Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 216/МА2016/00012

 

 “С М г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай  

 

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч Н.Батчимэг, шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн  шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар;

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 134/ШШ2017/00086 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С дүүргийн  дугаар хороо Е с А гудамж, С төв ө к байрлах “С М г” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говьсүмбэр аймгийн Ш сумын  дүгээр багт байрлах  “Ш-О” ХК-д холбогдох

Шатахууны төлбөрийн үлдэгдэл болон алданги нийт 1 871 424 168 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхгэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг шүүх 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Тэгшсуурийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд, Ж.Бат-Эрдэнэ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхгэрэл, С.Одбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргад Б.Чанцалдулам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ :

 

Нэхэмжлэгч “С М г” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “С М г” ХХК болон “Ш-О” ХК нар харилцан тохиролцсоны үндсэн дээр 2015.03.10-ны өдөр СШ.№05-01.ШОХК.2015 тоот дизель түлш, А-80 бензин нийлүүлэх тендерийн гэрээ байгуулан хамтран ажилласан. Манай компаний зүгээс гэрээний үүргээ цаг тухайд нь биелүүлж ажилласан бөгөөд “Ш-О” ХК-д нийт 3 тэрбум гаруй төгрөгийн шатахуун зээлээр нийлүүлсэн. Гэтэл “Ш-О” ХК нь гэрээний үүргээ эс биелүүлж зээлээр авсан шатахууны төлбөрөө бүрэн төлж барагдуулахгүй байсаар байна. “Ш-О” ХК-ний  манай компанид төлөх шатахууны төлбөрийн үлдэгдэл 1 280 082 415 төгрөг байгаа болно. Мөн гэрээний 7.1 дэх заалтын дагуу төлбөрөө хугацаандаа төлөөгүйн алданги хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1%-иар тооцон 569 610 946 төгрөг болоод байна. Манай компаний зүгээс “Ш-О” ХК-ийг шатахууны төлбөр болон алдангийг төлөхийг удаа дараа шаардсан боловч тус  “Ш-О” ХК нь төлбөр болон алдангийг төлөхгүй хугацаа өнгөрөөсөн байдалтай байсаар байна.  “Ш-О” ХК нь шатахууны төлбөрөө хугацаандаа төлөхгүй байгаа нь манай компанид хүндээр тусаж шатахууны гадаад татан авалтын төлбөрөө төлж чадахгүй, цаашлаад шатахууны нөөцгүй болоход хүрээд байна.

Иймд “Ш-О” ХК-иас шатахууны төлбөрийн үлдэгдэл 1 280 082 415 төгрөг, төлбөрөө хугацаандаа төлөөгүйн алданги 591 341 753 төгрөг, нийт 1 871 424 168 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 9 515 071 төгрөгийн хамт гаргуулж  өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “С М г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“......Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад “Ш-О” ХК-ийн зүгээс шатахууны төлбөрийг төлж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар манай байгууллагад төлөх шатахууны төлбөрийн үлдэгдэл 19 282 415 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Иймд “Ш-О” ХК-иас шатахууны төлбөрийн үлдэгдэл 19 282 415 төгрөг, мөн төлбөрийг хугацаандаа төлөөгүй алданги болох 591 391 753 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү. Манай байгууллага “Ш-О” ХК-тай үндсэн төлбөрөө төлчих юм бол нэхэмжлэлээ татаж авна гэсэн гэрээ хэлцэл хийгээгүй. Цаашид хамтран ажиллах үүднээс төлбөрөө бүрэн төлчих юм бол манай байгууллага алдангийг багасгах талаар ярилцая гэсэн. Түүнээс биш алдангийг нэхэмжлэхгүй гэсэн зүйл яриагүй. Төлбөрийн үлдэгдэл 1 280 082 415 төгрөгийг хариуцагч талаас төлж дууссан гэж байна. Би өчигдөр орой хамгийн сүүлд санхүүгийн албанаасаа “Ш-О” ХК-ийн үлдэгдлийг шалгасан. Манай дансанд 50 000 000 төгрөг орж ирсэн. Үлдэгдэл нь 19 282 415 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Манай байгууллага бүх банкинд зээлтэй, жилийн 25 хувийн хүүтэй, сард 300 000 000, 400 000 000 төгрөгийн хүү төлдөг. Тиймээс манай байгууллага алдангиас бүхэлд нь татгалзаж болохгүй. Харин 90 000 000 төгрөгийг хасч, 501 341 753 төгрөгийг төлөх юм бол эвлэрэх боломжтой гэжээ.

Хариуцагч Говьсүмбэр аймаг дахь “Ш-О” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхгэрэл, С.Одбаяр нар шүүхэд гаргасан тайлбар тайлбартаа :

Манай компани 2015 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгасны дагуу дизель түлш, А-80 бензин нийлүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерээр “С М г” ХХК нь шалгарч ШО-15-32 дугаартай 6 653 300 000 төгрөгийн түлш, бензин худалдан авах гэрээ байгуулсан. Засгийн газрын 2016 оны 338 дугаар тогтоолоор Багануур, Ш-О компаниудын дизелийн түлшний өглөгийг Хүний хөгжил сангаас хааж, чөлөөлөхөөр шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийн үндэслэн манай компани дизелийн түлшний өрөнд өгөх байсан мөнгөн хөрөнгөө өвөлжилтийн бэлтгэл ажил болон эх үүсвэргүйн улмаас хойшлоод байсан зарим шаардлагатай худалдан авалтандаа зарцуулсан. Засгийн газрын дээрх тогтоолын хэрэгжилтийг хангаж, өр төлбөрөө барагдуулах талаар эрх бүхий байгууллагуудад удаа дараа хандсан боловч хэрэгжээгүй юм. Тогтоол хэрэгжихгүй удааширсан тул 2016 оны 10 дугаар сараас эхлэн дизелийн түлш нийлүүлсэн компаниуд төлбөрөө нэхэмжилж эхэлсэн. “Сод Монгол групп” ХХК өглөгөө бүрэн төлөхийг шаардан шүүхэд хандах үед төлбөрийн үлдэгдэл 1.279,2 сая төгрөг байсан бол өнөөдрийн байдлаар 319,2 сая төгрөг болж буруулаад байгаа бөгөөд 3-р сард багтаан бүрэн төлөх болно. Засгийн газрын тогтоол хэрэгжээгүйгээс 591 341 753 төгрөгийн алданги тооцогдсон тул манай компанийг тус алдангиас чөлөөлөх асуудлаар холбогдох байгууллагуудад хандаж байна гэжээ. 

Хариуцагч “Ш-О” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл ирсэн өдрөөс хойш “С М г” ХХК-тай ярьж тохиролцсон. Гэрээний үндсэн төлбөрөө танай байгууллага бүрэн төлчих юм бол алдангиасаа бүрэн татгалзаж, эвлэрье гэсэн саналыг тавьсан. Манай байгууллага 1 280 082 415 төгрөгийг бүрэн төлсөн байгаа. 591 341 753 төгрөгийн алдангийг танай байгууллага анх ярьж тохирсоноороо татгалзаж дараа дараагийн харилцаагаа бодож эвлэрье гэсэн санал гаргаж байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах юм бол улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 9 515 071 төгрөгийг бүрэн төлье. Манай компаний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Одбаяр нь шатахууны төлбөрийг бүрэн төлсөн гэж надад хэлсэн. Би өнөөдрийн шүүх хурал дээр эвлэрэх байх гэж бодож байсан тул төлбөр төлсөн баримтыг авчраагүй. Тиймээс шүүхэд хүсэлт гаргамаар байна.   Нэхэмжлэгч байгууллагын зүгээс алдангийг бодсон тооцоололыг харахаар хүүг гэрээнд байхгүй нөхцөлөөр бодсон байна. Манай санхүүгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрөө шүүх хуралд оролцож тайлан, тооцоогоо хэлсэн нь зүгээр байх гэж бодож байна. Харин шатахууны үлдэгдэл 19 282 415 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Алдангийг бол хүлээн зөвшөөрөхгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан материалаас харахад 2017.02.02-ны өдөр хүртэл 200 000 000 төгрөгийг төлсөн. 2017.02.02-ны өдрөөс 2017.02.13-нд шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр хүртэл гарсан алдангийг хүлээн зөвшөөрч байна. Бусдыг нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчээс 1 260 800 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэнээр татгалзсан, үлдсэн шатахууны төлбөр болох 19 282 415 төгрөгийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ш-О” ХК-аас алданги 591 341 753 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “С М г” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.5, 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 9 515 071 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 9 515 071 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “С М г” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхгэрэл давж заалдах гомдолдоо: Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.04.28-ны өдрийн 134/ШШ2017/00086 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.04.28-ны өдрийн 86 дугаар шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 шүүх ...хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, 168.1.2 зохигч, тэдгээрийн төлөөлөгч...шүүх хуралд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн, 168.1.3 хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн зөрчлүүдийг гаргаж шийдвэрлэсэн үндэслэлгүй шийдвэр болсон байна. Анхан шатны шүүхээс иргэний хэрэг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан заалт нь мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д заасан зохицуулалт буюу хэргийг хэрэгсэхгүй болгох үндсэн агуулгатай, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан зохицуулалт хэрэглэж байгаа бол нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох ёстой. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.6-д заасан анз, алдангийн зохицуулалтыг хуулийн үгээр бичээд алдангийн тооцоог хэрхэн, яаж хийсэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг хэрхэн тооцоолж, алдангийн хугацаа хэтэрсэн хоногийг хэрхэн тооцоолж үнийн дүнг гаргаж ирсэнээ огт шүүхийн шийдвэрт дурдаагүй. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан зохицуулалтуудыг тэмдэгтийн хураамж шийдвэрлэхдээ буруу хэрэглэсэн. Иргэний хэрэгт “Ш-О” ХК-г төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр тус компанийн ерөнхий нягтлан бодогч С.О, хяналтын албаны дарга А.Э нарыг томилон оролцуулсан. Шүүх хуралд тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О өөрийн биеэр оролцох хүсэлтэй байгааг илэрхийлж бичгээр хүсэлт гаргасан боловч хангалгүй, хүсэлтийг хэрэгсэхгүй болгосноор хэргийн оролцогчийн шүүх хуралд биечлэн оролцох эрхийг ноцтойгоор зөрчсөн. Шүүх хурал дээр хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхгэрлийн бусдаас хууль зүйн тусалцаа авч, өмгөөлөгч авахаар хүсэлт гаргасаныг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн болно.   Хэргийн оролцогчийн өмгөөлөгч авах эрх нь Үндсэн хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон зөрчиж болохгүй үндсэн эрх юм. Шүүхийн зүгээс хэргийн оролцогчийн өмгөөлөгч авах эрхийг эдлүүлэхгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хэргийг эцэслэн шийдвэрлэх нь туйлын бүдүүлэг, хуулийг ноцтойгоор зөрчиж буй хэлбэр хэмээн ойлгож байна. “С М г” ХХК анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 1 871 424 168 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ “Ш-О” ХК-иас 591 341 753 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Алдангийн үнийн дүнг манай компанийн зүгээс бүхэлд нь зөвшөөрөхгүй гэдгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдааны шатанд удаа дараа илэрхийлж байсан болно. “Ш-О” ХК-ны зүгээс алдангид 591 341 753 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болно. 

Иймд Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.04.28-ны өдрийн 86 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ нь :

Нэхэмжлэгч “С М г” ХХК нь  хариуцагч “Ш-О “ ХК-д холбогдуулан шатахууны төлбөрийн үлдэгдэл болон алданги нийт 1 871 424 168 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь шатахууны төлбөрийн үлдэгдэлийн хувьд маргахгүй, үүнийг төлөхийг зөвшөөрч байна, харин алдангийн хувьд зөвшөөрөхгүй, Засгийн газрын тогтоол хэрэгжээгүйгээс алданги тооцогдсон, алданги хэрхэн тооцсон нь тодорхойгүй гэсэн агуулга бүхий тайлбар гарган маргажээ.

Анхан шатны шүүх ИХШХШТХуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчээс 1 260 800 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснээр татгалзсан, үлдсэн шатахууны төлбөр болох 19 282 415 төгрөгийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Шэ-О” ХК”-иас алданги 591 341 753 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “С М г “ ХХК-д олгохоор, ... шийдвэрлэсэн байна. 

 Хариуцагч тал нь дээрх шийдвэрийг эс зөвшөөрч анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй, мөн эрх зүйн туслалцаа авч  өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг хангаагүй, алдангийн хугацаа хэтэрсэн хоногийг хэрхэн яаж тооцоолж  үнийн дүнг гаргаж ирснээ шийдвэрт дурдаагүй, улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, алданги гаргуулахаар шийдвэрлэснийг бүхэлд нь зөвшөөрөхгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн агуулга бүхий  давж заалдах гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг бүрэн хэрэгжүүлээгүй, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн зэргээс шийдвэр нь ИХШХШТХуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Учир нь хэргийн материалаас үзэхэд  талуудын хооронд СШ № 05-01 ШОХК 2015 дугаарын дизель түлш, А-80 бензин нийлүүлэх тендерийн гэрээ 2015.03.10-ны өдөр байгуулагдсан байна. /хх-6 /

 Энэхүү гэрээний 2.1-д  дизель түлш нийлүүлэх хугацааг гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс буюу 2015 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл графикийн дагуу нийлүүлнэ” гэж заасан байтал хэргийн 17 дугаар талд авагдсан гэрээний хүү, алдангийн тооцоо бүхий хүснэгтээс үзэхэд 2015.12.31-ны өдрийн төлбөрийн үлдэгдэл дээр 2016.01.20-ны өдрөөс 2016.12.30–ны өдөр хүртэл хугацаанд дизель түлш, бензиний төлбөрийн үлдэгдэл  нэмэгдсэн гэж  үзэхээр байгаа, мөн хэргийн 55-60 дугаар талд авагдсан түлш хүлээн авсан актууд нь 2016 онд үйлдэгдсэн байгаагаас гадна баримт бичгийн шаардлага хангаагүй, эхийг зайлшгүй үзэх шаардлагатай байхад тодруулж  дүгнэлт хийгээгүй,

хэргийн 17 дугаар талд авагдсан талуудын хооронд байгуулсан дизель түлш, бензин нийлүүлэх гэрээний алдангийн тооцоо гэсэн хүснэгтэд алданги 591 341 753 төгрөг гэсэн байх боловч үүнийг хэрхэн яаж тооцож гаргасан нь ойлгомжгүй,  нийт хэд хоногийн хугацаа хэтрүүлсэн, алдангийн тооцоо нь холбогдох хуульд нийцсэн эсэх  зэрэг нь тодорхойгүй, хэргийн 48 дугаар талд Монгол Улсын Засгийн Газрын  2016.06.20-ны өдрийн 338 дугаар тогтоол” авагдсан байх боловч энэ нь  хуулбар  эсвэл эх хувийн аль нь болох,  нэхэмжлэгч, хариуцагчийн аль тал нь гаргаж өгсөн, шүүх хэзээ хүлээж авсан зэрэг нь тодорхойгүй, хуульд заасан арга хэрэгслээр авагдсан гэж үзэхэд учир дутагдалтай байгааг анхаараагүй, хариуцагч тал нь анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч талын нэхэмжилсэн шатахууны төлбөрт 1 280 082 415 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэнээс 1 260 800 000 төгрөгийг төлж,  шатахууны төлбөрт 19 282 415 төгрөг төлөөгүй үлдсэн гэх боловч энэ  талаарх баримт хэрэгт авагдаагүй,  зөвхөн талуудын тайлбараар хязгаарлаж 19 282 415 төгрөгийн төлбөр төлөөгүй гэж дүгнэсэн,

         Анхан шатны шүүх эцсийн байдлаар шатахууны төлбөрт хичнээн төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, өөрөөр хэлбэл  нэхэмжлэгч “С М г “ХХК нь анх шүүхэд  шатахууны төлбөрийн үлдэгдэл 1 280 082 415 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба үүнээс хариуцагч “Ш-О” ХК –ийн төлсөн төлбөрийг хасч үлдэх хэсгийг нэхэмжилсэн нь ИХШХШТХуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийг ..., багасгах  эрхтэй тул уг эрхийнхээ дагуу нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан гэж үзэхээр байтал ИХШХШТХуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ. Түүнчлэн хариуцагч “Ш-О” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь бусдаас эрх зүйн туслалцаа авах үүднээс өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг шүүх анхаараагүй нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг эдлүүлээгүй, зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд дээр дурдсан буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасан үндэслэлээр хариуцагчийн  давж заалдах гомдлын зарим хэсгийг  хүлээн авч анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй  гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 -т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 134/ШШ2017/00086 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд нь буцаасугай. 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т  зааснаар хариуцагч “Ш-О“ХК-н  давж залдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 114 659 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай. 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

              

         

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Х.БАЙГАЛМАА

                                       ШҮҮГЧИД                                    Н.БАТЧИМЭГ

                                                                                            Г.ТЭГШСУУРЬ