Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 711

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “ЦШ” ХХК,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/899 дүгээр “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах”–ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ариунтамир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “ЦШ” ХХК-ийн Д.Э болон өмгөөлөгч А.М нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компани нь Х******* дүүргийн 11 дүгээр хорооны нутагт тус дүүргийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/55 дугаар захирамжаар цэцэрлэг, орон сууцны зориулалтаар 9900 м.кв газрыг иргэн О.Э-ээс шилжүүлэн эзэмшүүлэх шийдвэр гарсан байдаг.

Уг шийдвэрийн дагуу газар эзэмших эрхийн гэрээг 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээг мөн оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авсан ба дээрх байгуулсан гэрээнд заасны дагуу газрын төлбөр, хуулиар болон гэрээнд заасны дагуу газрын төлбөр, хуулиар болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ирсэн гэж үзэж байна.

Гэтэл иргэн миний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байх магадлалтай гэх мэдээллийг сонссоны дагуу 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Ulaanbaatar.mn вэб сайт руу орж Нийслэлийн Засаг даргын гаргасан шийдвэр захирамж руу орж үзтэл дээрх тоот бүхий захирамжаар иргэн миний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосныг мэдсэн ба ийм байдлаар шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Тус захирамжид дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмыг баримтлаагүй, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, инженерийн шугам сүлжээ бүхий газарт газар эзэмшүүлсэн, гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан газраа ашиглаагүй гэх үндэслэлийг заасан боловч эдгээр үндэслэлээр иргэн миний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзэж байна.

Учир нь манай компани 2014 онд шилжүүлэн авсан ба ийнхүү шилжүүлэн эзэмшсэн нь газрыг Х******* дүүргийн Засаг даргаас хуульд нийцсэн гэж эзэмшүүлсэн байгаа бөгөөд газар эзэмших эрх хууль ёсны дагуу үүссэн бөгөөд уг захирамжид дурдсан дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчим явагдах, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах шаардлагагүй бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй бөгөөд газраа 2 жил дараалан цэцэрлэгийн зориулалтаар ашиглаагүй тухайд эдийн засгийн хямралтай үе тохиолдож гэрээ хэлэлцээр хийсэн аж ахуй нэгж байгууллагууд хөрөнгө оруулахгүй гэх шалтгаанаар татгалзах, гэрээний үүргээ зөрчих зэргээр хүндрэлтэй асуудал үүссэн байдаг боловч манай компанийн зүгээс дээрх байдлыг даван гарах арга замыг илэрхийлж газраа зориулалтын дагуу ашиглахад шаардлагатай олон ажлуудыг хийж гүйцэтгэсэн байгаа тэгтэл хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа эдгээр байдлыг шалгаж тогтоогоогүй, хийсэн ажлуудыг минь шалгаж үзээгүй нь буруу гэж үзэж байна.

Манай компани нь ганц гишүүнтэй эмэгтэй хүний хувьд би хүүхдүүдийн ирээдүйн сайн сайхны төлөө цэцэрлэг барих, газраа ашиглах үүднээс тус газраа барьцаалан хөрөнгө оруулалтын зорилгоор Т.Э гэж хүнтэй зээлийн гэрээ байгуулан, барьцааны гэрээгээ Х******* дүүргийн газрын албанд бүртгүүлсэн байгаа ба уг газраа ашиглаж чадахгүйгээс болоод манай компани маш их хэмжээний хохирол хүлээж өрөнд орох нөхцөл байдал үүсэж байгаа нь хуулийг зөрчсөн гэж үзэж байна.

Газрын тухай хуулийн холбогдох заалтын дагуу манай компанийн газар эзэмших эрх үүссэн байхад хууль бусаар буюу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.2-д заасныг тус тус баримтлан шийдвэрлэсэн нь тухайн заалтуудын агуулга зохицуулалтыг буруугаар тайлбарлан хэрэгжүүлсэн гэж үзэж байна. 

Хариуцагч байгууллагаас Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.2-д тус тус заасан сонсгох ажиллагааг хийхгүй байх гэсэн үндэслэлийг баримталсан нь тухайн хуулийн заалтыг илт буруугаар ойлгож хэрэгжүүлсэн гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх болон нийтийн ашиг сонирхлын шаардлагаас гарцаагүй байдал бий болсон нь цэцэрлэгийн зориулалтаар олгогдсон учир гэдэг байдлаар хүүхдийн эрх ашгийг хамгаалах байдлаар сонсгох ажиллагааг явуулах үндэслэлгүй гэж дээрх заалтуудыг баримталсан нь буруу гэж үзэж байна. 

Учир нь манай компанийн хийж гүйцэтгэсэн ажил эзэмших эрх хэрхэн үүссэн талаар нарийн шалгаж тогтоолгүйгээр шууд нийтийн ашиг сонирхол гэх байдлаар асуудлыг шийдвэрлэж байгаа нь буруу ба манай компанийн эрх хууль ёсны ашиг сонирхолд шууд хөндөгдөж, зөрчигдөж байхад Захиргааны ерөнхий хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан ажиллагааг хийлгүй шууд эрхэнд минь халдсан нь хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа тул Нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын и24-ний өдрийн А/899 дүгээр захирамжийг хүчингүй болгож манай компанийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хан-уул дүүргийн Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 70 дугаар захирамжаар тус дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн О.Эд 1000 м.кв газрыг амины орон сууцны зориулалтаар эзэмшүүлсэн байх ба тус дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 507 захирамжаар иргэн О.Эд эзэмшүүлсэн газрын талбайн хэмжээ, зориулалт, байршлыг өөрчлөн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Зайсангийн гүүрний зүүн талд 9900 м.кв хэмжээтэй болгон хүүхдийн цэцэрлэгийн зориулалтаар эзэмшүүлж, 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/55 дугаар захирамжаар дээрх газар эзэмших гэрчилгээг “ЦШ” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлсэн байна.

Х******* дүүргийн Засаг даргын дээрх захирамжууд нь Газрын тухай хууль зөрчиж олгогдсон байх ба газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авсан “ЦШ” ХХК-нь газар эзэмшигчийн үүргээ биелүүлээгүй, газрын төлбөр огт төлж байгаагүй ба тухайн газрыг 2 буюу түүнээс дээш жилийн хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу ашиглаагүй тул нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/899 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

“ЦШ” ХХК-д газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 03/3845 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн боловч тайлбар, санал, тодруулга, холбогдох баримт бичиг ирүүлээгүй болно.

“ЦШ” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн Нийслэлийн Засаг даргын захирамж нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэгч болон хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэл, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хэрэгт авсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг түдгэлзүүлж шийдвэрлэлээ. 

Нийслэлийн Засаг дарга “ЦШ” ХХК-ийн  Х******* дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших цэцэрлэг орон сууцны зориулалттай 9900 м.кв газрыг 2 жил дараалан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэж 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр А/899 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Х******* дүүргийн Засаг дарга 2011 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 70 дугаар захирамжаар тус дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт О.Эд 1000 м.кв газрыг амины орон сууцны зориулалтаар эзэмшүүлсэн байх ба тус дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 507 дугаар захирамжаар О.Эд эзэмшүүлсэн газрын талбайн хэмжээ, зориулалт, байршлыг өөрчлөн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Зайсангийн гүүрний зүүн талд 9900 м.кв хэмжээтэй болгон хүүхдийн цэцэрлэгийн зориулалтаар эзэмшүүлж, 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/55 дугаар захирамжаар дээрх газар эзэмших эрхийн гэрчилгээг “ЦШ” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлсэн байна. Гэтэл хариуцагч дээрх маргаан бүхий актыг гаргахдаа нэхэмжлэгчид хамааралгүй үндэслэлийг дурдаж газар эзэмших эрхэд халдсан шийдвэр гаргасан байна.

Учир нь “ЦШ” ХХК нь 2014 онд уг газрыг шинээр эзэмшиж байгаа биш бусдаас Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу шилжүүлэн авсан энэ талаар талууд маргаагүй бөгөөд газар шилжүүлсэн энэ тохиолдолд дуудлага худалдаа, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, төсөл сонгон шалгаруулалтын тухай асуудал хамааралгүй бөгөөд газар эзэмших эрхийг дуусгавар болгох үндэслэлгүй юм.

Хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан захиргааны үйл ажиллагааны зарчим, 4.1-д “Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан Төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ”, 4.2-т “Захиргааны үйл ажилагаанд дараах зарчмыг баримтална”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэсэн эдгээр зарчмыг зөрчсөн байна.

Тухайлбал, Нийслэлийн Засаг даргаас 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/899 дүгээр “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамж гаргахдаа “ЦШ” ХХК-д огт мэдэгдээгүй болох нь нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажилагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно”, 25.1-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага цуглуулна”, мөн хуулийн 27.5-д “Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна”, 27.6-д “Сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна” гэж тус тус хуулиар Захиргааны байгууллагын шийдвэр гаргахаас өмнө хийх ажиллагааг нарийвчлан зааж өгсөн байна.

Иймд Нийслэлийн Засаг даргаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосноор бодит байдал дээр түүнд ямар эрсдэл хир хэмжээний бодит хохирол үүсэж болохыг харьцуулж судлах, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дэх заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа бол түүнийг шалгаж тодруулах, маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол ямар хэмжээгээр хөндөгдөж байгааг нарийвчлан тогтоох шаардлагатай гэж үзэж  Нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/899 дүгээр захирамжийн үйлчлэлийн “ЦШ” ХХК-д холбогдох хэсгийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэв. 

Шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага дахин шинэ акт гаргаагүй бол Нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/899 дүгээр захирамж хүчингүй болсонд тооцохыг дурдах нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.6, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.5, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6-д заасныг тус тус баримтлан Нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/899 дүгээр захирамжийн “ЦШ” ХХК-д холбогдох хэсгийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага дахин шинэ акт гаргаагүй бол Нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/899 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  О.ОЮУНГЭРЭЛ