Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/95

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Д.Ганчимэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд

Хохирогчийн өмгөөлөгч В.Давааням

Хохирогч Б /онлайнаар/

Шүүгдэгч Г

Гэрч Д.Мөнхбаяр, Ч.Өсөхбаяр, И.Мөнхбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ....... овогт Г-т холбогдох эрүүгийн 2021000000277 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны ..... дугаар сарын ......-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, ............ тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ........... овогт Г. /РД: ...................../

 

Шүүгдэгч Г нь 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, “Дэнж” хорооллын 5-34 тоотод иргэн Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Тухайн өдрийн өмнөх өдөр Б над руу утсаар “хүмүүстэй хамт гэрийг чинь онгойлгоод гэрт чинь байна” гэж хэлсэн. Маргааш өдөр би найз бүсгүй Мөнхбат, ажилчдын хамт амралтанд очсон. Тэр үед Б над руу утсаар яриад байхаар нь би найз бүсгүйгээ “Цагдаагийн газарт дуудлага өг” гэж хэлээд өөрөө найзуудын хамт гэр рүүгээ явсан. Очиход Б гэрт орчихсон камертай гар утас барьчихсан байхаар нь би “чи яагаад манай гэрт орчихсон байгаа юм бэ?” гэж хэлсэн. Тэр үед Б бид хоёр маргалдаад би Б-г сандал дээрээс нь босгоход Б намайг цохисон. Б бид хоёр бие биенээ нэг нэг удаа цохисон...гэв.

 

Хохирогч Б мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Г намайг сандал дээрээс түлхэж унагаагаад миний зүүн шанаа орчимд нэг удаа цохисон. Тэр үед би өөрийнхөө сууж байсан хуванцар сандлыг аваад Г рүү шидсэн бөгөөд уг сандал Г-ийг оноогүй. ...Г миний баруун нүд рүү маань 2 удаа гуталтай хөлөөрөө өшиглөсөн. Тэр үед миний баруун нүдний дээд зовхи маань хатуураад бондойчихсон байсан бөгөөд би өөрийнхөө гар утсыг аваад 7058102 дугаар руу залгаж цагдаад дуудлага өгсөн юм. ...Хамгийн эхэлж Г намайг сандал дээрээс түлхэж унагаад миний зүүн шанаа орчимд 1 удаа зангидсан гараараа цохисон. Тухайн үед Гэндэн баруун талын орон дээр сууж байсан бөгөөд Мөнхбаяр, Өсөхбаяр гэх хоёр залуу гэрийн зүүн талын сандал дээр суугаад харж байсан. Тэр үед Г рүү сандал авч шидсэн. ...Тэд нарыг манай гэр рүү орохоор ойртож ирэх үед би тэд нарт “Гэр рүү битгий ор, оруулахгүй” гэж хэлээгүй. Би тэд нарыг гэр рүүгээ оруулахгүй гэж эсэргүүцэл үзүүлж тэд нартай тэмцэлдээгүй. ...Мөнхбаяр миний утсаар оролдож байх явцдаа бичлэгийг маань зогсоож, хадгалалгүй, /cancel/ хийж гаргасан байх гэж би хардаж байна. Учир нь намайг цагдаа дуудсаны дараа би гaр утасныхаа бичлэг хадгалдаг полдер руу орох үед ямар нэгэн бичлэг хадгалагдаагүй байсан. Хэрэгт авагдсан яллагдагч нарын мэдүүлгүүд бүгд худлаа байна. Г нь намайг олон удаа заналхийлж байна. Намайг гэртэй байж байхад 4 эрэгтэй хүн дайрч орж ирээд зодсон. Ийм асуудал дээр бүгд худлаа мэдүүлэг өгсөн байна шүү дээ...” гэжээ. /хх-ийн 10-13, 115-117 тал, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

Гэрч Д.Мөнхбаяр шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Тухайн өдрийн өмнөх өдөр Б Г рүү залгаад “Улаанбаатар хотоос хүмүүстэй очиж байна” гэж утсаар ярьсан гэсэн. 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Г, Гэндэнсүрэн, Өсөхбаяр бид нар Б-тай уулзахаар Г-ийн гэрт очсон. Гэр рүү ороод удалгүй Г, Б хоёр маргалдаад зодолдоод байхаар нь салгасан...гэв.

 

Гэрч Ч.Өсөхбаяр шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Тухайн өдрийн өглөө Гэндэнсүрэн залгаад “нөгөө залуу чинь Г-ийг хүрээд ир гээд залгаад байна” гэхээр нь бид нар Г-ийн гэрт очсон. Б өмнө нь Мөнхбат, Г нарыг ална гэж хэлээд автомашинаараа хөдөө очиж байсан гэсэн. Ингээд бид нар Б-г Улаанбаатар хотоос янз бүрийн хүмүүстэй ирчихсэн байх вий гэж санаа зовсондоо гэр рүү нь очсон...гэв.

 

Гэрч И.Мөнхбат шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Би Б-тай 4 сарын хугацаанд үерхэж байсан. Б гэдэг хүнээс салснаас хойш янз бүрийн маргаан болж эхэлсэн. Б миний гар утсыг зөвшөөрөлгүйгээр авч явах, гэрт дайрч орж ирэх гэх мэт асуудлууд гарч байсан. 6 дугаар сард Б над руу утсаар яриад “танай гэрт ирчихсэн байна. Та хоёр хүрээд ир” гээд дарамтлаад байхаар нь би цагдаагийн газар руу очоод дуудлага өгсөн. Г нь манай гэр рүү очиж Б-тай уулзахаар явсан. Хэргийн газарт яг юу болсон талаар би мэдэхгүй байна...гэв.

 

Гэрч Б.Гэндэнсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би найз Өсөхбаяр, Мөнхбаяр, Г нарын хамтаар Мөнхбатын гэр болох Хэрлэн сумын 3 дугаар баг, Дэнж хорооллын 5-34 тоотод 10 цагийн цагийн орчимд очсон. Гэрт нь ороход Б гэх залуу гэрийнх нь цоожийг эвдээд гэрт нь орчихсон байсан бөгөөд Г, Б хоёр хоорондоо маргалдсан. ...Намайг харж байхад Г эхэлж Б-г сандалаас түлхэж унагаасан. Б газраас босч ирэхдээ өөрийнхөө сууж байсан сандалыг Г рүү аваад чулуудсан. Тэгээд Г-ийн нүүр рүү нь 1 удаа зангидсан гараараа цохиж байсан. Тэр үед Г зөрүүлээд Бгийн нүүр рүү нь 1-2 удаа цохиж байсан. Их хурдан болоод өнгөрсөн учраас би хүмүүсийн цохилтыг нь тоолоод зогсоогүй. Шууд л Г, Б хоёрын голоор нь орж болиулсан юм...” гэжээ. /хх-ийн 24-26, 122-124, 122-124 тал/

 

Шинжээч эмч Н.Уянга мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Б-н биед учирсан баруун нүдний зөөлөн эдийн няцрал нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин баруун болон зүүн өвдөгний зөөлөн эдийн няцралууд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэжээ. /хх-ийн 29-30 тал/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 477 тоот дүгнэлтэд:

1. Б-гийн биед баруун нүд, баруун зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 32-33 тал/

 

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05 тал/

- Г-ийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 19-20, 38-40, 131-133 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч ......... овогт Г нь 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, “Дэнж” хорооллын 5-34 тоотод хохирогч Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “баруун нүд, баруун зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Б, гэрч Д.Мөнхбаяр, Б.Гэндэнсүрэн, И.Мөнхбат, Ч.Өсөхбаяр, шинжээч эмч Н.Уянга нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 477 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

Шүүгдэгч Г-т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

 

Шүүгдэгч Г-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Г-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчид гомдолтой, эмчилгээний зардлаа нэхэмжилнэ  гэх  боловч хавтаст хэрэгт болон шүүх хуралдаанд энэ талаарх нотлох баримтыг хавсаргаж ирүүлээгүй байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч Б нь  эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Г-ийн .............. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ............ овогт Г-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г-ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г-ийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Г-ийн ............. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй

 

5. Хохирогч Б нь гэмт хэргийн улмаас учирсан эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.БАТЖАРГАЛ