| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 182/2017/00715/и |
| Дугаар | 182/ШШ2017/00928 |
| Огноо | 2017-04-28 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 182/ШШ2017/00928
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Э-т холбогдох
Гэрээний үлдэгдэл төлбөр 3,315,750 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч В.Мөнх-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Тэмүүлэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А ХХК шүүхэд болон түүний төлөөлөгч В.Мөнх-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ; Б.Э- нь А ХХК-тай 2014 оны 06 сарын 06-ны өдөр Гэрээт борлуулагчийн гэрээ байгуулж 13,520,750 төгрөгийн бараа нийлүүлсэн. 2015 оны 04 сарын 02-ны өдөр 9,050,000 төгрөгийн буцаалт хийж, үлдэгдэл 3,315,750 төгрөгийг төлөхгүй байгаа тул гаргуулж А ХХК-нд олгож өгнө үү гэв.
Хариуцагч Б.Э- шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа болон хариуцагчийн төлөөлөгч Ш.Энхмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А ХХК-нд 1,315,750 төгрөг төлөхийг зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаас 2,000,000 төгрөгийн үнэтэй 8 хос хувцас, хэрэгслийг Ө.Батбаатар авсан. Энэ асуудлаар Өмнөговь аймгийн шүүхэд хандсан тул зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.
Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Б.Э-т холбогдуулан “Гэрээт борлуулагчийн гэрээ”-ний үлдэгдэл төлбөрт 3,315,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч Б.Э- 1,315,750 төгрөг төлөхийг зөвшөөрч, 2,000,000 төгрөгийг Ө.Батбаатар төлнө гэж маргажээ.
Хариуцагч Б.Э- нь А ХХК-тай 2014 оны 06 сарын 06-ны өдөр Гэрээт борлуулагчийн гэрээ байгуулж 13,520,750 төгрөгийн бараа нийлүүлж, гэрээт борлуулагч нь бараа бүтээгдэхүүний үнийг бэлнээр төлөхөөр харилцан тохиролцож Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан нөхцөлийг тусгасан хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан байна.
Хариуцагч дээрх гэрээний дагуу 13,520,750 төгрөгийн бараа хүлээн авч 2015 оны 04 сарын 02-ны өдөр 9,050,000 төгрөгийн буцаалт хийсэн болох нь “Борлуулсан барааны буцаалт”-ын баримт, Орлогын баримт /хх-ийн 17, 21 талд/, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч Б.Э- нь А ХХК-нд 1,315,750 төгрөг төлөхийг зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаас 2,000,000 төгрөгийн үнэтэй 8 хос хувцас, хэрэгслийг Ө.Батбаатар авсан. Энэ асуудлаар Өмнөговь аймгийн шүүхэд хандсан гэж маргаж байгаа нь борлуулагч гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэлд хамаарахгүй байна.
Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2017 оны 04 сарын 27-ны өдрийн 56 дугаартай Эвлэрлийн гэрээгээр Уригдсан тал Ө.Батбаатар 2017 оны 06 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2017 оны 07 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг нийт 2,000,000 төгрөгийг өргөдөл гаргагч Б.Э-т төлөхөөр эвлэрсэн байна.
Иймд хариуцагч Б.Э-аас 3,315,750 төгрөг гаргуулж А ХХК-нд олгох үндэстэй.
Шүүх хариуцагчийн төлөөлөгч Ш.Энхмаа шүүх хуралдааны товыг 2017 оны 4 сарын 21-ний өдөр “Мэдэгдэх хуудас”-аар өөрт нь мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх ба нэхэмжлэгчийн төлөөлөгч түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан Б.Э-аас 3,315,750 /гурван сая гурван зуун арван таван мянга долоон зуун тавин/ төгрөгийг гаргуулж А ХХК-нд олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68,010 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Э-аас 68,010 төгрөгийг гаргуулж А ХХК-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ