| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2021/0112/э |
| Дугаар | 2021/ШЦТ/104 |
| Огноо | 2021-03-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Алтай |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 2021/ШЦТ/104
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч С.Алтай
Шүүгдэгч Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ..... овогт Ц-д холбогдох эрүүгийн 2121000000120 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны .... дүгээр сарын ....-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын мужаан мэргэжилтэй, “.............” ХХК-д харуулын дарга ажилтай, ам бүл 4, эцэг, эх, ах нарын хамт Өвөрхангай аймгийн Хужирт сумын 1 дүгээр баг, ................ гэх газарт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ..... овогт Ц /РД: ................../.
Шүүгдэгч Ц нь Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шинь шинь” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Тунгуан майнз” компаний шалган нэвтрүүлэх байранд 2021 оны 03 дугаар сарын 11-ний орой М-тай маргалдаж, улмаар нүүр хэсэгт цохиж унагаан эрүүл мэндэд нь хоёр шүдний хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй” гэв.
Хохирогч М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Дашбалбар сумын нутагт байрлах “Шинь шинь” ХХК-ийн туслан гүйцэтгэгч Тунгуан майнз компанид ковшчин ажилтай юм. 2021 оны 03 дугаар сарын 11-ний өглөө танил ах ******* архи уугаад автобуснаас хоцорсон. ******* ахын гэрт би архи уугаад согтоод өгсөн бөгөөд нэг мэдсэн ажил дээрээ ирчихсэн байсан. ...Согтуу байхад минь намайг аргалаад оруулчих байх гэж бодоод цүнхтэй зүйлсээ шалгуулах гээд шалган дотор зогсож байхад харуул Ц надад “зөрчлийн хуудас бичнэ” гээд байхаар нь би “бичүүлэхгүй” гэж бага зэрэг маргалдаж ширээ налаад зогсох үед харуул Ц босч ирээд баруун талын хөлөөрөө намайг хавсраад баруун гараараа нүүр хэсэгт цохисон. Яг цохих үед би хоёр гараа халаасандаа хийсэн байсан учир тулж чадаагүй нүүрээрээ шууд унасан...” гэжээ. /хх-ийн 7-9/
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би “Тунгуан майнз” ХХК-д операторчин ажилтай юм. 2021 оны 03 дугаар сарын 11-ний орой ...намайг ороход М, Ц хоёр маргалдаж байсан бөгөөд Ц нь “чи намайг доромжилдог хэн бэ” гээд хоорондоо хэрэлдэж байгаад Ц нь ширээн дээрээс босч ирээд М-ыг зүүн хөлөөрөө хавсарч унагааж байхдаа баруун гараараа нүүр хэсэгт цохисон. М унах үедээ плитан шалан дээр нүүр хэсгээрээ гараа тулалгүй унасан...” гэжээ. /хх-ийн 13-14/
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэр үед харуул Ц зөрчлийн хуудас бичих гээд ширээн дээр сууж байхад М хаалганы хажуу талд зогсож байгаад Ц-н ширээний буланд хальт суух үед Ц босч ирээд М-ад “чи ширээн дээрээс бос” гээд тэр хоёр маргалдаж байгаад харуул Ц М-ыг зүүн хөлөөрөө хавсарч унагааж байхдаа баруун гараараа нүүрэн хэсэгт цохиж /алгадаж/ унагаасан. М унах үедээ плитан шалан дээр нүүр хэсгээрээ гараа тулалгүй унасан...” гэжээ. /хх-ийн 11-12/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 167 тоот дүгнэлтэд:
1. М-ын биед хоёр шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь бүрдэл байдлаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 19-20/
Ц мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Тунгуан майнз” ХХК-ийн харуул хамгаалалтыг хариуцдаг “.........” ХХК-д харуулын даргаар ажилладаг. 2021 оны 03 дугаар сарын 11-ны өдөр 20 цагаас 03 дугаар сарын 12-ны өглөөний 08 цагийн хооронд харуулын даргаар компаний шалган нэвтрүүлэх байранд гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэж байхад 03 дугаар сарын 11-ний орой 19 цаг 30 минутын орчимд жолоочийн ахлах *******, М хоёр согтуу шалганаар орж ирсэн. ...Мад би кемпийн дотоод журам зөрчсөн байна, зөрчлийн хуудас бичихгүй сануулъя гэхэд намайг хэл амаар доромжлоод байхаар нь М-ын биеийн урд хэсэгт хөлөө тавиад гараараа түлхэж унагаасан. М унахдаа нүүрээрээ газарт унасан. Тэгээд босч ирэх үед нь харсан чинь үүдэн хоёр шүд нь хугарсан байдалтай амнаас цус гарсан босч ирсэн...” /хх-ийн 15-16, 28/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6/
Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 21/
Ц-н иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 33/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30/
М-ын Прокурорын газарт бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 42/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч .....овогт Ц нь 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шинь шинь” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Тунгуан майнз” компаний шалган нэвтрүүлэх байранд хохирогч М-тай маргалдаж, улмаар нүүр хэсэгт нь цохиж унагаан түүний биед хоёр шүдний хугарал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...М-ад би кемпийн дотоод журам зөрчсөн байна, зөрчлийн хуудас бичихгүй сануулъя гэхэд намайг хэл амаар доромжлоод байхаар нь М-ын биеийн урд хэсэгт хөлөө тавиад гараараа түлхэж унагаасан. М унахдаа нүүрээрээ газарт унасан. Тэгээд босч ирэх үед нь харсан чинь үүдэн хоёр шүд нь хугарсан байдалтай амнаас цус гарсан босч ирсэн...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч М-ын “...Согтуу байхад минь намайг аргалаад оруулчих байх гэж бодоод цүнхтэй зүйлсээ шалгуулах гээд шалган дотор зогсож байхад харуул Ц надад “зөрчлийн хуудас бичнэ” гээд байхаар нь би “бичүүлэхгүй” гэж бага зэрэг маргалдаж ширээ налаад зогсох үед харуул Ц босч ирээд баруун талын хөлөөрөө намайг хавсраад баруун гараараа нүүр хэсэгт цохисон. Яг цохих үед би хоёр гараа халаасандаа хийсэн байсан учир тулж чадаагүй нүүрээрээ шууд унасан...” гэх, гэрч *******ын “...Ц нь “чи намайг доромжилдог хэн бэ” гээд хоорондоо хэрэлдэж байгаад Ц нь ширээн дээрээс босч ирээд М-ыг зүүн хөлөөрөө хавсарч унагааж байхдаа баруун гараараа нүүр хэсэгт цохисон. М унах үедээ плитан шалан дээр нүүр хэсгээрээ гараа тулалгүй унасан...” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, яаралтай тусламжийн хуудас, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 167 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч Ц-н үйлдлийн улмаас хохирогч М-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 167 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч Ц-д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ц-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Ц-н гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хохирогч М-ад 1.500.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Ц-н үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч М-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч М нь “...Цтай уулзаж эмчлүүлж өгье гэсэн тохиролцоонд хүрч 1.500.000 төгрөгийн хохирол барагдуулж өгсөн тул энэ хүнд гомдолгүй...” гэж мэдүүлсэн мөн шүүхээс түүнд шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Ц нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Ц нь цагдан хоригдоогүй, хохирогч М-ад эмчилгээний зардалд 1.500.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ..... овогт Ц-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц-д 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Ц нь цагдан хоригдоогүй, хохирогч Мад 1.500.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ............ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА