| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 182/2017/00110/и |
| Дугаар | 182/ШШ2017/00865 |
| Огноо | 2017-04-21 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 182/ШШ2017/00865
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Ж.Цэнгэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.М-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э ХХК-д холбогдох
Жирэмсний болон амаржсаны тэтгэмж 2,624,832 төгрөг гаргуулах, 2014 оны 11 сараас 2016 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны шимтгэлийн 549,120 төгрөгийг төлж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.М-, хариуцагчийн төлөөлөгч Т.Цэрэндагва, иргэдийн төлөөлөгч Ө.Мандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Тэмүүлэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.М- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Э ХХК-нд 2012 оны 10-р сарын 15-ны өдрөөс төлөвлөгч редактороор хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байх хугацаандаа жирэмсэн болж 2014 оны 03 сарын 26-нд хүү О.О төрүүлсэн. Хүүхдээ хараад чөлөөтэй байх хугацаандаа дахин жирэмсэн болж 2014 оны 9 сард жирэмсний 28 долоо хоногтойгоос эхлэн жирэмсний тэтгэмжээ авахаар Нийгмийн даатгалын хэлтэст хандахад танай байгууллага чиний нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй учир тэтгэмж өгөх боломжгүй гэсэн хариуг өгсөн. Ингээд нягтлан бодогч Орхонтуултай удаа дараа уулзсан боловч шийдэж өгөөгүй байтал 2015 оны 11 сарын 19-ны өдөр хүү О.Хэ төрүүлсэн. Манай байгууллага өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа нь хэвийн явж байгаа бөгөөд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулинд заасны дагуу жирэмсний болон амаржсаны тэтгэмж авч чадаагүй хохиролд 2.624.832 төгрөг гаргуулах, ажил олгогчоос 2014 оны 11 сараас 2016 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны шимтгэлийн 549,120 төгрөгийг төлж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч Э ХХК-ийн төлөөлөгч Т.Цэрэндагва шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.М- 2012 оны 10 сарын 15-ны өдөр төлөвлөгч, редактороор хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан бөгөөд 2014, 2015 онд хүүхэд төрүүлсэн байна. Гэвч жирэмсний амралтаа хуулийн дагуу авсан эсэх нь тодорхойгүй байна. Компанийн үүсгэн байгуулагч болон гүйцэтгэх удирдлагууд 2016 оны 10 сарын 04-ний өдөр өөрчлөгдөж, гэрчилгээ шинээр олгогдсон бөгөөд нэг үгээр хэлбэл нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэлээ гаргахаас өмнө компани зарагдсан юм. Тус компанийн улсад төлөх татварын өрийн хамт худалдаж авсан. Г.М-ыг нийгмийн даатгалын 2014, 2015 онд төлөгдөх шимтгэл төлөгдөөгүйгээс учирсан гэм хорын асуудал нь 2016 онд компанийг худалдаж авсан одоогийн удирдлагатай ямар ч хамааралгүй гэж үзэж байна. Г.М- нь холбогдох төрийн байгууллагад хүсэлтээ гарган тэтгэмжийн асуудлаа шийдвэрлүүлэх бүрэн боломжтой юм. Мөн учирсан гэм хорын хохирлоо тус компанийн 2014, 2015 онд эзэмшиж байсан компанийн үүсгэн байгуулагчаас нэхэмжлэх эрхтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Г.М- хариуцагч Э ХХК-д холбогдуулан жирэмсний болон амаржсаны тэтгэмж 2,624,832 төгрөг гаргуулах, 2014 оны 11 сараас 2016 оны 12 сарыг дуустал хугацааны шимтгэлийн 549,120 төгрөгийг төлж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Э ХХК-нь компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх удирдлагууд 2016 оны 10 сарын 04-ний өдөр өөрчлөгдөж эрх шилжсэн, гэм хорын хохирол учирсан болох нь нотлогдоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.
Нэхэмжлэгч Г.М- хариуцагч Э ХХК-ийн төлөвлөгч редактороор хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байх хугацаандаа 2014 оны 03 сарын 26-ны өдөр хүү О.О-г төрүүлж ажил олгогчоос 2014 оны 03 сарын 13-ны өдөр жирэмсний тэтгэмж 1,443,588 төгрөгийг, 2014 оны 4 сарын 23-ны өдөр төрсний дараах тэтгэмж 1,343,644 төгрөгийг шилжүүлсэн болох нь Худалдаа хөгжлийн банкны харилцах дансны гүйлгээний хуулга /хх-ийн 8, 34-35 талд/, Хүүхдийн төрсний гэрчилгээ зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Г.М- нь хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацаандаа 2015 оны 11 сарын 19-ны өдөр хүү О.Хэ төрүүлсэн болох нь Хүүхдийн төрсний гэрчилгээ /хх-ийн 9 талд/, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.
Ажилтан Г.М- хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд дахин хүүхэд төрүүлж жирэмсний болон амаржсаны тэтгэмж авахаар Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хандахад ажил олгогч Э ХХК нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй үндэслэлээр тэтгэмж олгохоос татгалзсан болох нь тодорхойлолт /хх-ийн 33 талд/, зохигчдын тайлбараар нотлогдож байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Хөдөлмөр эрхэлж байгаад хууль тогтоомжид заасны дагуу хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацаанд дахин хүүхэд төрүүлсэн эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгоно. Энэ тохиолдолд уг эхийн чөлөөтэй байсан хугацааны хоёр удаагийн төрөлт хамаарагдана” гэж заажээ.
“Эмнэлгийн хуудас олгох журам”-ын 3.6-д “Ажил олгогч нь ...тэтгэмж олгосон жагсаалт /НД10 маягт/, эмнэлгийн хуудас, нэхэмжлэхийн хамт ...жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудсыг бичигдсэнээс хойш 28 хоногийн дотор нийгмийн даатгалын хэлтэст ирүүлж тооцоог хийнэ...”, 3.7-д “ Нийгмийн даатгалын хэлтэс, тасаг /ажилтан/ нь эмнэлгийн хуудас, тэтгэмжийн тооцооны маягтыг үндэслэн ажил олгогчийн тэтгэмж тооцсон байдлыг шалган хэлтсийн нягтлан бодогчоор хянуулж 21 хоногийн дотор тэтгэмжийн мөнгийг ажил олгогчийн дансанд шилжүүлнэ” гэж, мөн Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2010 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 163 дугаар тушаалаар батлагдсан “Тэтгэвэр, тэтгэмж тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журам”-ын 4.2.2 -т “Ажил олгогч нь нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 6-д заасны дагуу ...жирэмсний, амаржсаны тэтгэмжийг олгох бөгөөд уг тэтгэмж олгосон баримт, нэхэмжлэлийг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д заасан хугацаанд харилцагч нийгмийн даатгалын байгууллагад ирүүлнэ”, 4.2.3-т “Нийгмийн даатгалын байгууллага /байцаагч/ нь тухайн ажил олгогчоос ирүүлсэн нэхэмжлэл, эмнэлгийн хуудас... жирэмсний, амаржсаны тэтгэмж олгосон жагсаалтыг хянан баталгаажуулж хэлтсийн нэгдсэн мэдээлэлд оруулна. Хэлтсийн дарга ерөнхий нягтлан бодогч энэхүү хянаж баталгаажуулсан баримтыг шалгасны үндсэн дээр уг тэтгэмжийг нийгмийн даатгалын холбогдох сангаас ажил олгогчид шилжүүлж тооцоо хийнэ” гэж тус тус даатгуулагч эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг тогтоох, уг тэтгэмжийг олгоход шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэхэд ажил олгогч болон нийгмийн даатгалын байгууллагын үүргийг тодорхойлж нарийвчлан зохицуулжээ.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө” гэж зааснаар хариуцагч Э ХХК-ийн үйлдэл нь нэхэмжлэгч Г.М-ын жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхээ алдаж хохирсонтой шалтгаант холбоотой байна гэж үзэх үндэслэлтэй.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 192 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Г.М- жирэмсний 2015 оны 9 сарын 19-нээс 11 сарын 19-нийг хүртэл ажлын 43 хоногийг, амаржсаны 2015 оны 9 сарын 19-ноос 2016 оны 01 сарын 19-ныг хүртэл ажлын 40 хоногийг тус тус ажил олгогчоос сарын 700,000 төгрөгийн цалингаар тооцон, жирэмсний тэтгэмжид 1,312,416 төгрөг, амаржсаны тэтгэмжид 1,312,416 төгрөг, бүгд 2,624,832 төгрөгийн тэтгэмжийг нийгмийн даатгалын сангаас авч чадаагүйгээс учирсан хохиролд тооцон ажил олгогчоос гаргуулахаар нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1.-д зааснаар шаардах эрхтэй байна.
Хариуцагч Э ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2016 оны 9 сарын 30-ны өдрийн Г-16/01 дугаартай хувьцаа шилжүүлэх тухай шийдвэрээр Э ХХК-ийн 100 хувь эзэмшигч Б:Жаргалсайханы 100 ширхэг энгийн хувьцааг багцлан С.Отгонмөнхөд Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэн авах гэрээр шилжүүлэхийг зөвшөөрсөн шийдвэр гаргаж, Г-16/02 дугаартай Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, Г-16/03 дугаартай Эрх шилжүүлэн авах гэрээ байгуулж, 2016 оны 10 сарын 04-ний өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ өөрчлөгдөж, гэрчилгээ шинээр олгогдсон /хх-ийн 25 талд/ байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасны дагуу шинээр зохион байгуулагдсан буюу эрх үүргийг шилжүүлэн авсан ажил олгогч нь ажилтан, албан хаагчидтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ямар нэгэн байдлаар цуцлах өөрчлөх эрхгүй мөн Баянзүрх, Сүхбаатар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 сарын 21-ний өдрийн 101/ШЗ2016/000066 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 сарын 21-ний өдрийн 182/ШШ2016/01112 дугаартай шийдвэрээр Баз интернэшнл ХХК-д холбогдох Г.М-ын жирэмсний болон амаржсаны тэтгэмж 2.680,000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийн 422,400 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.
2.Нэхэмжлэгч Г.М- хариуцагч Э ХХК-д холбогдуулан 2014 оны 11 сараас 2016 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны шимтгэлийн 549,120 төгрөгийг төлж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй байх тул 2014 оны 11 сараас 2016 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож бичилт хийхийг ажил олгогчид даалгах үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч Э ХХК-иас 2,624,832 /хоёр сая зургаан зуун хорин дөрвөн мянга найман зуун гучин хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.М-т олгосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан 2014 оны 11 сараас 2016 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож, ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Э ХХК-д даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Э ХХК-с улсын тэмдэгтийн хураамж 56,947 төгрөгийг гаргуулж Төрийн санд олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
Ж.ЦЭНГЭЛ