| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Амарсайхан |
| Хэргийн индекс | 183/2017/03403/И |
| Дугаар | 001/ХТ2018/01885 |
| Огноо | 2018-12-17 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 001/ХТ2018/01885
Л.Н-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2018/01176 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 1622 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч Л.Н-гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч “ЗТН” ОНӨААТҮГ-т холбогдох,
Ажилгүй байсан хугацааны олговорт 15 268 970 төгрөг гаргуулах, уг олговроос шимтгэл тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мөнхболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан, нарийн бичгийн даргаар Г.Наранхүү нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
1995 оноос тус байгууллагад ажиллаж, сахилгын ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй, ээлжийн инженерээс шат дараалан дэвшиж хэлтсийн даргын албан тушаалд ажиллаж байсан.
Гэтэл 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн тус газрын захирлын Б/1227 тоот тушаалаар 3 дугаар баазад ээлжийн инженерийн ажилд шилжүүлж, томилсон. Би уг тушаалыг үндэслэлгүй гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргаж, 183/ШШ2017/00432 дугаартай шийдвэрээр ажилд эгүүлэн томилж, цалин олговорт 608 057 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалд шимтгэл зохих өөрчлөлт оруулж баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн.
Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлэхээс татгалзаж намайг ажилд эгүүлэн авахгүй байсан ба 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр захирлын тушаал гаргасан боловч одоо болтол ажилдаа ороогүй байна. Энэ хугацаанд миний бие ажилгүй, цалингүй, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлж чадахгүй, Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт заасан эрх, эрх чөлөө хөндөгдөж хохирсоор байна.
Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2017/00432 дугаартай шийдвэр гарсан өдрөөс ажилд эгүүлэн авах тухай 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/993 дугаар тушаал гарсан өдөр хүртэлх цалин 15 268 970 төгрөгийг гаргуулж, уг олговроос шимтгэл тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгаж өгнө үү.
Миний сарын цалин 1 200 000 төгрөг, 40 хувийн нэмэгдэл 480 000 төгрөг нийт 1 680 000 төгрөгөөс тооцож гаргуулж өгнө үү. Харин хоол, унааны зардлыг хасаж тооцоход татгалзах зүйлгүй гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Л.Н-г тус газрын захирлын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/1227 тоот тушаалаар өөр ажилд шилжүүлснийг тэрээр эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасныг анхан шатны шүүх хэлэлцэж, ажилд нь эгүүлэн тогтоосон.
Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалын 4-т “...Ажилтанд олгож байгаа бүх төрлийн тэтгэмжүүд нөхөх олговор, хөнгөлөлтийн орлогыг ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүй” гэж заасан. Нэхэмжлэгч нь 2017 оны 02 дугаар сарын 15-наас 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх цалин хөлсийг гаргуулж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч нь 2016 оны 9, 10, 11 дүгээр саруудад 3 727 463 төгрөгийн цалин авсан ба үүнээс 3 сарын хоолны мөнгө 129 000 төгрөг, унааны мөнгө 33 600 төгрөг, 11 дүгээр сарын лист 314 702 төгрөг, нийт 477 302 төгрөгийг хасвал 3 250 161 төгрөг болж байгаа бөгөөд үүнээс сарын дундаж цалинг тооцвол 1 083 387 төгрөг, өдрийн 49 245 төгрөг болж байна. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа нь хуанлийн ажлын 198 өдөр болж байх тул нийт 9 750 000 төгрөг гаргуулахад татгалзах зүйлгүй, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2018/01176 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “ЗТН” ОНӨААТҮГ-аас 15 268 970 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Н-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар дээрх олговроос шимтгэл тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогч “ЗТН” ОНӨААТҮГ-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238 445 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч “ЗТН” ОНӨААТҮГ-аас 234 294 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Н-д олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 1622 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2018/01176 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...“ЗТН” ОНӨААТҮГ-аас 15 268 970 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Н-д олгосугай” гэснийг “9 750 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Н-д олгож, үлдэх 5 518 970 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 3-т “...хариуцагчаас 234 295 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэснийг “170 950 төгрөгийг гаргуулан” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 234 295 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг 9 750 000 төгрөг болгон үндэслэлгүйгээр багасгалаа. Цалингийн тооцооны картыг харвал 1 200 000 төгрөг авч байсан, 09 дүгээр сард 12 хоног /үлдсэн хугацаанд ээлжийн амралттай байсан/, 10 дугаар сард 20 хоног, 11 дүгээр сард 11 хоног /үлдсэн хугацаанд өвчтэй байсан/ буюу сүүлийн 3 сарын хугацаанд нийт 43 хоног ажилласан байна. Үүнийхээ төлөө миний бие 3 098 057 төгрөгийн цалин авчээ. Гэтэл шүүх 3 098 057 төгрөгийг ажлын 66 хоногт хувааж цалин хөлсийг тооцон гаргаж, улмаар нэг сарын цалинг 1 032 685 төгрөг хэмээн тооцсон нь үндэслэлгүй байсан.
Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”- ын 6-д “Хэрэв ажилтан дундаж цалин хөлсийг тодорхойлох хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаанаар /өвчтэй, чөлөөтэй байсан гэх мэт/ бүрэн ажиллаагүй, эсхүл ажилтны ажилласан хугацааны дундаж цалин хөлс тодорхойлохоор заасан хугацаанд хүрэхгүй тохиолдолд тухайн хугацаанд авсан цалин хөлсний нийлбэр дүнг ажилтны жинхэнэ ажилласан өдөр /цаг/-ийн тоонд хувааж нэг өдөр /цаг/-ийн дундаж цалин хөлсийг тодорхойлно” гэж заасны дагуу 3 098 057 төгрөгийн нийлбэрийг 43 ажлын өдөрт хуваан нэг өдрийн ажлын хөлсийг тооцох ёстой байсан. Гэтэл ээлжийн амралттай, өвчтэй байсны улмаас бүрэн ажиллаж чадаагүй ажилтны ажлын цалинг бүрэн ажлын хоногт хуваан тооцож цалинг тооцсон давж заалдах шатны шүүхийн магадлалыг энэхүү хэргийг шийдвэрлэхэд ашиглаж байгаа нь нэхэмжлэгчийг хохироосон, эрх хууль ёсны ашиг сонирхлыг нь бүрэн сэргээгээгүй буруу шийдвэр гэж үзэхэд хүргэж байна. Албан тушаал бууруулсан гэх нэхэмжлэлийн хүрээнд шийдвэрлэгдсэн хэргийн тухайд миний бие тухайн үед эрүүл мэндийн улмаас /хагалгаанд орж нэг бөөрөө авахуулсан/ тууштай хөөцөлдөж чадаагүй, сэтгэл санааны дарамттай байсан.
Гэтэл давж заалдах шатны шүүх энэхүү хэргийг шийдвэрлэхдээ “өмнөх хэргийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, тооцооллыг дүгнэсэн байна” гэдэг талаас харж, нөхөн олговрын хэмжээг бууруулж шийдвэрлэсэн нь намайг хохироож байна. Хэргийн оролцогч шүүхийн шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргаагүй нь тухайн шийдвэрийг 100 хувь зөв гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд хэргийн нөхцөл байдал, хэргийн оролцогчийн хувийн олон шалтгаанаар гомдол гаргахгүй хэргийг дуусгадаг. Өмнө нь давж заалдах шатны шүүхээр буруу дүгнэгдсэн асуудал өнөөдөр миний энэ хэргийг шийдвэрлэхэд ийнхүү нөлөөлсөн. Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2 дугаар зүйлийн а, 3 дугаар зүйлийн в-д тус тус заасны дагуу миний бие нэмэгдэл хөлсөө ч мөн тооцон гаргуулах эрхтэй бөгөөд анхан шатны шүүх хэргийг зөв шийдвэрлэсэн.
Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч Л.Н нь түүнийг ажилд эгүүлэн тогтоосон Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2017/00432 дугаартай шийдвэр гарсан өдрөөс ажилд эгүүлэн авах тухай ажил олгогчийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/993 дугаар тушаал гарсан өдөр хүртэлх цалин хөлстэй тэнцэх нөхөх олговорт 15 268 970 төгрөгийг гаргуулж, уг олговроос шимтгэл тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Хариуцагч шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөх олговор гаргуулах асуудлыг хянан шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа гэж нэхэмжлэлийг татгалзжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д зааснаар шүүх ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол ажил олгогч түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгох үүрэгтэй. Хуулийн уг зохицуулалтын “ажилгүй байсан бүх хугацаа” гэх ойлголтод ажилтныг ажлаас халсан тушаал гарснаас хойш түүнийг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг ажил олгогч биелүүлэх хүртэлх нийт хугацаа хамаарах тул нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилдаа эгүүлэн тогтоолгох хүртэл хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг шаардах эрхтэй болно.
Анхан болон давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан, харин давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэлийг хангах хэмжээг багасгасан байна.
Давж заалдах шатны шүүх “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй” гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т заасан зарчмын дагуу нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсний хэмжээг тодорхойлсон нь үндэслэлтэй болжээ.
Нэхэмжлэгч Л.Н-г ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг гаргуулахаар шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2017/00432 дугаартай шийдвэрийг хэвээр баталсан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1120 дугаар магадлалд нэхэмжлэгчийн 1 сарын дундаж цалин хөлсийг нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн байдлаар тодорхойлж, 1 сарын дундаж цалингийн хэмжээг 1 032 685 төгрөг, 1 өдрийн цалин хөлсийг 48 031 төгрөг гэж тогтоосон байна. Улсын дээд шүүх анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 001/ХТ2017/01085 дугаар тогтоолоор хэвээр баталж, шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Улмаар давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс хойш уг шийдвэрийг ажил олгогчийн зүгээс биелүүлсэн буюу 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл ажлын 198 өдөр гэж тооцон ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрын хэмжээг тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Харин давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хариуцагч “ЗТН” ОНӨААТҮГ-аас төлбөр гаргуулах заалтыг тодорхой бус тусгасныг тэмдэглэж, техникийн шинжтэй уг алдаа нь магадлалыг өөрчлөх үндэслэл болохгүй гэж үзлээ.
Давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 1622 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАХ
ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН