Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/94

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн, улсын яллагч Д.Ганчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...... овогт Э-од холбогдох 2121000000058 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 24ий өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны ...... дугаар сарын ....-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, ....... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, ............ тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/42 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 6 сар 30 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, хөдөлмөрийн чадвар алдалт 80 хувиар тогтоогдож, тахир дутуугийн группт орсон, ..... овогт Э /РД: ................./.

 

Шүүгдэгч Э нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, ............ тоотод 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн ээж /74 настай/ М-г дээлийн захаар хоолойг нь боох, гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдаанд дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Хохирогч М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...манай хүү Э нь байнга архи согтууруулах ундаа хэрэглэдэг бөгөөд гэр орондоо агсан согтуу тавиад байнгын дарамтанд байлгадаг. 2021 оны 01 дүгээр сарын 11-ний орой 19 цагийн үед Э нь гаднаас согтуу орж ирээд агсан тавьж байгаад овоо унтаж амрах гэж байснаа гэнэт хамаг хувцсаа тайлж шидээд намайг зүүн талын орон дээр хэвтэж байхад ална гэж ирээд дээлний захнаас боогоод шилэн хүзүү рүү болон нүүр хэсэгт гараараа нэлээн хэдэн удаа цохиод байснаа орон дээрээс боогоод доош нь газар унагаж байгаад дээрээс өшиглөөд гараараа цохиод байсан. Манайд бид хоёроос өөр хүн байгаагүй. Би уйлаад миний хүү болиоч гээд байхад чамайг ална, эмэгтэй дүүгээ ална, та нар намайг шоронд явуулсан гээд л зодоод байсан. Миний үгийг сонсож байгаа юм байхгүй зодоод байсан. Тэгж байгаад өөрийнхөө гарыг нэг юманд цохиод намайг зодохоо болихоор нь би арай гэж салаад гэрээсээ гараад айлын хашаа налж явж байгаад охин ******* очиж цагдаад дуудлага өгсөн...” гэжээ. /хх-ийн 8-9, 10-11/

            Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...өчигдөр орой 20 цаг өнгөрч байхад ээж Э ахыг зодсон гээд уйлсаар манайд ирсэн. Тухайн үед ээж хэлэхдээ Э ахыг толгой түрүүгүй цохиод дээлний захаар нь боогоод орон дээрээс чирч унагаад өшиглөж дээрээс цохиод байсан. Арай гэж салж ирлээ гэсэн. Тэгээд цагдаад дуудлага өгч ээжийгээ эмнэлэг явж үзүүлсэн...” гэжээ. /хх-ийн 14/

            Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 56 тоот дүгнэлтэд:

            1. М-н биед тархи доргилт, баруун шанаа, баруун мөрөнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

            3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 19-20/

            Э мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...ямар ч байсан гэртээ ороод сууж байснаа санаж байна. Яг юу болсон талаар мэдэхгүй байна. Манай ээж намайг архи уугаад очихоор үглэж загнасан байх. Тухайн үед ээждээ гарч хүрч зодсоноо мэдэхгүй байгаа. Ямар ч байсан ээждээ гар хүрч зодсондоо харамсаж байна...” гэжээ. /хх-ийн 26-28/

            Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 53-55/

            Э-ын тэтгэврийн дэвтрийн хуулбар /хх-ийн 37-38/

            Э-ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 36/

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29/

            Э-ын нас барсны гэрчилгээний хуулбар болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Э-од холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

            Шүүх хуралдаанаар шинжлэн судалж хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэм аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

            Шүүгдэгч ......... овогт Э нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг ........... тоотод байх гэртээ 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн эх М-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, түүний биед тархи доргилт, баруун шанаа, баруун мөрөнд зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч М-н “...намайг зүүн талын орон дээр хэвтэж байхад ална гэж ирээд дээлний захнаас боогоод шилэн хүзүү рүү болон нүүр хэсэгт гараараа нэлээн хэдэн удаа цохиод байснаа орон дээрээс боогоод доош нь газар унагаж байгаад дээрээс өшиглөөд гараараа цохиод байсан. ... Би уйлаад миний хүү болиоч гээд байхад чамайг ална, эмэгтэй дүүгээ ална, та нар намайг шоронд явуулсан гээд л зодоод байсан. Миний үгийг сонсож байгаа юм байхгүй зодоод байсан...” гэх, гэрч *******гийн “...орой 20 цаг өнгөрч байхад ээж Э ахыг зодсон гээд уйлсаар манайд ирсэн. Тухайн үед ээж хэлэхдээ “Э ахыг толгой түрүүгүй цохиод дээлний захаар нь боогоод, орон дээрээс чирч унагаад өшиглөж, дээрээс цохиод байсан. Арай гэж салж ирлээ” гэсэн...” гэх мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 56 тоот дүгнэлт, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Э нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч Э-ын үйлдлийн улмаас хохирогч М-н биед тархи доргилт, баруун шанаа, баруун мөрөнд зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 56 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч Э-од холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Э-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож байна.

Шүүгдэгч Э нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх шатанд буюу 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр нас барсан болох нь түүний нас барсны гэрчилгээний хуулбараар нотлогдон тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тус хэрэгт тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Э-од холбогдох хэргийг шүүгдэгч нас барсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Э-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч М-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдаж, шүүгдэгч Э-ыг нас барсан үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосныг шүүгдэгчийн гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүн эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолд гомдол гаргах эрхтэй болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Э нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ........ овогт Э-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан шүүгдэгч нар барсан үндэслэлээр Э-од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн .............. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг хэрэгт хавсаргасугай.

4. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Э-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          П.ПАГМА