Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/113

 

 

 

 

 

 

 

 

2021        04          05                                               2020/ШЦТ/113

                                   

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Ч.Мөнхзул

Хохирогч Ш.Э

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Б

Шүүгдэгч Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .................. овогт Бод холбогдох 2021004790069 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1993 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Дорнод аймгийн Баяндун суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эх, ахын хамт Дорнод аймгийн ....................... оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй,................ овогт Б. /РД: ............./

 

Шүүгдэгч Б нь 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хохирогч Ш.Э-д 20 толгой хонь, 10 толгой ямаа, нийт 30 тооны бог мал өгнө гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилж 2.620.000 төгрөг авсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/ 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдаанд дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй...” гэв.

 

            Хохирогч Ш.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Б 2019 оны 09 дүгээр сарын 23-ны  орой надтай утсаар холбогдож маргааш нь зах дээр уулзсан. Б надад зарах малынхаа нас хүйсийг тодорхой хэлж, нийт 30 тооны буюу 10 ямаа, 20 хонийг 2.620.000 төгрөгөөр зарахаар тохиролцсон. Тухайн үед надад нэг удаагийн мал худалдан авах гэрээ байгаагүй учраас Бын нэр дээрх данс руу мөнгө хийсэн. Хэрвээ ямар нэгэн байдлаар асуудал үүсвэл дансанд мөнгө хийснээр асуудлыг шийдвэрлэх талаар сайн тайлбарлаж хэлээд 30 тооны малыг 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өгч, авалцахаар тохиролцсон. 2019 оны 10 дугаар сарын 05-нд Б руу залгахад утас нь холбогдоогүй. Танилаас нь эхнэрийнх нь дугаарыг авч холбогдоход “найдвартай, удахгүй өгнө” гэсэн боловч мөн л утас нь холбогдохгүй болсон. Ямар нэгэн байдлаар холбогдох боломжгүй болсон учраас Баяндун сумын Facebook группээс сураглаж, танилаас нь дугаарыг нь авч холбогдсон. Намайг холбогдох бүрд шалтаг хэлж, удаа дараа худал ярьж явсаар байгаад ийм байдалтай болсон. 2020 оны 01 дүгээр сард Цагаан-Овоо сумын хэсгийн төлөөлөгч .............ийг аймгийн төвд цагдаагийн байгууллагад гаргах ёстой гэсний дагуу 2020 оны 08 дугаар сард хэргийн талаарх гомдлыг гаргасан. Би өөрийн ажилладаг компанитай сар бүр тооцоогоо нийлүүлдэг. Бод өгсөн 2.620.000 төгрөгийн тооцоо дутсан. Мөн Быг эрж сураглаж явахдаа 520.000 төгрөгийн зардал гаргасан. Тиймээс би шүүгдэгчээс нийт 3.140.000 төгрөг нэхэмжилж байна. Бын ээж надтай уулзаж, учирсан хохирлыг 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр төлж барагдуулахаар тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй. Надад учирсан хохирлыг хэзээ, яаж төлөх гээд байгаа нь тодорхойгүй байна...” гэв.

 

   Шүүгдэгч Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Тухайн үед мөнгөний хэрэг гараад фэйсбүүк дээрээс мал авна гэсэн зар хараад тухайн зарын дагуу 887819.... гэсэн дугаартай холбогдоод 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр би өөрийн гэсэн малтай, би өөрт чинь мал зармаар байна гээд ... 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Хэрлэн сумын төв Хаан банкны урд тухайн залуутай уулзаад танилцахад өөрийгөө Ш.Э гэж танилцуулсан ... наймаа хийх талаар хэлж 10 толгой ямаа, 20 толгой хонийг 2.620.000 төгрөгөөр худалдахаар болоод тухайн малаа 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Тэгээд би 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Ш.Э гэх залуугаас өөрийнхөө ХААН банкны 54060985.... тоот дансанд 2.620.000 төгрөгийг шилжүүлж авсан. ...Ш.Э гэх хүнд малаа өгөх гэж байсан боловч банкнаас залгаад байсан бөгөөд би авсан зээлийнхээ төлөлтийг 2-3 сар өгөөгүй байсан юм. Тэгээд мөнгөний хэрэг болоод өөр хүнд зараад Улаанбаатар хот руу явчихсан юм...” гэжээ. /хх-ийн 33-34/

 

 

            - Дорнод аймгийн Баяндун сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 38/

            -  Иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 47/

            -  Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54/

            -  ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 59/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

            Шүүгдэгч ........ овогт Б нь 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хохирогч Ш.Э-д 20 толгой хонь, 10 толгой ямаа, нийт 30 тооны бог мал өгнө гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилан 2.620.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...10 толгой ямаа, 20 толгой хонийг 2.620.000 төгрөгөөр худалдахаар болоод тухайн малаа 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Тэгээд би 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Ш.Э гэх залуугаас өөрийнхөө ХААН банкны 54060985... тоот дансанд 2.620.000 төгрөгийг шилжүүлж авсан...” гэх мэдүүлэг, хохирогч Ш.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Шүүгдэгч Бод холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Ч.Мөнхзулаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул  шүүгдэгч Быг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Быг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

 

Шүүгдэгч Бын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 /гурван зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

 

   Хохирогч Ш.Э нь 30 толгой бог малын мөнгө 2.620.000 төгрөг болон шүүгдэгч Быг эрж хайх явцад гарсан зардалд 520.000 төгрөг, нийт 3.140.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилжээ. Хохирогч Ш.Э нь Боос малаа авахаар хэд хэдэн удаа гэрт нь очиход зарцуулсан бензин тосны мөнгө 520.000 төгрөг нэхэмжилж байгаа боловч энэ нь шүүхэд ирүүлсэн баримтаар хангалттай тогтоогдохгүй байна гэж үзлээ. Иймд хохирогч Ш.Э нь  520.000 төгрөгний зардлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ. Харин шүүгдэгч Б нь өнөөдрийг хүртэл 30 толгой бог мал буюу 2.620.000 төгрөгийг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч Боос 2.620.000 төгрөг гаргуулан хохирогч Ш.Э-д олгох нь зүйтэй байна.  

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгч Бын .............. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

 Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч .................. овогт Быг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 /гурван зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Бод оногдуулсан 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Бод мэдэгдсүгэй.

 5. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боос гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 2.620.000 /хоёр сая зургаан зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Дорнод аймгийн ............................... тоотод оршин суух ................. овогт Ш.Э-д /РД: ................/-д олгож, Ш.Э нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

 6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгч Бын  .................. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй. 

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.  

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Г.НАМУУНТУЯА