Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 421

 

                                                       

 

 

 

 

 

                                                       

                                             Ж.Рид холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Д.Ширэндэв,

яллагдагч Ж.Р, түүний өмгөөлөгч Л.Нинжбат, Г.Батбаяр,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 404 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Д.Ширэндэвийн бичсэн 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 5/14 дүгээр прокурорын эсэргүүцлээр Ж.Рид холбогдох эрүүгийн 201301000389 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овогт Жамсрангийн Р, 1959 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Дундговь аймгийн Баянжаргалан суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгаан автоматикийн инженер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үед “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, ам бүл 2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн /,

 

Ж.Р нь “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” Төрийн өмчит хувьцаат компанийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан 2013 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Зүүн өмнөд бүсийн салбарын цахилгаан дамжуулах агаарын шугамд гарсан гэмтлийг засварлах үйл ажиллагааны зардлыг Улсын онцгой комиссын шийдвэрээр Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргаж шийдвэрлэсэн үед хуурамч баримт бичиг бүрдүүлж аваарыг устгах ажлын зардлын тайланд сэлбэг хэрэгсэл гэсэн нэрээр баримт бүрдүүлж зах зээл дээр 65.700.000 төгрөгийн өртөг бүхий “Huyndai Trailer” загварын авто чиргүүлийг 89.900.000 төгрөгөөр худалдан авч компанид 24.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс Говийн бүсийн салбарын байр худалдан авах 300 сая төгрөгийн төсөв батлаагүй байхад албан тушаалын байдлаа урвуулан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2, 46.1.3 дахь заалтыг зөрчин Үнэлгээний хорооны гаргасан хууль бус хурлын тэмдэглэлийг үндэслэн тендер зарлалгүй “Говийн тэнгэр” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Отай 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 3/83 тоот “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г шууд байгуулж, зах зээлд 141.800.000 төгрөгийн үнэлгээтэй байсан Дундговь аймгийн Сайнцагаан суманд байрлах 946 м2 оффисын барилга, 5876 м2 газар, 630 кв-ын трансформатортай 10-0.4 кв-ын иж бүрэн хаалттай ТП бүхий объект зэрэг барилга байгууламжийг 300.000.000 худалдан авах гэрээ байгуулж, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн төсвөөс 250.000.000 төгрөгийг “Говийн тэнгэр” ХХК-ийн Хас банкны 5000432064 тоот дансанд 3 удаагийн шилжүүлгээр шилжүүлж 108.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн Ж.Р нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2, 46.1.3 дахь заалтыг зөрчин Говийн бүсийн салбарын барилгыг зах зээлийн үнэлгээнээс өндөр үнээр буюу 300 сая төгрөгөөр “Говийн тэнгэр” ХХК-иас худалдан авахаар тус компанийн захирал С.Отай 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 3/83 тоот “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г шууд байгуулж С.Оын ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хэрэгжүүлсний төлөө С.Оаас 2014 оны 01 дүгээр сарын 4-ний өдөр “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Хангамжийн хэлтсийн мэргэжилтэн Ү.Мөнхтөгс, тус компанийн жолооч Н.Ганбаатар нараар зуучлуулан 16.000.000 төгрөгийн, 2014 оны 5 дугаар сард 7.000.000 төгрөгийн, нийт 23.000.000 төгрөгийн хахууль авсан,

мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.3, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг зөрчиж үнэлгээний хороо байгуулалгүй, тендерт оролцох компанийн ерөнхий болон санхүү, техникийн нөхцөлийг хангасан эсэхийг тогтоолгүйгээр “Тэдэ Энержи” ХХК-д давуу байдал олгож тус компаниас “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн өмнөд дэд станц “SFSZ11-1110/63 МVА маркийн 2.800.000.000 төгрөгийн өртөгтэй 2 ширхэг хүчний трансформаторыг худалдан авахаар 2013 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр шууд гэрээ байгуулж БНХАУ-ын иргэн QI JINSHAN /Ку Жин Шан/-ний ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний төлөө түүнээс 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр эхнэр С.Оюунчимэгээр дамжуулан 100.000.000 төгрөгийг бэлнээр, 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр эхнэр С.Оюунчимэгийн Худалдаа хөгжлийн банкны 458028586 тоот дансаар 5.300 ам.доллар буюу 9.911.000 төгрөгийг, нийт 109.911.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Ж.Рийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2, 22.4 дүгээр зүйлийн 4, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч Ж.Рийн өмгөөлөгч Л.Нинжбат шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтдээ: “...“Гроат Финанс Аудит” ХХК-ийн Үнэлгээний тайлангийн талаар Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтад гомдол гаргахад 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Мэргэжлийн хариуцлагын хорооны 54/17 дугаартай дүгнэлт гаргасан бөгөөд уг дүгнэлтийн 1-т “Гроут Финанс Аудит” ХХК-ийн гүйцэтгэсэн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Ү2016/1 тоот үнэлгээний тайланд газрын үнэлгээнд ЗТБХБС-ын 2010 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 206 тоот тушаалаар хүчингүй болсон БХБС-ын 2007 оны 136 дугаар тушаалыг ашиглан гүйцэтгэсэн, барилгын үнэлгээнд үнийн өсөлтийн индексийг давхардуулан тооцсон механик алдаа гаргасан зэрэг нь үнэлгээний үр дүнг бодит байдалд нийцээгүй тодорхойлсон байх тул Ү2016/1 тоот үнэлгээний тайланг хүчингүйд тооцох” гэж шийдвэрлэсэн юм. Бүрэлдэхүүнтэй шинжээчдийн үнэлгээний тайланд ойлгомжгүй үлдсэн зүйлүүд байна. Тухайлбал Засгийн газрын 2010 оны “Барилгын нэгж талбайн төсөвт өртөг, төсвийн жишиг үнэлгээ батлах тухай” 336 дугаар тогтоолоор баталсан нэг м.кв талбайн жишиг үнэ 529.490 төгрөг юм. Үүнийг 2013 оны үнийн өсөлтийн индекс 1.94-өөр авч үзвэл 2013 оны жишиг үнэ 718.329 төгрөг, дээр нь барилгын үнийг зохицуулах индекс 0.82, 2013 оны жишиг үнэ 718.329 төгрөг, дээр нь барилгын үнийг зохицуулах индекс 0.82, барилгын нийт талбай 955.3 м.кв гэж үзвэл 562.700.149 төгрөг гэж гарч байхад “Гроат Финанс Аудит” ХХК-ийн үнэлгээний тайланд эхлээд 562.700.178 төгрөг гэж бичиж явснаа гэнэт хаанаас ч юм 353.735.600 төгрөг гэсэн тоо гаргаад ирсэн байдаг. Энэ нөхцөл байдлыг, тооцооллын зөрүү учир шалтгааныг тодруулах гэж бид анх хүсэлт тавьсаныг шүүх хүлээн авч хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан.

Гэтэл энэ ажиллагаа огт хийгдэлгүй буцаж ирсэн байх тул хэргийг дахин нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр буцааж өгөх хүсэлт гаргаж байна. Энэ тооцооллын зөрүүгээс шалгаалаад яллах дүгнэлтэд буй мөнгөн дүнгийн хэмжээ нааш, цааш болж байгаа тул зайлшгүй тодруулах шаардлагатай гэж бид үзэж байгаа юм. ...Мөн үнэлгээний тайлан бэлтгэсэн тэргүүлэх үнэлгээчин Д.Ганхуяг, туслах үнэлгээчин Ч.Бадамцэцэг нарын хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ хавтаст хэрэгт байхгүй байгаа тул шалгуулах хүсэлтэй байна. Нэмэлт мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд Ж.Р, Н.Ганбаатар нарын хооронд яригдсан ярианы CD бичлэгт үзлэг хийгээд үүнийхээ дагуу гэрч Н.Ганбаатарыг байцаагаагүй байна. Энэ ажиллагааг хийлгүүлэх хүсэлтэй байна. “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨҮГ-ын Ерөнхий нягтлан бодогч Ц.Норовжамцын “ажлын байрны тодорхойлолт”-ыг нотлох баримтаар гаргуулж хэрэгт хавсаргах хүсэлт гаргаж байна. Миний үйлчлүүлэгч Ж.Рийг сэжигтнээр тооцож мөрдөн шалгах ажиллагаа явуулах үед түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм. Уг арга хэмжээг авсан үед түүний оршин суудаг гэр оронд Авилгатай тэмцэх газрын мөрдөгчид нэгжлэг хийж тэмдэглэл үйлдэн дүрс, бичлэг хийсэн байна. Эдгээр нотлох баримтууд хэрэгт байхгүй байгааг бүрдүүлж хийлгэх хүсэлт гаргаж байна.

...Мөрдөн байцаалтын шатанд зөрүүтэй, эргэлзээтэй мэдүүлэг гаргасан гэрч С.О, Н.Ганбаатар, Ү.Мөнхтөгс, БНХАУ-ын иргэн Ку Жин Шан нарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Талуудын хүсэлтээр шүүх хуралдаанд оролцуулахаар шийдвэрлэсэн гэрчийг дуудан ирүүлж, шүүх хуралдаанд биечлэн оролцуулж мэдүүлэг авна” гэж заасны дагуу шүүх хуралдаанд гэрчээр дуудан биечлэн оролцуулах хүсэлтийг гаргаж байна. Яллах тал дээрх гэрчүүдийг “яллагдагч байсан тул гэрчээр татах боломжгүй” гэж байгаа боловч өөрийн яллах дүгнэлтийн үндэслэл болгож буй гол нотлох баримтууд нь бүгд дээрх яллагдагч нарын мэдүүлэг байх тул яллах, өмгөөлөх талын тэгш эрхийг хангах зарчмыг баримталж бидний хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Яллагдагч Ж.Рийн өмгөөлөгч Г.Батбаяр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтдээ: “Энэ гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй хэрэг болохоор хохирлын үнэлгээтэй маргаантай. Тухайн хөрөнгийн үнэлгээ эргэлзээтэй байгаа тул хэргийг мөрдөн байцаалтад буцаалгах саналтай байна. Хөрөнгийн үнэлгээг хийхдээ барилгыг тулгаад авсан нь харагдах байдлын хувьд нурж унах гэж байгаа байшин шиг харагдаж байна. Өөрсдөө зургийг нь авахдаа өндөр үнэлгээтэй барилга шиг зургийг нь авсан байна. Хэрэгт буруутгагдаж байгаа этгээдийн гэрт үзлэг хийхдээ дуу дүрсний бичлэг хийсэн. Энэ бичлэгийг хэрэгт хавсаргаагүй байна. Энэ баримтыг шаардаж байна. Мөн яллагдагч өөрийгөө цагаатгах нотлох баримт цуглуулах эрхтэй. Ганбаатарын мэдүүлэгт хахууль авсан, аваагүй гэж хоёр мэдүүлэг өгсөн байгааг эцэслэн шалгаж тогтоох хэрэгтэй байна. Рийг иргэний журмаар шалгаад гэм буруугүй гээд ажилд нь буцаан томилох шүүгчийн захирамж гарсан байдаг. Нэгэнт гарсан шүүхийн шийдвэртэй хэн ч маргахгүй. Энэ баримтыг хэрэгт хавсаргах хэрэгтэй байна. Иймд хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэжээ.

Яллагдагчийн өмгөөлөгч Л.Нинжбат, Г.Батбаяр нарын гаргасан дээрх хүсэлтүүдийг хүлээн авах бүрэн үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн дээрх зөрчлийг арилгах, яллагдагчийн өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтэд дурдсан асуудлуудыг мөрдөн шалгуулахаар хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж үзээд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2, 22.4 дүгээр зүйлийн 4, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Жамсрангийн Рид холбогдох 201301000389 дугаартай хэргийг прокурорт буцааж, яллагдагч Ж.Рид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, яллагдагч Ж.Роос хэрэгт хавсаргуулахаар гаргаж өгсөн 2 ширхэг CD /14-р хх-ийн 151/-г хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдаж, энэ шийдвэрийг прокурор эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Д.Ширэндэв бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх яллагдагч Ж.Рийн өмгөөлөгч Л.Нинжбатын гаргасан хүсэлтийг үндэслэн 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдөр тухайн хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж “Хэргийг прокурорт буцаах тухай” захирамж гаргасан нь үндэслэлгүй байна. Учир нь:

1. Шүүгчийн захирамжид хэргийг прокурорт буцаах болсон үндэслэлийг тодорхойлох хэсэгт тодорхой тусгаж өгөөгүй зөвхөн өмгөөлөгч Л.Нинжбат, Г.Батбаяр нарын шүүхэд гаргасан хүсэлтийг хүлээн авах бүрэн үндэслэлтэй байна гэжээ. Өмгөөлөгч Л.Нинжбатын гаргасан Дундговь аймгийн Сайнцагаан суманд байрлах 946 м2 оффисын барилга, 5876 м2 газар, 630 кв-ын трансформатортай 10-0,4 кв-ын иж бүрэн хаалттай ТП бүхий объект зэрэг барилга байгууламжийг үнэлсэн “Гроат финанс аудит” ХХК-ийн үнэлгээний тайлангийн талаар холбогдох тооцоог нарийвчлан шалгуулахаар мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх шаардлагатай гэжээ.

Гэтэл “Гроат финанс аудит” ХХК-ийн гаргасан дүгнэлт нь эргэлзээтэй гэж үзэж Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулахаар шинжээч Д.Ганхуяг, С.Цэвээнролом, К.Касиран нарыг томилон дээрх объектын зах зээлийн үнэлгээг гаргуулсан ба энэ бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийг үндэслэж яллагдагч Ж.Рийн холбогдсон нэг гэмт хэргийн буюу “Говийн тэнгэр” ХХК-иас объект худалдан авсан гэх үйдлийн хохирлын хэмжээг тодорхойлсон болно.

Иймд өмгөөлөгчийн гаргасан эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой хүсэлт нь нотлох баримтаар үнэлээгүй “Гроат финанс аудит” ХХК-ийн гаргасан дүгнэлтийн талаар гаргасан байх ба энэ хүсэлтийг анхан шатны шүүх хүлээн авсан нь үндэслэлгүй байна.

Харин үнэлгээчин Д.Ганхуягийн тусгай зөвшөөрлийн эрхийн талаар Сангийн яамнаас холбогдох лавлагаа баримтыг гаргуулан авч эд хөрөнгийн үнэлгээ хийх эрхтэй байсан эсэх талаар шалгаж тодруулсан.

2. Ж.Р, Н.Ганбаатар нарын хооронд яригдсан ярианы СD бичлэгт үзлэг хийгээд үүнийхээ дагуу гэрч Н.Ганбаатарыг байцаагаагүй гэх хүсэлтийн хувьд Н.Ганбаатар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон асуудлын талаар мэдүүлэг өгч 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлийн 270.1 дэх хэсэгт заасан “Хээл хахууль зуучлах” гэмт хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж гэм буруугаа хүлээн зөвшөөрч 2015 оны “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Түүнчлэн яллагдагч Ж.Роос гаргаж өгсөн 2 ширхэг СD-д мөрдөгч үзлэг хийсэн ба тухайн СD-д бичигдсэн ярианы бичлэгт криминалистикийн шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулахаар Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнд хүргүүлсэн боловч тухайн СD-нүүд нь хуулбар хувь учраас шинжилгээний объектын шаардлага хангахгүй тул шинжилгээ хийж дүгнэлт гаргах боломжгүй гэсэн хариуг өгсөн.

Иймд тухайн СD-д бичигдсэн яриа нь хэн хэний дуу хоолой болохыг тогтоох боломжгүй нөхцөл байдал бий болсон байхад Н.Ганбаатарыг гэрчээр байцаах шаардлагатай гэсэн өмгөөлөгчийн хүсэлтийг шүүх хүлээн авсан нь үндэслэлгүй байна.

3. Яллагдагч Ж.Рийн гэрт нэгжлэг хийсэн талаар баримтыг хэрэгт бүрдүүлэх шаардлагатай гэсэн өмгөөлөгчийн хүсэлт нь үндэслэлгүй бөгөөд нэгжлэг хийх тухай мөрдөгчийн тогтоолд хуульд заасан журмын дагуу прокуророос зөвшөөрөл олгож, тухайн шийдвэрийн дагуу нэгжлэгийг хийж явц байдлыг тэмдэглэл болгон бичиж баримтжуулсан нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу хийгдсэн ажиллагаа юм.

4. С.О, Н.Ганбаатар, Ү.Мөнхтөгс, БНХАУ-ын иргэн Ку Жин Шан нарыг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах тухай өмгөөлөгчийн хүсэлтийг шүүх хүлээн авсан нь үндэслэлгүй байна.

Учир нь тухайн хүмүүс нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн холбогдох зүйл хэсэгт зааснаар яллагдагчаар татагдан шалгагдаж, үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож яллагдагч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч прокурорт хүсэлтээ бичгээр гаргасныг үндэслэж тэдэнд холбогдох хэргийг 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иймд тухайн хүмүүсээс холбогдсон хэргийнх нь талаар дахин гэрчээр мэдүүлэг авах боломжгүй юм.

5. Харин өмгөөлөгч Г.Батбаярын гаргасан Ж.Рийг иргэний журмаар шалгаад гэм буруугүй гээд ажилд нь буцаан томилох шүүгчийн захирамж гарсан байдаг. Нэгэнт гарсан шүүхийн шийдвэртэй хэн ч маргахгүй гэх асуудал нь гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдэх асуудалд хамаарч байна.

Түүнчлэн аливаа этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг гагцхүү эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэрлэдэг ба иргэний хэргийн шүүхээс гэм буруугүй гэсэн дүгнэлт шийдвэр гаргах хууль зүйн үндэслэл байхгүй. Харин ажлаас халсан, чөлөөлсөн асуудал нь үндэслэлтэй байсан уу үндэслэлгүй байсан уу гэдгийг иргэний хэргийн шүүхээс тогтоох асуудал учраас өмгөөлөгчийн энэ талаар гаргасан хүсэлтийг шүүх хүлээн авсан нь үндэслэлгүй.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 404 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэв.

 

Яллагдагч Ж.Р тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2 дахь удаагаа шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болсон. 2 удаа хэргийг прокурорт буцаасан. Намайг Авлигатай тэмцэх газрын 3-4 мөрдөгч байцаасан. Мөрдөгч, прокурорууд намайг өөрийгөө хамгаалах ямар нэгэн боломж гаргаагүй. Урьдчилсан хэлэлцүүлэгт намайг объект зарсан, хээл хахууль авсан гэсэн. Манай байгууллагын хангамжийн хэлтсийн дарга байсан Ү.Мөнхтөгс, мөнгө өгсөн гэх объектын эзэн С.О нар хоорондоо ярьж байсан зүйлээ сүүлдээ над руу чихсэн. Дараа нь миний жолооч Н.Ганбаатартай ярьсан бичлэг нь гарж ирсэн. Тэр бичлэгийг прокурор, мөрдөгч нар “анх бичлэг хийсэн утас чинь байхгүй учраас нотлох баримт байхгүй” гэж хэлэхээр нь “Н.Ганбаатарыг дуудаж уулз. Н.Ганбаатар өөрийнхөө хоолойг танина. Түүний хоолойг хэн ч танина” гэсэн хүсэлт гаргасан. 2 тайлан гаргасан. Эхний тайлан нь миний дараа захирал болсон Занданхүү “Гроат финанс аудит” ХХК-д захиалга өгөөд, түүний хийлгэсэн тайлангаар 47.000.000 төгрөг болсон. Би 250.000.000 төгрөгөөр худалдаж авсан юм чинь 47.000.000 төгрөгөөр болно гэдэг нь маш их хохирол гарч ирнэ. Дараа нь тэр тайлан яагаад хүчингүй болсныг мэдэхгүй байна. Тэгээд дахиад 3 бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр 180.000.000 төгрөг гэж гарсан. Тайланг нь үзэхээр энгийн 2*4=8 гэсэн тоо гарсан байхад тайлан дээр 2*4=6 гэсэн байдлаар гаргасан байсан. Тэгэхээр хохиролгүй байгаа зүйлийг 180.000.00 төгрөгийн хохирол гаргасан гэсэн. Иймд дээрх тайланг дахин хийж өгнө үү. “Гроат финанс аудит” ХХК-ийн үнэлгээчин нь үнэлгээний эрхгүйгээс гадна Авлигатай тэмцэх газрын томилсон шинжээч нь тайлангаа хийгээгүй, өөр хүн хийсэн. Прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэв.

 

Яллагдагч Ж.Рийн өмгөөлөгч Л.Нинжбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцэлд үнэлгээний дүгнэлтийн талаар гаргасан өмгөөлөгч нарын хүсэлтийг анхан шатны шүүх хүлээж авсан нь үндэслэлгүй гэж үзсэн. Прокурор өмгөөлөгчийн хүсэлтийн агуулгыг сайн ойлгоогүй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Үнэлгээний тайланд эхлээд 562.700,178 төгрөг гэж бичиж явснаа гэнэт хаанаас ч юм 353.735,600 төгрөг гэсэн тоо гаргаад ирсэн байдаг. Энэ нөхцөл байдлыг, тооцооллын зөрүүний учир шалтгааныг тодруулах гэсэн хүсэлт тавьсаныг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн. Зүй нь, прокурор эсэргүүцэж байгаа бол яллах талын гол нотлох баримт болж байгаа Үнэлгээний тайлангийн агуулгад эсэргүүцлийнхээ үндэслэлийг гаргаж тавих ёстой. Үнэлгээний тооцооллын алдааны тухай асуудал яригдахаар үүнд огт тайлбар хийхгүй, өөр зүйлүүд яриад байгаа нь ойлгомжгүй байна. ...Сидинд бичигдсэн яриа нь хэн, хэний дуу хоолой болохыг таах боломжгүй нөхцөл байдал бий болсон байхад гэрчийг байцаах хүсэлтийг эсэргүүцэж байгаа нь ойлгомжгүй байна. Харин ч амьд гэрч, тухайн үйл явдлын оролцогч өөрөө байж байхад түүнийг дуудаж гэрчээр асуух нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэсэн заалтыг хэрэгжүүлэх нэг гол хэлбэр болох ёстой юм. ...мөрдөгчийн нэгжлэг хийж, тэмдэглэл үйлдэн, дүрс бичлэг хийсэн нотлох баримтууд нь хэрэгт байхгүй байгааг бүрдүүлж хийлгэх шаардлагатай байна гэж үзсэн. Тэдгээр баримтуудыг хийсний дараа бид танилцаж холбогдох хүсэлт, саналаа гаргах болно. Сая прокурор эдгээр баримтуудыг хийх шаардлагагүй мэтээр тайлбарлаж байна. Ач холбогдол бүхий нотлох баримтыг хийгээд шүүх энэ нотлох баримтыг үнэлж, дүгнэх боломжоор нь хангах боломжийг хангах ёстой. Эсэргүүцэлд “С.О, Н.Ганбаатар, Ү.Мөнхтөгс, БНХАУ-ын иргэн Ку Жин Шан нарыг яллагдагчаар татаад хэргийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ийм учраас эдгээр хүмүүсээс холбогдсон хэргийн талаар дахин гэрчээр мэдүүлэг авах боломжгүй гэж тайлбарласан. Прокурор гэрчээр мэдүүлэг авах боломжгүй гэсэн хуулийн эх сурвалжийг тайлбарлаж чадахгүй байна. Ямар хуулийн ямар заалтаар дээрх хүмүүсээс шүүх гэрчээр мэдүүлэг авч болохгүй байгаа талаар эсэргүүцэлд огт дурдаагүй байна. Тэгсэн атлаа прокурор Ж.Рийг буруутгаж байгаа яллах дүгнэлтдээ эдгээр иргэдийн мэдүүлгийг яллах талын нотлох баримт болгож ашиглаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ” гэсэн байна. Тиймээс дээрх иргэдээс шүүхэд гэрчээр дуудаж гэрчийн мэдүүлэг авахад саад болох зүйл байхгүй байна гэж бид үзэж байгаа.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 404 дүгээр шүүгчийн захирамж үндэслэлтэй байх тул прокурорын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 5/14 тоот эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

Яллагдагч Ж.Рийн өмгөөлөгч Г.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ж.Рийн тухайд 4 төрлийн гэмт үйлдэлд холбогдон шалгагдаж байгаа. Трансформаторыг нийлүүлэхдээ 100.000.000 төгрөгийн хахуул авсан гэсэн. БНХАУ-ын иргэн Ку Жин Шаны мэдүүлэг, өргөдлийг үндэслэн анх эрүүгийн хэрэг үүсгэсэн. Гэтэл БНХАУ-ын иргэн Ку Жин Шанд эрүүгийн хэрэг үүсгээд, хэргийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон ба Ку Жин Шаныг гэрчээр татаж өгөөч гэсэн. Энэ хүний мэдүүлэгт Оюунчимэгээр дамжуулан 100.000.000 төгрөгийг өгсөн гэдэг. Гэтэл Оюунчимэг энэ хэрэгт байхгүй, Оюунчимэг “би Ж.Рид 100.000.000 төгрөг өгөөгүй” гэдэг. Гэтэл Оюунчимэгт нь чи өгсөн байж өгөөгүй гэж яриад байна эрүүгийн хэрэг үүсгэж байснаа хэрэгсэхгүй болгосон. Тэгсэн атлаа одоо Оюунчимэгийг гэрчээр оролцуулж өгнө үү гэсэн. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасан нөхцөл байдлыг тогтоох шаардлагатай гэсэн нотолбол зохих шаардлагыг хангаж байна. Тийм учраас Оюунчимэгийг гэрчээр асуугаад өг гэсэн. Гэтэл Оюунчимэгийг гэрчээр асууж өгдөггүй. Энэ нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулсан, хэрэг нь хэрэгсэхгүй болсон гээд цагаатгах талын нотлох баримтуудаа хэрэгт цуглуулах боломжоор хангаж өгөхгүй байна. Мөн 140.000.000 төгрөгийн үнэлгээтэй барилгыг 248.000.000 төгрөгөөр аваад улсад 108.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэсэн. Гэтэл үнэлгээний хорооны гаргасан 248.000.000 төгрөгөөр авч болох юм байна гэсэн дүгнэлтийг үндэслэж авсан. Тэр үнэлгээнд оролцсон хорооны дарга зэрэг 10 гаруй хүмүүсээс ямар ч байцаалт аваагүй. Тэр хүмүүс нь бид нарын зөвшөөрлөөр Ж.Р авсан гэдгийг нотолно. Мөн компанийн хууль ёсны эрх ашгийн төлөө гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа бол “Говь тэнгэр” ХХК-ийг татаж өгөөч гэсэн. Яагаад хуулийн этгээдийг татаад гэрчээр оролцуулахгүй байна. С.Оыг иргэний хувьд татсан. Түүнээс биш “Говийн тэнгэр” ХХК-ийн гүйцэтгэх захирал гэж тухайн компанийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцоогүй. Ингээд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэж ажиллагаа тал бүртээ зөрчигдөж байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлд заасан эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргаж өгнө үү. Яллагдагчийн гэрт үзлэг хийхдээ тухайн үзлэгийг явуулж авсан тэмдэглэл, хураан авсан эд зүйлийн жагсаалт болон бусад зүйлийг хэрэгт хавсаргаж өгнө үү. Тэгэхгүй бол хэрэгт маш олон зүйл дутуу байна. Гэтэл прокурор шаардлагагүй, дутуу явагдсан байх нь хамаагүй, энэ баримт, бичлэгийг хэрэгт хавсаргах боломжгүй. Тэгвэл гүйцэтгэх ажиллагааны шугамаар авсан гээд төрлөөр нь ангилсан байгаа. Энэ төрлүүдийн аль нэг хэлбэрт багтаагаад хэрэгт хавсаргаж өгнө үү. Тэгэхгүй бол үүн дотор хувь хүний нууцтай холбоотой болон цагаатгах талын нотлох баримтууд байгаа. Эдгээр нотлох баримтуудыг дутуу хийж байна. Мөн 21.000.000 төгрөгийн хахуулийг С.О, Н.Ганбаатар нараар дамжуулан авсан гэсэн. Н.Ганбаатарын “бид нар танд нэг ч төгрөгийн хахууль өгөөгүй” гэсэн өөрийнх нь ярианы бичлэг байгаа. Мөн С.О, Ү.Мөнхтөгс нарын ярианы бичлэг байгаа. Энэ 3 хүний дуу хоолойны бичлэгээр дуу хоолойг нь тогтоогоод мөнгө аваагүй юм байна гэсэн цагаатгах талын нотлох болгон оруулж өгнө үү гэхээр үүнийг оруулах боломжгүй. Дуу хоолой нь Н.Ганбаатарынх биш гэсэн учраас гэрчээр асуух боломжгүй байна гэсэн. Н.Ганбаатар, С.О нарт хахууль өгсөн гэдэг гэмт үйлдлийг нь шүүх тогтоогоогүй. Ийм байхад эцсийн байдлаар тогтоогдсон, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10 дугаар зүйлд заасан шүүх шинжлэн судлахаас татгалзах нөхцөл байдал үүссэн юм шиг яриад байна. Тийм учраас прокурорын явуулж байгаа эдгээр үйл ажиллагаа нь яллагдагчийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөд байна. Тийм учраас хольсон байдлаар дүгнэлт  гаргаж байна. Төрийн бус байгууллагын албан тушаалтан гэж оруулж ирдэг, дараа нь төрийн байгууллагын албан тушаалтан гэж оруулдаг. Энэ хоёр нь субъектийн хувьд өөр. Ямар хууль зүйн үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд зааснаар оруулж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасныг баримталж байгаагаа тайлбарлаж өгдөггүй. Тийм учраас эдгээр эргэлзээтэй нөхцөл байдлыг арилгаж өгнө үү. Мөн С.Оыг татан байцаахдаа компанийн эрх ашгийн төлөө 108.000.000 төгрөгийг авсан гэж буруутгадаг, 108.000.000 төгрөгөөс 21.000.000 төгрөгийг хахуульд өгсөн гэж буруутгадаг. Энэ хоёрыг өөр зүйл хэсгээр оруулж ирсэн. Үйл явдлын шалтгаант холбоог нарийвчлан тогтоогоогүй учраас шүүх эцэслэн шийдвэрлэж болохгүй байна. Тийм учраас хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

 Ж.Рид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 404 дүгээр шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтад заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагыг хангаагүй байна.

 

  1. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж тодорхой бус бичигдсэн талаар:

                                                                                     

Анхан шатны шүүх хэргийг прокурорт буцаахдаа “...Яллагдагчийн өмгөөлөгч Л.Нинжбат, Г.Батбаяр нарын гаргасан дээрх хүсэлтүүдийг хүлээн авах бүрэн үндэслэлтэй байна.  ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн дээрх зөрчлийг арилгах, яллагдагчийн өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтэд дурдсан асуудлуудыг мөрдөн шалгуулахаар хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцаах нь зүйтэй...” гэж нийлмэл өгүүлбэр бүхий, тодорхойгүй, үндэслэлээ бүрэн гаргаж тайлбарлаагүй, хуулийн хэм хэмжээний зохицуулалт, тэдгээрийн логик уялдаа зэргийг бүрэн илэрхийлээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурласан эсэх нь эргэлзээ бүхий дүгнэлт хийжээ.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг тодорхойлон хуульчилсантай нийцэхгүй болно.

 

Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд прокурор Д.Ширэндэв “...яллагдагчийн өмгөөлөгч нарын гаргаж байгаа хүсэлт нь өмнө нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэрэг шилжиж байхад гаргаад шүүхээс энэ асуудлаар хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцааж байсан. Үүний дагуу дээрх ажиллагаа хийж хэрэгжүүлсэн. Иймд энэ асуудлыг дахин шалгах зүйл байхгүй. Үнэлгээний хувьд дахин шинжилгээ хийх зүйл байхгүй, шинжээчийг байцаасан. БНХАУ-ын хоёр иргэнийг гэрчээр шүүх хуралдаанд оролцуулах боломжгүй...” гэх зэргээр өмгөөлөгч нарын тайлбарыг няцаан үгүйсгэжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно хэмээн заажээ.

 

Шүүх аливаа гэмт хэргийг шийдвэрлэхдээ болсон үйл баримтыг материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээтэй нийцүүлэн дүгнэлт хийхээс гадна шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцож, яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлж байгаа оролцогчийн гаргасан хүсэлтийг зөвхөн хэрэгт байгаа нотлох баримтын хүрээнд хууль зүйн дүнгэлт хийж шийдвэрлэдэг учиртай.

 

Дээрх байдал нь буюу шүүхийн дүгнэлт нь хэргийн оролцогч нар өөрсдийн гаргасан хүсэлтийг хуульд нийцүүлж шийдвэрлэсэн эсэхэд дүгнэлт хийхэд чухал бөгөөд талуудад маргааныг хэрхэн, ямар үндэслэлээр шийдвэрлэснийг ойлгуулдагаас гадна шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байхад нөлөөлнө.

 

Ингэснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчимд нийцэх юм.

2. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж ойлгомжгүй бичигдсэн талаар:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийг прокурорт буцаах зохицуулалтыг мөн хуулийн 33.3 дугаар зүйлд заасан урьдчилсан хэлэлцүүлгээс “хэргийг буруу тусгаарласан бол, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол” гэсэн хэргийг прокурорт буцаах зохицуулалттай уялдаатай авч үзсэнээр хэргийг прокурорт буцаах үндэслэл үүсэхээр байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, харилцан зөрүүтэй нотлох баримтуудын аль нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг анхан шатны шүүх захирамждаа тодорхой заалгүй, “өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй” гэж ерөнхий байдлаар дүгнэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй бөгөөд захирамжид заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно”, Шүүхийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт “Шүүх шүүн таслах ажиллагааны мэтгэлцэх зарчмыг хангахдаа шүүх хуралдаанд талууд, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч болон улсын яллагчид асуулт асуух, хариулах, нотлох баримтыг танилцуулах, өөрсдийн тайлбар өгөх, үндэслэлээ хамгаалах, үгүйсгэх боломжийг тэгш олгоно” гэж тус тус заажээ.

 

Шүүх дээрх хуулиудад заасны дагуу нотлох баримтыг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн эсэх, хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн, хэргийн бодит байдлыг тогтоохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоосон гэх мэт хэргийн бүх ажиллагааг хянах үүрэгтэй.

 

Эдгээрийг хянаж, хэргийн оролцогчийн байр суурийг тодорхойлох, тэдний дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, холбогдох хуультай харьцуулан судалсны үндсэн дээр бодит байдлыг тогтоодог.

 

Өөрөөр хэлбэл шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоодог онцлогтой бөгөөд энэ нь шүүхээс ямар шийдвэр гаргах дотоод итгэлийг бий болгох гол хүчин зүйл юм.

 

Мэтгэлцээний үндсэн дээр үйл баримтын бодит байдлыг шүүхээс нэгэнт тогтоосон тохиолдолд түүнд хүрсэн арга замыг ойлгомжтой байдлаар бичих бөгөөд хууль зүйн дүгнэлт зайлшгүй хийх ёстой.

Энэ нь хэргийн хүрээнд шүүхийг чухамхүү төвийг сахисан байр сууринаас буюу яллах эсхүл өмгөөлөх шинж чанартай бус, хараат бус бие даасан шийдвэр гаргасны илэрхийлэл болдог.

3. Анхан шатны шүүхийн шүүгч захирамжийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхээр бичигдсэн талаар:

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад “шүүх гэж Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу байгуулагдан хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж, заавал биелүүлэх шийдвэр гаргадаг шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг”, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ.

 

Шүүгдэгч Ж.Рид холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ямар мөрдөн шалгах ажиллагаа байгаа, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэхэд анхан шатны шүүхээс огт дүгнэлт хийлгүй орхигдуулсан байна.

 

Шүүхээс хэргийг прокурорт буцааж байгаа тохиолдолд чухам ямар ажиллагааг нөхөн хийх, нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчлийг арилгуулахаар тодорхой бичих үүрэгтэй.   

 

Гэтэл Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 404 дүгээр захирамжид дээрх байдал тодорхой бус байгаа нь тухайн захирамжийг биелүүлэх боломжгүй нөхцөл байдлыг бий болгожээ.

 

Үүнээс гадна анхан шатны шүүхийн дүгнэлтэд дурдагдаагүй хэдий ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд нотолбол зохих байдлыг гагцхүү хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд нотолдоггүй бөгөөд шүүх хуралдааны явцад уг байдлыг нотолдог.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хууль зүйн утгаараа эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх үед хуулийг хэрэглэх нэг бүрчилсэн шинжтэй заавал биелүүлэх шийдвэр гаргах үйл явц болохыг анхан шатны шүүх цаашид анхаарвал зохино.

 

Эдгээр байдлуудыг нэгтгэн дүгнэвэл анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэсэн зорилго зарчимд нийцэхгүй байна.

 

Анхан шатны шүүхийн хийгээгүй дүгнэлтийг давж заалдах шатны шүүхээс нөхөн тайлбарлах, бодит бус, үндэслэлгүй таамаг, төсөөлөлд үндэслэж хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Давж заалдах шатны шүүх хуралдаанаар анхан шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэртэй холбогдуулан гаргасан талуудын гомдол, эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэнэ...” гэж заасантай нийцнэ.

 

Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Ж.Рид холбогдох хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг дахин явуулахаар анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь: