Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 128/2022/0669/З |
Дугаар | 221/МА2022/0767 |
Огноо | 2022-12-07 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2022/0767
Ж.Аийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан,
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч А.Сарангэрэл,
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,
Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ч,
Нэхэмжлэгч: Ж.А,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга,
Нэхэмжлэлийн шаардлага: “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/261 дүгээр захирамжийн Ж.Ат холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 749 дүгээр шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Баасанцэрэн,
Хэргийн индекс: 128/2022/0669/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.А нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/261 дүгээр захирамжийн Ж.Ат холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 749 дүгээр шийдвэрээр “Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Аийн “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А/261 дүгээр захирамжийн Ж.Ат холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...
3.1. Хуульд заасан “сонсох ажиллагаа”-г буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд. Шүүх шийдвэрийн Үндэслэх хэсгийн 1-д “... хариуцагч нь энэ шийдвэрийн талаар сонсох ажиллагаа хийх мэдэгдлийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаагүй байна. Түүнчлэн тухайлан нэхэмжлэгч Ж.Ат газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн талаар, тайлбар, нотлох баримт ирүүлэх хугацаа тогтоосон сонсох ажиллагааны мэдэгдлийг шуудангаар, бусад арга хэрэгслээр хүргүүлээгүй байна” гэж сонсох ажиллагааг хийгээгүй талаар дүгнэсэн атлаа нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй гэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийг зөрчсөн. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд сонсох ажиллагаа хийхгүй байж болох 6 үндэслэлийг хуульчилсан бөгөөд хариуцагчийн зүгээс сонсох ажиллагаа хийгээгүй нь хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т зааснаар ямар шалтгаантай болохыг нотлоогүй, 28 дугаар зүйлийн 28.1 дэх заалтын аль заалтад хамаарч байгаа талаар дурдаагүй, тайлбарлаагүй байхад шүүх хуульд заагаагүй үндэслэлээр буюу “сонсох ажиллагаа хийгээгүй нь нэхэмжлэгчид эрх ашиг сонирхлоо хамгаалах тайлбарлах, нотлох баримт гаргаж өгөх эрхийг хангаагүй гэж үзэх үндэслэл болохгүй” гэж дүгнэсэн нь “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагыг хангахгүй байна. Хариуцагч захирамж гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24-27 дугаар зүйлд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагааны талаар Захиргааны ерөнхий хуульд заасан процедурыг огт баримтлаагүй. Шийдвэр гаргахдаа нэхэмжлэгчийн нөхцөл байдлыг тогтоогоогүй, оролцогчийг сонсоогүй, ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулаагүй нь захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцох оролцогчийн эрх нэгэнт ноцтой зөрчигдсөн бөгөөд тус нөхцөл байдлыг ч шүүх тогтоосон. Ийнхүү хуульд заасан нөхцөл журмыг зөрчсөн захиргааны актын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдож байхад шүүхийн зүгээс хуульд заагаагүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
3.2. Захиргааны актад тавигдах хуульд заасан шаардлагыг буруу дүгнэсэн тухайд. Шүүх шийдвэрийн Үндэслэх хэсгийн 2-т “... мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.4-т заасан захиргааны актад тавигдах “акт гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах” шаардлагыг хангасан гэж шүүх үзлээ” гэх боловч хэрхэн, яаж хангасан гэж үзэж байгаа талаар тайлбарлаагүй бөгөөд шүүх хангасан гэж үзлээ гэж бичсэнээр тус нөхцөл байдал хангагдахгүй. Тодруулбал, захиргааны байгууллагын зүгээс шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-д заасан бодит нөхцөл байдлыг тогтоож, захиргааны актад тусгаагүй, энэ тухайгаа нэхэмжлэгчид мэдэгдэж сонсгосон зүйл байхгүй бөгөөд шүүгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан гэх бүрэн бус, бодит байдалд нийцээгүй нотлох баримтад үндэслэн захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааг зөвтгөж шийдвэрлэсэн үндэслэлгүй. Түүнчлэн, Захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” чухал зарчмуудыг баримтлахаар хуульчилсан атал захиргааны байгууллагын дээрх үүргээ биелүүлээгүй “хариуцлагагүй”, "тооцоо, судалгаагүй”, хууль зөрчиж гаргасан шийдвэрийг шүүх үндэслэлгүйгээр дэмжиж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрийн хуульд заасан хууль ёсны байх, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй.
3.3. Газрыг зориулалтын дагуу ашиглаж байсан тухайд. Шүүх шийдвэрийн Үндэслэх хэсгийн 3-д “2020 ( шүүх шийдвэртээ 2010 онд гэж бичиж техникийн алдаа гаргасныг залруулав) онд модон хашаа барьж байсан гэх нь амины хашаа буюу гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар тухайн газрыг ашигласанд хамаарахгүй ...” гэсэн. Ийнхүү дүгнэлт хийхдээ хариуцагч нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасныг үндэслэн Ж.Аийн газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцалсан нь үндэслэлтэй байна гэж үзсэн боловч шүүх хуульд заасан урьдчилсан нөхцөлийг шалгаагүй. Хуулийн дээрх зохицуулалт нь “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасан бөгөөд хариуцагч болон шүүхийн зүгээс “гэрээнд заасан зориулалт” нь ямар зориулалт байсан талаар анхаарч үзээгүй, шалгаагүй бөгөөд “модон хашаа нь амины хашаанд хамаарахгүй” гэсэн маш ойлгомжгүй, үндэслэлгүй дүгнэлт хийснийг нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тодруулбал, Газрын тухай хуульд зааснаар иргэн “гэрээнд” заасан зориулалтын дагуу ашиглах үүрэгтэй боловч хавтаст хэрэгт газар эзэмших гэрээ хавсаргаагүй байдаг. Тодруулбал, дүүргийн Газрын алба нь Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2-т “Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох” гэж заасны дагуу тухайн иргэнтэй газар эзэмшүүлэх гэрээ байгуулах ёстой бөгөөд дээрх гэрээнд газрыг хэрхэн ашиглах талаар тусгах ёстой. Ийнхүү байгуулсан газар эзэмшүүлэх гэрээнд заасан зориулалтаар газрыг ашиглаагүй хуульд заасан хугацаа өнгөрсөн тохиолдолд газрыг цуцлах үндэслэлтэй бөгөөд маргаан бүхий хэргийн хувьд хуульд заасан энэхүү нөхцөл бүрдээгүй байгаа. Түүнчлэн, Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаартай “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” тогтоол гарсан бөгөөд уг тогтоолд “Мөн зүйл, хэсэгт заасан “...зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй гэх мэт/ байхыг ойлгоно” гэж тайлбарласан. Иргэний хувьд тухай газрыг анх 2009 онд “амины хашаа” гэсэн зориулалтаар эзэмшилдээ авсан бөгөөд гэрчилгээнд заасан зориулалтаар тухайн эзэмшлийн газрыг хашаалан зуны улиралд гэр барьж амьдардаг байсан талаар нэхэмжлэлдээ болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад дурдсан. Түүнчлэн хүйтэн сэрүүний улиралд очоогүй улмаас ихэнхийг нь хулгайд алдаж, буцаан барьж байсан Түүнчлэн дэлхий нийтэд тархсан Ковид-19 цар тахлаас шалтгаалан 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сар хүртэл бүх нийтийн болон хэсэгчилсэн хөл хорио тогтоож байсан нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд үүнтэй холбоотой нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн хашаагаа тогтмол эргэх, хулгайд алдагдсан хашаагаа нөхөх боломжгүй байсан бөгөөд сүүлийн байдлаар 2020 оны зуны саруудад хашаа болон гэр барьж зуслангийн зориулалтаар амьдарч байсан. Ийнхүү хөл хорио тогтоож газраа эргэж тойрч чадаагүй нь өмнө дурдсан “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 1.10-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл , цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно” гэж тайлбарласантай нийцэх бөгөөд захиргааны байгууллага болон шүүхийн зүгээс дээрх нөхцөл байдлыг харгалзаж үзээгүй болохыг дурдах нь зүйтэй. Түүнчлэн, “захиргааны байгууллагын зүгээс газар эзэмших эрхийг цуцалсан шийдвэрийг зохих журмын дагуу хүргүүлээгүй, нэхэмжлэгчийн гомдол гаргах эрхийг хязгаарласан шинжтэй үйлдэл гаргасан бөгөөд шүүхийн зүгээс захиргааны байгууллагын дээрх буруутай үйл ажиллагааг зөвтгөхдөө нэхэмжлэгч холбогдох журмын дагуу гомдол гаргасан тул энэхүү эрхийг хязгаарласан гэж үзэхгүй” гэсэн үндэслэл муутай дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгчийн хувьд газрын төлбөрөө төлөхөөр дүүргийн Газрын албанд очихдоо маргаан бүхий захирамжийн талаар мэдсэн бөгөөд ийнхүү очоогүй тохиолдолд тухайн газрыг цуцалсан талаар мэдэх боломжгүй байсан.
3.4. Шүүхийн зүгээс захиргааны байгууллагын илтэд буруутай, хууль зөрчсөн шинжтэй үйлдлийг зөвтгөж, хэт нэг талыг барьсан, хуулийг буруу тайлбарлаж маргаан бүхий асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд ийнхүү шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн, хуульд заасан шаардлагыг хангаагүй шийдвэр болсон. Иймд дээрх үндэслэлээр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 749 дугаартай шийдвэр нь хэргийн бодит нөхцөл байдал, хэрэгт авагдсан нотлох баримт, холбогдох хууль тогтоомжид нийцээгүй байх тул шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
4. Хариуцагчаас давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргаагүй байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянав.
2. Шүүх дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
2.1. Нэхэмжлэгч Ж.А нь “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/261 дүгээр захирамжийн Ж.Ат холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
2.2. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2009 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 312 дугаар захирамжаар Ж.Ат Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баруун туруун 6-109 тоот хаягт байрлах 700 м.кв газрыг “амины хашааны” зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, улмаар мөн дүүргийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А/261 дүгээр захирамжаар газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй, газар эзэмших эрхийн гэрээний нөхцөлийг удаа дараа зөрчсөн, тухайн газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй 37 иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон, үүнд нэхэмжлэгч Ж.Аийн эзэмшиж буй газар багтжээ. Хариуцагчаас нэхэмжлэгчийг “тухайн газраа зориулалтын дагуу хоёр жил дараалан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй гэх үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн” хэмээн тайлбарлаж байна.
2.3. Маргаан бүхий 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А/261 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосны дараа буюу 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны 20/943 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу ашиглаагүй тул 261 дүгээр захирамжаар түүний газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээг хүчингүй болсныг мэдэгдсэн”, улмаар Ж.Аээс 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд гомдол гаргасан байна.
2.4. Хэрэгт маргаан бүхий 109 тоот хашааны газрын төлбөр төлсөн талаарх баримтууд, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 20/1378 дугаартай “... Ж.А нь 2013 онд 12320, 2016 онд 15400, 2017 онд 15400 төгрөг, ний 43120 төгрөгийг төлсөн талаарх” албан бичиг авагдсан. Мөн маргаан бүхий газрын 2022 оны мэдээллийг 2014, 2019, 2021 оны сансрын зурагтай давхцуулсан талаарх лавлагаа, шүүхийн газрын үзлэг хийсэн баримтууд авагджээ.
2.5. Захиргааны хэргийн шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна.
2.6. Тодруулбал, нэхэмжлэгчээс “... хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа сонсох ажиллагаа хийгээгүй, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, газар эзэмших эрхийн гэрчилгээг аль үндэслэлээр цуцалсан нь ойлгомжгүй, газраа зориулалтын дагуу ашиглаж байсан, цар тахлын улмаас хашаагаа тогтмол эргэх боломжгүй болсон, хариуцагч хууль зөрчсөн болохыг нотлоогүй” гэх зэргээр тайлбарлан маргаж байхад анхан шатны шүүх “...захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа сонсох ажиллагаа хийгээгүй нь нэхэмжлэгчид эрх ашиг сонирхлоо хамгаалах тайлбарлах, нотлох баримт гаргаж өгөх эрхийг хангаагүй гэж үзэх үндэслэл болохгүй, нэхэмжлэгч нь 2009 онд эзэмших эрх авсан газраа 2 жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас ирүүлсэн 2014, 2019, 2021 оны сансрын зургаар тогтоогдсон, ... маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд хамаарахгүй ч хэрэгт авагдсан баримтаар газрын төлбөр төлөгдсөн гэж үзлээ” гэх зэргээр дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
2.7. Хариуцагч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хуульд нийцсэн эсэхийг хянаж үзэхэд хариуцагчийн нэхэмжлэгчтэй байгуулсан газар эзэмшүүлэх гэрээ хэрэгт авагдаагүй, тухайн газрыг эзэмшиж, ашиглахад нэхэмжлэгч тухайн газрын төлбөрт хэдэн төгрөг төлөхөөр тогтсон, уг газрыг ямар зориулалтаар эзэмшүүлсэн нь ойлгомжгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгчийн “цар тахлын улмаас тухайн газраа ашиглаагүй, зуны улиралд газар дээрээ гэр бариад лагерийн зориулалтаар амьдардаг байсан” гэж тайлбарлаж байгаа нь хүндэтгэн үзэх шалтгаант байдалд хамаарах эсэх, хариуцагч нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ биелүүлсэн эсэхэд дүгнэлт хийгээгүй байна.
3. Иймд анхан шатны шүүх дээрх байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтуудыг бүрэн цуглуулаагүй, түүнд харьцуулан хууль зүйн дүгнэлт хийгээгүй, хэрэгт авагдсан баримтуудаар давж заалдах шатны шүүх дээрх алдааг зөвтгөж уг маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул маргааныг нэг мөр шийдвэрлүүлэхээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 749 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН