Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 182/ШШ2017/00926

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Х  ХХК-ийн  нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Э.Х-,

 

 Хариуцагч: Я.О- нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 20,055,000 төгрөг, нотариатын зардалд 17.000 төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Есөнжаргал, хариуцагч Э.Х-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Тэмүүлэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Х ХХК шүүхэд болон төлөөлөгч В.Эрдэнэбаатар шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Х- нь Хасбанк ХХК-тай 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 1580009251 дугаартай зээлийн гэрээ байгуулан 20 000 000 төгрөгийн зээлийг 48 сарын хугацаатай, жилийн 30%-ийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Энэ гэрээнд зээлдэгчийн нөхөр Я.О- нь хамтран буюу нөхөх хариуцлага хүлээх үүрэгтэй хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцож, зээлийн барьцаанд ** тоотод байрлах Г-22** дугаар гэрчилгээтэй хувийн сууц, ** тоотод байрлах Г-22** дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээтэй газар, Япон улсад 2001 онд үйлдвэрлэсэн ** улсын дугаартай мөнгөлөг өнгийн автомашин,  Funai маркийн зурагт зэргийг барьцаалсан. Зээлдэгч Э.Х- нь зээлийн гэрээний гол нөхцөл болох хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 1580009251 дугаартай зээлийн гэрээний төлбөрийг төлж зээлийг хэвийн болгохгүй хугацаа хэтрүүлж, гэрээний үүргээ ноцтой зөрчиж байна. Иймд Э.Х-, Я.О- нараас зээлийн төлбөр 17.407.113 төгрөг, хүү 2.644.047 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.840 төгрөг, нийт 20.055.000 төгрөг, нотариатын төлбөр 17.000 төгрөг, нийт 20.072.000 төгрөгийг Энхжаргалын Хонгорзул, Ядамсүрэнгийн Оюунболд нараас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Э.Х-, Я.О- нар шүүхэд болон төлөөлөгч Э.Х- хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч 20,055,000 төгрөг гаргуулах шаардлагыг зөвшөөрч 6 сарын дотор хэсэгчлэн төлөх хүсэлттэй байна. Нотариатын төлбөр 17.000 төгрөгийг төлөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Х ХХК хариуцагч Э.Х-, Я.О- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,055,000 төгрөг, нотариатын зардалд 17,000 төгрөг нийт  20.072.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Э.Х-, Я.О- нар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, хэсэгчлэн төлөх хугацаа олгохыг хүссэн тайлбар гаргажээ.

 

Нэхэмжлэгч Х ХХК нь Э.Х-, Я.О- нартай 2015 оны 12 сарын 22-ны өдөр 20.000.000 төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийг 48 сарын хугацаатай, жилийн 30 хувийн хүүтэй, зээлийн барьцаанд **тоот хаягт байрлах Г-22** дугаар гэрчилгээтэй  хувийн сууц, **тоот хаягт байрлах Г-22** дугаартай өмчлөх  эрхийн гэрчилгээтэй  газар, пума маркийн зурагт, ** улсын дугаартай мөнгөлөг өнгийн мазда фамили маркийн автомашиныг барьцаалж 1580009251 дугаартай зээлийн гэрээ, 1580009251-01 дугаартай барьцааны гэрээ, 1580009251 дугаартай Фидуцийн гэрээ байгуулсан байна.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд талууд маргаагүй байна.

 

Хариуцагч Э.Х-, Я.О- нар Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч байх бөгөөд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.

 

Хариуцагч Э.Х-, хариуцагч Я.О-ыг итгэмжлэлээр төлөөлж шүүх хуралдаанд оролцож байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасан зохицуулалттай нийцсэн гэж үзнэ.

 

Хариуцагч Э.Х-, Я.О-  нараас зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 17,407,113 төгрөг, хүүгийн төлбөр 2,644,047 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,840 төгрөг нийт 20,055,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгох үндэстэй байна.

 

2.Нэхэмжлэгч Х ХХК нь нотариатын зардалд 17,000 төгрөг  гаргуулах  шаардлага гаргажээ.

 

 Нэхэмжлэгч нь Э.Х-, Я.О-  нарт холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж зээлийн гэрээ бусад баримтыг нотариатчаар гэрчлүүлсэн зардал гэж тайлбарлаж байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт заасан зохигчоор нөхөн төлүүлэх шүүхийн зардалд хамаараагүй байна.  Нотариатын зардалд 17,000 төгрөг төлсөн болохоо баримтаар нотлож чадахгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 17,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2.,453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Э.Х-, Я.О- нараас 20,055,000 /Хорин сая тавин таван мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 17,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258,310 төгрөгийг Төрийн санд үлдээж, хариуцагч Э.Х-, Я.О- нараас улсын тэмдэгтийн хураамжид 258,225 төгрөгийг гаргуулж Х ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.НАРАНГЭРЭЛ