Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/92

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Д.Ганчимэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат

Шүүгдэгч Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ......... овогт Л-д холбогдох 2121000000066 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны ..... дугаар сарын ..........-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн суманд төрсөн, ............ настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, ..................... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2006 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 91 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 5 жил 01 хоногийн хорих ялаар, мөн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 1 сарын баривчлах ялаар,

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 405 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, .......... овогт Л /РД: ................../.

 

Шүүгдэгч Л нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, ........... тоотод гэртээ 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хамтран амьдрагч Н-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, хүрзээр шидэж эрүүл мэндэд нь баруун тохойн зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдаанд дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Л шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Надад нэмж ярих зүйл байхгүй. Эхнэр явсан. Би ганцаараа байгаа. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

            Хохирогч Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би Зулааг Саяг дэлгүүрийн ойролцоо хүртэл гаргаж өгөөд гэртээ ирэхэд Энхээ ах гарчихсан, Л хүү Эрдэнэцогтын хамт байсан. Улмаар Л бид хоёр хэрүүл маргаан хийж эхэлсэн бөгөөд Л нь гэрийн урд хэсэгт байрлах угаалтуурын наад талд нь байсан жижиг хэмжээний модон иштэй хүрз шиг хутгуурыг аваад над руу шидсэн. Улмаар миний баруун гарыг оносон бөгөөд би зуухны баруун хэсэгт байрлах савтай бүлээвтэр усыг Л руу цацаад гараад гүйсэн. Тэгээд такси бариад өөрийн төрсөн ээж Мөнхцэцэгийн гэрт очсон...” гэжээ. /хх-ийн 14-15/

Гэрч Х.Мөнхцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...гэрт хүү Содбилэг, түүний эхнэр Номин-Эрдэнэ, зээ охин Дүүрэнзаяа нарын хамтаар байж байхад миний багад нь өргүүлсэн төрсөн охин болох Н нь 20 цаг 30 минутын орчимд бусдад зодуулж баруун гарандаа гэмтэл авч, тухайн хэсгээс нь цус гарсан байдалтай орж ирсэн. Тэгээд түүнээс юу болсон талаар асуухад “нөхөр Л-ад өнөөдөр буюу 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүрзээр цохиулж гарандаа гэмтэл авлаа” гэж байсан. Ингээд Содбилэг бид хоёр Н-ын хамтаар эмнэлэг рүү явж баруун гаранд нь 3 оёдол тавьж эмчилгээ хийсэн...” гэжээ. /хх-ийн 19-20/

Гэрч М.Содбилэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...гэртээ ээж Мөнхцэцэг, эхнэр Номин-Эрдэнэ, охин Дүүрэнзаяа нарын хамт байхад миний төрсөн эгч Н нь бусдад зодуулсан байдалтай орж ирсэн. Юу болсон талаар асуухад “нөхөр Л-д 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр .......... тоотод орших гэртээ хүрзээр цохиулж баруун гартаа гэмтэл авлаа” гэж хэлсэн. Ингээд энэ асуудлын талаар цагдаад дуудлага өгсөн бөгөөд эгчийг аваад эмнэлэг дээр ирсэн...” гэжээ. /хх-ийн 22-23/

Гэрч Л.Эрдэнэцогт мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...15-16 цагийн орчим гэртээ ирэхэд аав Л гэртээ ганцаараа архи уучихсан, гэрийн хойд хэсэгт байрлах орон дээр унтаж байсан. Хэсэг хугацааны дараа 20-30 минутын дараа Н эгч мөн согтуу байдалтай гэрт орж ирсэн. Улмаар Н эгч орилж чарлаж байгаад аавыг сэрээчихсэн бөгөөд хоорондоо хэрэлдэж эхэлсэн. Ингээд гэрийн хаалганы хажуу талд байсан савтай уснаас Н эгч аяга таваг угаадаг саваар хутгаж аваад аав руу цацсан. Улмаар аав уурлаад гартаа таарсан зүйлээ аваад түүн рүү шидэх шиг болсон. Тэгсэн Н эгч гараад гүйчихсэн...” гэжээ. /хх-ийн 25-26/

         Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 99 тоот дүгнэлтэд:   

1. Н-ын биед баруун тохойн зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 32-33/

 

Л мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...хэсэг хугацааны дараа Н нь намайг Зулаа гэх эмэгтэйтэй хардаад хэрүүл хийж эхэлсэн. Улмаар бид хоёр хэрэлдэж байтал Н нь над руу ус цацсан. Тэгэхээр нь би уурлаад гэрийн баруун урд талын хэсэгт байсан жижиг хэмжээний хүрзийг аваад түүн рүү шидсэн. Тэгэхэд Нараа гэрээс гараад гүйсэн бөгөөд эргэж ирээгүй...” гэжээ. /хх-ийн 40-42/

 

Эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-08/

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 34/

Дорнод аймгийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн хуулбар /хх-ийн 50/

Дорнод аймгийн ШШГГ-ын албан бичиг /хх-ийн 64/

Л-н иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 45/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийн шалгах хуудас /хх-ийн 51/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүх хуралдаанд эд мөрийн баримтаар хар хүрэн өнгийн хуучирсан хүрзний толгой 1 ширхгийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Л-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

 

Шүүгдэгч .....н овогт Л нь 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг ............. тоотод байх гэртээ хамтран амьдрагч Н-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүнийг хүрзээр шидэж биед нь баруун тохойн зүсэгдсэн шарх гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...би уурлаад гэрийн баруун урд талын хэсэгт байсан жижиг хэмжээний хүрзийг аваад түүн рүү шидсэн” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч Н, гэрч Х.Мөнхцэцэг, М.Содбилэг, Л.Эрдэнэцогт нарын мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 99 тоот дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас, эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Шүүгдэгч Л нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч Л-н үйлдлийн улмаас хохирогч Н-ын биед баруун тохойн зүсэгдсэн шарх гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын  08-ны өдрийн 99 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч Л-д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Л-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Л-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, Дорнод аймгийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалт 70 хувиар тогтоолгосон эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л-д 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Л нь Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 405 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаас 300,000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй байх хугацаандаа шинээр гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Л-д энэ тогтоолоор оногдуулсан 700,000 төгрөгөөр торгох ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялаас биелүүлээгүй үлдсэн 300,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1,000,000 төгрөгөөр торгох ялаар тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Л-н үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Н-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажилалгааны шатанд хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар хүрэн өнгийн хуучирсан хүрзний толгой 1 ширхгийг устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Л нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

            Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ..... овогт Л-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л-д 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Л-д энэ тогтоолоор оногдуулсан 700,000 төгрөгөөр торгох ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялаас биелүүлээгүй үлдсэн 300,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л-н хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Н нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар хүрэн өнгийн хуучирсан хүрзний толгой 1 /нэг/ ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ............. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Л-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          П.ПАГМА