Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/102

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн 

Улсын яллагч Д.Ганчимэг

Шүүгдэгч М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...... овогт М-т холбогдох эрүүгийн 2121000000093 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны .... дүгээр сарын ....-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 9, ээж, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Матад сумын ....................... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 188 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 103 дугаар зүйлийн 103.2, 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт тус тус зааснаар 7 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, .......... овогт М /РД: ............./.

 

Шүүгдэгч М нь Дорнод аймгийн Матад сумын 3 дугаар баг, ............ тоотод гэртээ 2021 оны 02 дугаар сарын 28-ны орой 21 цагийн орчимд согтуугаар иргэн Ц-той маргалдан нүүрэн тус газарт нь мөргөх, гараараа цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй” гэв. 

Хохирогч Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Ганбаатар гэх хүнтэй адууны эрэлд явж байсан юм. Тухайн өдрөө 14 цагийн орчимд М гэх айлд очсон. М-ын гэр рүү орох үедээ Ганбаатар ах дэлгүүр ороод 0,5 литрийн Хараа нэртэй архи 1 шилийг аваад орсон. Ганбаатар ах М-тай хамт 1 шил архиа хувааж ууж дуусгаад 15 цагийн үед Ганбаатар ах бид хоёр М-ын гэрээс гараад бензин колонк орж бензин авчихаад Ганбаатар ах дэлгүүр орж дахин 1 шил 0,5 литрийн Хараа нэртэй архи аваад М-ын гэрийн гадаа бууж үлдээд би цаашаа адуугаа хайхаар яваад орой 21 цагийн үед буцаад М-ын гэрт ирсэн. Намайг орой ирэхэд М, Ганбаатар ах хоёр 2,5 литрийн 2 савтай пиво голдоо тавиад хуваагаад уучихсан. Хоёулаа нэлээн согтчихсон сууж байсан. ...М, Ганбаатар ах хоёр хоорондоо муудалцах гээд хэрэлдээд байхаар нь би “М-аа яах гээд байгаа юм бэ, хоёулаа гаръя” гэж хэлээд гэрээс нь дагуулаад гарсан. Гэрээс нь дөнгөж гараад эргээд харсан чинь М толгойгоороо миний хамрын дээд хэсэг, зүүн нүдний доод хэсэг рүү мөргөөд, гараараа мөргөсөн хэсэг рүүгээ 1 удаа цохисон. ...Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл, санал гомдол байхгүй...” гэжээ. /хх-ийн 12/

Гэрч Г.Ганбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...М, Ц 2 маргаад байсан. Яг юунаас болоод маргаад байгааг би тухайн үедээ ойлгоогүй. М Ц-ид “хоёулаа гэрээс гаръя, гарч байгаад уулзая” гэж хэлээд дагуулаад гэрээс гарсан. Би тэр үед араас нь дагаад гарсан. Тэр 2 гадаа юм яриад гэрийн урд нэлээн зайтай зогсож байсан. Тэгэхээр нь би буцаад гэр рүү орсон. Удалгүй гаднаас Ц-ийн хамраас цус гарсан байдалтай “М миний нүүр рүү мөргөчихлөө” гэж хэлээд гэрт орж ирсэн. Тэгж байгаад буцаад Ц гараад явсан...” гэжээ. /хх-ийн 29-31/

Гэрч Б.Одончимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ганбаатар, Ц хоёр маргалдаад байсан. Яг юунаас болоод маргаад байгааг би тухайн үедээ ойлгоогүй. Тэр үед манай нөхөр М Ганбаатар ахыг өмөөрч Ц-той маргасан. Ц манай нөхөр М-ыг “хоёулаа гэрээс гаръя, гарч байгаад яръя” гэж хэлээд дагуулаад гарсан. Удалгүй гэрт орж ирэхдээ Ц-ийн хамраас цус гарсан “хамраас цус гаргачих юмаа” гэж хэлээд гэрт орж ирсэн...” гэжээ. /хх-ийн 34-36/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 140 тоот дүгнэлтэд:

1. Ц-ийн биед хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд цус хурсан гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 39-40/

 

М мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...21 цагийн орчимд нэг мэдсэн Ганбаатар ахтай маргалдсан бололтой Ц намайг “гадаа гаръя” гээд дагуулаад гарсан. Гэрээс гараад Ц-ийг эргээд харахад нь мөргөсөн чинь хамраас нь цус гараад доошоо суусан. Ц-ийг мөргөчихөөд нэг удаа гараараа цохисон шиг санаж байна. Бид хоёр гэр рүү буцаж ороод Ц хамраас гарсан цусаа цэвэрлэчихээд яваад өгсөн. ...Би хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байна...” гэжээ. /хх-ийн 48-49/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9/

Эмчийн үзлэгийн тодорхойлолт /хх-ийн 41/

М-ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 52/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55/

Ц-ийн Цагдаагийн газарт бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 64/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч .......... овогт М нь 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 21 цагийн орчимд Дорнод аймгийн Матад сумын 3 дугаар баг, ............ тоотод байх гэртээ согтуугаар хохирогч Ц-той маргалдан нүүрэн тус газарт нь мөргөх, гараараа цохих зэргээр зодож, түүний биед хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд цус хурсан гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Ц-ийг эргээд харахад нь мөргөсөн чинь хамраас нь цус гараад доошоо суусан. Ц-ийг мөргөчихөөд нэг удаа гараараа цохисон шиг санаж байна. Бид хоёр гэр рүү буцаж ороод Ц хамраас гарсан цусаа цэвэрлэчихээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч Ц-ийн “...Гэрээс нь дөнгөж гараад эргээд харсан чинь М толгойгоороо миний хамрын дээд хэсэг, зүүн нүдний доод хэсэг рүү мөргөөд, гараараа мөргөсөн хэсэг рүүгээ 1 удаа цохисон...” гэх, гэрч Г.Ганбаатарын “...М Ц-ид “хоёулаа гэрээс гаръя, гарч байгаад уулзая” гэж хэлээд дагуулаад гэрээс гарсан. Би тэр үед араас нь дагаад гарсан. Тэр 2 гадаа юм яриад гэрийн урд нэлээн зайтай зогсож байсан. Тэгэхээр нь би буцаад гэр рүү орсон. Удалгүй гаднаас Ц-ийн хамраас цус гарсан байдалтай “намайг М нүүр рүү мөргөчихлөө” гэж хэлээд гэрт орж ирсэн...” гэх, гэрч Б.Одончимэгийн “...манай нөхөр М Ганбаатар ахыг өмөөрч Ц-той маргасан. Ц манай нөхөр М-ыг “хоёулаа гэрээс гаръя, гарч байгаад яръя” гэж хэлээд дагуулаад гарсан. Удалгүй гэрт орж ирэхдээ Ц-ийн хамраас цус гарсан “хамраас цус гаргачих юм аа” гэж хэлээд гэрт орж ирсэн...” гэх мэдүүлгүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 140 тоот дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эмчийн үзлэгийн тодорхойлолт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Шүүгдэгч М нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч М-ын үйлдлийн улмаас хохирогч Ц-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 140 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч М-т холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Мын гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч М-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ц-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ц нь “...надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч М нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч М нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ц нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ......... овогт М-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М-т 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч М нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ц нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ............. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА