| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 168/2021/0126/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/118 |
| Огноо | 2021-04-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Алтай |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 2021/ШЦТ/118
2021 04 07 2021/ШЦТ/118
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч С.Алтай
Шүүгдэгч А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ........... овогт Ат холбогдох 2121000000108 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1997 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, ...................... ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын ............................тоотод оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, .............. овогт А. /РД: ................../
Шүүгдэгч А нь 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө тус аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг 23 дугаар байрны гадна насанд хүрээгүй хохирогч М.Д-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй...” гэв.
Насанд хүрээгүй хохирогч М.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Улмаар А нь намайг куртикнээс гараараа татаж өөртөө ойртуулаад гараараа нүүр рүү хэд хэдэн удаа цохисон. Энэ үед би доошоо тонгойх гэтэл намайг дээш татаад өөрийн машин руугаа наагаад надтай маргалдаж эхэлсэн. ...Үүний дараа А нь намайг 23 дугаар байрны хамгийн хойд талын орц руу оруулаад юм ярьж байхдаа гэдэс рүү 2 удаа цохисон. ... А нь Т рүү очоод түүнийг гараараа цохих гэсэн боловч түүнийг оноогүй харин тэрээр эргэж хараад миний нүүр рүү 1 удаа гараараа цохисон....Өөр хүн намайг цохиж зодоогүй. ...Миний зүгээс гаргах гомдол санал байхгүй...” гэжээ. /хх-ийн 11-12/
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний хувьд 2021 оны 02 дугаар сарын 17-оос 18-нд шилжих шөнө ... амарч байтал манай хүү М.Д нь гэртээ хүнд зодуулсан байдалтай орж ирсэн. Босоод харахад зүүн хацар, шанаа улайж хавдсан, мөн хацар нь улайж бага зэрэг хавдсан байсан. Мөн юу болсон талаар асуухад А гэдэг ахад зодуулсан, мөн миний тархи хөдөлчихсөн юм шиг байна гэж хэлсэн...” гэжээ. /хх-ийн 13/
Насанд хүрээгүй гэрч А.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...М.Д-ыг А гэдэг ах куртикны мөрнөөс нь татаж өөртөө ойртуулаад гараараа түүний нүүр рүү 2 удаа цохисон. ...Ингээд би зугтаагаад эгч ******* гэр рүү ... ороод түүнийг дагуулаад гарсан. Ингээд манай эгч тэд нарт хандаж яагаад хүүхэд зодоод байгаа юм бэ гэхэд тэд нар өөдөөс нь хэрэлдээд байсан. ...Ингээд Б гэх залуу намайг хавирч унагаагаад нүүр рүү 1 удаа өшиглөсөн. Ингээд А гэдэг ах намайг барьж аваад гараараа цохих гэж оролдсон бөгөөд тэрээр намайг оноогүй. Харин үүний дараа М.Д-ы нүүр рүү 1 удаа цохисон...” гэжээ. /хх-ийн 20-21/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 119 тоот дүгнэлтэд:
1. М.Д-ы биед тархи доргилт, духны зүүн тал, зүүн шанаа, хамрын нуруу, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл.
3. Дээрх тархи доргилт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, бусад гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 33-34/
Шүүгдэгч А мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “... би нилээн согтчихсон байсан болохоор тухайн 2 хүүхэдтэй маргалдаж М.Д гэх хүүхдийг барьж аваад гараараа түүний шанаа хэсэгт миний санаж байгаагаар 1 удаа цохисон. ...тухайн орцонд ороод М.Д-той юм ярьж байгаад түүний гэдэс рүү гараараа 2 удаа цохисон шиг санаж байна. ...Миний хувьд 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Долгионы ээжийн данс руу 2.500.000 төгрөг шилжүүлсэн...” гэжээ. /хх-ийн 44-45/
Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05/
Гэрч Т.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 18-19/
Толгойн тодосгогчгүй компьютер томографи шинжилгээний хариу /хх-ийн 32/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48/
Хохирлын баримтууд /хх-ийн 49/
Хохирол төлсөн баримт /хх-ийн 50/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ........ овогт А нь 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө тус аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг 23 дугаар байрны гадна насанд хүрээгүй хохирогч М.Д-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийг давхар нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн насанд хүрээгүй хохирогч М.Д, түүний хууль ёсны төлөөлөгч С.Г, насанд хүрээгүй гэрч А.Т, гэрч Т.Б нарын мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар 22-ны өдрийн 119 тоот дүгнэлт, толгойн тодосгогчгүй компьютер томографи шинжилгээний хариу, хохирол төлсөн баримт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч А нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч Аын үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч М.Д-ы биед тархи доргилт, духны зүүн тал, зүүн шанаа, хамрын нуруу, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 119 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан. Шүүгдэгч Аын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээж, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн зэргийг нь харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.
Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч М.Д-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нь насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 2.500.000 төгрөг төлсөн, насанд хүрээгүй хохирогч М.Д, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч А нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ................ овогт Аыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Аыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 2.500.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, насанд хүрээгүй хохирогч М.Д, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн .................. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА