Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 355

 

“Вагнер ази тоног төхөөрөмж” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга З.Оюунгэрэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Давааням, хариуцагч татварын улсын байцаагч Ц.Энхнаран, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Алтанхүү нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 336 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 542 дугаар магадлалтай, “Вагнер ази тоног төхөөрөмж” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Гааль, татварын ерөнхий газрын /хуучнаар/ Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Д.Ганбат, Ц.Энхнаран нарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 336 дугаар шийдвэрээр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.9.в/, 21 дүгээр зүйлийн 21.5, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.9, 16 дугаар зүйлийн 16.1.2, Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3 дахь хэсэгт заасныг баримтлан “Вагнер ази тоног төхөөрөмж” ХХК-ийн гаргасан Гааль, татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 210003884 дүгээр актын тогтоох хэсгийн 1.3, 1.4, 1.5-ын зарим хэсэг, 1.6, 3.2-т заасныг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсгийг тус тус баримтлан “Вагнер ази тоног төхөөрөмж” ХХК-ийг 2014 оны 210003884 дүгээр актаар тогтоосон хариуцлага болох 148,449.200 төгрөгийн торгууль, алданги, хүүг төлөхөөс өршөөн хэлтрүүлж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор хэргийг 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд 542 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 336 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.

Нэхэмжлэгч “Вагнер ази тоног төхөөрөмж” ХХК-ийг төлөөлж тус компанийн захирал Стив Поттер хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүх Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.9, 21 дүгээр зүйлийн 21.5-д заасныг тус тус буруу тайлбарлан хэрэглэсэн. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлд гадаадын компаниудын ямар орлогод орлогын татварыг ногдуулахыг заасан, харин 21.5-д хэн, хэзээ улсын төсөвт төлөхийг заасан байдаг. Татварын байцаагч нар актыг тогтоохдоо зөвхөн 17.2.9-д заасныг үндэслэж хэдэн хувиар татвар ногдуулахаа дурдсан боловч үүнтэй хамт хэрэглэгдэх ёстой яг хэдийд энэхүү татварын ногдуулах ёстой заасан 21.5-д заасныг огт дурдаагүй.

Өөрөөр хэлбэл хэн төлөх, хэзээ төлөхийг заасан хуулийг хэрэглээгүй. Хэзээ төлөхийг заасан хуулийн заалтыг бичээгүй байж, яаж алданги, торгуулийг тооцож байсан байна. Нэгэнт “Майкрософт”-д төлбөр бид төлөөгүй учраас Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4.1.6-д заасан суутгагч болоогүй, төлбөрөө шилжүүлэхдээ татварыг суутган авч, улсад шилжүүлэхийг 21.5-д тодорхой заасан. Энэ бол гадаадын компани орлогоо авахдаа төлдөг, түүний татвар юм. Гэтэл “Майкрософт” компани нь Монголоос ямар ч орлогыг хүлээж аваагүй, харин АНУ-ын хоёр компани худалдан авалт АНУ-ын газар нутагт хийгдсэн, холбогдох төлбөр нь мөн л АНУ-ын газар нутагт төлөгдсөн.

Монгол улсаас ямар ч орлого, мөнгийг “Майкрософт” руу төлбөр гэж шилжүүлээгүй байхад татварын байцаагч нар нь “Майкрософт” компани нь Монгол улсаас орлого олсон байж таараа гэж үзээд гадаад руу шилжүүлсэн гэх дүнгийнхээ 30 хувьтай тэнцүү нөхөн татвар ногдуулаад дээр нь торгууль, алданги ногдуулж байгаа нь зүгээр л таамаглал дээр үндэслээд акт тогтоосон хууль бус үйлдэл юм. Хавтаст хэрэгт байгаа шүүхэд цугларсан нотлох баримт дотор болон манай компанийн санхүүгийн бичиг баримт, банкны гүйлгээнүүдэд АНУ-ын “Майкрософт” компани руу мөнгө шилжүүлсэн нэг ширхэг ч баримт байдаггүйг энд тэмдэглэн дурдаж байна.

Анхан шатны шүүхээс төлбөр шилжүүлсэн эсэхийг тогтоох зорилгоор хэргийн үзлэг хийсэн бөгөөд энэхүү үзлэгийг хангалтгүй, буруу хийсэн. Хэргийн үзлэгийг манай компанийн ажлын байранд очиж, орлогыг суутгасан эсэх, уг гадаадын компани хоорондын нэхэмжлэл хаанаас гараад ирсэн, байцаагч нарын яриад байгаа шиг бүх өр төлбөр нь төлөгдөн хаагдсан байсан уу гэдгийг тогтоох зорилготойгоор хийгдсэн билээ. Гэвч эдгээр зорилгоо хангалттай бүрэн хангаж чадаагүй бөгөөд хамгийн гол зүйл болох “төлбөрийг төлөгдсөн” гэдгээ нотолж чадаагүй болно. Татварын хяналт шалгалтын хамрах хугацааны эхэнд буюу 2012 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр 94 сая долларын өр, төлбөр байсан харин эцэст нь буюу 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 206 сая ам.долларын өр, төлбөрийн үлдэгдэлтэй байсан. Энэ нь санхүүгийн тайлангаар нотлогддог.

Энэ утгаараа “Вагнер интернэшнл”-д өгөх өр төлбөр бүгд хаагдсан гэдэг нь худал юм. Мөн 2012 оны эхэнд хийгдсэн 6 сая ам.долларын гүйлгээний талаар ярилцсан бөгөөд гүйлгээний утга тодорхой биш учраас танайх төлбөрийг төлсөн байна гэсэн тайлбарыг байцаагчид болоод анхан шатны шүүх хийдэг. Иргэний хуульд зааснаар түрүүлж үүссэн төлбөрийг эхэлж төлөх зарчмаар явагдах ёстой. Тиймээс дээрх 6 сая ам.долларын төлбөр нь урьд үүссэн 94 сая ам.долларын өр, төлбөрөөс хаагдах ёстой байдаг. Гэтэл утга бичдэггүй учраас төлсөн байж таараа гэдэг хийсвэр тайлбарыг хийж болохгүй юм. Мөн 320010 тоот данс нь авлага, өглөгийн данс юм гэсэн тайлбарыг байцаагч нар шүүхэд өгдөг.

Авлага, өглөг хоёр бол санхүүгийн шал тусдаа ойлголт. Энэ утгаараа ямар кодтой байхыг Монгол улсын Сангийн сайдын “Аж ахуйн нэгж, байгууллагад мөрдөх нягтлан бодох бүртгэлийн дансны үлгэрчилсэн заавар”-т авлага 1201, харин өр, төлбөр 3101-3201-ийн кодоор бүртгэгдсэн байхыг шаарддаг. Авлага бол миний өмнө хүлээж буй бусдын санхүүгийн хариуцлага, өглөг бол бусдын өмнө миний хүлээж буй санхүүгийн хариуцлага юм. Эндээс харахад 320010 тоот данс нь дан ганц өглөгийн данс гэдэг тодорхой байна. Мөн Макрософтоос авах авлагатай холбоотой баримт байдаггүй билээ. Бид тэдэнд ямар нэгэн бараа үйлчилгээг зарж байгаагүй бөгөөд “Вагнер интернэшнл”-ээс ч мөн адил авлага одоогоор байхгүй. Дан тоног төхөөрөмжийн болоод санхүүжилтээс үүссэн өглөгтэй.

Хэзээ, хэдэн төгрөгийн авлага байгаад хэзээ хаагдсан талаар баримт огт байдаггүй бөгөөд нотлох баримтыг л хариуцагч гаргаж, үндэслэл бүхий зүйлийг ярих нь зүйтэй. Тиймээс авлага, өглөгийг хооронд нь хаасан гэдэг бол үндэслэлгүй юм. Анхан шатны шүүх зөвхөн хариуцагчийн тайлбараар, хангалтгүй нотлох баримтлан дээр үндэслэн шийдвэрлэсэн. Үүнийг давж заалдах шатны шүүх мөн адил анхаарч үзээгүй. Ингээд төлчихсөн байна, баримт нь энэ байна гэсэн зүйлийг шүүх дээр яригдах ёстой. Энэ утгаараа төлсөн эсэхээ шүүхээр тогтоолгох гэхээр өмнөх шатууд энэ тал хангалттай ажилласангүй.

“Майкрософт”-ын төлбөрийг шилжүүлсэн гэх 320010 тоог өр төлбөрийн дансны дэлгэрэнгүй болон гадаад /АНУ/ компани хоорондын нэхэмжлэл зэрэг нотлох баримтыг буруу үнэлсэн гэж тус тус үзэж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтын дунд “Вагнер интернэшнл”-ээс “Майкрософт”-ын нэхэмжлэл байдаг. Манай компаниас нэхээгүй. Манай компани бол “Вагнер ази тоног төхөөрөмж” ХХК гэсэн Монгол улсад бүртгэлтэй компани. Энэ нэхэмжлэлээс харахад АНУ-ын компани хоорондын санхүүгийн гүйлгээний асуудал бөгөөд “Майкрософт” АНУ-ын компанид үйлчилгээ үзүүлэн орлого олж байхад манай улс танайх системийг нь хэрэглэсэн учраас татварыг төлнө гэж үзэж болохгүй юм.

Түүнээс биш нэхэмжлэлийн утган дээр “Монголиа” гэсэн үг байсан учраас татвар суутгах ёстой гэж үзэж болохгүй. “Монголиа” гэсэн үгний цаана Вагнерийн 5 компани байдаг. Энэхүү баримт нь манай нягтлан бодогчийн мейлээр ирсэн нь төлбөр төлөгдсөн гэдгийг харуулаагүй бөгөөд харин манай толгой компани нь өөрийнхөө санхүүгийн тайланд үүсч буй захиргаа, удирдлагын зардлаас Монголын 5 охин компани руугаа зардал хуваарилж буй бичилт юм. Төлбөр төлөгдсөн гэдгийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд зааснаар банкаар шилжүүлсэн бол төлбөрийн даалгавар, банкны шилжүүлгийн баримт, хэрэв бэлнээр өгсөн бол бэлэн мөнгөний орлого, зарлагын баримтууд байдаг. Гэвч шүүх эдгээр баримтууд байхгүй байхад нотлох баримтыг дутуу цуглуулан, буруу ойлгож үнэлсэн.

Ийм баримт байсан юм бол нотлох баримт цуглуулах үүрэг захиргааны хэргийн шүүхэд байсан бөгөөд энэ үүргээ биелүүлсэнгүй. Ер нь АНУ-ын доторх 2 компани нь хоорондоо ажил үйлчилгээгээ зарах, худалдан авах, түүнтэй холбоотой мөнгөө хоорондоо төлөлцөхөд түүнээс нь Монгол улс татвар авна гэдэг тийм хууль Монгол улсын татварын хуулиудад байхгүй бөгөөд тэдний ажил гүйлгээ бидэнд хуулиараа хамаагүй байдаг.

...Манай компани Монгол улсад байгаа Вагнерийн нэр бүхий бусад 4 компанийн менежментийг хийдэг. Энэ утгаараа ийм төрлийн ажил гүйлгээг хэрхэн бүртгэх талаар заавар, чиглэлийг бусад компаниудад өгдөг. Өөрөөр хэлбэл манай компаниудын бүртгэл хоорондоо ижил гэсэн үг юм. Гэтэл манай “Вагнер ази автомотив” ХХК-д мөн адил хариуцагч Д.Ганбат нь авто машины баталгаат засварын дүн дээр нэмэгдсэн өтгийн албан татварын нөхөн төлбөрийг актаар тогтоосон байдаг. Энэхүү авто машины баталгаат засвартай холбоотой гүйлгээ нь нэмэгдсэн өтгийн албан татварыг 10 хувиар ногдуулах бараа ажил үйлчилгээ биш байна харин “0” хувиар ногдуулна гэдгийг Улсын Дээд шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 178 дугаар тогтоолоор тогтоосон болно.

Иймээс манай МАК-ийн тоног төхөөрөмжид хийсэн баталгаат засварын ажил гүйлгээ нь Автомотивын авто машинд хийсэн баталгаат засварын гүйлгээтэй яг адил учраас нэмэгдсэн өтгийн албан татвар 10 хувиар ногдохгүй гэж үзэж байа. Иймд дээрх үндэслэлийг харгалзан үзэж, татварын улсын байцаагчийн 210003884 тоот актын зарим төлбөрийг хүчингүй болгож, гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

Хянавал:

Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Д.Ганбат, Ц.Энхнаран нар “Вагнер ази тоног төхөөрөмж” ХХК-ийн 2009-2013 оны татварын ногдуулалт, төлөлтийг шалгаж 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 210003884 дугаар актаар 24,860,425,134.00 төгрөгийн дүн бүхий 10 төрлийн зөрчил тогтоон, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай 17 дугаар зүйлийн 17.1,17.2,17.3-т заасныг тус тус үндэслэн нийт 2,005,106,560.23 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн, Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 64 дүгээр тогтоолоор 7,809,352,967.00 төгрөгийн зөрчилд ногдуулсан 1,399,322,355.70 төгрөгийн төлбөрийг хасч, 1,986,810,604.00 төгрөгийн зөрчилд холбогдох 432,284,016.00 төгрөгийг төлүүлэхээр тус актад өөрчлөлт оруулжээ.

Нэхэмжлэгч “Вагнер ази тоног төхөөрөмж” ХХК нь 210003884 дугаар актын 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5-ын зарим, 1.6, 2, 3.2 дахь хэсэгт холбогдох 605,784,200.00 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх актын 1.1, 1.2, 2 дахь хэсэгт “татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргаагүй” гэдэг үндэслэлээр уг шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, бусад 5 хэсэгт холбогдох шаардлагад захиргааны хэрэг үүсгэжээ.

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүх хуралдаанд актын 1.5-ын зарим болон 1.6, 3.2 дахь хэсэгтэй маргахгүй гэсэн тул шүүх актын эдгээр хэсгийн талаар дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна.

Татварын улсын байцаагчийн 210003884  дугаар актын Тогтоох хэсгийн 1.3 ба 1.4 дэх хэсгээр “гадагш шилжүүлсэн лицензийн төлбөр”-т аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдуулаагүй 790,968,727.00 төгрөгийн зөрчилд 158,193,745.40 төгрөгийн нөхөн татвар, 47,458,123.62 төгрөгийн торгууль, 34,410,424.91 төгрөгийн алданги; уг төлбөрт нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй мөн зөрчилд 79,096,872.70 төгрөгийн нөхөн татвар, 23,729,061.81 төгрөгийн торгууль, 17,205,212.46 төгрөгийн алданги төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч “Вагнер ази тоног төхөөрөмж” ХХК нь “...төлөөгүй, өөрийн толгой компанид өгөх өглөгөөр бүртгэсэн, мөн төлөх хугацаа болоогүй байхад алданги, торгууль нэмж тооцон, илт хууль зөрчсөн, дарамталсан үйлдэл болсон, цаашид төлбөрийг шилжүүлсэн үедээ тухайн татварыг суутган авах, ногдуулах тул зөвшөөрөхгүй” гэж, хариуцагч нь “...лицензийн төлбөр нэхэмжилсэн инвойс болон толгой компанитайгаа хийдэг хоорондын тооцооны 320010 тоот дансны бичилтээр тухайн төлбөр төлөгдсөн нь нотлогдсон” гэж маргажээ.

Нэхэмжлэгч “Вагнер ази тоног төхөөрөмж” ХХК-ийн үүсгэн байгуулагч болох АНУ-д байрладаг “Вагнер интернэшнл” компани болон тус Улсын “Майкрософт” компанийн хооронд байгуулагдсан гэрээний дагуу нэхэмжлэгч нь “Майкрософт”-ын “нягтлан бодох бүртгэл хөтлөлтийн программ”-ыг 2012 оноос ашиглаж, үр дүн нь Монгол Улсад бий болж байгаа үйл баримт тогтоогдсон, үүний төлбөрийг төлөх талаар нэхэмжлэгч маргаагүй байна.

Харин нэхэмжлэгч, хариуцагч нараас “нягтлан болох бүртгэлийн программ”-ын төлбөрийг шилжүүлсэн /“Майкрософт”-т орлого олсон/ эсэх асуудлаар маргаж байх тул Татварын улсын байцаагч нарын актын үндэслэл болгосон 2012 онд 266,781,292.00 төгрөг, 2013 онд 524,187,435.00 төгрөгийг нэхэмжлэгч шилжүүлсэн гэдэгтэй холбогдох баримтад дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт, “Майкрософт лиценз” гэсэн бичилтээр 2012 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 195,258.21 ам.доллар, 2013 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 188,210.2 ам.доллар, 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 188,210.2 ам. доллар тусгагдсан нэхэмжлэгч “Вагнер ази тоног төхөөрөмж” компани болон АНУ-ын “Вагнер интернэшнл” компанийн хоорондын тооцооны 320010 тоот дансны бүртгэл, “Майкрософт” компанийн “Вагнер интернэшнл” компанид хаягласан 352.44 ам.доллар, 544.68 ам.долларын /дүн бүхий/ 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “нэхэмжлэх” авагдсан, үүнийг татварын улсын байцаагч нар “программ”-ын төлбөрийг толгой компанид шилжүүлснийг нотлох баримт гэж үзсэн байна.

Харин толгой компанитай үүсгэсэн хоорондын тооцооны 320010 тоот дансанд  тусгагдсаны дагуух дээрх мөнгийг шилжүүлсэн талаарх нотлох баримт байхгүй, “Майкрософ”-ын ирүүлсэн “нэхэмжлэх” нь уг төлбөрт холбогдох үнийн дүнтэй тохирохгүй, “хоорондын тооцоогоор суутгагдсан” гэж анхан шатны шүүх үзлэгээр тогтоосон бөгөөд шийдвэрийн үндэслэл болгосон 6 сая ам.доллар шилжүүлсэн төлбөрийн баримт нь 2012 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн огноотой байна.

Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “...“шилжүүлсэн орлого” гэж гэрээ, хэлцлийн үндсэн дээр хувь хүн, хуулийн этгээдээр гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөрийг тухайн этгээдэд өөрт нь буюу түүний хүсэлтээр бусад этгээдэд бэлэн бусаар шилжүүлснийг” ойлгоно гэж томъёолсонооос үзвэл төлбөрийг “суутган тооцсон” /шилжүүлсэн/ гэж үзэх боломжгүй юм.

Иймд, Монгол Улсад байрладаггүй гадаадын аж ахуйн нэгжийн Монгол Улсаас эх үүсвэртэй олсон орлогод 20 хувиар татвар ногдуулан суутган авч төсөвт төлөөгүй” гэж үзсэн актын 1.3, 1.4 дэх хэсэг үндэслэлгүй, энэ талаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авах нь зүйтэй.                                            

Үүний зэрэгцээ Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлд заасан хариуцлага нь “татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгч”-д хамааралтай, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-д “татвар суутгагч... нь..., шилжүүлсэн орлогод татвар ногдуулж, суутган авч төсөвт төлөөгүй бол түүнийг уг этгээдийн хөрөнгөөс нөхөн төлүүлэх” гэж заасан байх тул “аж ахуйн нэгжийн орлогын албан татвар суутгаагүй” зөрчилд Татварын ерөнхий хуулийн 74.1-д заасныг баримталж торгууль, алданги ногдуулсан нь буруу болсон, тухайн үед мөрдөж байсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуульд нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн ойлголт, харилцааг зохицуулаагүй байхад “суутган төлөгчийн үүргээ биелүүлээгүй” гэж үзэж нөхөн татвар, торгууль, алданги ногдуулах хууль зүйн боломжгүй юм.

Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, татварын улсын байцаагчийн 210003884 дүгээр актын Тогтоох хэсгийн 1.3, 1.4 дэх хэсгийг тус тус хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй буюу актын 1.5-ын зарим,1.6, 3.2 дахь хэсэгт гаргасан нэхэмжлэгчийн хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 542 дугаар магадлал, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 336 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 14 дүгээр зүйлийн 14.1, 29 дүгээр зүйлийн 29.1.5, 74 дүгээр зүйлийн 74.1-д заасныг тус тус заасныг баримтлан “Татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 210003884 дүгээр актын Тогтоох хэсгийн 1.3, 1.4-ийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх буюу актын 1.5-ын зарим, 1.6, 3.2-ийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн 2 дахь заалтын “...148,449.200 /нэг зуун дөчин найман сая дөрвөн зуун дөчин есөн мянга хоёр зуу” гэснийг “25,646.380 /хорин таван сая зургаан зуун дөчин зургаан мянга гурван зуун ная”” гэж өөрчлөн шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгчээс гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                           М.БАТСУУРЬ          

ШҮҮГЧ                                                                 Ч.ТУНГАЛАГ