| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 168/2021/0120/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/126 |
| Огноо | 2021-04-14 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | С.Ариунаа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 2021/ШЦТ/126
2021 04 14 2021/ШЦТ/126
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч С.Ариунаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат
Шүүгдэгч Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ............ овогт Бд холбогдох эрүүгийн 2121000000081 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1990 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Дорнод аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эцэг, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн .......................... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 6 сарын баривчлах ялаар шийтгэгдэж байсан, .............. овогт Б. /РД: ................../
Шүүгдэгч Б нь согтуугаар 2019 оны 12 дугаар сард Дорнод аймгийн Хэрлэн сумын ........................ тоотод орших гэртээ эхнэр Д.Т-ын нүүрэн тус газарт нь цохих, хөлийг нь мушгих зэргээр зодсон,
2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын .....................4 тоотод орших гэртээ эхнэр Д.Т-ыг “хэнтэй мессэж бичих нь чамд хамаагүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан утасны цэнэглэгчээр ороолгож зодсон,
Мөн согтуугаар 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 21 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын ....................... тоотод орших гэртээ эхнэр Д.Т-ыг “архины мөнгө өгсөнгүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан цохих, өшиглөх болон утасны цэнэглэгчээр хоолой боох, ташуураар ороолгох зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, дээд уруулын язарсан өнгөц шарх, баруун нүдний дээд зовхи, баруун хацрын зулгаралт, хүзүү, баруун бугалга, шуу, цээж, нуруу, зүүн гуяны цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй...” гэв.
Хохирогч Д.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...манай нөхөр Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай жоохон үнэртүүлчихсэн 22 цагийн үед гэртээ орж ирээд шууд намайг юу юу гэдэг гэнээ одоо чамайг ална гэснээ үснээс зулгаагаад , цээж рүү өшиглөөд гараа зангидаж байгаад маш хүчтэй нүүр рүү олон удаа цохисон. Тэгээд манай нөхөр утасны цэнэглэгч барьж байгаад миний хоолойг боогоод мөн орны толгой дээр өлгөөтэй байсан морины ташуураар намайг ороолгоод орны буланд шахаж байгаад намайг ташуураар зодсон. Тэгээд манай нөхөр намайг ална гээд хутга хайхаар нь би гэрийнхээ хувцастай нимгэн фудболкатай, хөл нүцгэн оймсгүй гэрээс гараад гүйчихсэн. ...хамгийн эхэнд 2019 оны 12 дугаар сард намайг зодоод бид хоёр салаад эргээд нийлсэн. Тэгээд 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр намайг утасны цэнэглэгчээр ороолгож зодсон. Эхний 2 удаа зодоход нь би цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Хамгийн сүүлд намайг зодоход нь үнэхээр тэсч чадалгүй цагдаагийн байгууллагад хандсан. Гомдолтой байна...” гэжээ. /хх-ийн 10-11, 12-13/
Гэрч Б.Х мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Бгийн эхнэр болох Д.Т намайг гэртээ цуг хоночих гээд намайг утсаар дуудсан. Тэгээд Д.Т, Бтэй утсаар ярьж дуусаад удаагүй байж байхад Б архи үнэртүүлчихсэн шууд гэртээ орж ирээд Д.Т-ыг орон дээр хэвтэж байхад нь үснээс нь зулгаагаад, цээж рүү нь өшиглөөд нүүр ам руу нь цохиод авсан. ...Тэгээд би Бг салгах гээд дийлэхгүй гэртээ очоод өөрийн хүүхдүүддээ хэлсэн...” гэжээ. /хх-ийн 20/
Гэрч Ц.Ж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гэртээ байж байхад орой 22 цагийн үед манай бэр Д.Т уйлчихсан ******* гэрт сууж байсан. Тэгээд бэр болох Д.Т-аас юу болсон талаар асуухад Б согтуу гэртээ орж ирээд намайг зодсон. Тэгээд айгаад зугтаад гараад ирсэн гэж байсан Д.Т нилээн айж сандарсан байдалтай нимгэн фудболкатай гэртээ байсан хувцастайгаа уйлаад сууж байсан. Тэгээд Д.Т-ын нүүр амнаас нь цус гараад хатчихсан, гар хөл нь шалбарсан байсан...” гэжээ. /хх-ийн 23/
Гэрч Г.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гэртээ унтах гээд байж байхад худ болох Ж манай гэрт орж ирээд Б, Д.Т-ыг зодоод алах гэж байна хурдан очоорой гээд амьсгаадаад гүйгээд орж ирсэн. ...Тэгсэн хашааны буланд манай худ Ж, түүний хүүхэд Э нар Бгийн гэр рүү орж чадахгүй цагдаа дуудчихсан байгаа, цагдаа ирэхээр дотогшоо оръё гээд байж байсан. ...******* гэрт очоод харахад манай охин ******* гэрийнхээ хувцастай нимгэн фудболката, хөл нүцгэн, оймсгүй, нүүр ам нь цус болчихсон зүүн шанаа нь хавдчихсан, гар хөл хүзүү нь тэр чигтээ шалбарчихсан аймаар байдалтай хүн харахын эцэсгүй болчихсон байсан. ...миний мэдэхийн 2019 оны 12 дугаар сард Б манай охин Д.Т-ыг зодож байсан...” гэжээ. /хх-ийн 25-26/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 123 тоот дүгнэлтэд:
1. Д.Т-ын биед зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, дээд уруулын язарсан өнгөц шарх, баруун нүдний дээд зовхи, баруун хацрын зулгаралт, хүзүү, баруун бугалга, шуу, цээж, нуруу, зүүн гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар дээрх гэмтлүүд нь бүрдэл байдлаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 30-31/
Шүүгдэгч Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Гэртээ ороод эхнэр *******тай маргалдаад уурандаа шууд үснээс нь зулгаагаад, нүүр рүү нь алгадаад хөл рүү нь өшиглөөд утасны цэнэглэгчээр хоолойг нь боож, орны толгой дээр байсан модон суртай ташуураар эхнэрийнхээ нуруу руу нь 2 удаа ташуурдсан. Тэгээд манай эхнэр гэрээсээ гараад гүйчихсэн. ...2020 оны 11 дүгээр сард би танихгүй эмэгтэй хүн рүү дугаараа өгчих, юу хийж байна гээд мессэж биччихсэн чинь манай эхнэр цуг байсан болохоор хажууд байж байгаад харчихсан юм. Тэгээд надаас юун эмэгтэй юм гээд байхаар нь би уурлаад гартаа барьж байсан цэнэглэгчээрээ гуядаад авсан...” гэжээ. /хх-ийн 37-38/
Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06/
Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 32/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42/
Хохирогчийн гэмтэл авсан байдалтай гэрэл зураг /хх-ийн 58/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 63-64/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч .............. овогт Б нь согтуугаар 2019 оны 12 дугаар сард Дорнод аймгийн Хэрлэн сумын ............................ орших гэртээ эхнэр Д.*******ын нүүрэн тус газарт нь цохих, хөлийг нь мушгих зэргээр зодсон, 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Дорнод аймгийн .................................тоотод орших гэртээ эхнэр Д.Т-ыг хэнтэй мэссэж бичих нь чамд хамаагүй гэх үл ялих зүйлээр шалтаглан утасны цэнэглэгчээр ороолгож зодсон, мөн согтуугаар 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 21 цагийн орчимд Дорнод аймгийн .................................... тоотод орших гэртээ эхнэр Д.Т-ыг архины мөнгө өгсөнгүй гэх үл ялих зүйлээр шалтаглан цохих, өшиглөх болон утасны цэнэглэгчээр хоолойг нь боох, ташуураар ороолгох зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, дээд уруулын язарсан өнгөц шарх, баруун нүдний дээд зовхи, баруун хацрын зулгаралт, хүзүү, баруун бугалга, шуу, цээж, нуруу, зүүн гуяны цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийг давхар нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч Д.Т, гэрч Б.Х, Г.Т, Ц.Ж нарын мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 123 тоот дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас, хохирогчийн гэмтэл авсан байдалтай гэрэл зураг, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч Бгийн үйлдлийн улмаас хохирогч Д.Т-ын биед зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, дээд уруулын язарсан өнгөц шарх, баруун нүдний дээд зовхи, баруун хацрын зулгаралт, хүзүү, баруун бугалга, шуу, цээж, нуруу, зүүн гуяны цус хуралт буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 123 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч Бгийн хувьд 2019 оны 12 дугаар сар, 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр, 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр буюу нийт 3 удаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.Т-ын эрх, эрх чөлөөнд халдаж, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл хийсэн боловч тэдгээр үйлдлийн хооронд Зөрчлийн тухай хуульд заасан 6 сарын хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн шинж үгүйсгэгдэж байх бөгөөд шүүгдэгч Бд холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Бг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Бгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал /эрхэлсэн ажил, цалин орлогогүй/ зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Т-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 28 см урттай дээд доод хэсэгтээ төмрөөр бэхэлсэн модтой, суран ташуурыг шүүгдэгч Бд буцаан олгож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ..............овогт Бг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Бд 480 /дөрвөн зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Бд оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Бд мэдэгдсүгэй.
5. Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 28 см урттай дээд доод хэсэгтээ төмрөөр бэхэлсэн модтой, суран ташуурыг шүүгдэгч Бд буцаан олгож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн .................... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА