| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2021/0111/э |
| Дугаар | 2021/ШЦТ/103 |
| Огноо | 2021-03-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 2021/ШЦТ/103
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч Д.Ганчимэг
Шүүгдэгч Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...... овогт Б-д холбогдох эрүүгийн 2121000000079 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны ..... дүгээр сарын ....-ны өдөр Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, ................. тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ............ овогт Б /РД: ................../.
Шүүгдэгч Б нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, 34-25 тоотод 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр иргэн Д-той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан толгойн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй” гэв.
Хохирогч Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 02 дугаар сарын 15-ны орой ******* над руу утсаар яриад “хоёулаа айлд очье, цагаан сар болж байгаа юм чинь” гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд бид хоёр мянгат хорооллын EF хүнсний дэлгүүрээс 0,5 граммтай архи аваад, мөн ******* өөрөө нэг шил архитай бид хоёр 34-25 тоотод Б-ы гэрт очсон. Ингээд Б, ******* бид 3 гаднаас авч ирсэн 2 шил архиа ууж дуусгахад Б ахиад нэг шил архи гаргаж ирсэн. Ингээд бид сууж байхад Б ууж байснаа “би чамайг алнаа” гээд гэнэт маргалдсан. Тэгээд юм яриад сууж байтал Б гэнэт намайг цохисон. Энэ үед би унахдаа сандал мөргөж газарт унасан. Ингээд миний толгой хагарсан юм байна лээ....” гэжээ. /хх-ийн 4-7/
Гэрч Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гэртээ байж байсан чинь Б ах утсаар яриад “би 34 дүгээр байшинд ганцаараа байна, хүрээд ир” гэсэн. Тэгэхээр нь найз Д-ийн хамт очихоор болоод мянгат хорооллын EF хүнсний дэлгүүрээс Д бид хоёр 2 шил 0,5 граммтай архи аваад 34-25 тоотод 13 цагийн орчимд орсон. Тэгээд Д, Б бид 3 архийг хувааж ууж дуусгахад Б ах гэртээ байсан 1 шил архи гарган ууж байхад Б ах Дид хандан “манай Эрээнцав гоё гоё барилгатай байсан, чи зөөж зарсан биз дээ” гэж хэлээд хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэгээд Б ах Д-ийн нүүр рүү 2-3 удаа цохиход газарт унасан. Унах үедээ толгойгоороо сандал цохиж унаж байгаа харагдсан. Унаад босч ирэхдээ толгой нь хагарч цус гарч ирсэн...” гэжээ. /хх-ийн 15-16/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 118 тоот дүгнэлтэд:
1. Д-ийн биед зулайн хуйханд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх тогтоогдсон гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 18-19/
Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр би Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, 34-25 тоот хөлсний байранд ганцаараа байж байсан чинь гаднаас *******, Д нар 2 шил архитай орж ирээд тэрийг нь уусан юм. Тэгээд архиа ууж дуусаад би зөрүүлээд нэг шил архи гаргаж ирээд гурвуулаа уусан. Тэгж байтал би Д-ид “манай Эрээнцэв их гоё барилгатай байсан, чи барилгыг нь нурааж энд авчирч зарсан хөгийн амьтан” гэж хэлсэн. Тэгсэн чинь Д “чамд ямар хамаатай юм бэ” гэхээр нь миний уур хүрээд баруун гараараа толгой хэсэг рүү нь 2-3 удаа цохиход тэр газар унасан. Тэгж унахдаа сандал руу толгой хэсгээрээ мөргөж унасан. Ингээд Д-ийн толгой хэсгээс цус гараад удаагүй байж байтал цагдаагийн ажилтнууд орж ирсэн...” гэжээ. /хх-ийн 35-36/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 24/
Хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 43-44, 46-47/
Дийн Прокурорын газарт бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 45/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ........... овогт Б нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, 34 дүгээр байрны 25 тоотод 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хохирогч Д-той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан толгойн тус газарт нь гараараа цохиж түүний биед зулайн хуйханд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...би Д-ид “манай Эрээнцэв их гоё барилгатай байсан, чи барилгыг нь нурааж энд авчирч зарсан хөгийн амьтан” гэж хэлсэн. Тэгсэн чинь Д “чамд ямар хамаатай юм бэ” гэхээр нь миний уур хүрээд баруун гараараа толгой хэсэг рүү нь 2-3 удаа цохиход тэр газар унасан. Тэгж унахдаа сандал руу толгой хэсгээрээ мөргөж унасан...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч Д-ийн “...бид сууж байхад Б ууж байснаа “би чамайг алнаа” гээд гэнэт маргалдсан. Б гэнэт намайг цохисон. Энэ үед би унахдаа сандал мөргөж газарт унасан. Тэгэхэд миний толгой хагарсан...” гэх, гэрч Б.*******ын “...Б ах Д-ийн нүүр рүү 2-3 удаа цохиход газарт унасан. Унах үедээ толгойгоороо сандал цохиж унаж байгаа харагдсан. Унаад босч ирэхдээ толгой нь хагарч цус гарсан...” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 118 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч Б-ы үйлдлийн улмаас хохирогч Д-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 118 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч Б-д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Б-ы анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хохирогч Д-ид 1.500.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б-ы үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Д-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д нь “...1.500.000 төгрөгийн төлбөр төлөхөөр харилцан тохиролцлоо, цаашид надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэж мэдүүлсэн мөн шүүхээс түүнд шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Б нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Б нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д-ид гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 1.500.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ......... овогт Б-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Б нь цагдан хоригдоогүй, хохирогчид 1.500.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ХЛ ......... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА