Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 182/ШШ2017/00845 

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 20 өдөр         Дугаар 182/ШШ2017/00845          Улаанбаатар хот

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: УБЦТС ХК 

Хариуцагч:    С.Ж

393.174 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д, нарийн бичгийн дарга Б.Дансүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжпэгч шүүхэд гаргасан нэхэмжпэл болон шүүх хуралдаанд түүний төлөөлөгч гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн *** тоотод оршин суугч С.Ж нь 2015 оны 03 сарын 25-ны өдрөөс 2017 оны 01 сарын 28-ны өдөр хүртэл 393.174 төгрөгийн эрчим хүч хэрэглэж төлбөрийг төлөх тухай удаа дараа мэдэгдэл хүргүүлэн 2015 оны 03 сарын 25-ны өдрөөс 2017 оны 01 сарын 28-нийг хүртэл удаа дараа сануулж байсан боловч одоог хүртэл төлөлгүй байгууллагыг хохироож байна. С.Ж нь манай байгууллагад монтер байсан бөгөөд цахилгаан эрчим хүчийг түдгэлзүүлж байсан боловч өөрөө залгаад хэрэглэчихдэг. Иймд хэрэглэгч С.Ж-аас 393.174 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Шүүх нэхэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, мэдэгдэл, хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч хариуцагчаас эрчим хүч хэрэглэсний төлбөрт 393.174 төгрөгийг нэхэмжилж байх ба шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Хариуцагч С.Ж нь 2015 оны 01 сарын 01-ний өдрөөс 2017 оны 02 сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд хэрэглэсэн эрчим хүчний төлбөрөө төлөөгүй байгаа нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлангаар тогтоогдож байна.

Иймд хариуцагчаас эрчим хүч хэрэглэсний төлбөрт 393.174 төгрөгийг гаргуулж нэхэмжпэгч УБЦТС ХК-ийн Чингэлтэй хэрэглэгчдэд үйлчлэх төвд олгох үндэслэлтэй байна.

Хариуцагч нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч шүүхэд тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг хүргүүлж мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирж мэтгэлзээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

ТОГТООХ НЬ:

1.         Монгол улсын Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т заасныг баримтлан С.Ж-аас 393.174 төгрөгийг гаргуулж УБЦТС ХК-ийн Чингэлтэй хэрэглэгчдэд үйлчлэх төвд олгосугай

2.         Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжинд 12.445 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 12.445 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.         Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                       С.БУД