэдүүлэг /хх-ийн 61/
Гэрч Ц.Б-ын мэдүүлэг /хх-ийн 29-30,63/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77/
Баримт бичгийн хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 91-94/
Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 96, 97/
Юнител ХХК-ний 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 05-01/128 дугаартай албан бичгийн хуулбар /хх-ийн 99/
Мобиком корпораци ХХК-ний 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 4/570 дугаартай албан бичгийн хуулбар /хх-ийн 100-101/
******* депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 105/
Иргэний нэхэмжлэгч Ч.М-т хохирол төлсөн баримт /задгай 1 хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Бид холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Шүүгдэгч ................... овогт Б нь 2020 оны 12 дугаар сарын 10-ны орой 19 цагийн орчим Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар баг СМУ-гийн 21 дүгээр байранд үйл ажиллагаа явуулах нийтийн халуун усны газрын хувцасны өрөөний өлгүүрт байсан хохирогч Б.А-ийн куртикны халааснаас Самсунг-А30 загварын гар утас, MAZDA.Familia маркийн тээврийн хэрэгслийн түлхүүр зэрэг эд зүйлийг хулгайлж бусдад 630.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийг давхар нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч Б.А, иргэний нэхэмжлэгч Ч.М нарын мэдүүлэг, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрч Ц.Б-ын мэдүүлэг, баримт бичгийг хураан авсан тухай тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, Юнител ХХК-ний 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 05-01/128 дугаартай албан бичгийн хуулбар, Мобиком корпораци ХХК-ний 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 4/570 дугаартай албан бичгийн хуулбар, иргэний нэхэмжлэгч Ч.М-ын депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б нь бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшил, өмчлөлөөс нууцаар өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэн авч өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч Бид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Бийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Бийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.А-д 630.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Ч.М-т 100.000 төгрөгийн хохирол тус тус учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд Samsung A-30 загварын гар утас болон MAZDA.Familia маркийн тээврийн хэрэгслийн түлхүүрийг хохирогч Б.А-д хүлээлгэн өгсөн, мөн иргэний нэхэмжлэгч Ч.М-т 100.000 төгрөгийг шилжүүлсэн дансны хуулгыг шүүгдэгч нь шүүхэд гаргаж өгсөн байх тул шүүгдэгч Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчид гар утас болон машины түлхүүрийг хүлээлгэн өгсөн, иргэний нэхэмжлэгч Ч.М-т 100.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ................... овогт Бийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бид 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Бид оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Бид мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.А, иргэний нэхэмжлэгч Ч.М нар нь цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ................... регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Бид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА